Sunday, September 12, 2010

Шуурхайлан

“Анхаараарай, анхаараарай! Араатан амьтад гарч ирэх гэж байна” хэмээн хөтлөгч зарлахад үзэгчид юу гарч ирэх бол хэмээн битүүхэн түгшин, хүлээв. Харин хөшиг нээгдэн, амьтад гарч ирэхэд үзэгчид нир хийтэл инээн, танхим дүүрэн хөгжөөн болов. Учир нь үзэгчдийн хүлээсэн араатнууд бус таван галуу зэрэгцэн гарч ирсэн юм. Хүмүүс тэднийг өхөөрдөн, хүүхдүүд сониучирхан шохоорхож байлаа. Галуунууд манеж тойрон алхаж, байрлуулсан шонгуудыг эвлэгхэн тойрч, тоглосон нь хүн бүхний хайрыг татан, зарим хүн бүр “эгдүүтэй золигнууд вэ” хэмээн дуу алдах нь сонсогдсон.
Монгол, ОХУ, Японы циркчдийн хамтарсан “Цирк ба амьтан” тоглолт ийнхүү эхэлсэн юм. Зөвхөн хүүхэд гэлтгүй томчуудын сонирхлыг ч татдаг сургуультай амьтны үзүүлбэр уг тоглолтын цөм болсон. Тиймээс ч танхим дүүрэн хүн цугласан байсны ихэнх нь багачууд байлаа. Тоглолтын эхний хэсэгт араатан амьтад хэмээн галуудад “хуурагдсан” үзэгчид удалгүй хүссэн үзүүлбэрээ үзсэн юм. Надежда Такшантовы хэмээх бүсгүйгээр удирдуулсан баавгайнуудын тоглолт энэхүү өдрийн хамгийн сонирхолтой үзүүлбэр байв. Баавгайнууд сагс тоглож, бөмбөг өнхрүүлэн, нохойнуудтай хүртэл хамт тоглолт хийн үзэгчдийг хөгжөөсөн. Монголд “аялан тоглолт” хийж буй тэдний дунд циркийн үзүүлбэрт хамгийн өндөрт ордог 2.8 м өндөр баавгай ирсэн байлаа. Түүнчлэн дэлхийд ганцхан байдаг “Нисдэг баавгайн үзүүлбэр” үзэгчдийн адреналин дааврыг ихэсгэсэн болов уу. Ямар ч хамгаалалтгүй, ердөө хоёр гараараа өргөгч төмрийг барин, өндөр хурдтайгаар агаарт эргэлдэж байсан баавгайг уначих вий хэмээн айсан, гайхалтай хэмээн биширсэн харцаар үзэгчид харж байсан юм.
Сургуультай амьтдаас гадна Японы алиалагч Дастар Тэрүо, Оросын Пончик, Монголын З.Энхтөр нар “элэг хөшөөх” ажлаа “онц” үнэлгээтэй гүйцэтгэв. Мөн “Хүч тамирын гайхамшиг”, “Агаар дээрх уран нугаралт”, “Шидэх банзнаас үсрэгчид” гээд авхаалж самбаа, эрч хүч шаардсан үзүүлбэрийг Монголын циркчид толилуулсан бөгөөд догдлол, хөөр баяр, алга ташилтанд умбасан уг тоглолтын үзэгчид сэтгэл дүүрэн буцсан биз ээ.