Sunday, January 23, 2011

Үндэсний үзлээ бүтээлээрээ тунхагладаг








Зураач Н.Дуйнхарын урлан руу ороход энд тэнд төмөр нүдэх чимээ, юуг ч үл анзааран ажилдаа улайран сууж буй шавь нар нь угтан авлаа. “Энэ чимээ, энд тэндгүй байгаа багаж хэрэгсэл, төмөр сэлт нь ихэнх хүнд эмх цэгцгүй санагдаж болох ч миний хувьд бүтээн туурвих хүч өгдөг, ая тухтай орчин” хэмээн тэрбээр ярьсан юм.

-Уран дархны зам руу хэзээнээс хөтлөгдсөн бэ?
-Аав ээжийн удамд уран дархчууд байсан нь үе дамжиж, энэ замналаар явахад нөлөөлсөн байх. Би багадаа зурах дуртай байлаа. Дундговьд дунд сургуулиа төгсөөд хотод ирж, ДУДС-ийн уран дархны ангид элссэн. 2005 онд төгссөнөөс хойш сургуульдаа багшилж байна.
-Таньд хэн хайрласан юм бол. Уран дархан хүнд зохицсон нэр мэт санагдлаа.
-Танилууд маань ч тэгж хэлдэг. Нутгийн маань Манзшир хэмээх лам надад нэр хайрласан гэдэг. Бурхны нэр гэсэн.
-Бүтээл туурвихдаа баримталдаг зарчим бий юу?
-Дархан хүнд ухааны, мэлмийн, мутрын гэсэн гурван ур тэгширсэн байх ёстой гэдэг юм билээ. Энэ дундаас ухааны ур нь ертөнцийг үзэх үзэл, яруу дүрслэл, өвөрмөц дүр төрхтэй бүтээлийн үндэс болдог. Дархан хүн бурхан ухаантай гэдэг шүү дээ. Гэхдээ би өөрийгөө ийм ухаантай, гурван ур тэгширсэн хүн гэж үздэггүй. Уран дархны ажилд олон жилийн хөдөлмөр, уйгагүй хичээл зүтгэл шаарддаг учраас одоо болтол суралцсаар байна. Магадгүй сурах үйл явц хэзээ ч дуусахгүй биз. Мэргэжлийн ур чадвараас гадна хүн чанар, шударга ёс дархны урлалд нөлөөлдөг. Сайн хүнээс л сайхан бүтээл төрнө. Тийм байхыг үргэлж хичээдэг.
-Дархны урлалын эс, ширхэг бүр нь үндэсний соёл, уламжлалыг шингээдэг юм шиг ээ?
-Энэ урлаг Хүннү, Түрэгийн үеэс улбаатай монголчуудын үндэсний урлаг шүү дээ. Орой дээрээ оюу толгойн шувуутай алтан титмийг Хүннүгийн эд өлгийн зүйлс дундаас олсон байдаг юм. “Монголын нууц товчоо”-нд Жарчуда өвгөн дархны хөөргөө үүрч, Тэмүжинд дагаар орохоор ирсэн тухай өгүүлдэг. Аян дайнд явахдаа ч шилдэг дархчуудаа дагуулдаг, тухайн улсынхаа урлаачдыг мөн олзолдог байсан нь тухайн үед дархны ур, хийц, маяг өндөр хөгжсөнийг харуулж буй. Эртний монгол айлыг төсөөлөхөд л гэр нь тэр чигтээ галерей, музей байсан ч юм шиг санагддаг. Эргэнэг, тавиур, тулгаас эхлээд авдар сав, эд хэрэгсэл нь нарийн бэлгэдэл бүхий хээ угалзтай, эхнэрийн толгойны гоёл, хэт хутга гээд хэзээ ч давтагдашгүй урлагийн бүтээл байсан шүү дээ. Бидний өвөг дээдэс өдөр тутмын хэрэглээний зүйлсээ хүртэл урлаг болтол нь хөгжүүлсэн байж.
-Таны багш Д.Энхдаваа өөрийгөө хэт үндсэрхэг гэж тодорхойлсон. Тэр нь танд нөлөөлсөн үү?
-Алтны дэргэдэх гууль шарлана гэгчээр багшийнхаа үзэл санааг бүтээлдээ тодорхой хэмжээгээр тусгадаг. Сүүлийн арван жил багштайгаа хамт ажиллаж, шинэ зүйл сурсаар байна. Үндэсний үзэл гэхээр Монгол гээд цээжээ дэлдээд явах биш бүтээлээрээ дамжуулж, өв соёлоо хадгалах, ач холбогдлыг нь хүмүүст таниулахыг зорьдог. Нэг үеэ бодвол хүмүүс уламжлалт хээ, хийц бүхий эдлэл захиалж хийлгэх нь ихэссэн. Үндэсний урлаг соёлын чухлыг ойлгодог болсон нь тэр болов уу. Гэхдээ зарим хүн хятад хэвээр ээмэг, бөгж цутгадаг хүмүүсийг уран дархан гэж ойлгодог нь буруу. Монгол үндэсний хээ, угалзны хэвийг Хятадад цутган хийж буйд жаахан эмзэглэдэг.
-Дархны хийц олон төрөл. Та ямар төрлөөр, аль үндэстний хийцээр бүтээл туурвидаг вэ?
-Нутаг нутгийн хийц онцлогтой л доо. Батноров хийц гэхэд үндсэн эхээ мөнгөөр цутгаж, угалз, хээний ялгарлыг тод гаргадаг онцлогтой. Монголчуудын сайн мэддэг дарьганга хийц нь мөнгөөр хөөх, товойлгох, сүлжих аргаар гол сууриа урлаж, хээ, хажлагыг нь давтамжит хэмнэлээр цоолборлодог. Эл аргын тусламжтай хээ, амьтан, ургамлын дүрсийг хөдөлгөөнтэй мэт харагдуулж болно. Далайнчойнхорын урчууд ган сийлбэр хийх аргыг өндөр түвшинд эзэмшсэн байдаг. Тэд ганг цоолборлож, нэг хээг нөгөөгийнх нь дээгүүр давхардуулан сийлдгээрээ ялгардаг юм. Монгол дархны урлаг нь энэ мэт олон төрлийн хэлбэр хийц, нарийн уламжлалтай. Үүнээс ганцыг нь онцлохгүй, тухайн бүтээлдээ тохируулж аль хийцийг сонгохоо шийддэг.
-Бүтээлдээ уламжлалаа хатуу барьдаг уу, эсвэл урлагийн бусад төрлөөс шингээдэг үү?
-Голдуу уламжлал болон технологийн горимыг дагаж бүтээл туурвидаг. Мэдээж нэг юмаа үргэлж давтахгүй шүү дээ. Тиймээс өөрийн санааг уламжлалтай хослуулах тохиолдол ч бий.
-Төмөр давтах чимээг дархан хүн өөрөөр хүлээж авдаг байх даа?
-Өдөржин энэ чимээг сонсож, дунд нь ажилладаг болохоор тээртэй санагддаггүй. Харин ч дотно, сайхан шүү дээ. Сайн дархан хүн төмөр давтах чимээгээр нь “оношлодог”
-Шинэ санааг хаанаас олдог вэ?
-Үндэсний урлаг, уламжлал дээр дөрөөлж өөрийн санаа, хэв маягаа тусгаснаар шинэ бүтээл хийдэг дээ. Заримдаа зүгээр сууж байхад санаа оч мэт харван орж ирэх, хийж бүтээх хүчтэй эрмэлзэл, урам зориг гэнэт оргилох үе ч байна. Онгод гэж юу байдгийг нарийн сайн мэдэхгүй юм. Гэхдээ дотроос хатгаад, хийх хүсэл төрүүлж буй тэр зүйл мөн байх гэж боддог.
-Бүтээл туурвих үйл явц хэрхэн өрнөдөг бол?
-Юун түрүүнд хар зургаа гаргана. Зарим хүн дархчуудыг зураач биш гэдэг. Гэтэл юу хийхээ дотроо гүйцэд боловсруулж, сэтгэлдээ зурснаар эхний алхмаа хийнэ. Жишээ нь, Мөнх хааны энэхүү гэрэгэ бүтсэн тухай ярья. Эхлээд түүх сөхөж, ямар загвараар бүтээснийг нь судалсан. Сэтгэлдээ зурж, загвараа гаргалаа. Бүтээлийнхээ хэсэг, эд бүрийг тодорхой дүрсэлж, төсөөлөөд гол ажилдаа орно доо. “Мөнх тэнгэрийн хүчин дор, Их суу залийн ивээл дор” гэсэн бичээстэй, алтаар цутгасан эх хувь нь одоо дэлхийн шилдэг музейн нэг Эрмитажид хадгалагддаг юм. Гэрэгэ бол Монгол төдийгүй дэлхийн анхны гадаад паспорт, виза гэсэн үг шүү дээ. Тэр ч үүднээс Мөнх хааны гэрэгийн загварыг бүтээсэн. Одоогоор энэхүү гэрэгийн хувь надад л бий.
-Дэлхий ертөнц өдрөөс өдөрт даяаршиж буй энэ эринд үндэсний уламжлал, ёс заншлаа авч үлдэхийн ач холбогдол юу вэ?
-Улс үндэстэн оршихын үндэс нь ёс заншил, өв соёл. Чи хэн бэ, хаанаас гаралтай вэ, өөрийн гэсэн юу байна вэ гээд ухаад үзвэл үндэсний онцлог л гарч ирнэ. Техник технологи, компьютерийн дэвшил мэдээж сайн зүйл. Гэхдээ тэр дунд өөрийн гэсэн юмаа гээхгүй л байх ёстой. Тэгж байж л чи Хүннүгийн үеэс улбаалсан их түүхээ авч үлдэн, жинхэнэ монгол хүн болж чадна. Эс бөгөөс хэн ч биш болно.

Monday, January 17, 2011

Оюун билэгийн охь Монгол наадгай

Цагийн хүрд
Цаг хугацааны хүрд тасралтгүй эргэсээр Монгол нүүдэлчид XXI зуунтай золголоо. Хурга ишиг хариулж, тугалтай хөөцөлдөн гүйдэг “улаан хацартнууд”-ын дүр буйданд тухлан хүүхэлдэйн кино үзэж, компьютерийн дэлгэц ширтэн өдрийг өнгөрүүлдэг багачуудын төрхөөр солигджээ. Өвөг дээдсийнхээ урласан мод, чулуу, шагайн тоглоомоор бус урд хөршийнхний химийн бодисоор баялаг хүүхэлдэй, машин, буугаар тэд тоглож, оюунаа “цэнэглэнэ”. Газар тэнгэр шиг энэхүү өөрчлөлтөд хэнийг ч буруутгах аргагүй. Бараг л гэрлийн хурдад тохируулан амьдралын хүрднийхээ баадууг чангалсан өнөө үед хүүхдүүдэд тоглоом урлаж өгдөг, цуг наадаж суух эцэг эх ч ховор. Өдөр ирэх тутамд өөр хоорондоо уусан, даяаршиж буй энэ үед бусдаас ялгарч, онцгойрох ганц зүйл нь үндэсний соёл гэдэг. Тэгвэл ирээдүйн эздэд багаас нь энэхүү ухамсрыг төлөвшүүлэхийн үндэс нь өв соёл, өвгөдийн ухаан шингэсэн тоглоом наадгай аж. Тэдгээр тоглоомыг үеэ өнгөрөөсөн хэмээн үздэг хүн цөөнгүй. Гэтэл уламжлалт тоглоом нь сүүтэй цай, чанасан мах, ууц, хэвийн боов, дээл гутлаас татгалзах Монгол хүн хэд билээ. Удахгүй цагаан сар болно. Бүгд л тавгаа засаж, ууцаа тавьж, буузаа жигнэн, айл хотлоороо шинэлцгээнэ. Энэ бүхэн цаг үетэйгээ өнгөрөөгүйгээс хойш тоглоом наадгай ч мартагдах учиргүй биз ээ. Цагаан сарын битүүн, шинийн нэгэнд айл хотлоороо цугларч, хүүхдүүдийнхээ оюун ухааныг хөгжүүлдэг байсан уламжлалт тоглоомнуудаас хүргье.

Оюун түлхүүр
Хүн бүр бие барсныхаа дараа тамын оронд заавал очдог хэмээн нэгэн домогт өгүүлдэг. Тамын орон нь газрын гүнд оршдог, есөн үетэй гэнэ. Үе бүр нь өлсөх, цангах, даарах, халууцах гээд өөр өөрийн зовлонтой. Хэцүү бэрхийг туулан, есөн үеийг давсан хүн диваажинд очих жамтай. Тамын орноос гарах сүүлийн хаалгыг оньсоор цоожилсон байдаг. Ган төмрөөр хийсэн тэрхүү бат бөх цоожийг онгойлгоход ямар ч багаж хэрэгсэл, түлхүүр нэмэргүй. Зөвхөн хурц ухаантай, уйгагүй хөдөлмөрч хүн л цоожийг тайлах учиртай аж. Оюун түлхүүр тоглоомын түүх ийм. Эцэг эхчүүд нь энэхүү тоглоомыг тоглох аргыг хүүхдүүддээ хэзээ ч зааж өгдөггүй. Хонь малаа бэлчээхээр явахад нь “Үүний учрыг нь ол” хэмээн өгч явуулдаг байжээ. Үүнийг мөн чамабалын түлхүүр ч гэж нэрлэх нь бий. Уг тоглоом нь нэг оньсыг тайлахаас эхлээд хэдэн зуун үйлдэлтэй цагариг болтлоо хөгжжээ. Гэхдээ үхлийн дараах амьдралд бэлдэхээс илүүтэй үр хүүхдийнхээ гүйлгээ ухаан, тооцоолох чадварыг хөгжүүлэхийн тулд оюун түлхүүрийг тайлуулдаг байсан нь ойлгомжтой.

Оньсон тоглоом
Оюун задлах оньсон тоглоомоороо Монгол дэлхийд дээгүүр байрт жагсдаг. Энэхүү уламжлалт тоглоомыг модоор хийдэг тул хүүхдэд ямар ч хоргүй, оюун ухааныг тэтгэхээс гадна гарын булчин, шөрмөсийг ч хөгжүүлдэг давуу талтай гэнэ. Дэлхийн олон оронд оньсон тоглоом түгсэн ч дийлэнх нь дүрс, хэлбэрийн хувьд нэгэн хэвийн шинжтэй. Тэгвэл “Олон улсын оюун ухааны музей”-н захирал З.Түмэн-Өлзий шатрын хөлгийн ширээг ч оньслон бүтээж, Сүхбаатарын хөшөөнөөс эхлээд Эрх чөлөөний хөшөө, Эйфелийн цамхгыг ч оньсон тоглоом болгон урлажээ. Уг тоглоомыг гурван модны, зургаа, ес, 12, 32 дүрстэй гэхчлэн ангилдаг. Түүнээс гадна хэлбэрийн талаас тоймгүй олон янз. Учир нь тухайн зохион бүтээгчийн санаа, ур хийцээр дамжин нэр төрөл нь улам баяждаг байна. З.Түмэн-Өлзий Монголын уламжлалт оньсон тоглоомыг урлах 3000 төрлийн арга буйг тогтоон, гэрчилгээг нь авчээ.

Алаг мэлхий өрөх
“Эрхийн чинээ биетэй, эрдэнийн дөрвөн талтай” шагай нь уламжлалт тоглоомны эртний төрлүүдийн нэг. Амьтны шаант ясны үзүүрт оршдог жижиг цул яс буюу шагайгаар наадах 80 орчим төрлийн тоглоом бий. Морь уралдуулах, бөгцөг няслах, шагай шүүрэх зэргйиг мэдэхгүй хүн ховор биз. Эрт дээр үед анд бололцохдоо шагай солилцдог байсан нь нэгэн биеийн холбоотой хоёр мөч мэт салшгүй байхын бэлгэдэл байв.
Монголчууд алаг мэлхийг битүүний орой өрж, шинийн нэгэнд тоглодог уламжлалтай. Энэхүү тоглоомыг хэдэн ч хүн тоглох боломжтой бөгөөд 92 эсвэл 108 шагайгаар өрнө. Тоглогчид ээлжээр шоо хаяж, хоёр нүхээр буувал нүд, чих, бөөр зэрэг хос эрхтний аль нэгийг авах боломжтой. Хэрэв зургаагийн тоо буувал хүзүү, нурууны алт нэг эгнээний зургаан шагайг өөрийн болгодог. Хамгийн олон шагай хожсон хүн ялагч. Түүнчлэн шагай дуусахад дахин тоглох бөгөөд шооны нүхний тоогоор өрнө. Хэрвээ хоёр буулгавал нүдийг, гурав бол толгой, дөрөв байвал шилбэ зэргээр мэлхийний дүрсийг гаргадаг. Шагайн наадгай нь хүүхдийг дэг журамтай болгож, нүдний харааг хөгжүүлж, ажигч гярхай болгоход дөхөмтэй гэнэ.

Үйчүүр
Үйчүүрийг хөзрийн хамгийн эртний хэлбэр хэмээдэг. Энэхүү тоглоом багаар ажиллах, түргэн сэтгэх, шийдвэр гаргах, цээжээр зөв бодох, тооцоолох чадварыг эзэмшүүлдэг байна. Үйчүүрийн мод тус бүрт шувуу, туулай, хүдэр, харцага, буга, ирвэс, арслан, бар, үнэг, нохой зэрэг амьтныг дүрсэлдэг учраас хүүхдүүдэд ан амьтныг танин мэдүүлдэг аж. Уг наадгайг тэгш тоогоор талцан тоглодог. Амьтдыг зургаар нь ангилан тавьж, зургаан ширхэг шоог нар зөв тойруулан ээлжлэн хаяна. Амьтан бүр тоотой. Жишээлбэл, дөрвөн нүхтэй зургаан ширхэг шоо буувал нэг арслан авна. Нэг арслан нь 64 лантай тэнцдэг нь тэмцээний хамгийн өндөр оноо. Хоёр нүхтэй шоо хоёр буувал нэг нохой авна. Нэг нохой нь 12 лан аж. Тоглоом дуусахад хожсон амьтданхаа тоог гаргаж, ланг тогтоон дүнгээ гаргадаг.

Хорол
Даалуу хэмээх наадгай Монголд Манжийн үед түгжээ. Тэр үед монгол ноёд, бүсгүйчүүд даалуугаар мөрийтэй тоглодог байж. Харь улсын хорон явуулгаас үндэстнээ хамгаалах зорилготой хүмүүс хамтран хорол хэмээх тоглоомыг бүтээсэн түүхтэй. Уг тоглоомд арван хоёр жилийн амьтны дүрсүүд, эрхэм шударгын хорол, эрдэнэсийн бэлгэдэл чандмань, амар жаргалын өлзий хээ гурван толгой мод байна. Зарим нутагт хас, очир, цэцгийн дүрсийг ч оруулдаг. Хорлыг тоглохдоо моднуудыг доош харуулан тарааж, 5-6-гаар давхарлан өрнө. Ингээд тойрч суусан хүмүүсээс ахмад настай нь эсвэл шодож таарсан хүн тараадаг. Эхний хүн модыг дангаар эсвэл ижилсүүлэн гаргаж, дараагийнх нь тэндээс сонгох буюу дагуулж өгнө. Ийм маягаар гэр барьж, хэн олон гэртэй болсон нь хождог аж. Хорол хамтач ёс, бие биенээ хүндэтгэх занг хөгжүүлэх ач холбогдолтой. Оролцогчид тоглоомын явцад “Арван хоёр жил” дууг мөн харилцан дуулдаг юм байна.
Уран бэрийн гогцоо
Монголчууд бэр болох хүнийхээ гадаад үзэмж, биеэ авч явах байдал, ажилсаг чанараас гадна оюун ухааныг нь харгалзан тоглоомоор шинждэг байв. Чөмөгний ясны хоёр талын гогцоонд тус тусдаа буй шагайг нэг утсанд оруулж чадвал уран ухаантай бүсгүя байна хэмээн үнэлдэг байжээ. Ээдрээ тайлах төрлийн тоглоомд үүнээс гадна бөгж нийлүүлэх, цагираг чөлөөлөх зэрэг багтдаг. Энэ төрлийн наадгай нь юмыг гярхай ажиглах чадвар, олон талаас эргэцүүлэн бодох, ой тогтоолт, уйгагүй оролдлогыг сайжруулдаг байна.

Чамабалын хүрд
Хулганыг нүхнээс нь хурдан гаргах, гарцыг хэрхэн олох вэ зэрэг тоглоомын үндэс нь Хүннү гүрний үеэс эхтэй “Чамабалын хүрд” юм. Булган аймгийн Бүрэгхангай сумаас МЭӨ 200-гаад оны үед хамаарах “Чамабалын хүрд” олдсон нь бий. Энэхүү тоглоомд нууцыг эрж олох, түүнд хүрэх замыг түвэггүй олох гол зорилготой. Монголчууд малын хашаа хороо, хээ угалзаас санаа аван олон сүлжээ, давтамж бүхий тойрог, дөрвөлжинг зохиомжлодог. Наадагч тойргын төвд нэг цэг дүрслэн бодож, хараа салгалгүйгээр сүлжиж, гарцыг олох дүрэмтэй. Буруу зам сонговол битүүрч гарцгүй болдог бол зөв замаа сонгон, алдалгүй барьж чадвал ялах юм. Гэхдээ энэхүү тоглоом нь тэмцээн уралдаанаас илүүтэй мэргэ төлгийн шинжтэй байдаг. Эрт дээр үед хол газар явж буй энэхүү тоглоомоор тоглон, хэр хурдан гарцыг олохоос шалтгаалан ажил төрөл нь бүтэмжтэй байхыг шинждэг байсан аж.

Thursday, January 13, 2011

Бөөндөнө





Монголын уран нугараачид дэлхийд хосгүй

Америк, Герман, Франц, Орос, Турк, ӨАБНУ, Польш гээд олон оронд Монголын циркийн уран бүтээлчид тоглолт хийн, эх орноо сурталчилж яваа. Тэдгээрийн дотроос уран нугараачдын үзүүлбэр дэлхийд гайхагддаг гэдгийг хэн хүнгүй мэднэ. Албан бус тоогоор гадны орнуудад 100 гаруй уран нугараач тоглодог гэсэн. Тэгвэл энэхүү тоо нэмэгдэж, “Шинэ цирк” төвийн нугараач охид удахгүй Испанийг зорих нь ээ. Тус улсын “Romantik” цирк, аялал жуулчлалын компанийн уран сайхны удирдагч Юри Арманович, Гран Канарын арлын салбар хариуцсан захирал Альвора Суарез нар уржигдар Монголд ирж, жүжигчдээ сонгон авсан юм.

-Монголд анх удаа ирж байна уу?
-Дөрөв дэх удаагаа ирж байна. Компанидаа Монголын циркчдээс сонгон ажиллуулахаар 2006 онд анх ирж байлаа. Жил ирэх тусам байшин барилга нэмэгдэж, Улаанбаатар хот өнгө нэмсэн нь мэдрэгдлээ.
-Тэгвэл циркчдийн ур чадвар хэр өөрчлөгдсөн байна вэ?
- Испани дахь Монголын циркчдийн тоглолт тун амжилттай болж, үзэгчдээс өндөр үнэлгээ авсан юм. Тэд чадварлаг, сайн уран бүтээлчид гэдэг нь эндээс харагдах байх. Үзүүлбэрийн чанар, гүйцэтгэл жил ирэх тутам сайжирч буй нь харагдаж байна.
-Танай компанид хэдэн орны жүжигчид харьяалагддаг вэ. Монголчуудын онцлог нь юу бол?
-Манайд Монгол, Орос, Хятад, Болгарь зэрэг орны уран бүтээлчид ажилладаг. Тэд цирк, томоохон зочид буудал, далайн эрэг, аялал жуулчлалын төвөөр аялан тоглодог юм. Монголын “Шинэ цирк” төвийн уран нугараачид, тэнцвэр, хүч тамирын гайхамшгийн үзүүлбэр манай хөтөлбөрт багтдаг. Бусад оронд ч энэ төрлийн үзүүлбэрүүд байдаг л даа. Гэхдээ Монголын уран нугараачид дэлхийд хосгүй. Тэд хамгийн сайн нь гэж хэлж болно. Монголчууд хэдэн зуун жилийн түүхтэй хүчирхэг ард түмэн гэдгийг олон хүн мэднэ. Үүнийг харуулсан хүч тамирын үзүүлбэрийг хүмүүс дуу алдан хүлээн авдаг юм шүү.
-Энэ удаа ямар төрлийн үзүүлбэр авч явах вэ?
-Уран нугаралт, тэнцвэрийн зургаан хүний бүрэлдэхүүнтэй багийг сонгосон. Тэд Мадрид хотод тоглолтоо тавина. Испанид Монголын циркийн 18 жүжигчин ажилладаг бол одоо 24 боллоо.
-Жүжигчдээ сонгохоос гадна юу хийхээр төлөвлөв?
-Гурав хоногийн хугацаатай ирсэн болохоор жүжигчдээ сонгоод л буцна даа. Монголд одоо их хүйтэн байна. Харин зун гэр бүлээрээ ирж амрах төлөвлөгөөтэй байгаа.



“Солонго” гэдэг ертөнцийг бүтээнэ


Түүнийг Б.Солонго гэдэг. Дунд сургуулийн аравдугаар ангийн сурагч. Үүний хажуугаар “Эра” төвийн бэлтгэл моделоор ажиллаж, “Наран трейд” компанийн үнэртэн, гоо сайхныг сурталчилдаг. Тэрбээр “New face 2011” наадамд амжилттай оролцон, “Tulip” дэлгүүрийн нэрэмжит шагналыг хүртсэн юм.

-Чамайг хүмүүс загвар өмсөгч Э.Одгэрэлтэй их адилхан гэдэг юм билээ.
-Харин тийм ээ. Тэгж хэлэхээр эхэндээ их сонин, эвгүй ч юм шиг санагддаг байсан. Одоо бол бараг хүн бүр тэгж хэлэхээр дасчихаж. Магадгүй алдартай моделтой адилхан гэгдэх нь дөнгөж эхэлж буй миний хувьд сайнаар нөлөөлж болох л юм. Гэхдээ би Солонго гэдэг том ертөнцийг бий болгох, өөрийнхөө дүр төрхийг харуулахыг хүсэж байна.
-Зарим хүн алхаа гишгээгээ засах, өөртөө итгэлтэй болох гээд л янз бүрийн шалтгаанаар загварын дугуйланд ордог юм билээ. Чиний хувьд ямар байсан бэ?
-Загвар өмсөгч болно гэдэг миний мөрөөдөл. “Эра” төвд өнгөрсөн жилээс хичээллэж эхэлсэн нь мөрөөдлөө биелүүлэх анхны алхам маань байсан.
-Өнгөрсөн намар болсон “New face” наадамд “Tulip” брэндийн нэрэмжит шагналыг чи авсан. Анхны алхмаа амжилттай тавьжээ?
-Тийм ээ. Энэ жилийн “New face” бол оролцсон анхны тэмцээн маань байсан. Одоо “Эра” төвийн бэлтгэл модель, “Наран трейд”-ийн үнэртэн, гоо сайхны сурталчилгаанд ажиллаж байна.
-Загвар өмсөгч болохоос гадна ямар мэргэжил эзэмших вэ?
-Би одоо ахлах ангид сурдаг. Дунд сургуулиа төгсөөд хэлний чиглэлээр сурна гэж бодож байна даа. Гэхдээ өөр мэргэжил эзэмшсэн ч загвараа хэзээ ч орхихгүй.
-Тэмцээнд орсноос хойш хүмүүсийн хандлага өөрчлөгдсөн тал ажиглагдав уу?
-Үгүй дээ. Жаахан завгүй болсноос өөрөөр юу ч өөрчлөгдөөгүй.
-Чөлөөт цагаараа юу хийж байна?
-Найзуудтайгаа хамт байна, заримдаа дүүгээ харна. Дүү маань одоо гурван настай.
-Анх тайзан дээр алхсан үеэ дурсана уу?
-Их сандарч, өвдөг чичрээд л. Тайзан дээр яаж гарч алхсанаа ч анзаараагүй шүү. Одоо бол сандрахаа больсон. Гэсэн ч цаана нь сурах зүйлс олон байгаа.
-Загвар өмсөх болсноор чи юу олж авсан бэ?
-Хамгийн чухал нь мөрөөдлөө биелүүлэх нэг алхам болсон. Өмнөхөөсөө илүү өөртөө итгэлтэй болж, биеэ авч явах соёл, зөв харилцааг сурсан болов уу.
-Тайзан дээр алхах, зураг авахуулахын аль нь чамд хэцүү байдаг бол?
-Янз бүрийн дүрд хувиран, олон төрлийн байрлалаар зогсон зураг авахуулах нь хааяа хэцүү санагддаг юм. Загвар өмсөгч хүн тайзан дээр ч, зураг авалтын өрөөнд ч тухайн хувцас, бараа бүтээгдэхүүнээ илэрхийлэн өөрчлөгддөг болохоор нэг бодлын жүжигчид ч юм шиг ээ.
-Өөрийгөө хэр сайн жүжигчин гэж дүгнэх бол?
-Ажлаа хийж байхдаа сайн жүжигчин байхыг хичээдэг юм. Харин амьдрал дээр хоёр нүүртэй байж, олон ааш гаргахгүйг боддог. “Санаа зөв бол заяа зөв” гэдэг шүү дээ.

Saturday, January 8, 2011

Barista


Амттай кофены нууц чин сэтгэл


Этиопийн малчин Калди ямаанууд нь нэг л бутны жимсийг булаацалдан идэж байхыг хараад сонирхон амсаж үзтэл гашуун хэрнээ өвөрмөц сайхан амтагджээ. Хүн төрөлхтөн кофе хэмээх ундаатай танилцсан түүх эндээс эхлэлтэй. Этиопчууд Арабын ертөнцөд кофе аваачсанаар цааш түгэх болсон гэдэг. Европчуудын хувьд XVI зуунаас кофетой нөхөрлөсөн аж. 1700 он гэхэд хөгшин тивийн ихэнх орон энэ ундааны байнгын хэрэглэгч болов. Суут хөгжмийн зохиолч И.С.Бах эл ундааны сайхныг магтан “Coffee cantata” бүтээлээ туурвиж. Тэр үеэс кофе өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг болсон билээ. Кофе хэдийгээр сайхан үнэр, амттай ч хүмүүс үүнээс илүүг хүсэх болсноор кофены урлаг, кофены соёл үүссэн гэдэг. Амтлахаас илүүтэй харахад зориулсан латте арт ийн бий болжээ. Эспрессо буюу хар кофен дээр хөөсрүүлсэн сүүгээр төрөл бүрийн дүрс, хээ угалз зурдаг уг урлаг Монголд ч хөгжиж эхэлжээ. Кофе чанах, найруулах, латте арт хийдэг хүнийг бариста хэмээн нэрлэдэг. Сүүтэй цай ууж өссөн монголчуудын хувьд кофе шинэ соёлын нэг учраас бариста нар олон байхгүй. Тэдний нэг Э.Пүрэвдашийг зочноор урилаа. Тэрбээр “Ti amo” кафед ажилладаг.


-Кофены юунд татагдаж, үсчин мэргэжлээсээ урвах болов?
-Би хүмүүстэй ойр ажилладаг мэргэжилтэй болохыг эрмэлздэг байсан юм. Тэдэнд хэрэгтэй зүйлийг нь өгөхийн зэрэгцээ халуун дулаан орчин бүрдүүлэн ярилцаж, хөгжөөж, тайвшруулах нь сайхан санагддаг. Нэг удаа гадаад найздаа энэ тухайгаа ярихад надад үсчин мэргэжлийг санал болгосон юм. “Үсчин бол сэтгэл засагч” гэж гаднынхан үздэг юм билээ. Найзынхаа зөвөлгөөг дагаж үсчин болсон ч миний хүсэн хүлээж байсан ажил байгаагүй. Манайхан үсчинтэйгээ төдийлэн яриа дэлгэж, илэн далангйү байж чаддаггүй шүү дээ. Тиймээс үсчний ажлаа орхисон. Тэр үед кафед ажилладаг дүү маань гэртээ ирээд ажлынхаа тухай, өдөр тохиолдсон явдлаа ярьдаг нь сэтгэл гижигдсэн гэх үү дээ. Дотно сайхан уур амьсгалтай санагдсан юм. Тэгээд л энэ кафед зөөгчөөс нь эхлээд ажилласан. Яваандаа кофены үнэр, амтанд татагдан, өөрөө хийж сурахыг хүссэн. Тэр дундаа латте арт буюу кофены урлаг их сонирхолтой санагдсан юм. Өнгөрсөн жилээс баристагаар ажиллаж байна. Кафед ажиллах нь мөн хүмүүстэй байнга харилцах боломж олгодог. Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж, инээмсэглэл, дулаан уур амьсгал гээд миний хувьд соронз гэсэн үг.
-Манай орны хувьд кофе бол шинэ соёл.
-Тийм ээ. Бидний ихэнх нь л анх жижгээр савласан “Хаан” кофе ууж, энэ ундаатай танилцсан шүү дээ. Сүүлийн үед энэ нь жинхэнэ кофе бишийг мэддэг болж. Тиймээс чанасан кофе уухыг илүүд үздэг болсон байна. Яг одоогоор бариста бэлддэг дамжаа, мэргэжлийн төв алга. Энэ чиглэлээр гадаадад сурсан хүн гарын таван хуруунд багтахаар цөөн бий. Миний хувьд өмнө нь ажиллаж байсан бариста нараар заалгаж, сурсан. Хүн дуртай зүйлээ уйгагүй оролдож, тэмүүлдэг шүү дээ. Үүнтэй адил би ч өөрийгөө хөгжүүлэх, илүү сайн бариста болохыг хичээдэг. Кофетой холбоотой ном, сэтгүүлээс шинэ мэдээлэл их авдаг. Мөн “youtube” хэмээх том багш байна.
-Монголын бариста нар цөөхүүлээ болохоор бие биетэйгээ туршлага солилцож, ойр харьцаатай байдаг уу, эсвэл ширүүн өрсөлддөг үү?
-Би бусад бариста нартай холбоотой байхыг боддог. Би хамт ажилладаг залуучуудтайгаа кофены бусад газраар явна аа. Эхлээд захиалгаа өгнө, кофегоо ямар аргаар, хэрхэн хийдэг талаар нь ярилцана. Боломжтой бол бүр кофегоо яг яаж хийж буйг нь харахыг хичээдэг. Газар газрын цайны амтаас эхлээд кофены машин, хөөсний чимээ хүртэл өөр. Тэр чимээг сонсоод ямар кофе гарахыг шууд хэлж болно. Хэрвээ шажигнасан чимээтэй, чанга сонсогдож байвал том том ширхэгтэй хөөстэй кофе гардаг юм. Каппучино, латте кофены хувьд том хөөс сайн үзүүлэлт биш.
-Тагнуулддаг байх нь ээ?
-Дараа нь өөрсдийгөө “илчилж”, туршлага солилцох тохиолдол бий.
-Амттай кофе хийх жороосоо хуваалцаач?
-Чин сэтгэл. Зөвхөн бариста гэлтгүй хэн ч байсан хийж буй зүйлдээ анхаарал төвлөрүүлж, сэтгэлээ шингээвэл кофе ч амттай, ажил ч бүтэмжтэй байна.
-Латте артын талаар ярина уу?
-Үүнийг кофе, сүү хоёрын ялгаагаар тоглодог гэж хэлж болно. Эспрессо дээр хөөсрүүлсэн сүү хийгээд янз бүрийн дүрс, хээ угалз, зураг зурдаг. Латте арт хэдэн төрөл байдгийг хэлэх аргагүй. Уран зурагтай адил дуусашгүй олон хэлбэр, илэрхийлэлтэй. Харин бариста дүрсээ хэрхэн гаргадаг аргаар ангилах нь бий. Голдуу тогтсон хөөсөн дээрээ тусгай зүү, үзэг ашиглаж латте арт хийдэг. Тэгвэл хамгийн сайн бариста үүнийг ямар ч хэрэгсэл ашиглалгүй, ердөө л бугуйны хөдөлгөөнөөр урладаг юм. Эспрессо дээр сүүгээ хийхдээ л дүрс, зураг зурна гэсэн үг. Би ийм л бариста болохыг хүсдэг. Хэрвээ баристагийн хэр сайн кофе хийдгийг харья гэвэл американог нь амтал, чадварыг нь сорихыг хүсвэл каппучино амс, эсвэл латте артыг нь үз гэдэг юм.
-Латте арт хийхэд мэдрэмж чухал уу, чадвар хэрэгтэй юу?
-Тухайн хүний мэдрэмж нөлөөлдөг ч чадвар нь илүү чухал. Сайн бариста хамгийн амттай кофе чанаж, эл ундаагаар сайн бүтээл хийдэг юм.
-Кофе бол хэрэглээ. Гэхдээ зарим хүн тансаглал гэдэг?
-Уг нь энэ бол өдөр тутмын хэрэглээний л нэг. Үйлчлүүлэгчдийг харж байхад нэг төрлийн кофе захиалдаг нь бий. Кофег үнэрлэж, амталж буй тэдний байдал цаанаа л өөр. Ний нуугүй хэлэхэд, кофе уух гэж биш ууж буйгаа харуулахын тулд ирдэг хүн ч цөөнгүй. Сонголтоос нь шууд харагддаг л даа.
-Кофены сонголтоор нь тухайн хүний зан аашийг тодорхойлж болно гэх юм билээ.
-Миний ажигласнаар, кофены сонголтод зан араншингаас илүү нас, хүйс нөлөөлдөг юм шиг ээ. Бүсгүйчүүд ихэвчлэн латте, мокка, карамель төрлийн кофе голдуу захиалдаг. Харин эрчүүд янз бүрийн нэмэлт амтгүйг нь түлхүү хэрэглэдэг. Кофены амт, чанар мэддэг хүмүүс ихэвчлэн американо, эспрессог сонгодог юм билээ.
-Та хэр их кофе уудаг вэ?
-Өдөрт 2-3 аяга хар кофе уудаг. Бариста хүн кофены төрөл, амт чанарын ялгааг нарийн мэддэг байх ёстой. Тиймээс олон кофе амсаж явсаар одоо бараг л донтогч болж.
-Кофеноос өөр сэтгэлийг тань “гижигддэг” зүйл юу вэ?
- Уран зохиолын ном унших дуртай. Мөн хөгжим сонсох сайхан. “Coldplay”, “Beatles” зэрэг хамтлаг, дуучдыг түлхүү сонсдог. Хааяа гитар тоглоно, зураг зурна. Тэр дундаа хар зурганд их сонирхолтой. Янз бүрийн хээ угалз зурах дуртай. Магадгүй зурах дуртай маань латте арт хийхэд давуу тал болдог байх. Найзуудтайгаа хамт байж, ярилцаж суух ч сайхан. -Та сүүтэй цай хэр чанадаг бол?
-Тэрийг гэрийнхэн л хэлэх байх даа. Ямар ч байсан багадаа сүүтэй цай чанадаг байсан. Сайн самарвал амттай цай болдог гээд хаанаас ч юм сонсчихсон. Самраад л байдаг байлаа. Одоо зав бага болохоор сүүтэй цай хааяа л чанадаг. Монгол хүн юм чинь сүүтэй цай уух дуртай.
-Кофе эрүүл мэндэд муу нөлөөтэй гэдэг. Та энэ талаар юу гэж боддог вэ?
-Хэрвээ тийм муу байсан бол өнөөдөр дэлхий дахины хэрэглээ болж, урлаг болтлоо хөгжихгүй байсан болов уу. Чанарын шаардлага хангаагүй кофе л эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байх. Тйим болохоор кофены талаарх сөрөг мэдээлэлд эмзэглэдэггүй.

Tuesday, January 4, 2011

Mk

Амьдралыг магтан дуулагч Мика
Б.Эгшиглэн

Дуу хөгжмийг хүний анд нөхөр гэдэг. Хэрвээ тийм бол Микагийн дуунууд хэний ч тэр хамгийн сайн найз. Төгөлдөр хуур, бөмбөр, трампет, гитар хосолсон хэмнэлд сэтгэлд ойр, дулаан дотно үгсийг фальцет хоолойгоор дуулахыг нь юутай зүйрлэж болох вэ? Би л хувьдаа үүнийг нарны цацраг, инээмсэглэл, тэврэлт, үнсэлттэй адилтгана. Дээр нь улбар шар өнгө, шоколадтай зайрмагны амтыг нэмчихвэл арай нялуун болчихгүй байгаа даа. Харин түүний уран бүтээлүүдийг хүнээр зүйрлэвэл гэнэн цайлган мөрөөдлөөр дүүрэн жаахан хүү, бүхнийг үзэж туулахыг хүсэх их тэмүүллээр бялхсан өсвөр насны хүүхэд, эрч хүчээр цэнэглэгдсэн залуу харагддаг гэдэгтэй ихэнх фэн нь санал нийлдэг. Учир нь Мика уран бүтээлээ semi-autobiographical буюу хагас намтарчилсан байдлаар бүтээдэг юм. Бүх дууны үг, аяа зохиож, зөвхөн өөрийнхөө мэдсэн, мэдэрснээ дуулдаг нь худал хуурмагыг үзэн яддагтай нь ч холбоотой биз.

Ливанд мэндэлж, Францад өссөн Англи зүрх
Америкийн саятан залуу, үзэсгэлэнт Ливан бүсгүй хоёрын таван хүүхдийн гурав дахь нь болох Мика 1983 онд Бейрут хотод төржээ. Түүнийг нэг ойтой байхад Ливаны христ, лалын шашинтнууд хоорондоо байлдаж эхэлсэн бөгөөд дайны галаас зугтсан мянга мянган дүрвэгчийн нэг нь Микагийн гэрийхэн байв. Тэд Парист суурьшиж, эцэг эх нь хүүхдүүдээ боловсролтой, урлагийн мэдрэмжтэй хүмүүс болгон төлөвшүүлэхэд голлон анхаарч байсан гэдэг. Ирээдүйд “Попын ханхүү” хэмээн өргөмжлөгдсөн Мика хүү Францад байхдаа төгөлдөр хуур тоглож сурчээ. Түүний анх тоглож сурсан дуу нь Жое Дассины "Les Champs-Élysées" байв. Харин зохиосон анхны ая нь “Уур хилэн” нэртэй төгөлдөр хуурын гоцлол. Хожим нь Мика тэрхүү уран бүтээлээ “аймшгийн муухай” хэмээн ярилцлагтаа дурдсан байдаг. Тэгээд ч анхны дууг нь эс тоцвол “Попын ханхүү” ахин хэзээ ч сөрөг утгатай бүтээл туурвиагүй. Хэн нэгний сайн талыг олж харж, амьдралын агшин бүрээс аз жаргалыг мэдрэх нь түүний баримталдаг нэг зарчим.
Микаг есөн нас хүрэх үед аав нь бизнесээ Лондон руу шилжүүлж, гэрээ тйиш нүүлгэлээ. Лондонд ирсэн нь Микад огтхон ч таалагдсангүй. Эрвээхэй зангиа байнга зүүж, өнгө алагласан хувцас, дөрвөлжин хээтэй өмдөөр гоёдог этгээд хүүг сургуулийнх нь хөвгүүд үргэлж дээрэлхдэг байв. Уншиж, бичихэд нь хүндрэл учруулдаг дислексийн эмгэгтэй байснаас сургуулиасаа гарчээ. Ингээд тэрбээр гэрийн багшаар хичээл заалгах болсон аж. Мөн энэ хугацаанд баян эцэг эх нь хүүгийнхээ авьяасыг анзаарч, Оросын дуурийн дуучин Алла Ардаковт шавь оруулжээ. Хэдэн жилийн дараа Мика ахлах сургуульдаа орсон бөгөөд найрал дуунд гоцолдог болов. Сургуулиа төгсөөд тэр Лондонд оршдог “Royal College of Music”-д элссэн юм.

“Тэр тайзан дээр төрсөн”
Коллежоо дүүргэснийхээ дараа Мика уран бүтээлээ эрчимтэй туурвиж эхэллээ. “Dodgy Holiday” цомгоо нэгэн жижиг студид бичүүлж, алдартай хөгжмийн продюсерүүд, компаниудын хаалгыг ээлж дараалан татсаар. Гэвч тэдгээр хаалгууд дөнгөж эхэлж буй залуу дуучны өмнө тасхийн хаагдаж байлаа. Харин “Universal music”-ынхон залууд боломж олгон, “Grace Kelly” дууг сонсмогцоо хөгжмийн ертөнцөд тэсрэлт хийж чадах үнэт эрдэнэ олсноо ухаарсан байна. Тэд залууд боломж өгөх бус, Мика “Universal music”-д боломж олгосон юм. 2007 он бол Микагийн хувьд алдрын оргилд хүрэх эхний алхам болжээ. “Grace Kelly” радиогоор цацагдсан даруйдаа газар газрын хит парадыг тэргүүлж, тэр ондоо интернетээр хамгийн олон удаа татсан бүтээлээр шалгарсан юм. “Life in Cartoon Motion” “цомог нь 2007 оны хоёрдугаар сард худалдаанд гарч, дэлхий дахинаа зургаан сая хувь борлогдон, эзэндээ “BRIT Award”, “Грэмми” авчирав. Бүхний эхлэл “Life in Cartoon Motion” цомгийнх нь загварыг Микагийн эгч Ясмин хийсэн юм билээ. Тэрбээр мөн бусад уран бүтээлчдэд нууц нэрээр дуу зохион өгдөг. Гэхдээ энэ талаараа ярих тун дургүй. “Роллинг стоунз”, “Аеросмит”, Род Стюарт, Мэрай Кэри нарын уран бүтээлчтэй гэч шахам жил ажилласан алдарт гэрэл зурагчин Лаура Левис “Мика бол төрөлхийн од. Тэр яг л тайзан дээр төрсөн юм шиг заримдаа санагддаг. Жаахан ичимхий, даруу занг нь эс тооцвол тэр тайзан дээр гарч ирмэгцээ л бүгдийг гэрэлтүүлдэг” хэмээсэн нь бий. Түүний хамгийн сүүлд гаргасан “The boy who knew too much” ч эхний цомгийн түүхийг давтаж, Их Британи, АНУ, Европын хит жагсаалтуудын эхэнд багтаж чадсан юм. Өнгөрсөн оны есдүгээр сард тэрбээр цомгийн баяраа тэмдэглэхдээ алдартай одод, продюсеруудыг бус харин үнэнч фэнүүдээ урьсан байна. Хэрвээ Лаура Левисийн хэлсэн үгэнд итгэвэл фэнүүдтэйгээ ойр дотно байх нь жинхэнэ одын нэг чанар биз ээ.

Хайр сэтгэлд хязгаар үгүй
Мика олны нүдэн дээр хэн нэгэн бүсгүйтэй болзох, хамт явж харагдах нь ховор. Мөн хайр дурлал, эмэгтэйчүүдийн талаар нэг их ярьдаггүй. Энэ бүхнээс нь үндэслэн хүмүүс түүнийг ижил хүйстэн гэж харддаг. Харин Мика өнгөрсөн жил “Out” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа энэ тухай ам нээсэн юм. “Хүмүүсийн бэлгийн чиг баримжааг элдэв төрөлд хувааж, ангилах нь надад таалагддаггүй. Хамгийн гол нь хэнийг ч тэр үл ялгаварлан, хүн гэдэг үүднээс хандан, хүндэтгэх хэрэгтэй” хэмээжээ. Түүнчлэн “Хэн нэгнийг хайрлаж, дурлахад хил хязгаар гэж үгүй. Дурласан үед нөгөө хүний нас, хүйс, угсаа гарал огтхон ч хамаагүй шүү дээ. Хэрвээ ямар нэгэн ангилалд заавал багтаах ёстой бол намайг бисексуал гэж нэрлэж болно” гэсэн юм. Хэдийгээр Мика амьдралын сайн сайхан, гэрэл гэгээг дуулдаг ч нийгмийн асуудал хөндсөн сэдвүүд ч уран бүтээлд нь бий. Туранхай, гоолиг биетэй бүсгүйчүүдийг нийтээрээ даган дуурайж, телевиз, кино ч үүнд их хувь нэмэр оруулах болсонд тэр санаа зовон “Big girl you are beautiful”-аа бичжээ. Бүтээлүүд нь хагас намтарчилсан байдгийн адилаар энэ дуугаа Мика ээжээсээ сэдэвлэн зохиосон. Түүний ээж нь илүүдэл жинтэй ч үүндээ нэг их санаа зовдоггүй, сайхан гэдэгтээ итгэлтэй эмэгтэй аж. Түүнчлэн тэрбээр зарим ижил хүйстнүүдийн хэцүү нөхцөл байдлын тухай “Billy Brown”-г бүтээсэн. Хүнтэй гэрлэж, хүүхэдтэй болсон ч өөр залууд дурласан эрэгтэйн тухай тэр энэ дуундаа өгүүлдэг юм.

Үнэр цуглуулагч
Мика франц, испани хэлээр чөлөөтэй ярьдаг. Хятад хэл сурч байсан ч удалгүй орхисон. Үүнийг тэрбээр “Дургүйд хүчгүй” хэмээн тайлбарладаг юм билээ. Мика багадаа ээжтэйгээ хамт бараг долоо хоног бүр тавилгуудынхаа байрлалыг өөрчилдөг байв. Түүний энэ зан одоо ч хэвээрээ. Микагийн цомгийн хавтаснууд өнгө алагласан эрээн, мяраан, өөрөө ч донжтой гэгч хувцасладаг ч гэр нь энгийнээс энгийн гэнэ. “Миний хувьд сайн чанарын зурагт, тухтай буйдан байхад л хангалттай. Мөн гэрт элдэв янзын өнгөтэй олон зүйл байхад дургүй” хэмээн ярьдаг түүний гэрт цагаан өнгө зонхилдог аж. Микагийн нэг этгээд хообийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Тэр бол үнэр цуглуулагч. Хэн нэгэнтэй анх уулзахдаа хүмүүс гар, хумс, гутал, үс гээд аль нэг талыг нь илүү анзаардаг. Харин Микагийн анхаарлыг тухайн хүний үнэр татдаг байна. Хэрвээ түүнд хэн нэгний, ямар нэг зүйлийн үнэр таалагдах юм бол тэрэнтэй холбоотой зүйлийг авч, хуруу шилэнд хийн хадгалдаг аж. “Зарим хүн миний энэ хообийг хачин, гаж гэдэг. Гэхдээ юу хийх нь миний л асуудал. Би зүгээр л сайхан үнэрт дуртай” гэж тэр хэлдэг. Түүний угаалгын өрөөнд тус бүр ямар нэгэн үнэрийг шингээсэн олон хуруу шилээр дүүрэн тавиур байдаг аж. Үнэр цуглуулагч, амьдралыг магтан дуулагч, хил хязгааргүй хайрлагч, хүний эрхийн төлөө тэмцэгч “Попын ханхүү” өнгөрсөн намраас дэлхийг тойрох аялан тоглолтдоо гарчээ. Микаг аялан тоглолтын замдаа явж байхад нь өнгөрсөн даваа гаригт ихэр нь Францад мэндэлжээ. Парист төвтэй Лааны тосон музей Микаг урласан нь тэр юм. Лааны тосон Микаг харсан хүн бүр л дуучинтай усны дусал мэт адил болсныг нь хэлсэн гэнэ. Харин Мика ихрийнхээ тухай юу гэх бол?

11

Хорвоогийн бүх талхыг амтална гэвэл хэзээ ч бүтэшгүй
Б.Эгшиглэн

“Ямар нэг зүйлээс гүн гүнзгий утга санаа хайж, айхтар томоор тайлбарлах дургүй. Зүгээр л цагийг хөгжилтэй өнгөрүүлж, энгийн байх дуртай” хэмээн дуучин Ж.Буянаа ярьдаг. Зураачийн мэргэжилтэй ч хүсэл сонирхол нь түүнийг хөгжмийн зам руу хөтөлжээ. Тэрбээр 2006 онд анхны бие даасан цомог “Эргэх дөрвөн улирал”-аа гаргасан бол 2007 онд “Ocean’s 11” хамтлагтайгаа “Great Mongolian songs”-ыг бүтээсэн юм. Түүнчлэн ая зохиогч Б.Долгионтой хамтарч “40 мянгатын блюз”-ыг гаргаж, нэгэн үеийнхний дурсамжийг сэргээсэн билээ.

-“Бага тойргоос амьдрал эхэлж байлаа. Банзан гитартай орцонд дуу дуулдагсан” гэж та дуулдаг. Хөгжимтэй холбогдсон түүх тань яг ингэж эхэлсэн үү?
-Миний талийгаач ах, гитарчин Д.Энхболд хоёр нэг хамтлагт байсан юм. Тэдний бэлтгэл хийхийг харж, сонсдог хөгжимд нь чих тавина. Д.Энхболд ах тухайн үедээ хэнээс ч илүү сайн тоглодог байлаа. Тэгэхээр хөгжмийн амтанд орж, тоглож сурахаас өөр аргагүй. Анх би найман настайдаа гитар сурч, өдийг хүртэл тоглож байна даа.
-Бүх дэлхий бараг тэр чигтээ электро, хип хоп, техно руу хошуурцгааж байна. Хит парадын дийлэнх хэсгийг ч энэ төрлийн уран бүтээл эзэлдэг. Харин та яагаад ретро стиль, акустик дуугаралтыг илүүд үздэг юм бэ?
-Дуу хөгжим гэдэг хүний чихэнд зориулагдсан зүйл, тийм үү. Чихэнд хүрэх тэр аялгууг хүний гараар хийвэл илүү сайхан мэдрэмж төрүүлж, сэтгэл зүрхэнд ойр юм шиг надад санагддаг. Хэдийгээр орчин үеийн техник технологи, компьютер ашиглан дуу хөгжмийг хийж байгаа нь нэг талаар ололттой боловч амьд хөгжим сонсоход төрдөг мэдрэмж төрүүлж чадахгүй болов уу. Өнөөдөр хөгжмийн ертөнцийг Америк бараг тэр чигт нь эзэлж. Саяхан би Итали яваад ирлээ л дээ. Тэгэхэд тэндхийн залуус ч Итали дуугаа биш, Америкчуудыг сонсож байна. Гэхдээ өндөр хөгжилтэй, том зах зээлтэй орны хүчээр “шахаж” байгаа дууг сонсохоо хүн өөрөө л шийднэ. Мартагдсан хуучин зүйл сэргэхийг шинэ гэдэг байх аа. 2000 оны дундаас жааз, сөүл чиглэлийн уран бүтээлчид болох Нора Жонс, Эми Уайнхаус, Майкл Бабли гарч ирж, дэлхий дахинаа одоо ч тэднийг сонссоор байна. Тэгээд ч цаг үе бүхэн давтагдашгүй нэг уран бүтээлчтэй. Хэдэн арван жил өнгөрсөн ч тэдний бүтээл хуучирдаггүй. Жишээ нь л гэхэд Beatles, Элвис Пресли, Жими Хендрикс нар одоогийн уран бүтээлчдээс ч илүү орлого хийж, огтхон ч мартагдаагүй л байна. Тэрнээс гадна би тоглодог хөгжимдаа хайртай. Хүн дуртай юмаа хийж байхдаа л хамгийн аз жаргалтай байдаг шүү дээ.
-Та “Ocean’s 11” хамтлагтайгаа хуучны дуунуудыг сэргээж дуулсан. Хамгийн сүүлд гаргасан “Just like you”-дээ ч дээр үеийн бүтээлүүдийг оруулсан байна билээ. Хуучны зүйлсийг дахин давтах болсон учир юу вэ?
-Яагаад болохгүй гэж. Ингэж л бодсон. Олон хамтлаг, дуучин хуучны сайхан дуунуудыг шинээр баяжуулж дуулсан. Зарим нь электро, хип хоптой хослуулж, нөгөө хэсэг нь рок маягаар өөрчилсөн гээд л. Харин би жааз маягаар дуулсан. Уран бүтээлч бүр өөр өөр. Үүн шиг сонсогчдын сонирхол ч адилгүй. Жаазад дуртай нь минийхийг, индиг сонсдог бол “Лэмонс”-ийг авна биз.
-Таныг Дүрслэх урлагийн дээд сургууль төгссөн гэж сонссон?
-Тийм ээ. Ардын зураач Д.Амгалангийн ангид монгол зургийг, Я.Оюунчимэг багшийн дор график зурагт таван жил сурсан юм.
-Зураачаас хөгжимчний зам руу орсон түүх тань их сонин байна?
-Тэгж л таарсан хэрэг. Хувь заяа ч гэх юмуу. 1998 онд “Шөнийн галт тэрэг” хамтлаг байгуулж, хөгжимчний замд орсон. Хэдийгээр би зураач мэргэжлээрээ ажиллаагүй ч Дүрслэх урлагийн сургуулиас, Д.Амгалан, Я.Оюунчимэг багш нараасаа олон зүйлийг сурсан.
-Амьдралын ухааныг уу?
-Тэгж хэлж болно оо. Их мундаг хүмүүс. Нарны өөдөөс, ээжийгээ тосоод гүйж яваа хүүхдийг харуулсан “Ээж ээ сайн байна уу” зургийг Д.Амгалан багш маань зурсан юм шүү дээ. Харин Оюунаа багш бол усан будгаар зурахдаа Монголдоо хамгийн сайн нь. Миний хувьд тэд ёстой эр хүний, бас жинхэнэ эмэгтэйн дүр юм. Их ухаантай, даруухан зантай. Гэхдээ тийм даруу байлаа гээд хүмүүсийн дор нь оролгүй үргэлж хүндлүүлдэг. Мөн хэнийг ч загнадаггүй ч хүмүүс хоёр багшаас минь эмээдэг. Хамгийн гол нь урлагт хайртай байгаа чанар нь гайхалтай. Би одоогоор багш нар шигээ байж чадахгүй ч хүн шиг хүн болохын төлөө хичээж л явна.
-Дүрслэх урлагийн сургуульд сурсан нь таны одоогийн уран бүтээлд яаж нөлөөлж байна вэ?
-Хоёр дээр хоёрыг нэмээд дөрөв гарна гэж ихэнх сургуульд заадаг. Харин дүрслэх ийм байх ёстой, тэр нь зөв гэж биш, хүн бүр өөр өөр гэдгийг чухалчилж, дотоод ертөнцийг нь нээн илрүүлдэг арга барилтай . Зан чанарын талаас намайг нямбай, цэгцтэй байхад сургасан болов уу. Монгол зургийн ангид сурсан болохоор ч тэр үү бүтээлүүдээ баялаг зохиомжтой байлгах дуртай.
-Ингэхэд хамтлагаа яагаад “Ocean’s 11” гэж нэрлэсэн юм бэ?
- Нэг их утга санаа бэлгэдэж ийм нэр өгөөгүй. Зүгээр л тэгээд шийдчихсэн юм.
-“Ocean’s 11” хамтлаг голдуу жааз маягаар бүтээлээ туурвидаг. Харин таны ганцаарчилсан цомог гитарын гоцлол, акустик шинж илүү давамгайлсан байдаг.
-Би ганцаараа ч байсан, хамтлагтаа ч дуулсан аль алинд нь л зүрх сэтгэлээ шингээн тоглодог. Мөн акустик, жааз, блюз аль аль нь дотно мэдрэмж, дулаан уур амьсгал төрүүлдэг болохоор би дуртай.
-“Өндгөн толгойт”-ийн түүхээс яриач. Амьд хөгжмийн фэнүүдийн хамгийн дуртай дуунуудын нэг шүү дээ.
-Энэ дууны аяыг “Шөнийн галт тэрэг”-т байхдаа зохиосон. “Хайлсан шоколад”-тай зэрэг төрсөн дуу л даа. Бид нар тухайн үедээ “The Cure”, “Sound of Garden”, “Pearl Jam”, “Cardigans” зэрэг рок хамтлагийг их сонсдог байсан юм. Тэдэн шиг энгийн сэдэвтэй хэрнээ цаанаа л гоё дуу зохиохыг хүссэн нь тэр.
-Хөгжим бол таны ажлаас гадна хообий байх. Өөр юу сонирхдог вэ?
-Хоол хийх дуртай. Бүх л төрлийн хоол хийж, турших асар сонирхолтой, нэг төрлийн урлаг. Ер нь ямарваа зүйлд гоо зүй ороход урлаг болдог шүү дээ. Жишээ нь оршуулга гэдэг ёс заншлын нэг хэлбэр. Харин оршуулгын ёслолыг киногоор харууллаа гэхэд тэр нь урлаг болно.
-Хоол дотроо олон янз байдаг шиг хөгжимд ч төөрмөөр их урсгал, чиглэл байдаг. Ингэж ангилж, ялгах нь ямар хэрэгтэй юм бол?
-Заавал бүх урсгалыг ухаж сонсох шаардлагагүй шүү дээ. Чи өөрийнхөө дуртай тэр хөгжмийг мэдэхэд л болно. Тэрнийгээ цааш нь ойлгож, мэдэрч сонсоно биз. Энэ чинь талх идэхтэй л адил. Талх бол дэлхий нийтийн хэрэглээ. Гэхдээ улс бүр, хот болгон, айл айлын талх өөр үнэр, амттай. Тэр дундаас чи нэг гоё талх хийгээд сурчих. Тэгээд л болоо. Тэрнээс биш хорвоогийн бүх талхыг амтална гэвэл хэзээ ч бүтэшгүй.
-Та хаана дуулах дуртай вэ? Тайз бүр өөр байдаг уу?
-Тэгэлгүй яахав. Тайз бүр, үзэгч болгон өөр. Харин миний хувьд хамтлагынхантайгаа, санаа нийлдэг хүмүүстэй хамтдаа, ингэвэл гоё, тэрийг нэмье гэж ярилцаад, ая, үгээ зохиогоод дуулж суух л хамгийн сайхан. Тэр үедээ бид нар яг л юунд ч юм хөөрч баярласан, жаахан хүүхдүүд шиг харагддаг байх даа.
-Сүүлийн үед уран бүтээлчид үндэснийхээ хэв маяг, уламжлалыг бүтээлдээ их ашигладаг болж. Танд тийм санаа бий юу?
-Морин хууртай хамтарч тоглох ч юмуу, үндэсний ямар нэг элементтэй бүтээл туурвиж монгол гэдгээ харуулах шаардлагагүй. П.И.Чайковский гэхэд л “би орос” гээд балалайка бариад яваагүй биз дээ. Хамгийн гол нь мөн чанар байх хэрэгтэй гэж би боддог юм. Мэдээж үндэсний хөгжимтэйгээ хамтарч дуулж бололгүй л яахав. Гэхдээ ямар ч хөгжим тоглож, юуны ч тухай дуулсан тухайн хүний дотоод сэтгэл, мэдрэмж бүтээлийг нь тодорхойлно.