Sunday, October 24, 2010

Өрнө зүгийн илбийн үрийг талын хөрсөнд суулгасан хүн

Хамгийн дулаан гэр, өнө мөнх хоргодох үүр бол хайртай хүмүүсийн маань зүрх сэтгэл байдаг билээ. Бүр бараа сураг алдууран, алс хязгаарт одож, ахин хэзээ ч ирэхээгүй болсон ч анд нөхөд, ах дүү, үр хүүхэд, гэр бүлийнхнийхээ оюун бодол, сэтгэл зүрхний чанадад сэрүүн тунгалаг хэвээр байж, хийсэн үйл, хэлсэн үг нь дурсамжийн утсыг нэхдэг. Гарт баригдамгүй дурсамж, хийсвэр дүр төсөөллөөс бодит хүн урган гарч, яг л дэргэд зогсож буй шиг санагдах нь ямар нэгэн ид шидийн хэрэг мэт. Тэгвэл тэрхүү ид шидийг амьдрал дээр бүтээгч нь илбэчин. Агшин зуурын дотор юуг ч юм алга болгож, мөн шинээр бүтээж, хүмүүсийн санаа бодлыг төөрөлдүүлж орхидог хүмүүс. Гэнэн хонгор, цайлган цагаан бүхнээр дүүрэн багачууд тэднийг жинхэнэ увдист, ид шидтэн гэж бодоцгооно. Харин юмны учир ойлгох болсон хашир эрхмүүд “Илбэ бол заль, хуурч мэхлэх ухаан” хэмээн цэцэрхдэг. Санаа бодол төөрөлдүүлсэн энэхүү увдист урлагийг Монголд анх таниулж, түгээсэн хүн бол Гавьяат жүжигчин Х.Цэнд-Аюуш юм. Улаанбаатар хотод төрсөн тэрбээр өдгөө амьд сэрүүн байсан бол 90 насны босго алхах байжээ. Түүний аав Ч.Түмэн нь нягтлан бодогч мэргэжилтэй, улсын гавьяат багш байсан. Харин ээж Д.Хандсүрэн нь хүүгээ өсгөж, хүмүүжүүлсэн гэдэг. Х.Цэнд-Аюуш Гүндэгмаа, Гаамаа, Алтанзагас нарын гурван дүүтэй байв. Түүний хүү Ц.Алтанхуяг аавынхаа шийрийг хатаасан илбэчин байсан ч ид бүтээх насандаа хорвоог зуурдаар орхисон юм. Харин охин Ц.Алтантуяа нь аавынхаа бүтээл туурвил, дурсамж дурдатгалыг хадгалсаар буй.

Төмрийн заводоос тойрогт асар руу

“Би түүний зургийг ширтэн сууна. Удаан харж, сэтгэлдээ ургуулан бодсоор байтал, мөнөөх зураг амь орж, шоглонгуй инээмсэглэж харагдлаа. Тэр яг л ингэж инээмсэглэдэг байсан. Инээмсэглэж байснаа толгойгоо донжтой гэгч займчуулан хөдөлгөж, нүдээ ирмэдэг нь санагдлаа. Энэ л учир битүүлэг хөдөлгөөн түүний тоглолтод ер бусын хүч нэмэх шиг болдог байсан юм. Илбийн тоглолт үзэх бүрдээ тэрхүү хөдөлгөөн, донж маягыг гайхашран харж, тэр лав эгэл хүмүүн биш байх хэмээн гэнэхнээр боддогсон...” хэмээн Х.Цэнд-Аюуш агсны шавь илбэчин Ц.Баярсайхан дурсан бичсэн нь бий. 1940-өөд оны эхээр циркийн урлагийн хөгжил Монголд дөнгөж эхэлж байв. Тэр тусмаа илбэ ухааны үзүүлбэр монголчуудын сонирхлыг ид татаж, хэн бүхэн хошууран үздэг байжээ. Биеийн чадлаас илүүтэй ухааны цар шаарддаг энэ төрлийн уран бүтээлч ганцхан байсан нь Х.Цэнд-Аюуш юм. Хэдийгээр тэр үед Ардын жүжигчин Л.Нацаг, гавьяат жүжигчин Ж.Раднаабазар, Ц.Цэрэндорж нар илбийн үзүүлбэр хийдэг байсан ч Х.Цэнд-Аюуш гүнзгийрүүлэн суралцаж, мэргэжлийн илбэчин хэмээх алдрыг зүүжээ.
Тэрбээр анх Төмөрийн заводод токарь хийдэг байсан бөгөөд 1940 онд циркийн сургууль байгуулагдахад элсэн орсноор урлагт анх хөл тавьсан түүхтэй. 1940-өөд оны эхээр ЗХУ-ын циркийн мэргэжилтэн, илбэчин Лев Павловский түүний авьяас билгийг зөв тийш залж, илбэчин болох үүд хаалгыг нээн өгсөн байна. Хаалга нээгдсэн ч тийш орж, эргэлт буцалтгүй алхаж, замын төгсгөлийг үзэх эсэх нь тухайн хүнээс л хамаарна. Тэгвэл монголын анхны илбэчин маань мэргэжилдээ тохирсон зан ааш, авьяас чадвар, ур дүйтэй хүн байсан аж. Тоглолтын бүх л техник, аппарат хэрэгслээ өөрийн гараар хийдэг байсан нь үүнийг илтгэх биз. Анхны мэргэжил токарьчин нь багаж хэрэгслээ хийхэд нь ч дөхөмтэй байсан байна.
“Бригадаар явах үед би Х.Цэнд-Аюушийн туслахаар ажиллана. Нэг үзүүлбэр тоглоод гарч ирэхэд дараагийн удаа үзүүлэх номерийг бэлдэж, авдар савыг нь цэгцлээд тавьдаг байлаа. Заримдаа зөв дараалалд тавьж, бэлдсэн байдаг байлаа. Гэхдээ тэр их нягт, нямбай хүн байсан болохоор өөрөө заавал дахин хянаж, шалгадаг байж билээ” хэмээн түүнтэй олон жил хамт ажилласан жүжигчин, акробатчин З.Дэмчигжав ярьсан юм. Илбийн урлаг гар хурууны хөдөлгөөнөөс гадна нүүр царайны хувирал, жүжигчний ур чадварыг гол болгодог. Тэгвэл эхэнд дурдсанчлан тэрбээр гадаад байдлаараа үзэгчийн сонирхлыг өдөөж, өөртөө татах увдис-жүжигчний ур чадварыг эзэмшсэн хүн байлаа.
Мөн толины өмнө байнга “эргэлддэг” байсан гэдэг. Тэрбээр илбэчин хүн тольтой үргэлж нөхөрлөх хэрэгтэй хэмээх мөрдлөгийг баримталдаг байсан аж. Хэрвээ толинд хараад ч илбийг ямар аргаар хийснээ үл анзааран, өөрийгөө хуурч чадвал жинхэнэ илбэчин болж буй нь тэр хэмээдэг.

Уламжлалын “чимх давс”-ыг ид шидийн тогоо руу цацахуй

“Монгол гэр”, “Савхан хувин”, “Сүйх тэрэг”, “Хүн солигдох авдар” зэрэг түүний илбийн үзүүлбэрүүд нэрнээсээ эхлээд л уламжлал, монгол ахуйг тусгасан нь илт. Илбийн хэрэгслээ хийхдээ ч үндэсний хээ угалз, өнгөний зохицлыг гол болгодог байсан гэдэг. Илбэчин Х.Цэнд-Аюуш Европ тивээс гаралтай илбийн урлагийг Монголын хөрсөн дээр суурилуулж, уламжлалтай нэгтгэсэн нь гадаадад эх орныхоо нэрийг өргөдөг байсан тухай З.Дэмчигжав гуай хуучилсан юм. Тухайлбал, хуучин ЗХУ-ын Воронеж мужийн “Молодой коммунар” сонины 1975 оны 92 дугаарт “Х.Цэнд-Аюуш Мянга нэгэн шөнийн үлгэр шиг гайхамшгийг бидэнд мэдрүүлж чадлаа” хэмээн бичсэн нь бий.
Хилийн чанад төдийгүй Монголын уудам нутгаар тэд аялан тоглох нь мэдээж. Олон газар нутгаар аялан явахдаа тэрбээр “Гэр өрхийн тоглолт”-г сэдэж, тэрхүү ажлыг эхлүүлжээ. Хөдөө явах замдаа айлд бууж, гэрт нь бэсрэг тоглолт хийдэг байсан нь тэр. Ялангуяа гадаа тоглох боломж хомс хавар, намар, өвлийн улиралд “Гэр өрхийн тоглолт” нь тун зөв алхам болсон гэдэг. Хонь ямаа майлж, үнээ тугал мөөрч, өтөг бууц үнэртсэн малчны эгэл хотод тэд акробат, гимнастик, илбэ ухааны гайхамшгийг толилуулан явдаг байв. “Хөдөөгийн ард түмэн, малчдын хувьд циркийн урлаг гэдэг тун сонин зүйл шүү дээ. Ялангуяа илбийг ид шидтэй андуурах хүмүүс ч элбэг. Х.Цэнд-Аюушийг их л сонирхон харж, тоглолт дууссан хойно ч нүд салгалгүй аждагсан” хэмэээн түүний нэгэн анд дурссан юм. Хүн сүлбэх, авдарнаас гаргаж ирэх, унтуулах зэрэг илбийн томоохон үзүүлбэрүүдээс гадна манипуляци буюу гарын ур дүй шаардсан жижиг илбийн үзүүлбэртээ их анхаардаг байв. “Сайн илбэчин больё гэвэл юуны өмнө манипуляцийг сайн сур! Тэр бол сайн илбэчин болохын гол үндэс” хэмээн Лев Павловский багшийнхаа зөвлөснийг мөрдлөгөө болгодог нь тэр байж.

Дэлгэцэнд дүрээ мөнхөлсөн илбэчин

“...Ай, Гүржав чи тайвширбаа, манай энэ тэнэг юмны учир мэдэхгүй ва...” хэмээн зулгуйдах үгс, хажуу өрөө рүү цаасны нүхээр шагайн харах, нууц хаалгаар америк худалдаачныг оруулж байгаа хэсэг зэргээр үзэгчдийн сэтгэлд хоногшсон “Өглөө” киноны хятад худалдаачны дүрийг гавьяат жүжигчин Х.Цэнд-Аюуш бүтээсэн юм.
Харин зусарч, зальтай хятад худалдаачин “Тэмцлийн оч” кинонд монгол ноён болон хувирчээ. Тэрбээр тун ажигч, юмыг гярхай хардаг, мөн нилээд шооч хүн байсан гэдэг. Тиймээс ч хятад худалдаачны ов мэх, үйл хөдлөлийг тун донжтой гаргасан байдаг. Жинхэнэ хятад хүн мэт хувирсан шигээ ихэмсэг монгол ноёны дүрийг ч сайн бүтээсэн хэмээн түүнийг мэддэг хүмүүс одоо ч дурсан ярилцдаг. Илбээ үзүүлэхдээ хүртэл өвөрмөц, сонирхолтой тоглолт үзүүлдэг байсан бөгөөд нүүрний хувирал, нүдний харцаараа ч үзэгчдийг илбэддэг нэгэн байсан аж. Илбийн хэрэгслээ өөрийн хүүхэд мэт хайрлан, хамгаалдаг. Тоглолтоо хийж буй байдал, бэлтгэл сургуулилтдаа гаргадаг их цаг, хөдөлмөр, илбийн хэрэгслээ хүүхэд шигээ хайрлан хамгаалах хандлага цөм түүний “ясны” илбэчин байсныг илэрхийлэх биз хэмээн З.Дэмчигжав гуай анд нөхрийнхөө тухай ярьж байлаа.

Илбийн төдийгүй амьдралын ухаан заагч

Монголын анхны илбэчин фото зураг цуглуулах, зураг авах тун дуртай хүн байжээ. Байнга л аппарат авч явж, дахин давтагдашгүй агшныг гэрэл зургийн хальснаа буулган үлдээдэг байсан гэнэ. Ялангуяа циркийн ахмад үеийн уран бүтээлчид, тэмдэглэлт явдал, түүхт ойн зургуудыг байнга хальснаа буулгадаг байжээ. Циркийн архив ч гэж нэрлэж болох тэдгээр зургийг охин нь одоог хүртэл хадгалсаар яваа. “Ээж маань биднийг бага байхад орхиод явсан юм. Харин аав маань эцэг, эхийн үүргийг давхар гүйцэтгэхийг их хичээдэг байсан болов уу. Дүү бид хоёрыг юугаар ч дутааж байгаагүй. Мөн бид хоср руу хэзээ ч муухай харж, ширүүхэн дуугарч үзээгүй хүн дээ” хэмээн түүний охин Ц.Алтантуяа хуучилсан. Дүүгээ дагуулан аавынхаа ажил дээр очиж, циркийн тоглолт бүрийг алгасалгүй үздэг байсан гэнэ. Тайзан дээр аавыгаа гарч ирэхэд их л догдолж, “Энэ хүн миний аав шүү дээ” хэмээн хүмүүст хэлмээр санагддаг байсан тухайгаа тэрбээр ярьсан юм.
“Аав маань дутагдлын хажуугаар дуугүй өнгөрсөн тохиолдол үгүй. Үүнээсээ болж муу хэлүүлж ч явсан. Ямар сайндаа л хэт шудрага байсны хэрэггүй, дүн нурууг нь л барьж яв гэдэг байж билээ” хэмээн охин нь дурсав.
Түүнчлэн илбэчин өдрийн тэмдэглэлээ хоног алгасалгүй хөтөлдөг байсныг шавь нь хэлсэн юм. Уйгаржин монгол бичгээр маш шигүү, жижигхэн бичдэг байсан бөгөөд тухайн өдөр хэнтэй уулзаж, юу хийсэн тухайгаа нэг бүрчлэн бичдэг байж. Ингэснээр үзсэн харснаа мартахгүй байж, тэрийгээ эргэн харж алдаа мадгаасаа суралцан, эргэцүүлэн тунгаадаг байсан гэнэ. Энэхүү нягт нямбай чанар уран бүтээлд нь тусахын зэрэгцээ хувь хүнийх нь хувьд ч түүнийг илэрхийлдэг байсан нь илт. Дуугаа хураан, үзүүлбэрээ давтаж, аппарат хэрэгслээ янзлах зэргээр ямар нэгэн зүйлд улайраад суухыг нь мэдэхгүй хүн харвал ууртай байна гэж андуурмаар. Гэхдээ тэрбээр хэн бүхэнтэй элэгсэг, дотно харьцдаг нөхөрсөг хүн байсан тухай хамт ажиллагсад нь дурсдаг юм. “Багш маань надад илбээс гадна амьдралын ухааныг заасан хүн. Хүн хоорондын харьцааны нарийн зүйлс, амьдралын хар ухаан зэргийг үгээрээ ойлгуулж, үйлдлээрээ харуулдаг байсан. Багш шавийн холбооноос гарч, түүнтэй эцэг хүү хоёр мэт дотноссон юм” хэмээн Ц.Баярсайхан ярьсан юм.
Өрнө зүгийн илбийн үрийг тал газрын хөрснөө цацсан эрхэм Х.Цэнд-Аюуш охин, анд нөхөр, шавийнхаа сэтгэлд ийн хоногшин үлджээ. Дурсамжийн дундаас тодорсон түүний хөрөг энгийн хирнээ онцгой мэт. Эзэмшсэн мэргэжил нь эзнээ бусдаас онцгой, эгэлгүй нэгэн болгосон нь тэр биз ээ.

Дурсамж хөглөсөн үдэш

Зуу гаруй жилийн өмнө кино урлаг үүсэх үед дуу техникийн боломжгүй тул хар цагаан, дуугүй кино голлон гардаг байсныг хэн бүхэн мэднэ. Хэдийгээр кинонд зориулсан дуу, тоног төхөөрөмж байгаагүй ч хөгжимчин театрын тайзны ард сууж, тухайн бүтээлд тохируулан төгөлдөр хуур тоглодог байжээ. Энэ нь киноны хөгжмийн үүтгэл болсон гэдэг. Киноны хөгжим нь тухайн бүтээлийг суртачлах, утга агуулгыг нь илэрхийлэх зорилготой нэг төрлийн хэл болдог. Тиймээс ч тухайн киноны найруулагчаас гадна хөгжмийн зохиолч нь хэн байснаар бүтээлийн чансааг тогтоох нь бий.
Дэлгэцийн бүтээлийн нэг хэмжүүр болсон дуу хөгжим Монголын кино урлагт ч хүндтэй байр суурь эзэлдэг. Л.Мөрдорж, Г.Бирваа, З.Хангал, Д.Лувсаншарав, Н.Жанцанноров нарын сор болсон бүтээлүүд Монгол киноны нэрийн хуудас болж, үзэгчдийн сэтгэл зүрхэнд шингэсэн билээ. Төрийн шагналт, ардын жүжигчин Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын филармони дуу, дурсамж хөглөсөн тэдгээр бүтээлээр 38 дахь жилийн нээлтээ хийсэн юм.
“Баян Монгол” чуулгын жааз найрал хөгжимчид бусад хамтлаг, дуучидтай хамтарч, Монголын төдийгүй дэлхийн шилдэг киноны хөгжмийг үзэгч олонд сонордуулсан юм. “Крошка енот” хүүхэлдэйн киноны дуу “Улыбка”-гийн цоглог хэмнэл, хөгжөөнт ая танхимын жавар үлээж, тоглолтын салхийг хагалав. Хүүхдийн гэнэн цагаан сэтгэл, ариун нандин хайрын тухай “Зүүдэнд ч оромгүй явдал” киноны дуугаар тоглолт үргэлжиллээ. А.Рыбниковын хөгжим “Сүүлчийн найраглал”-г Улсын гавьяат жүжигчин Б.Сарантуяагийн шавь, залуу дуучин Л.Насанбуян дуулсан юм.
Мөн “Asian shop” хамтлагийн дуучин Батболд монголчуудын сайн мэддэг “Сүнс” киноны “Unchained melody”-гаар үзэгчдийн сонорыг мялаав. Ариун хайрын андгай мэт эл дуу эгшиглэхэд мэргэч хар арьст эмэгтэй, нас барсан найз залуугийнхаа хойноос гашуудах бүсгүй, дэргэд нь зогсох бүүдгэр дүрс зэрэг хальс тайзан дээрх дэлгэцнээ гарч, танхим бүхэлдээ “Сүнс”-д автсан байлаа. Дашрамд дурдахад, “Unchained melody” буюу “Төгсөшгүй аялгуу” нэртэй уг бүтээл эрчүүдийг уйлуулах увдистай дуу хэмээгддэг.
Түүнчлэн энэ үдэш ардын дуучин Д.Бурмаа жааз хөгжимтэй хослон, Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Д.Лувсаншаравын бүтээл “Нүгэл буян”, “Энэ хүүхнүүд үү” киноны дууг дуулсан нь онцгой байсан юм.
Удалгүй үзэгчдийн тун сайн мэддэг нэгэн аялгуу эгшиглэж,
Ахиад хэзээ ч эргэхгүй
Алдрайхан хонгор нас минь
Амьдралд хоёр заяахгүй
Анхны хайр минь... хэмээх дотно мөртүүд эхэллээ. Энэ бол Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын бүтээл, “Би чамд хайртай” киноны “Анхны хайр” дуу гэдгийг хэн бүхэн андахгүй. Эл бүтээлийг анх олны сэтгэлд хоногшуулсан дуучин Л.Оюун-Эрдэнэ хүрэлцэн ирж, дуугаа “амьдруулсан” нь цөөнгүй хүний дурсамжийг сэргээж, хөнгөхөн гуниг үлдээгээ биз ээ. Мөн тэрбээр урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Жамсранжавын хөгжим, “Бид мартахгүй” киноны дууг хүү Гантулгатайгаа хамтран дуулсан нь үзэгчдэд тун таалагдсан. Тэр тусмаа тайзан дээр анх гарч, эхний алхамаа хийсэн Гантулгыг нь халуун алга ташилтаар шагнаж, дахин дуулуулсан юм.
“Movie songs of world” үргэлжилж, Соёлын тэргүүний ажилтан, дуучин Ж.Алтанцэцэг “Мартагдашгүй намар”-ыг дурсаж, Б.Цэдэв “Суварган цэнхэр уулс”-ын бэлээр аялуулж, Д.Энхзул “Баянбулгийнхан”-тай уулзууллаа.
Солонгосын савангийн дуурийг сайн муу янз бүрээр хэлдэг ч олон үзэгчийг дэлгэцээс уяж, дурсамжийн нэг тасархай болсон билээ. Тиймээс ч тэдгээр киноны нэг “Амьдралын ээдрээ”-гийн дууг саксафонч Д.Наранбаатар эгшиглүүлсан юм. Үзэгчид “Амьдралын ээдрээ”-г дахин мэдрэхийг хүссэн үү, тасралтгүй алга ташиж, Д.Наранбаатарын тоглолтыг дахиулав.
“Баян Монгол” чуулгын удирдаач, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Ганбат энэ үдэш нэгэн гэнэтийн бэлэг барилаа. Тэрбээр “Аман хуур” киноны хөгжим, Дарь авгайн тэвчээрийг шалгадаг аялгууг тоглож үзүүлсэн юм. “Аман хуур бол миний хамгийн анх тоглож сурсан хөгжмийн зэмсэг. Үнэнийг хэлэхэд, энэ аяыг 50 жилийн дараа ахин үлээж байна. Зургаа, долоон настайдаа аавынхаа ажил дээр очиж, ажилчдын хүүхдийн концертод аман хуураар тоглон оролцож байлаа” хэмээн тэрбээр ярьж байв. Цоглог хэмнэлт “Улыбка”-гаар эхэлсэн тоглолт удирдаач Б.Ганбатын найруулсан, шилдэг кинонуудын хөгжмийн попуригаар өндөрлөсөн юм. “Дурсамж сэргээсэн сайхан тоглолт боллоо” хэмээн үзэгчид хаалга тийш явахдаа ярилцаж байсан нь Улсын филармонийн 38 дахь жилийн уран бүтээлийн нээлт үзэгчдэд өнгөрсөн үе рүү хэсэг зуур аялах боломж олгосныг илтгэж буй.

Тархинд шуурсан туршилт

Содон аялгууны эрэлд

Төмөр харших, алх нүдэх, хонх цохих, хоосон танхимд өндөр өсгийт товших, бишгүүрийн дуу, цагийн зүү цохилох, түгшүүрийн дохио, ой шуугих, тэнгис давалгаалах, алс холоос сонсогдох бөглүү чимээ. Чихээ дараад, холын хол зугтмаар санагдах утга учир, эмх цэгцгүй их шуугиан. Эдгээр нь экспериментал хөгжмийн гол төлөөлөгч Дэвид Тюдорын “Rainforest” хэмээх бүтээлийн гол элементүүд юм. Зөвхөн “Rainforest” гэлтгүй ихэнх эксперментал урсгалын бүтээлүүд дээрхтэй адил сонсогддог.
Нийтээр хүлээн зөвшөөрч, бүх хүн толгой дохиж, алга ташин сонсдог хөгжмүүдээс эрс өөр нэгэн урсгал XX зууны дундуур Америкт сонсогдож эхэлжээ. Жон Кэйжийн төгөлдөр хуурын хүнд даралт, хийлийн чихраа, Хэнри Ковэллийн флэйт, босоо ятгад зориулсан этгээд сонин бүтээлүүд зэрэг нь эксперименталын эхийг тавьсан гэдэг. Тэд тогтсон дүрмээс гажиж, өөр өнцгөөс харж, шинэ зүйл бүтээхийг зорьж байсан юм. Тэгэхдээ уламжлалт хөгжмийн зэмсэгүүд болох төгөлдөр хуур, хийл, бүрээ зэрэг дээр тулгуурлан содон, сонирхолтой аялгуу зохиож, тэрийгээ сайжруулах хөгжмийн бусад элементийг ч хайж байв. Тиймээс судлаачид тэрхүү гаж хөгжмийг англи хэлний “experiment” буюу туршилт гэсэн утгатай үгээр нэрлэсэн байна. 1950-иад оны эхээр гарч ирсэн уг урсгал хожим электро хөгжмийн эхийг тавьсан ч гэдэг.

Судлаачидад “шоовдорлогдсон” хөгжим

Уламжлалыг үл дагаж, тогтсон ёсыг эвдэн гарч ирсэн уг урсгал анх гарч ирэхдээ, хөгжим судлаачдын сонирхлыг төдийлэн татсангүй. Учир нь тэд экспериментал хөгжмийг хэсэг залуусын түр зуурын шохоорхол, хүүхдийн тоглоом мэтээр үзсэн аж. Гэсэн ч Жон Кэйж, Кристиан Волф, Чарльз Авез нарын залуус “томчуудын” хайхрамжгүй байдлыг үл тоон бүтээлээ туурвисаар байв. Тэд уламжлалт хөгжмийг бүтээлдээ ашиглахаас гадна өөрсдөдөө таарсан шинэ зэмсэгийг ч зохиосон байдаг. Интонарумори хэмээх тэрхүү зэмсэг нь олон төрлийн дуу авиа, хүчтэй чимээ, өндөр давтамж бий болгох хүчин чадалтай.
1950-иад оны дундуур Францын хөгжмийн зохиолч, судлаач Пьер Булез уг хөгжим шинийг эрэлхийлэгч залуусын дунд хурдан тархаж, хөгжмийн хөгжилд чухал нөлөө үзүүлэхийг ажиглан мэджээ. Тэрбээр экспериментал хөгжмийг анх судалсан юм.
“Үр ашиггүй байдал, нээлт хоёр салшгүй холбоотой. Ямар нэгэн зүйл шинээр нээгдэхэд тухайн үедээ дэмий зүйл мэт санагддаг. Харин яваандаа тэрхүү зүйл бидний амьдралын салшгүй хэсэг болдог шүү дээ. Энэхүү шинэ урсгал ирээдүйн хөгжмийн эхлэл болж ч магадгүй” хэмээн бичиж байжээ. Түүний таамаглаж байсан биеллээ олж, экспериментал нь электро хөгжмийн үндэс суурь болсон юм.
“Экспериментал хөгжим өнгөрсөн үеэс уламжилсан хөгжмийн бүхий л дүрэм журам, ёс горимыг няцааж гарч ирлээ. Олон хүний дургүйг хүргэж болох ч энэхүү урсгал шинэ, содон зүйлийг мэдрүүлсэн сонирхолтой хөгжим” хэмээн Пьер хэлсэн байдаг.

Эксперименталын “эцэг”

Америкийн хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Жон Кэйж бол энэхүү урсгалыг үндэслэгч, хамгийн том төлөөлөгч нь юм. Олон хүн экспериментал хөгжмийг чихэнд наалдацгүй сонсогддог, хахир хүйтэн, дэндүү их шуугиантай хэмээн буруутгадаг. Тэгвэл Кэйж “Шуугиан гэж үгүй. Харин аялгуу л буй” хэмээн часхийсэн хариулт өгсөн гэдэг. Түүний энэхүү гайхамшигт үг экспериментал чиглэлийн хожмын уран бүтээлчдийн баримтладаг зарчим болсон юм.
Тэрбээр амьдралынхаа турш тоолж баршгүй олон хөгжим зохиосон байдаг. Экспериментал төдийгүй сонгодог урлагийн бүтээл ч туурвисан нь бий. Гэхдээ түүний “Аниргүйн хэсэг” буюу “Дөрвөн минут, 33 секунд” бүтээлийг хөгжмийн түүхэн дэх хамгийн онцгой туурвилиудын нэг хэмээн шүүмжлэгчид дуу нэгтэй баталдаг. Энэхүү бүтээлийг хаана ч, ямар ч төрлийн зэмсэгээр тоглож болдог. Дэлхийн томоохон театр, оркеструуд “Дөрвөн минут, 33 секунд”-ыг тоглосны дараа үзэгчид хүндэтгэн босч, халуун алга ташилт бэлэглэдэг. Хамгийн сонирхолтой нь хөгжмийн энэхүү зохиол ямар ч дуу чимээгүй. Хөгжимчин тайзнаа гарч ирээд дөрвөн минут, 33 секундын турш ердөө гурван төрлийн хөдөлгөөн л хийнэ. Хөгжмөө авна, тоглож буй мэт байрлалд орно, хөгжмөө буцааж тавина. Танхим тэр аяараа чимээгүй болж, тайзнаас ямар ч дуу чимээ үл гарна. Харин жирийн үед үл анзаарам сандлын чийхрах дуу, хэн нэгний хоолой засах зэрэг чимээ хаа нэгтээ сонсогдоно. Мөн уг “аялгуу” хүнд дотоод дуу хоолойгоо сонсох боломж олгодог гэж болмоор ч юм шиг. Хэрвээ анхааралтай сонсох юм бол, бүх зүйлд, бүр аниргүйд ч аялгуу байдаг гэсэн санааг Жон Кэйж энэхүү бүтээлээр илэрхийлсэн гэдэг.

Туршилт “баталгаажив”

1960-аад оноос судлаачид эксперименталд анхаарлаа хандуулж, хэвлэлүүд ч уг хөгжимд зай талбай харамгүй гаргах болжээ.Брайн Эно, Жон Зорн, Риз Чатам, Стив Рэйх нарын экспериментал хөгжмийн уран бүтээлчид ч олширч. Түүнчлэн рок, жааз, поп, рэп зэрэг урсгалын уран бүтээлчид ч эксперименталын элементүүдээс бүтээлдээ шингээн тоглосоор байна. Ялангуяа рокын хөгжилд их нөлөө үзүүлж, экспериментал рок хэмээх шинэ төрөл ч бий болсон байдаг. “BlahBlahBinjas”, “Prytaneum”, “Ken Landry”, “Beatcasso” зэрэг хамтлагууд өнөдрийн экспериментал хөгжмийг тодорхойлж байна. Эксперименталын томоохон төлөөлөгч Кристиан Волф “Хөгжим гэдэг хийсвэр зүйл. Гэхдээ экспериментал урсгал бол хийсвэр доторх хийсвэр юм” хэмээсэн юм.Экспериментал бол анх сонсоход утгагүй, тэнэг ч юм шиг санагдаж болох ч анхааралтай сонсох юм бол сайхныг нь мэдрэх хөгжим. Магадгүй сайхан гэдгээс иүүтэй сонирхолтой гэвэл оновчтой болов уу.

Sunday, October 10, 2010

Гунигт мэдрэмжийн "цэнхэр" аялгуу
Б.Эгшиг

Хар арьст боолчуудын сэтгэлийн үг

Блюз хөгжим өнгөрсөн зууны эхээр буюу 1900-гаад оны үед америкийн хар арьстнуудын дунд үүсчээ. Уйтгар гунигт автаж, сэтгэлийн зовлонд нэрвэгдэхийг зарим тохиолдолд англи хэлнээ “blue” буюу цэнхэр гэсэн үгээр илэрхийлдэг. Тиймээс ч хар арьст боолчуудын зовлон, сэтгэлийн шаналлаас үүдэн гарсан учраас энэ урсгалыг “blues” хэмээн нэрлэсэн юм. Ердөө л арьсныхаа өнгөнөөс болж гадуурхагдан, хэдэн үеэрээ боолчлогдож, нийгмээс тусгаарлагдан амьдарч байсан тэд сэтгэлийн үгээ дуугаараа илэрхийлдэг байлаа. W.C. Handy, Alan Lomax, B.B.King,
Robert Johnson, Bessie Smith нарын эхэн үеийн блюз дуучид, хөгжимчдийн бүтээл арьсны үзэл, хүнд хүчир ажил, гадуурхагдалт, азгүй тавилан зэрэг сэдвийг хамардаг байв. Мөн ихэнх хар арьстнууд христийн шашинтнууд учраас сүмийн магтан дуу,африкийн ардын аман зохиолын тухай ч дуулдаг байлаа. 1920-иод оны үеэс блюз хөгжиж, энэ урсгалын уран бүтээлчид ч олширсноор дууны хамрах хүрээ, сэдэв өргөжсөн байдаг. Тэд хайр дурлал, амьдралын сайхан зэрэг гэгээлэг сэдвүүдийг ч хөндөх болжээ. Гэхдээ дууны утга санаа, үгийн сэдэв өөрчлөгдсөн ч блюзын үүтгэл болсон хар арьстнуудын сэтгэлийн илэрхийлэл хожмын уран бүтээлүүдэд хадгалагдсаар байсан юм.
1930-аад онд Америкт нүүрлэсэн “Их хямралын үе”-д хар арьстнууд өөр өөр хотууд руу нүүж байлаа. Тэд хаашаа ч явсан “үндэсний” хөгжим блюзтэйгээ хамт байсан юм. Ингээд блюз хөгжим Америк даяар тархаж, цагаан арьстнууд ч сонсох болжээ. Түүнчлэн блюз нь хөгжмийн бусад элементтэй сүлэлдэн, нэгэн шинэ урсгалыг төрүүлсэн нь жааз хөгжим билээ.

“Блюз бол тоглоход амархан ч мэдрэхэд хэцүү хөгжим”
Жими Хендрикс


Эхэн үед боолчууд ажлаа хийх үедээ, хааяа цуглахаараа блюз дуулдаг байсан тул хоолойн чадварыг төдийлэн анхаардаггүй байжээ. Харин блюз хөгжим хар арьстнуудын сэтгэлийн илэрхийлэл болж, олон нийтэд түгснээр жирийн хар ажилчдын нийгмээс хальж, мэргэжлийн шинжтэй болсон. Тиймээс ч хоолойн цар, тоглолтын ур чадварыг уран бүтээлчдээс шаардах болжээ. Блюз хөгжим анх үүсэх үед гитар, аман хуур хослон уйтгар гунигийг илэрхийлдэг байв. Удалгүй бөмбөр, төгөлдөр хуур зэрэг хөгжим нэмэгдэж, уг урсгалыг баяжуулжээ. Түүнчлэн зарим уран бүтээлчид саксафон, труба, морин хийлтэй ч тоглох болсон нь жаазтай төстэй болж байв. Гэхдээ ямар ч зэмсэгээр тоглосон гэсэн дуучны хоолой хамгийн чухал гэдэг.
1940, 1950-иад онд блюз Америк даяар тарж, цэцэглэн хөгжиж, хөгжмийн салбарт ноёрхдог том компаниуд энэ төрлийн уран бүтээлчдийг тодруулж, блюз тоглолт, пянзны худалдаа өсч байв. Цагаан арьстнууд хүртэл блюз сонсож, бүр хамтлаг байгуулж байлаа. Гэсэн хэдий ч хамгийн шилдэг блюз дуучид, хөгжимчид нь Африк гаралтай америкчууд байсан. Одоо ч хэвээр буй. Buddy Guy, Tonny Castro, John Nemeth, Kenny S
mith, Samuel James нарын олон уран бүтээлчид орчин үед блюзыг төлөөлж байна. Хөгжлийн явцад хөгжмийн урсгалууд хоорондоо сүлэлдэж, өөр өөр аялгууг үүсгэжээ. Тэгвэл блюз хөгжим жааз хэмээх урсгалыг шинээр үүсгэхийн зэрэгцээ фольк, поп, роктой сүлэлдэж блюз рок, R’nB, каунтри хөгжмийн суурийг тавьсан гэдэг.

Дөрвөн салаа мөчиртэй урсгал

Хөгжим судлаачид блюзын гарал үүсэл, дуугаралтыг үндэслэн дөрвөн гол хэсэгт хуваасан нь бий.
Делта блюз- Уг хөгжим үүссэн эхэн үеийн чиглэл. Миссисипи мужээс гаралтай хар арьстнууд анх үүсгэжээ.Тэд олон янзын хот, тосгодод очиж тоглодог, хэрмэл амьдралтай хөгжимчид байсан аж. Тиймээс ч олон янзын зэмсгүүдийг авч явдаггүй байсан бөгөөд гитараар гоцлон тоглодог байв.Заримдаа тэд аман хууртай хоршдог байжээ. Дуучид нь голдуу дахилтаа давтан дуулдаг бөгөөд гол төлөөлөгчид нь Charley Patton, Eddie J. "Son" House, Robert Johnson, Muddy Waters нар юм.
Чикаго блюз- “Делтачид” хэрэн хэсэх замдаа Чикагод блюз хөгжмийг авчирсан нь цаашид хөгжин, шинэ чиглэл үүсгэжээ. Эхний чиглэлтэй харьцуулахад илүү боловсронгуй болсон хувилбар гэж хэлж болно. Willie Dixon, Howlin' Wolf нар делтаг баяжуулж, цахилгаан гитар, өсгөгч, микрофон, бөмбөр зэргийг ашигласнаар Чикаго блюз бий болсон юм. Хамгийн чухал элемент нь цахилгаан гитар.ю
Техас блюз-Хөгжмийн дуугаралтын хувьд Чикаго блюзтэй тун төстэй. Харин уран бүтээлчдээрээ ялгаатай. Өөрөөр хэлбэл, T-Bone Walker, Lightnin' Hopkins нарын Техас мужийн хөгжимчид энэ чиглэлийг төлөөлдөг.
Блюз рок-1960-аад оны үед Делта, Чикаго блюзын нөлөөн дор үүсч бүрэлдсэн чиглэл.
Тэр үед хиппи хөдөлгөөн газар авч, рок хөгжим ид мандан бадарч байлаа. Рокерууд блюзыг бүтээлдээ шингээн тоглож, сонсогчид ч тэрийг нь дуртай хүлээн авч байв. Энэ чиглэлийн гол уран бүтээлчид нь The Rolling Stones, ZZ Top, the Doors, Credence Clearwater Revival зэрэг хамтлаг юм.
XX зууны эхэнд европ тивийнхэн, зарим цагаан арьстнууд блюзыг “чөтгөрийн хөгжим” хэмээн ад үздэг байлаа. Энэ нь мэдээж хэн, хаанаас үүсгэсэн, тэрэнтэй холбоотой байсан юм. Харин өнөөдөр энэ хөгжим орчин үеийн хөгжмийн урсгалуудаас хамгийн нөлөөтэй, чухал нь хэмээгдэж байна. АНУ-ын Мемфис хотод төвтэй “Блюз хөгжмийн сан” жил бүр “Blues Music Awards”-ыг зохион байгуулж, шилдэг уран бүтээлчдийг тодруулдаг уламжлалтай.
Хар арьст боолчуудын гунигийн дууч, шархалсан сэтгэлийн илэрхийлэл болон үүссэн эл хөгжим өнөөдөр дэлхий дахинаа түгж, хорвоогийн хүмүүсийн уйтгар, эмзэг мэдрэмжийг илэрхийлэх болжээ.


Айдастай

Тансаг аялгууг мэдрүүлэгч

“Эх орон маань хөгжиж байна, илүү сайхан болно” хэмээн ярих өөдрөг сэтгэлтэй энэ бүсгүйг Г.Энхчимэг гэдэг. Тэрбээр ХБНГУ-ын Эссен хотын “Folkwang university” хөгжмийн их сургуульд долоо дахь жилдээ сурч буй. Монголд дөрөв дэх удаа болсон “Их талын жааз” наадамд тэрбээр оролцохоор эх орондоо ирсэн юм. Г.Энхчимэг уянгалаг зөөлөн, басхүү тансаг сайхан аялгуут флэйт хөгжмөөр тоглодог юм.


-Хөгжимтэй хэрхэн холбогдсон түүхээсээ ярина уу?
-Багадаа би их дуулдаг байлаа. Найм, есөн настайгаасаа ятга сурч эхэлсэн. Тэгээд ХБК-д шалгалт өгч, аавынхаа зөвлөснөөр флэйт хөгжмийг сонгосон. Эхэндээ эргэлзэж байсан ч багшийгаа флэйт тоглохыг харахад их сайхан, гоё санагдсан юм. ХБК-д найман жил сурч, төгссөнийхөө дараа Герман руу явсан.
-Флэйт лимбэтэй их төстэй санагддаг. Энэ хөгжмийн онцлогийн талаар тайлбарлаач?
-Флэйт хөгжим анх Германд бий болсон гэдэг. Манайхны лимбэтэй их төстэй. 1860-аад оны үед мөнгөлөг, олон даралттай, зүүтэй гээд одоогийн хэлбэр төрхөө олсон. Сонгодог хөгжмийн зэмсэг учраас симфони найрал хөгжимд голдуу оролцдог юм. Манай Морин хуурын чуулгад флэйт хөгжим байдаг шүү дээ. Энэ хөгжим надад олон сайхан зүйл өгсөн. Удаан тоглох тусам хөгжмийн ертөнцийн гүн рүү орж, сайхныг нь мэдэрч, хэзээ ч салахааргүй болдог юм байна. Флэйт миний анд нөхөр, хань ижил мэт санагддаг юм. Мөн флэйт их зөөлөн, уянгалаг аялгуутай болохоор сэтгэлийг маань их татдаг.
-Флэйтийг эх оронд нь очиж сурснаар та юу олж авсан бэ ?
-Герман флэйтийн эх орон учраас энэ талын олон сайн хөгжимчин, уран бүтээлчид байдаг. Мөн сонгодог хөгжмийн сонсогчид ч их. Тиймээс тун өрсөлдөөнтэй байдаг. Үүнийг дагаад сургалт нь ч чанартай. Флэйтийн эх орон гэдгээс гадна Герман бол И.С.Бах, Л.Бетховен нарын гайхамшигт хөгжмийн зохиолчдын төрсөн нутаг. Тэнд сурна гэдэг хөгжимчин хүний хувьд том завшаан. Хөгжмийн хувьд гэлтгүй германчуудаас суралцах зүйл бий. Тэдний цаг барьдаг, эхэлсэн ажлаа заавал дуусгадаг, хариуцлагатай зэрэг чанарыг эзэмшсэн.
-Монголынхоо хөгжимчдийг гадаадынхтай харьцуулж үзсэн үү?
-Манайд сонгодог урлаг харьцангуй сүүлд хөгжсөн учраас боловсон хүчин, хүн ам, сонсох хүрээ нь ч арай бага. Үүнийг сонгодог хөгжим 400,500 жил хөгжиж, үндэсний урлагийн нь хэмжээнд хүрсэн улс орнуудтай харьцуулахад ялгаатай байлгүй яахав. Гэхдээ манай хөгжимчид их авьяаслаг, чадвартай хүмүүс. ХБК-оос гадаад руу явсан оюутнуудтайгаа байнга холбоотой байдаг л даа. Тэгэхэд тэдний ихэнх нь тухайн сургуулийнхаа шилдэг оюутан болж, уралдаан тэмцээнд ч өндөр амжилт үзүүлдэг. Энд ирэхэд ч монголын хөгжимчдийн чадал чансаа мэдрэгддэг. Харин төр засгаас тэднийг анхаарч, гадаад руу тэмцээн уралдаанд оролцох зэрэгт нь дэмжих хэрэгтэй шиг санагддаг юм. Германчуудыг харж байхад, авьяастай хүмүүсээ таниад, гаргаж ирээд бүх талаар нь тусалж дэмждэг. Тухайн хүн уран бүтээлдээ л анхаарч, амжилт гаргах болоцоог бүрдүүлсэн байдаг. Сүүлийн үед Япон, Солонгосчууд ч энэ салбарт их амжилт гаргах болж. Энэ нь тэдний сонирхол, хичээл зүтгэл, сурах бололцоо, төр засгийн анхаарал өндөр байдагтай холбоотой.
-Хичнээн сайн хөгжимчид байсан ч сонсогчдын сонирхол бүхнийг шийдвэрлэнэ. Харин манай залуус сонгодог, жааз зэргээс илүүтэй сүүлийн үеийн хитүүд, поп, техно хөгжим тийш хошуурдаг.
-Миний бодлоор, жааз хөгжим, сонгодог урлагийн үзэгч, сонсогч бага биш ээ. Саяхан болж өнгөрсөн “Их талын жааз” наадмын зохион байгуулагчид жил ирэх тутам үзэгчдийн тоо нэмэгдэж буй тухай ярьж байсан. Мөн манайхан гадаадын янз бүрийн орон руу явж, тэндээс янз бүрийн хөгжим, өөр урсгалуудтай танилцах боломж ч нээлттэй болжээ. Баасан гаригийн орой шоудахын оронд нэг газар ороод амьд хөгжим сонсох нь илүү амралт болно гэдгийг мэдэх хүмүүс олширч. Гэхдээ өндөр түвшний, чадварлаг хөгжимчин, сонгодог, жааз хөгжмийн тоглолттой газрууд манайд арай цөөхөн байна л даа. Сая ирээд манай урлагийн байгууллагууд их сайн ажилладаг болсныг харлаа. ДБЭТ-д итали, орос удирдаач ирж ажиллаж байна. Нэг үеэ бодоход сонгодог урлагийн үзэгчид олширчээ. 2000 оны үед гэхэд л бүжгэн жүжиг оролцож буй хүмүүсээсээ цөөхөн үзэгчтэй байлаа шүү дээ.
-Хөгжимчин тухайн зохиолчийн бодол санааг сонсогчдод хүргэх гүүр мөн үү?
-Зохиолч юу хэлэх гэсэн, ямар санаа гаргасныг ойлгож, тэрийгээ хөгжмийн хэлээр дамжуулж, үзэгч сонсогчдод хүргэх нь хөгжимчин хүний нэг үүрэг. Гэхдээ И.С.Бах 1700 оны үед юу бодож, мэдэрч тэрхүү хөгжмийг бичсэнийг олоход хэцүү л дээ. Харин үүнийг олох арга байдаг юм. Тухайн цаг үеийн онцлог, нийтийн сонирхол, зохиогчийн үзэл бодол, ямар хүн байсан тухайг нь судалж мэдэх хэрэгтэй. Хөгжмөө судлаад, удаан хугацаанд тоглоод ирэхээр аяндаа ойлгож, мэдэрч сурдаг.
-Та ямар хөгжим сонсдог вэ? Мэдээж сонгодог урлагтаа үнэнч биз?
-Сургуулийнхаа шугамаар энд тэнд очиж их тоглодог. Тиймээс байнга бэлтгэлтэй байдаг. Өдөржин хөгжмийн хичээлтэй. Бас сургуулилттай. Энэ тохиолдолд орой гэртээ ирээд дахиад л сонгодог хөгжим сонсож чаддагүй л дээ. Сүүлийн үед Miles Davis, Charlie Parker, Ella Fitzgerald нарын классик жаазыг их сонсож байна. Түүнчлэн бага байхдаа сонсдог байсан хуучны дуунуудыг сонсох болж. Хуучны дурсамж сэргээд сайхан санагддаг.
-Чөлөөт цагаараа голдуу юу хийдэг вэ?
-Ном унших, гүйх, хоол хийх дуртай.
-Сонгодог болон жааз урсгалыг оюунлаг хүмүүсийн хөгжим гэдэг. Танд энэ хөгжим юу өгсөн бэ?
-Эдгээр урсгалын хөгжим тоглоход илүү их ур чадвар шаарддагаас ингэж нэрлэдэг байх л даа. Мөн анх сонсож буй зарим хүнд ойгомжгүй, хүлээн авахад хүнд санагдаж болох ч удах тусам сайхныг нь мэдрээд, дуртай болдог юм. Сонгодог хөгжмийн хувьд, нотоо хараад л тоглодог бол, жаазад импровизаци хийж, хөгжимчин тухайн үеийн сэтгэгдлээ илэрхийлж, өөрийн санааг шингээдгээрээ илүү эрх чөлөөтэй юм л даа. Би хааяа найзтайгаа хамт импровизаци хийн, флэйтээ тоглодог.
Сонгодог хөгжим надад юу өгсөн бэ гэвэл таьсан зорилгодоо хүрэх, тэвчээртэй байх чадварыг өгсөн юм болов уу. Жишээ нь хүүхдүүд гадаа тоглож байхад бид хичээлийн хажуугаар хөгжмөө давтаад, яс сууж сурсан. Эхэлснээ заавал дуусгадаг. Мэдээж гоо зүйн мэдрэмж их хөгждөг.
-Та өвөл сургуулиа төгсөнө. Монголдоо шууд ирэх үү?
-Мэдээж насаараа Германд амьдрахгүй л дээ. Гэхдээ ирэх гэж яарахгүй байна. Цаашлаад мастерын зэрэг хамгаалах тухай бодож байна. Тэнд өөр өөр улсаас ирсэн олон янзын хөгжимчид байдаг болохоор тэр дунд өөрийгөө сорихыг хүсдэг.
-Хөгжимчний хувиар бус жирийн иргэний нүдээр Монголыг хараад, шүүмжлэх зүйл байна уу?
-Би сүүлд хоёр жилийн өмнө Монголд ирсэн юм. Тэрнээс хойш их өөрчлөгдсөн байна. Манай орон хөгжиж байгаа нь ажиглагддаг. Ирэхэд хамгийн сайхан санагддаг юм нь европыг бодвол залуучууд ихтэй. Хийж бүтээх, сурч мэдэх, өөрийгөө хөгжүүлэх хүсэлтэй залуусаар амьдрал ид буцалж байна. Харин жаахан бухимдал ихтэй, хүмүүс хийж байгаа ажилдаа эзэн болж чаддаггүйг анзаарсан. Хүн бүр өөр өөрийн ажлаа сэтгэлээсээ хийгээд явах юм бол удахгүй сайхан болох биз ээ.

Tuesday, October 5, 2010

I love rock

Оюун бодлын “сэргээш” аялгуу эгшиг


Сонгодог хөгжмийн увдис
Анлийн хаан
I Жорж ажлын их ачаалал, дайн тулааны хэргээс шалтгаалан сэтгэлийн хямралд орж, ой тогтоолт нь муудаж эхэлжээ. Нэгэн удаа тэрбээр Библи уншиж байхдаа Саул хэмээх хаан хөгжим сонсон тайтгардаг байсан тухай олж мэдээд өөртөө туршихыг хүсчээ. Гэхдээ байнга сонссоор залхсан аянууд, ордны хөгжимчдийг бус өөр шинэ зүйлийг эрж байлаа. Тиймээс хаан тухайн үедээ алдартай байгаад зогсохгүй өнөөг хүртэл нэр нь дуурссаар буй хөгжмийн зохиолч Фридрих Хенделийг дуудсан байна. Хендел хаанд зориулж нэгэн гайхамшигт аяыг зохиосон байна. Энэ бол “Усны аялгуу” хэмээх сод туурвилын түүх юм.
“Усны аялгуу”-г анх 1717 оны долдугаар сарын 17-нд Лондоны өмнүүр урсах Тэймз мөрний эрэг дээр 50 хөгжимчин тоглож хаанд сонсгосон байна. Өөрт нь зориулсан эл аялгууг сонссон хааны бие сэргэж, сэтгэл санаа илааршиж, цаашид тавгүйтсэн үедээ сонсдог болжээ.
Энэ мэт хөгжмийн бие, оюун ухаанд үзүүлэх нөлөө, анагаах чадварын тухай жишээ олон. Тэр дундаа Бароккогийн үеийн хөгжмийн зохиолууд гайхамшигт увдисаараа онцгой гэдэг.
Техасын их сургуулийн эрдэмтэд I Жорж хааны сэтгэлийн өвчнийг эдгээсэн “Усны аялгуу”-г орчин үед туршиж үзжээ. Тэд оюутнуудыг судалгаанд оролцуулж, гурван бүлэгт хуваасан байна. Эхний бүлгийнхэн уг аялгуу эгшиглэх үед шинэ үг сурч, оюундаа зураглан, төсөөлөх даалгавартай. Харин хоёрдахь бүлгийнхэн хөгжмийг сонсонгоо үгээ цээжлэх ч төсөөлөх чадвараа ажиллуулахгүй. Үлдсэн гуравдугаар бүлгийн оюутнууд ямар нэгэн хөгжим сонсохгүйгээр үг цээжлэх ёстой байж. Үр дүн мэдээж ойлгомжтой. “Усны аялгуу”-г сонсонгоо өгөгдсөн даалгаврыг биелүүлсэн бүлгийнхэн үгсийг харьцангуй сайн цээжилсэн байлаа. Тэр дундаа сонгодог хөгжим, үг цээжлэлт, төсөөлөх чадвараа хослуулсан нэгдүгээр бүлгийнхэн гойд амжилт гаргасан байв.
Дахин нэг жишээ дурдахад, хэсэг эрдэмтэд Моцартын “Төгөлдөр хуурт зориулсан Д мажор сонат”-ыг коллежийн оюутнуудад сонсгон, шалгалт авчээ. Энгийн үед нийт оюутны шалгалтын дундаж 110 оноо байсан бол Моцартыг сонсонгоо тест бөглөсөн залуусын голч нь 120 оноо болтлоо өссөн байна. Түүнчлэн хөгжим сонссон оюутнуудын тархины бичлэгийг хийжээ. Тэгэхэд тэдний эд эс сэргэж, идэвхжсэн байлаа.

Хахир хөгжим биеийг “дарамталдаг”
Дэлхийд хөгжмийн 100 гаруй урсгал бий гэдэг. Хөгжмийн төрөл бүр хурд, хэмнэл зэргээс шалтгаалан өөр өөр нөлөөтэй. Тэгвэл Пенсильванийн их сургуулийн судлаачид Уильям Баллак, Кэлли Баумэн, Лаура Моглер нар энэ талаар судалжээ. Тэдний явуулсан судалгаагаар жааз болон сонгодог хөгжим зүрх сэтгэлийг тайвшруулж, оюун ухааныг амраадаг болохыг баталсан байна. Энэ нь тэдгээр хөгжмийн нотын нарийн бүтэц, дэс дараанаас шалтгаалдаг аж. Түүнчлэн Бароккогийн үеийн ихэнх хөгжим нэг агшинд нэг хэмнэл дуугардаг бөгөөд тухайн зохиол дээрээ ахин давтагддаггүй юм байна. Тиймээс л хэдэн зуун өнгөрсөн ч үе үеийн сонсогчдын сонорыг мялаасаар байдаг биз.
Харин австралийн сэтгэл зүйч Жон Диамонд рок, метал хөгжмийн нөлөөг судалж үзжээ. Замбараагүй дуугаралт, чанга хэмнэл, хүчтэй цохилт бүхий рок хөгжим бие болон сэтгэл санаанд таагүй байдал үүсгэдэг байна. “Рок, тэр дундаа метал хөгжим нь тархины унтраалга л гэсэн үг. Метал хөгжим тархинд хүчтэй доргилт өгдөг. Ингэснээр тархины үйл ажиллагаа зогсонги байдалд ордог юм. Мөн хөгжмийн энэ төрлийн урсгал сэтгэл санаа болон биед муугаар нөлөөлдөг” хэмээн Жон Диамонд ярьжээ.

Амьтан, ургамал ч хөгжим сонсох дуртай
Хүмүүс бид төдийгүй амьтан, ургамал ч гэсэн хөгжимд татагддаг байна. Сонгодог хөгжим сонссон тахиа бусдаасаа олон өндөг гаргаж, үнээ их сүү өгч, ургамал өндөр ургаж, сайхан цэцэг өгдөг болохыг эрдэмтэд аль хэдийнээ тогтоожээ. Зарим “сэргэлэнчүүд” хөгжмийн энэхүү чанарыг аж ахуй, бизнестээ хэрэглэж, ашиг орлогоо нэмэгдүүлэн ажилладаг аж.
Харахаас жихүүдэс хүрэм хархнууд хүртэл сайхан хөгжимд дуртай аж. Канадын эрдэмтэд хоёр янзын үүр бэлдэж, нэгд нь И.С.Бахын бүтээл, нөгөөд нь рок тоглуулсан байна. Тэгэхэд хархнууд И.С.Бахыг рокоос илүүд үзэж байв. Амьтад сонгодог хөгжимд илүү дуртай байдаг бол ургамлын төрөл зүйлийнхэн жааз, поп, техно, африк, энэтхэг гээд бүхий л урсгалыг “шүтэн биширдэг” аж.

Ухаантнууд-хөгжмийн үнэнч шүтэн бишрэгчид

“Ардчиллын эцэг” Томас Жэфферсоныг “Тусгаар тогтнолын тунхаг”-аа бичихэд нь хөгжим гойд үүрэг гүйцэтгэжээ. Тэрбээр хүний эрх, эрх чөлөө, эв нэгдэлийг тунхагласан уг бүтээлээ 1776 онд зохиосон юм. Бичиж байх явцдаа асуудалтай тулгарах, оновчтой үгийг олохгүй байх зэрэг үедээ Томас Жэфферсон ширээнийхээ араас босож, хийлээ тоглодог байж. Хөгжим түүний тархин дахь олон санааг эмхэлж, цаасан дээр цэгцтэй буулгахад нь тусалдаг байсан биз.
Хэрвээ хөгжим байгаагүй бол хүн төрөлхтөн Эйнштэйнгүй хоцорч болох байлаа. Түүнийг багш нар нь “усан тэнэг, юу ч сурахгүй” хэмээн сургуулиас хөөжээ. Сургуульд сурч дэмий цаг үрж байна, оронд нь биеийн хүчний ажил, мөнгө олох юм хий гэж хүмүүс түүнд зөвлөдөг байж. Харин Эйнштэйний ээж хүүгээ онцгой, оюунлаг хүү гэдгийг мэддэг байсан учраас ажил хийлгэхийн оронд хийл хөгжим өгчээ. Хийл тоглож, хөгжмийн мэдлэгтэй болсон нь шинжлэх ухааны салбарт ажиллахад их нөлөөлсөн хэмээн Альбэрт Эйнштэйн нэгэнтээ хэлсэн байдаг. Тэрбээр амжилтанд хүрч, алдартай болсон хойноо ч цаг зав л гарвал хийлээ тоглосоор байсан гэдэг.