Sunday, January 23, 2011

Үндэсний үзлээ бүтээлээрээ тунхагладаг

Зураач Н.Дуйнхарын урлан руу ороход энд тэнд төмөр нүдэх чимээ, юуг ч үл анзааран ажилдаа улайран сууж буй шавь нар нь угтан авлаа. “Энэ чимээ, энд тэндгүй байгаа багаж хэрэгсэл, төмөр сэлт нь ихэнх хүнд эмх цэгцгүй санагдаж болох ч миний хувьд бүтээн туурвих хүч өгдөг, ая тухтай орчин” хэмээн тэрбээр ярьсан юм.

-Уран дархны зам руу хэзээнээс хөтлөгдсөн бэ?
-Аав ээжийн удамд уран дархчууд байсан нь үе дамжиж, энэ замналаар явахад нөлөөлсөн байх. Би багадаа зурах дуртай байлаа. Дундговьд дунд сургуулиа төгсөөд хотод ирж, ДУДС-ийн уран дархны ангид элссэн. 2005 онд төгссөнөөс хойш сургуульдаа багшилж байна.
-Таньд хэн хайрласан юм бол. Уран дархан хүнд зохицсон нэр мэт санагдлаа.
-Танилууд маань ч тэгж хэлдэг. Нутгийн маань Манзшир хэмээх лам надад нэр хайрласан гэдэг. Бурхны нэр гэсэн.
-Бүтээл туурвихдаа баримталдаг зарчим бий юу?
-Дархан хүнд ухааны, мэлмийн, мутрын гэсэн гурван ур тэгширсэн байх ёстой гэдэг юм билээ. Энэ дундаас ухааны ур нь ертөнцийг үзэх үзэл, яруу дүрслэл, өвөрмөц дүр төрхтэй бүтээлийн үндэс болдог. Дархан хүн бурхан ухаантай гэдэг шүү дээ. Гэхдээ би өөрийгөө ийм ухаантай, гурван ур тэгширсэн хүн гэж үздэггүй. Уран дархны ажилд олон жилийн хөдөлмөр, уйгагүй хичээл зүтгэл шаарддаг учраас одоо болтол суралцсаар байна. Магадгүй сурах үйл явц хэзээ ч дуусахгүй биз. Мэргэжлийн ур чадвараас гадна хүн чанар, шударга ёс дархны урлалд нөлөөлдөг. Сайн хүнээс л сайхан бүтээл төрнө. Тийм байхыг үргэлж хичээдэг.
-Дархны урлалын эс, ширхэг бүр нь үндэсний соёл, уламжлалыг шингээдэг юм шиг ээ?
-Энэ урлаг Хүннү, Түрэгийн үеэс улбаатай монголчуудын үндэсний урлаг шүү дээ. Орой дээрээ оюу толгойн шувуутай алтан титмийг Хүннүгийн эд өлгийн зүйлс дундаас олсон байдаг юм. “Монголын нууц товчоо”-нд Жарчуда өвгөн дархны хөөргөө үүрч, Тэмүжинд дагаар орохоор ирсэн тухай өгүүлдэг. Аян дайнд явахдаа ч шилдэг дархчуудаа дагуулдаг, тухайн улсынхаа урлаачдыг мөн олзолдог байсан нь тухайн үед дархны ур, хийц, маяг өндөр хөгжсөнийг харуулж буй. Эртний монгол айлыг төсөөлөхөд л гэр нь тэр чигтээ галерей, музей байсан ч юм шиг санагддаг. Эргэнэг, тавиур, тулгаас эхлээд авдар сав, эд хэрэгсэл нь нарийн бэлгэдэл бүхий хээ угалзтай, эхнэрийн толгойны гоёл, хэт хутга гээд хэзээ ч давтагдашгүй урлагийн бүтээл байсан шүү дээ. Бидний өвөг дээдэс өдөр тутмын хэрэглээний зүйлсээ хүртэл урлаг болтол нь хөгжүүлсэн байж.
-Таны багш Д.Энхдаваа өөрийгөө хэт үндсэрхэг гэж тодорхойлсон. Тэр нь танд нөлөөлсөн үү?
-Алтны дэргэдэх гууль шарлана гэгчээр багшийнхаа үзэл санааг бүтээлдээ тодорхой хэмжээгээр тусгадаг. Сүүлийн арван жил багштайгаа хамт ажиллаж, шинэ зүйл сурсаар байна. Үндэсний үзэл гэхээр Монгол гээд цээжээ дэлдээд явах биш бүтээлээрээ дамжуулж, өв соёлоо хадгалах, ач холбогдлыг нь хүмүүст таниулахыг зорьдог. Нэг үеэ бодвол хүмүүс уламжлалт хээ, хийц бүхий эдлэл захиалж хийлгэх нь ихэссэн. Үндэсний урлаг соёлын чухлыг ойлгодог болсон нь тэр болов уу. Гэхдээ зарим хүн хятад хэвээр ээмэг, бөгж цутгадаг хүмүүсийг уран дархан гэж ойлгодог нь буруу. Монгол үндэсний хээ, угалзны хэвийг Хятадад цутган хийж буйд жаахан эмзэглэдэг.
-Дархны хийц олон төрөл. Та ямар төрлөөр, аль үндэстний хийцээр бүтээл туурвидаг вэ?
-Нутаг нутгийн хийц онцлогтой л доо. Батноров хийц гэхэд үндсэн эхээ мөнгөөр цутгаж, угалз, хээний ялгарлыг тод гаргадаг онцлогтой. Монголчуудын сайн мэддэг дарьганга хийц нь мөнгөөр хөөх, товойлгох, сүлжих аргаар гол сууриа урлаж, хээ, хажлагыг нь давтамжит хэмнэлээр цоолборлодог. Эл аргын тусламжтай хээ, амьтан, ургамлын дүрсийг хөдөлгөөнтэй мэт харагдуулж болно. Далайнчойнхорын урчууд ган сийлбэр хийх аргыг өндөр түвшинд эзэмшсэн байдаг. Тэд ганг цоолборлож, нэг хээг нөгөөгийнх нь дээгүүр давхардуулан сийлдгээрээ ялгардаг юм. Монгол дархны урлаг нь энэ мэт олон төрлийн хэлбэр хийц, нарийн уламжлалтай. Үүнээс ганцыг нь онцлохгүй, тухайн бүтээлдээ тохируулж аль хийцийг сонгохоо шийддэг.
-Бүтээлдээ уламжлалаа хатуу барьдаг уу, эсвэл урлагийн бусад төрлөөс шингээдэг үү?
-Голдуу уламжлал болон технологийн горимыг дагаж бүтээл туурвидаг. Мэдээж нэг юмаа үргэлж давтахгүй шүү дээ. Тиймээс өөрийн санааг уламжлалтай хослуулах тохиолдол ч бий.
-Төмөр давтах чимээг дархан хүн өөрөөр хүлээж авдаг байх даа?
-Өдөржин энэ чимээг сонсож, дунд нь ажилладаг болохоор тээртэй санагддаггүй. Харин ч дотно, сайхан шүү дээ. Сайн дархан хүн төмөр давтах чимээгээр нь “оношлодог”
-Шинэ санааг хаанаас олдог вэ?
-Үндэсний урлаг, уламжлал дээр дөрөөлж өөрийн санаа, хэв маягаа тусгаснаар шинэ бүтээл хийдэг дээ. Заримдаа зүгээр сууж байхад санаа оч мэт харван орж ирэх, хийж бүтээх хүчтэй эрмэлзэл, урам зориг гэнэт оргилох үе ч байна. Онгод гэж юу байдгийг нарийн сайн мэдэхгүй юм. Гэхдээ дотроос хатгаад, хийх хүсэл төрүүлж буй тэр зүйл мөн байх гэж боддог.
-Бүтээл туурвих үйл явц хэрхэн өрнөдөг бол?
-Юун түрүүнд хар зургаа гаргана. Зарим хүн дархчуудыг зураач биш гэдэг. Гэтэл юу хийхээ дотроо гүйцэд боловсруулж, сэтгэлдээ зурснаар эхний алхмаа хийнэ. Жишээ нь, Мөнх хааны энэхүү гэрэгэ бүтсэн тухай ярья. Эхлээд түүх сөхөж, ямар загвараар бүтээснийг нь судалсан. Сэтгэлдээ зурж, загвараа гаргалаа. Бүтээлийнхээ хэсэг, эд бүрийг тодорхой дүрсэлж, төсөөлөөд гол ажилдаа орно доо. “Мөнх тэнгэрийн хүчин дор, Их суу залийн ивээл дор” гэсэн бичээстэй, алтаар цутгасан эх хувь нь одоо дэлхийн шилдэг музейн нэг Эрмитажид хадгалагддаг юм. Гэрэгэ бол Монгол төдийгүй дэлхийн анхны гадаад паспорт, виза гэсэн үг шүү дээ. Тэр ч үүднээс Мөнх хааны гэрэгийн загварыг бүтээсэн. Одоогоор энэхүү гэрэгийн хувь надад л бий.
-Дэлхий ертөнц өдрөөс өдөрт даяаршиж буй энэ эринд үндэсний уламжлал, ёс заншлаа авч үлдэхийн ач холбогдол юу вэ?
-Улс үндэстэн оршихын үндэс нь ёс заншил, өв соёл. Чи хэн бэ, хаанаас гаралтай вэ, өөрийн гэсэн юу байна вэ гээд ухаад үзвэл үндэсний онцлог л гарч ирнэ. Техник технологи, компьютерийн дэвшил мэдээж сайн зүйл. Гэхдээ тэр дунд өөрийн гэсэн юмаа гээхгүй л байх ёстой. Тэгж байж л чи Хүннүгийн үеэс улбаалсан их түүхээ авч үлдэн, жинхэнэ монгол хүн болж чадна. Эс бөгөөс хэн ч биш болно.

Monday, January 17, 2011

Оюун билэгийн охь Монгол наадгай

Цагийн хүрд
Цаг хугацааны хүрд тасралтгүй эргэсээр Монгол нүүдэлчид XXI зуунтай золголоо. Хурга ишиг хариулж, тугалтай хөөцөлдөн гүйдэг “улаан хацартнууд”-ын дүр буйданд тухлан хүүхэлдэйн кино үзэж, компьютерийн дэлгэц ширтэн өдрийг өнгөрүүлдэг багачуудын төрхөөр солигджээ. Өвөг дээдсийнхээ урласан мод, чулуу, шагайн тоглоомоор бус урд хөршийнхний химийн бодисоор баялаг хүүхэлдэй, машин, буугаар тэд тоглож, оюунаа “цэнэглэнэ”. Газар тэнгэр шиг энэхүү өөрчлөлтөд хэнийг ч буруутгах аргагүй. Бараг л гэрлийн хурдад тохируулан амьдралын хүрднийхээ баадууг чангалсан өнөө үед хүүхдүүдэд тоглоом урлаж өгдөг, цуг наадаж суух эцэг эх ч ховор. Өдөр ирэх тутамд өөр хоорондоо уусан, даяаршиж буй энэ үед бусдаас ялгарч, онцгойрох ганц зүйл нь үндэсний соёл гэдэг. Тэгвэл ирээдүйн эздэд багаас нь энэхүү ухамсрыг төлөвшүүлэхийн үндэс нь өв соёл, өвгөдийн ухаан шингэсэн тоглоом наадгай аж. Тэдгээр тоглоомыг үеэ өнгөрөөсөн хэмээн үздэг хүн цөөнгүй. Гэтэл уламжлалт тоглоом нь сүүтэй цай, чанасан мах, ууц, хэвийн боов, дээл гутлаас татгалзах Монгол хүн хэд билээ. Удахгүй цагаан сар болно. Бүгд л тавгаа засаж, ууцаа тавьж, буузаа жигнэн, айл хотлоороо шинэлцгээнэ. Энэ бүхэн цаг үетэйгээ өнгөрөөгүйгээс хойш тоглоом наадгай ч мартагдах учиргүй биз ээ. Цагаан сарын битүүн, шинийн нэгэнд айл хотлоороо цугларч, хүүхдүүдийнхээ оюун ухааныг хөгжүүлдэг байсан уламжлалт тоглоомнуудаас хүргье.

Оюун түлхүүр
Хүн бүр бие барсныхаа дараа тамын оронд заавал очдог хэмээн нэгэн домогт өгүүлдэг. Тамын орон нь газрын гүнд оршдог, есөн үетэй гэнэ. Үе бүр нь өлсөх, цангах, даарах, халууцах гээд өөр өөрийн зовлонтой. Хэцүү бэрхийг туулан, есөн үеийг давсан хүн диваажинд очих жамтай. Тамын орноос гарах сүүлийн хаалгыг оньсоор цоожилсон байдаг. Ган төмрөөр хийсэн тэрхүү бат бөх цоожийг онгойлгоход ямар ч багаж хэрэгсэл, түлхүүр нэмэргүй. Зөвхөн хурц ухаантай, уйгагүй хөдөлмөрч хүн л цоожийг тайлах учиртай аж. Оюун түлхүүр тоглоомын түүх ийм. Эцэг эхчүүд нь энэхүү тоглоомыг тоглох аргыг хүүхдүүддээ хэзээ ч зааж өгдөггүй. Хонь малаа бэлчээхээр явахад нь “Үүний учрыг нь ол” хэмээн өгч явуулдаг байжээ. Үүнийг мөн чамабалын түлхүүр ч гэж нэрлэх нь бий. Уг тоглоом нь нэг оньсыг тайлахаас эхлээд хэдэн зуун үйлдэлтэй цагариг болтлоо хөгжжээ. Гэхдээ үхлийн дараах амьдралд бэлдэхээс илүүтэй үр хүүхдийнхээ гүйлгээ ухаан, тооцоолох чадварыг хөгжүүлэхийн тулд оюун түлхүүрийг тайлуулдаг байсан нь ойлгомжтой.

Оньсон тоглоом
Оюун задлах оньсон тоглоомоороо Монгол дэлхийд дээгүүр байрт жагсдаг. Энэхүү уламжлалт тоглоомыг модоор хийдэг тул хүүхдэд ямар ч хоргүй, оюун ухааныг тэтгэхээс гадна гарын булчин, шөрмөсийг ч хөгжүүлдэг давуу талтай гэнэ. Дэлхийн олон оронд оньсон тоглоом түгсэн ч дийлэнх нь дүрс, хэлбэрийн хувьд нэгэн хэвийн шинжтэй. Тэгвэл “Олон улсын оюун ухааны музей”-н захирал З.Түмэн-Өлзий шатрын хөлгийн ширээг ч оньслон бүтээж, Сүхбаатарын хөшөөнөөс эхлээд Эрх чөлөөний хөшөө, Эйфелийн цамхгыг ч оньсон тоглоом болгон урлажээ. Уг тоглоомыг гурван модны, зургаа, ес, 12, 32 дүрстэй гэхчлэн ангилдаг. Түүнээс гадна хэлбэрийн талаас тоймгүй олон янз. Учир нь тухайн зохион бүтээгчийн санаа, ур хийцээр дамжин нэр төрөл нь улам баяждаг байна. З.Түмэн-Өлзий Монголын уламжлалт оньсон тоглоомыг урлах 3000 төрлийн арга буйг тогтоон, гэрчилгээг нь авчээ.

Алаг мэлхий өрөх
“Эрхийн чинээ биетэй, эрдэнийн дөрвөн талтай” шагай нь уламжлалт тоглоомны эртний төрлүүдийн нэг. Амьтны шаант ясны үзүүрт оршдог жижиг цул яс буюу шагайгаар наадах 80 орчим төрлийн тоглоом бий. Морь уралдуулах, бөгцөг няслах, шагай шүүрэх зэргйиг мэдэхгүй хүн ховор биз. Эрт дээр үед анд бололцохдоо шагай солилцдог байсан нь нэгэн биеийн холбоотой хоёр мөч мэт салшгүй байхын бэлгэдэл байв.
Монголчууд алаг мэлхийг битүүний орой өрж, шинийн нэгэнд тоглодог уламжлалтай. Энэхүү тоглоомыг хэдэн ч хүн тоглох боломжтой бөгөөд 92 эсвэл 108 шагайгаар өрнө. Тоглогчид ээлжээр шоо хаяж, хоёр нүхээр буувал нүд, чих, бөөр зэрэг хос эрхтний аль нэгийг авах боломжтой. Хэрэв зургаагийн тоо буувал хүзүү, нурууны алт нэг эгнээний зургаан шагайг өөрийн болгодог. Хамгийн олон шагай хожсон хүн ялагч. Түүнчлэн шагай дуусахад дахин тоглох бөгөөд шооны нүхний тоогоор өрнө. Хэрвээ хоёр буулгавал нүдийг, гурав бол толгой, дөрөв байвал шилбэ зэргээр мэлхийний дүрсийг гаргадаг. Шагайн наадгай нь хүүхдийг дэг журамтай болгож, нүдний харааг хөгжүүлж, ажигч гярхай болгоход дөхөмтэй гэнэ.

Үйчүүр
Үйчүүрийг хөзрийн хамгийн эртний хэлбэр хэмээдэг. Энэхүү тоглоом багаар ажиллах, түргэн сэтгэх, шийдвэр гаргах, цээжээр зөв бодох, тооцоолох чадварыг эзэмшүүлдэг байна. Үйчүүрийн мод тус бүрт шувуу, туулай, хүдэр, харцага, буга, ирвэс, арслан, бар, үнэг, нохой зэрэг амьтныг дүрсэлдэг учраас хүүхдүүдэд ан амьтныг танин мэдүүлдэг аж. Уг наадгайг тэгш тоогоор талцан тоглодог. Амьтдыг зургаар нь ангилан тавьж, зургаан ширхэг шоог нар зөв тойруулан ээлжлэн хаяна. Амьтан бүр тоотой. Жишээлбэл, дөрвөн нүхтэй зургаан ширхэг шоо буувал нэг арслан авна. Нэг арслан нь 64 лантай тэнцдэг нь тэмцээний хамгийн өндөр оноо. Хоёр нүхтэй шоо хоёр буувал нэг нохой авна. Нэг нохой нь 12 лан аж. Тоглоом дуусахад хожсон амьтданхаа тоог гаргаж, ланг тогтоон дүнгээ гаргадаг.

Хорол
Даалуу хэмээх наадгай Монголд Манжийн үед түгжээ. Тэр үед монгол ноёд, бүсгүйчүүд даалуугаар мөрийтэй тоглодог байж. Харь улсын хорон явуулгаас үндэстнээ хамгаалах зорилготой хүмүүс хамтран хорол хэмээх тоглоомыг бүтээсэн түүхтэй. Уг тоглоомд арван хоёр жилийн амьтны дүрсүүд, эрхэм шударгын хорол, эрдэнэсийн бэлгэдэл чандмань, амар жаргалын өлзий хээ гурван толгой мод байна. Зарим нутагт хас, очир, цэцгийн дүрсийг ч оруулдаг. Хорлыг тоглохдоо моднуудыг доош харуулан тарааж, 5-6-гаар давхарлан өрнө. Ингээд тойрч суусан хүмүүсээс ахмад настай нь эсвэл шодож таарсан хүн тараадаг. Эхний хүн модыг дангаар эсвэл ижилсүүлэн гаргаж, дараагийнх нь тэндээс сонгох буюу дагуулж өгнө. Ийм маягаар гэр барьж, хэн олон гэртэй болсон нь хождог аж. Хорол хамтач ёс, бие биенээ хүндэтгэх занг хөгжүүлэх ач холбогдолтой. Оролцогчид тоглоомын явцад “Арван хоёр жил” дууг мөн харилцан дуулдаг юм байна.
Уран бэрийн гогцоо
Монголчууд бэр болох хүнийхээ гадаад үзэмж, биеэ авч явах байдал, ажилсаг чанараас гадна оюун ухааныг нь харгалзан тоглоомоор шинждэг байв. Чөмөгний ясны хоёр талын гогцоонд тус тусдаа буй шагайг нэг утсанд оруулж чадвал уран ухаантай бүсгүя байна хэмээн үнэлдэг байжээ. Ээдрээ тайлах төрлийн тоглоомд үүнээс гадна бөгж нийлүүлэх, цагираг чөлөөлөх зэрэг багтдаг. Энэ төрлийн наадгай нь юмыг гярхай ажиглах чадвар, олон талаас эргэцүүлэн бодох, ой тогтоолт, уйгагүй оролдлогыг сайжруулдаг байна.

Чамабалын хүрд
Хулганыг нүхнээс нь хурдан гаргах, гарцыг хэрхэн олох вэ зэрэг тоглоомын үндэс нь Хүннү гүрний үеэс эхтэй “Чамабалын хүрд” юм. Булган аймгийн Бүрэгхангай сумаас МЭӨ 200-гаад оны үед хамаарах “Чамабалын хүрд” олдсон нь бий. Энэхүү тоглоомд нууцыг эрж олох, түүнд хүрэх замыг түвэггүй олох гол зорилготой. Монголчууд малын хашаа хороо, хээ угалзаас санаа аван олон сүлжээ, давтамж бүхий тойрог, дөрвөлжинг зохиомжлодог. Наадагч тойргын төвд нэг цэг дүрслэн бодож, хараа салгалгүйгээр сүлжиж, гарцыг олох дүрэмтэй. Буруу зам сонговол битүүрч гарцгүй болдог бол зөв замаа сонгон, алдалгүй барьж чадвал ялах юм. Гэхдээ энэхүү тоглоом нь тэмцээн уралдаанаас илүүтэй мэргэ төлгийн шинжтэй байдаг. Эрт дээр үед хол газар явж буй энэхүү тоглоомоор тоглон, хэр хурдан гарцыг олохоос шалтгаалан ажил төрөл нь бүтэмжтэй байхыг шинждэг байсан аж.

Thursday, January 13, 2011

Бөөндөнө

Монголын уран нугараачид дэлхийд хосгүй

Америк, Герман, Франц, Орос, Турк, ӨАБНУ, Польш гээд олон оронд Монголын циркийн уран бүтээлчид тоглолт хийн, эх орноо сурталчилж яваа. Тэдгээрийн дотроос уран нугараачдын үзүүлбэр дэлхийд гайхагддаг гэдгийг хэн хүнгүй мэднэ. Албан бус тоогоор гадны орнуудад 100 гаруй уран нугараач тоглодог гэсэн. Тэгвэл энэхүү тоо нэмэгдэж, “Шинэ цирк” төвийн нугараач охид удахгүй Испанийг зорих нь ээ. Тус улсын “Romantik” цирк, аялал жуулчлалын компанийн уран сайхны удирдагч Юри Арманович, Гран Канарын арлын салбар хариуцсан захирал Альвора Суарез нар уржигдар Монголд ирж, жүжигчдээ сонгон авсан юм.

-Монголд анх удаа ирж байна уу?
-Дөрөв дэх удаагаа ирж байна. Компанидаа Монголын циркчдээс сонгон ажиллуулахаар 2006 онд анх ирж байлаа. Жил ирэх тусам байшин барилга нэмэгдэж, Улаанбаатар хот өнгө нэмсэн нь мэдрэгдлээ.
-Тэгвэл циркчдийн ур чадвар хэр өөрчлөгдсөн байна вэ?
- Испани дахь Монголын циркчдийн тоглолт тун амжилттай болж, үзэгчдээс өндөр үнэлгээ авсан юм. Тэд чадварлаг, сайн уран бүтээлчид гэдэг нь эндээс харагдах байх. Үзүүлбэрийн чанар, гүйцэтгэл жил ирэх тутам сайжирч буй нь харагдаж байна.
-Танай компанид хэдэн орны жүжигчид харьяалагддаг вэ. Монголчуудын онцлог нь юу бол?
-Манайд Монгол, Орос, Хятад, Болгарь зэрэг орны уран бүтээлчид ажилладаг. Тэд цирк, томоохон зочид буудал, далайн эрэг, аялал жуулчлалын төвөөр аялан тоглодог юм. Монголын “Шинэ цирк” төвийн уран нугараачид, тэнцвэр, хүч тамирын гайхамшгийн үзүүлбэр манай хөтөлбөрт багтдаг. Бусад оронд ч энэ төрлийн үзүүлбэрүүд байдаг л даа. Гэхдээ Монголын уран нугараачид дэлхийд хосгүй. Тэд хамгийн сайн нь гэж хэлж болно. Монголчууд хэдэн зуун жилийн түүхтэй хүчирхэг ард түмэн гэдгийг олон хүн мэднэ. Үүнийг харуулсан хүч тамирын үзүүлбэрийг хүмүүс дуу алдан хүлээн авдаг юм шүү.
-Энэ удаа ямар төрлийн үзүүлбэр авч явах вэ?
-Уран нугаралт, тэнцвэрийн зургаан хүний бүрэлдэхүүнтэй багийг сонгосон. Тэд Мадрид хотод тоглолтоо тавина. Испанид Монголын циркийн 18 жүжигчин ажилладаг бол одоо 24 боллоо.
-Жүжигчдээ сонгохоос гадна юу хийхээр төлөвлөв?
-Гурав хоногийн хугацаатай ирсэн болохоор жүжигчдээ сонгоод л буцна даа. Монголд одоо их хүйтэн байна. Харин зун гэр бүлээрээ ирж амрах төлөвлөгөөтэй байгаа.

“Солонго” гэдэг ертөнцийг бүтээнэ

Түүнийг Б.Солонго гэдэг. Дунд сургуулийн аравдугаар ангийн сурагч. Үүний хажуугаар “Эра” төвийн бэлтгэл моделоор ажиллаж, “Наран трейд” компанийн үнэртэн, гоо сайхныг сурталчилдаг. Тэрбээр “New face 2011” наадамд амжилттай оролцон, “Tulip” дэлгүүрийн нэрэмжит шагналыг хүртсэн юм.

-Чамайг хүмүүс загвар өмсөгч Э.Одгэрэлтэй их адилхан гэдэг юм билээ.
-Харин тийм ээ. Тэгж хэлэхээр эхэндээ их сонин, эвгүй ч юм шиг санагддаг байсан. Одоо бол бараг хүн бүр тэгж хэлэхээр дасчихаж. Магадгүй алдартай моделтой адилхан гэгдэх нь дөнгөж эхэлж буй миний хувьд сайнаар нөлөөлж болох л юм. Гэхдээ би Солонго гэдэг том ертөнцийг бий болгох, өөрийнхөө дүр төрхийг харуулахыг хүсэж байна.
-Зарим хүн алхаа гишгээгээ засах, өөртөө итгэлтэй болох гээд л янз бүрийн шалтгаанаар загварын дугуйланд ордог юм билээ. Чиний хувьд ямар байсан бэ?
-Загвар өмсөгч болно гэдэг миний мөрөөдөл. “Эра” төвд өнгөрсөн жилээс хичээллэж эхэлсэн нь мөрөөдлөө биелүүлэх анхны алхам маань байсан.
-Өнгөрсөн намар болсон “New face” наадамд “Tulip” брэндийн нэрэмжит шагналыг чи авсан. Анхны алхмаа амжилттай тавьжээ?
-Тийм ээ. Энэ жилийн “New face” бол оролцсон анхны тэмцээн маань байсан. Одоо “Эра” төвийн бэлтгэл модель, “Наран трейд”-ийн үнэртэн, гоо сайхны сурталчилгаанд ажиллаж байна.
-Загвар өмсөгч болохоос гадна ямар мэргэжил эзэмших вэ?
-Би одоо ахлах ангид сурдаг. Дунд сургуулиа төгсөөд хэлний чиглэлээр сурна гэж бодож байна даа. Гэхдээ өөр мэргэжил эзэмшсэн ч загвараа хэзээ ч орхихгүй.
-Тэмцээнд орсноос хойш хүмүүсийн хандлага өөрчлөгдсөн тал ажиглагдав уу?
-Үгүй дээ. Жаахан завгүй болсноос өөрөөр юу ч өөрчлөгдөөгүй.
-Чөлөөт цагаараа юу хийж байна?
-Найзуудтайгаа хамт байна, заримдаа дүүгээ харна. Дүү маань одоо гурван настай.
-Анх тайзан дээр алхсан үеэ дурсана уу?
-Их сандарч, өвдөг чичрээд л. Тайзан дээр яаж гарч алхсанаа ч анзаараагүй шүү. Одоо бол сандрахаа больсон. Гэсэн ч цаана нь сурах зүйлс олон байгаа.
-Загвар өмсөх болсноор чи юу олж авсан бэ?
-Хамгийн чухал нь мөрөөдлөө биелүүлэх нэг алхам болсон. Өмнөхөөсөө илүү өөртөө итгэлтэй болж, биеэ авч явах соёл, зөв харилцааг сурсан болов уу.
-Тайзан дээр алхах, зураг авахуулахын аль нь чамд хэцүү байдаг бол?
-Янз бүрийн дүрд хувиран, олон төрлийн байрлалаар зогсон зураг авахуулах нь хааяа хэцүү санагддаг юм. Загвар өмсөгч хүн тайзан дээр ч, зураг авалтын өрөөнд ч тухайн хувцас, бараа бүтээгдэхүүнээ илэрхийлэн өөрчлөгддөг болохоор нэг бодлын жүжигчид ч юм шиг ээ.
-Өөрийгөө хэр сайн жүжигчин гэж дүгнэх бол?
-Ажлаа хийж байхдаа сайн жүжигчин байхыг хичээдэг юм. Харин амьдрал дээр хоёр нүүртэй байж, олон ааш гаргахгүйг боддог. “Санаа зөв бол заяа зөв” гэдэг шүү дээ.

Saturday, January 8, 2011

Barista

Амттай кофены нууц чин сэтгэл

Этиопийн малчин Калди ямаанууд нь нэг л бутны жимсийг булаацалдан идэж байхыг хараад сонирхон амсаж үзтэл гашуун хэрнээ өвөрмөц сайхан амтагджээ. Хүн төрөлхтөн кофе хэмээх ундаатай танилцсан түүх эндээс эхлэлтэй. Этиопчууд Арабын ертөнцөд кофе аваачсанаар цааш түгэх болсон гэдэг. Европчуудын хувьд XVI зуунаас кофетой нөхөрлөсөн аж. 1700 он гэхэд хөгшин тивийн ихэнх орон энэ ундааны байнгын хэрэглэгч болов. Суут хөгжмийн зохиолч И.С.Бах эл ундааны сайхныг магтан “Coffee cantata” бүтээлээ туурвиж. Тэр үеэс кофе өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг болсон билээ. Кофе хэдийгээр сайхан үнэр, амттай ч хүмүүс үүнээс илүүг хүсэх болсноор кофены урлаг, кофены соёл үүссэн гэдэг. Амтлахаас илүүтэй харахад зориулсан латте арт ийн бий болжээ. Эспрессо буюу хар кофен дээр хөөсрүүлсэн сүүгээр төрөл бүрийн дүрс, хээ угалз зурдаг уг урлаг Монголд ч хөгжиж эхэлжээ. Кофе чанах, найруулах, латте арт хийдэг хүнийг бариста хэмээн нэрлэдэг. Сүүтэй цай ууж өссөн монголчуудын хувьд кофе шинэ соёлын нэг учраас бариста нар олон байхгүй. Тэдний нэг Э.Пүрэвдашийг зочноор урилаа. Тэрбээр “Ti amo” кафед ажилладаг.

-Кофены юунд татагдаж, үсчин мэргэжлээсээ урвах болов?
-Би хүмүүстэй ойр ажилладаг мэргэжилтэй болохыг эрмэлздэг байсан юм. Тэдэнд хэрэгтэй зүйлийг нь өгөхийн зэрэгцээ халуун дулаан орчин бүрдүүлэн ярилцаж, хөгжөөж, тайвшруулах нь сайхан санагддаг. Нэг удаа гадаад найздаа энэ тухайгаа ярихад надад үсчин мэргэжлийг санал болгосон юм. “Үсчин бол сэтгэл засагч” гэж гаднынхан үздэг юм билээ. Найзынхаа зөвөлгөөг дагаж үсчин болсон ч миний хүсэн хүлээж байсан ажил байгаагүй. Манайхан үсчинтэйгээ төдийлэн яриа дэлгэж, илэн далангйү байж чаддаггүй шүү дээ. Тиймээс үсчний ажлаа орхисон. Тэр үед кафед ажилладаг дүү маань гэртээ ирээд ажлынхаа тухай, өдөр тохиолдсон явдлаа ярьдаг нь сэтгэл гижигдсэн гэх үү дээ. Дотно сайхан уур амьсгалтай санагдсан юм. Тэгээд л энэ кафед зөөгчөөс нь эхлээд ажилласан. Яваандаа кофены үнэр, амтанд татагдан, өөрөө хийж сурахыг хүссэн. Тэр дундаа латте арт буюу кофены урлаг их сонирхолтой санагдсан юм. Өнгөрсөн жилээс баристагаар ажиллаж байна. Кафед ажиллах нь мөн хүмүүстэй байнга харилцах боломж олгодог. Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж, инээмсэглэл, дулаан уур амьсгал гээд миний хувьд соронз гэсэн үг.
-Манай орны хувьд кофе бол шинэ соёл.
-Тийм ээ. Бидний ихэнх нь л анх жижгээр савласан “Хаан” кофе ууж, энэ ундаатай танилцсан шүү дээ. Сүүлийн үед энэ нь жинхэнэ кофе бишийг мэддэг болж. Тиймээс чанасан кофе уухыг илүүд үздэг болсон байна. Яг одоогоор бариста бэлддэг дамжаа, мэргэжлийн төв алга. Энэ чиглэлээр гадаадад сурсан хүн гарын таван хуруунд багтахаар цөөн бий. Миний хувьд өмнө нь ажиллаж байсан бариста нараар заалгаж, сурсан. Хүн дуртай зүйлээ уйгагүй оролдож, тэмүүлдэг шүү дээ. Үүнтэй адил би ч өөрийгөө хөгжүүлэх, илүү сайн бариста болохыг хичээдэг. Кофетой холбоотой ном, сэтгүүлээс шинэ мэдээлэл их авдаг. Мөн “youtube” хэмээх том багш байна.
-Монголын бариста нар цөөхүүлээ болохоор бие биетэйгээ туршлага солилцож, ойр харьцаатай байдаг уу, эсвэл ширүүн өрсөлддөг үү?
-Би бусад бариста нартай холбоотой байхыг боддог. Би хамт ажилладаг залуучуудтайгаа кофены бусад газраар явна аа. Эхлээд захиалгаа өгнө, кофегоо ямар аргаар, хэрхэн хийдэг талаар нь ярилцана. Боломжтой бол бүр кофегоо яг яаж хийж буйг нь харахыг хичээдэг. Газар газрын цайны амтаас эхлээд кофены машин, хөөсний чимээ хүртэл өөр. Тэр чимээг сонсоод ямар кофе гарахыг шууд хэлж болно. Хэрвээ шажигнасан чимээтэй, чанга сонсогдож байвал том том ширхэгтэй хөөстэй кофе гардаг юм. Каппучино, латте кофены хувьд том хөөс сайн үзүүлэлт биш.
-Тагнуулддаг байх нь ээ?
-Дараа нь өөрсдийгөө “илчилж”, туршлага солилцох тохиолдол бий.
-Амттай кофе хийх жороосоо хуваалцаач?
-Чин сэтгэл. Зөвхөн бариста гэлтгүй хэн ч байсан хийж буй зүйлдээ анхаарал төвлөрүүлж, сэтгэлээ шингээвэл кофе ч амттай, ажил ч бүтэмжтэй байна.
-Латте артын талаар ярина уу?
-Үүнийг кофе, сүү хоёрын ялгаагаар тоглодог гэж хэлж болно. Эспрессо дээр хөөсрүүлсэн сүү хийгээд янз бүрийн дүрс, хээ угалз, зураг зурдаг. Латте арт хэдэн төрөл байдгийг хэлэх аргагүй. Уран зурагтай адил дуусашгүй олон хэлбэр, илэрхийлэлтэй. Харин бариста дүрсээ хэрхэн гаргадаг аргаар ангилах нь бий. Голдуу тогтсон хөөсөн дээрээ тусгай зүү, үзэг ашиглаж латте арт хийдэг. Тэгвэл хамгийн сайн бариста үүнийг ямар ч хэрэгсэл ашиглалгүй, ердөө л бугуйны хөдөлгөөнөөр урладаг юм. Эспрессо дээр сүүгээ хийхдээ л дүрс, зураг зурна гэсэн үг. Би ийм л бариста болохыг хүсдэг. Хэрвээ баристагийн хэр сайн кофе хийдгийг харья гэвэл американог нь амтал, чадварыг нь сорихыг хүсвэл каппучино амс, эсвэл латте артыг нь үз гэдэг юм.
-Латте арт хийхэд мэдрэмж чухал уу, чадвар хэрэгтэй юу?
-Тухайн хүний мэдрэмж нөлөөлдөг ч чадвар нь илүү чухал. Сайн бариста хамгийн амттай кофе чанаж, эл ундаагаар сайн бүтээл хийдэг юм.
-Кофе бол хэрэглээ. Гэхдээ зарим хүн тансаглал гэдэг?
-Уг нь энэ бол өдөр тутмын хэрэглээний л нэг. Үйлчлүүлэгчдийг харж байхад нэг төрлийн кофе захиалдаг нь бий. Кофег үнэрлэж, амталж буй тэдний байдал цаанаа л өөр. Ний нуугүй хэлэхэд, кофе уух гэж биш ууж буйгаа харуулахын тулд ирдэг хүн ч цөөнгүй. Сонголтоос нь шууд харагддаг л даа.
-Кофены сонголтоор нь тухайн хүний зан аашийг тодорхойлж болно гэх юм билээ.
-Миний ажигласнаар, кофены сонголтод зан араншингаас илүү нас, хүйс нөлөөлдөг юм шиг ээ. Бүсгүйчүүд ихэвчлэн латте, мокка, карамель төрлийн кофе голдуу захиалдаг. Харин эрчүүд янз бүрийн нэмэлт амтгүйг нь түлхүү хэрэглэдэг. Кофены амт, чанар мэддэг хүмүүс ихэвчлэн американо, эспрессог сонгодог юм билээ.
-Та хэр их кофе уудаг вэ?
-Өдөрт 2-3 аяга хар кофе уудаг. Бариста хүн кофены төрөл, амт чанарын ялгааг нарийн мэддэг байх ёстой. Тиймээс олон кофе амсаж явсаар одоо бараг л донтогч болж.
-Кофеноос өөр сэтгэлийг тань “гижигддэг” зүйл юу вэ?
- Уран зохиолын ном унших дуртай. Мөн хөгжим сонсох сайхан. “Coldplay”, “Beatles” зэрэг хамтлаг, дуучдыг түлхүү сонсдог. Хааяа гитар тоглоно, зураг зурна. Тэр дундаа хар зурганд их сонирхолтой. Янз бүрийн хээ угалз зурах дуртай. Магадгүй зурах дуртай маань латте арт хийхэд давуу тал болдог байх. Найзуудтайгаа хамт байж, ярилцаж суух ч сайхан. -Та сүүтэй цай хэр чанадаг бол?
-Тэрийг гэрийнхэн л хэлэх байх даа. Ямар ч байсан багадаа сүүтэй цай чанадаг байсан. Сайн самарвал амттай цай болдог гээд хаанаас ч юм сонсчихсон. Самраад л байдаг байлаа. Одоо зав бага болохоор сүүтэй цай хааяа л чанадаг. Монгол хүн юм чинь сүүтэй цай уух дуртай.
-Кофе эрүүл мэндэд муу нөлөөтэй гэдэг. Та энэ талаар юу гэж боддог вэ?
-Хэрвээ тийм муу байсан бол өнөөдөр дэлхий дахины хэрэглээ болж, урлаг болтлоо хөгжихгүй байсан болов уу. Чанарын шаардлага хангаагүй кофе л эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байх. Тйим болохоор кофены талаарх сөрөг мэдээлэлд эмзэглэдэггүй.

Tuesday, January 4, 2011

Mk

Амьдралыг магтан дуулагч Мика
Б.Эгшиглэн

Дуу хөгжмийг хүний анд нөхөр гэдэг. Хэрвээ тийм бол Микагийн дуунууд хэний ч тэр хамгийн сайн найз. Төгөлдөр хуур, бөмбөр, трампет, гитар хосолсон хэмнэлд сэтгэлд ойр, дулаан дотно үгсийг фальцет хоолойгоор дуулахыг нь юутай зүйрлэж болох вэ? Би л хувьдаа үүнийг нарны цацраг, инээмсэглэл, тэврэлт, үнсэлттэй адилтгана. Дээр нь улбар шар өнгө, шоколадтай зайрмагны амтыг нэмчихвэл арай нялуун болчихгүй байгаа даа. Харин түүний уран бүтээлүүдийг хүнээр зүйрлэвэл гэнэн цайлган мөрөөдлөөр дүүрэн жаахан хүү, бүхнийг үзэж туулахыг хүсэх их тэмүүллээр бялхсан өсвөр насны хүүхэд, эрч хүчээр цэнэглэгдсэн залуу харагддаг гэдэгтэй ихэнх фэн нь санал нийлдэг. Учир нь Мика уран бүтээлээ semi-autobiographical буюу хагас намтарчилсан байдлаар бүтээдэг юм. Бүх дууны үг, аяа зохиож, зөвхөн өөрийнхөө мэдсэн, мэдэрснээ дуулдаг нь худал хуурмагыг үзэн яддагтай нь ч холбоотой биз.

Ливанд мэндэлж, Францад өссөн Англи зүрх
Америкийн саятан залуу, үзэсгэлэнт Ливан бүсгүй хоёрын таван хүүхдийн гурав дахь нь болох Мика 1983 онд Бейрут хотод төржээ. Түүнийг нэг ойтой байхад Ливаны христ, лалын шашинтнууд хоорондоо байлдаж эхэлсэн бөгөөд дайны галаас зугтсан мянга мянган дүрвэгчийн нэг нь Микагийн гэрийхэн байв. Тэд Парист суурьшиж, эцэг эх нь хүүхдүүдээ боловсролтой, урлагийн мэдрэмжтэй хүмүүс болгон төлөвшүүлэхэд голлон анхаарч байсан гэдэг. Ирээдүйд “Попын ханхүү” хэмээн өргөмжлөгдсөн Мика хүү Францад байхдаа төгөлдөр хуур тоглож сурчээ. Түүний анх тоглож сурсан дуу нь Жое Дассины "Les Champs-Élysées" байв. Харин зохиосон анхны ая нь “Уур хилэн” нэртэй төгөлдөр хуурын гоцлол. Хожим нь Мика тэрхүү уран бүтээлээ “аймшгийн муухай” хэмээн ярилцлагтаа дурдсан байдаг. Тэгээд ч анхны дууг нь эс тоцвол “Попын ханхүү” ахин хэзээ ч сөрөг утгатай бүтээл туурвиагүй. Хэн нэгний сайн талыг олж харж, амьдралын агшин бүрээс аз жаргалыг мэдрэх нь түүний баримталдаг нэг зарчим.
Микаг есөн нас хүрэх үед аав нь бизнесээ Лондон руу шилжүүлж, гэрээ тйиш нүүлгэлээ. Лондонд ирсэн нь Микад огтхон ч таалагдсангүй. Эрвээхэй зангиа байнга зүүж, өнгө алагласан хувцас, дөрвөлжин хээтэй өмдөөр гоёдог этгээд хүүг сургуулийнх нь хөвгүүд үргэлж дээрэлхдэг байв. Уншиж, бичихэд нь хүндрэл учруулдаг дислексийн эмгэгтэй байснаас сургуулиасаа гарчээ. Ингээд тэрбээр гэрийн багшаар хичээл заалгах болсон аж. Мөн энэ хугацаанд баян эцэг эх нь хүүгийнхээ авьяасыг анзаарч, Оросын дуурийн дуучин Алла Ардаковт шавь оруулжээ. Хэдэн жилийн дараа Мика ахлах сургуульдаа орсон бөгөөд найрал дуунд гоцолдог болов. Сургуулиа төгсөөд тэр Лондонд оршдог “Royal College of Music”-д элссэн юм.

“Тэр тайзан дээр төрсөн”
Коллежоо дүүргэснийхээ дараа Мика уран бүтээлээ эрчимтэй туурвиж эхэллээ. “Dodgy Holiday” цомгоо нэгэн жижиг студид бичүүлж, алдартай хөгжмийн продюсерүүд, компаниудын хаалгыг ээлж дараалан татсаар. Гэвч тэдгээр хаалгууд дөнгөж эхэлж буй залуу дуучны өмнө тасхийн хаагдаж байлаа. Харин “Universal music”-ынхон залууд боломж олгон, “Grace Kelly” дууг сонсмогцоо хөгжмийн ертөнцөд тэсрэлт хийж чадах үнэт эрдэнэ олсноо ухаарсан байна. Тэд залууд боломж өгөх бус, Мика “Universal music”-д боломж олгосон юм. 2007 он бол Микагийн хувьд алдрын оргилд хүрэх эхний алхам болжээ. “Grace Kelly” радиогоор цацагдсан даруйдаа газар газрын хит парадыг тэргүүлж, тэр ондоо интернетээр хамгийн олон удаа татсан бүтээлээр шалгарсан юм. “Life in Cartoon Motion” “цомог нь 2007 оны хоёрдугаар сард худалдаанд гарч, дэлхий дахинаа зургаан сая хувь борлогдон, эзэндээ “BRIT Award”, “Грэмми” авчирав. Бүхний эхлэл “Life in Cartoon Motion” цомгийнх нь загварыг Микагийн эгч Ясмин хийсэн юм билээ. Тэрбээр мөн бусад уран бүтээлчдэд нууц нэрээр дуу зохион өгдөг. Гэхдээ энэ талаараа ярих тун дургүй. “Роллинг стоунз”, “Аеросмит”, Род Стюарт, Мэрай Кэри нарын уран бүтээлчтэй гэч шахам жил ажилласан алдарт гэрэл зурагчин Лаура Левис “Мика бол төрөлхийн од. Тэр яг л тайзан дээр төрсөн юм шиг заримдаа санагддаг. Жаахан ичимхий, даруу занг нь эс тооцвол тэр тайзан дээр гарч ирмэгцээ л бүгдийг гэрэлтүүлдэг” хэмээсэн нь бий. Түүний хамгийн сүүлд гаргасан “The boy who knew too much” ч эхний цомгийн түүхийг давтаж, Их Британи, АНУ, Европын хит жагсаалтуудын эхэнд багтаж чадсан юм. Өнгөрсөн оны есдүгээр сард тэрбээр цомгийн баяраа тэмдэглэхдээ алдартай одод, продюсеруудыг бус харин үнэнч фэнүүдээ урьсан байна. Хэрвээ Лаура Левисийн хэлсэн үгэнд итгэвэл фэнүүдтэйгээ ойр дотно байх нь жинхэнэ одын нэг чанар биз ээ.

Хайр сэтгэлд хязгаар үгүй
Мика олны нүдэн дээр хэн нэгэн бүсгүйтэй болзох, хамт явж харагдах нь ховор. Мөн хайр дурлал, эмэгтэйчүүдийн талаар нэг их ярьдаггүй. Энэ бүхнээс нь үндэслэн хүмүүс түүнийг ижил хүйстэн гэж харддаг. Харин Мика өнгөрсөн жил “Out” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа энэ тухай ам нээсэн юм. “Хүмүүсийн бэлгийн чиг баримжааг элдэв төрөлд хувааж, ангилах нь надад таалагддаггүй. Хамгийн гол нь хэнийг ч тэр үл ялгаварлан, хүн гэдэг үүднээс хандан, хүндэтгэх хэрэгтэй” хэмээжээ. Түүнчлэн “Хэн нэгнийг хайрлаж, дурлахад хил хязгаар гэж үгүй. Дурласан үед нөгөө хүний нас, хүйс, угсаа гарал огтхон ч хамаагүй шүү дээ. Хэрвээ ямар нэгэн ангилалд заавал багтаах ёстой бол намайг бисексуал гэж нэрлэж болно” гэсэн юм. Хэдийгээр Мика амьдралын сайн сайхан, гэрэл гэгээг дуулдаг ч нийгмийн асуудал хөндсөн сэдвүүд ч уран бүтээлд нь бий. Туранхай, гоолиг биетэй бүсгүйчүүдийг нийтээрээ даган дуурайж, телевиз, кино ч үүнд их хувь нэмэр оруулах болсонд тэр санаа зовон “Big girl you are beautiful”-аа бичжээ. Бүтээлүүд нь хагас намтарчилсан байдгийн адилаар энэ дуугаа Мика ээжээсээ сэдэвлэн зохиосон. Түүний ээж нь илүүдэл жинтэй ч үүндээ нэг их санаа зовдоггүй, сайхан гэдэгтээ итгэлтэй эмэгтэй аж. Түүнчлэн тэрбээр зарим ижил хүйстнүүдийн хэцүү нөхцөл байдлын тухай “Billy Brown”-г бүтээсэн. Хүнтэй гэрлэж, хүүхэдтэй болсон ч өөр залууд дурласан эрэгтэйн тухай тэр энэ дуундаа өгүүлдэг юм.

Үнэр цуглуулагч
Мика франц, испани хэлээр чөлөөтэй ярьдаг. Хятад хэл сурч байсан ч удалгүй орхисон. Үүнийг тэрбээр “Дургүйд хүчгүй” хэмээн тайлбарладаг юм билээ. Мика багадаа ээжтэйгээ хамт бараг долоо хоног бүр тавилгуудынхаа байрлалыг өөрчилдөг байв. Түүний энэ зан одоо ч хэвээрээ. Микагийн цомгийн хавтаснууд өнгө алагласан эрээн, мяраан, өөрөө ч донжтой гэгч хувцасладаг ч гэр нь энгийнээс энгийн гэнэ. “Миний хувьд сайн чанарын зурагт, тухтай буйдан байхад л хангалттай. Мөн гэрт элдэв янзын өнгөтэй олон зүйл байхад дургүй” хэмээн ярьдаг түүний гэрт цагаан өнгө зонхилдог аж. Микагийн нэг этгээд хообийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Тэр бол үнэр цуглуулагч. Хэн нэгэнтэй анх уулзахдаа хүмүүс гар, хумс, гутал, үс гээд аль нэг талыг нь илүү анзаардаг. Харин Микагийн анхаарлыг тухайн хүний үнэр татдаг байна. Хэрвээ түүнд хэн нэгний, ямар нэг зүйлийн үнэр таалагдах юм бол тэрэнтэй холбоотой зүйлийг авч, хуруу шилэнд хийн хадгалдаг аж. “Зарим хүн миний энэ хообийг хачин, гаж гэдэг. Гэхдээ юу хийх нь миний л асуудал. Би зүгээр л сайхан үнэрт дуртай” гэж тэр хэлдэг. Түүний угаалгын өрөөнд тус бүр ямар нэгэн үнэрийг шингээсэн олон хуруу шилээр дүүрэн тавиур байдаг аж. Үнэр цуглуулагч, амьдралыг магтан дуулагч, хил хязгааргүй хайрлагч, хүний эрхийн төлөө тэмцэгч “Попын ханхүү” өнгөрсөн намраас дэлхийг тойрох аялан тоглолтдоо гарчээ. Микаг аялан тоглолтын замдаа явж байхад нь өнгөрсөн даваа гаригт ихэр нь Францад мэндэлжээ. Парист төвтэй Лааны тосон музей Микаг урласан нь тэр юм. Лааны тосон Микаг харсан хүн бүр л дуучинтай усны дусал мэт адил болсныг нь хэлсэн гэнэ. Харин Мика ихрийнхээ тухай юу гэх бол?

11

Хорвоогийн бүх талхыг амтална гэвэл хэзээ ч бүтэшгүй
Б.Эгшиглэн

“Ямар нэг зүйлээс гүн гүнзгий утга санаа хайж, айхтар томоор тайлбарлах дургүй. Зүгээр л цагийг хөгжилтэй өнгөрүүлж, энгийн байх дуртай” хэмээн дуучин Ж.Буянаа ярьдаг. Зураачийн мэргэжилтэй ч хүсэл сонирхол нь түүнийг хөгжмийн зам руу хөтөлжээ. Тэрбээр 2006 онд анхны бие даасан цомог “Эргэх дөрвөн улирал”-аа гаргасан бол 2007 онд “Ocean’s 11” хамтлагтайгаа “Great Mongolian songs”-ыг бүтээсэн юм. Түүнчлэн ая зохиогч Б.Долгионтой хамтарч “40 мянгатын блюз”-ыг гаргаж, нэгэн үеийнхний дурсамжийг сэргээсэн билээ.

-“Бага тойргоос амьдрал эхэлж байлаа. Банзан гитартай орцонд дуу дуулдагсан” гэж та дуулдаг. Хөгжимтэй холбогдсон түүх тань яг ингэж эхэлсэн үү?
-Миний талийгаач ах, гитарчин Д.Энхболд хоёр нэг хамтлагт байсан юм. Тэдний бэлтгэл хийхийг харж, сонсдог хөгжимд нь чих тавина. Д.Энхболд ах тухайн үедээ хэнээс ч илүү сайн тоглодог байлаа. Тэгэхээр хөгжмийн амтанд орж, тоглож сурахаас өөр аргагүй. Анх би найман настайдаа гитар сурч, өдийг хүртэл тоглож байна даа.
-Бүх дэлхий бараг тэр чигтээ электро, хип хоп, техно руу хошуурцгааж байна. Хит парадын дийлэнх хэсгийг ч энэ төрлийн уран бүтээл эзэлдэг. Харин та яагаад ретро стиль, акустик дуугаралтыг илүүд үздэг юм бэ?
-Дуу хөгжим гэдэг хүний чихэнд зориулагдсан зүйл, тийм үү. Чихэнд хүрэх тэр аялгууг хүний гараар хийвэл илүү сайхан мэдрэмж төрүүлж, сэтгэл зүрхэнд ойр юм шиг надад санагддаг. Хэдийгээр орчин үеийн техник технологи, компьютер ашиглан дуу хөгжмийг хийж байгаа нь нэг талаар ололттой боловч амьд хөгжим сонсоход төрдөг мэдрэмж төрүүлж чадахгүй болов уу. Өнөөдөр хөгжмийн ертөнцийг Америк бараг тэр чигт нь эзэлж. Саяхан би Итали яваад ирлээ л дээ. Тэгэхэд тэндхийн залуус ч Итали дуугаа биш, Америкчуудыг сонсож байна. Гэхдээ өндөр хөгжилтэй, том зах зээлтэй орны хүчээр “шахаж” байгаа дууг сонсохоо хүн өөрөө л шийднэ. Мартагдсан хуучин зүйл сэргэхийг шинэ гэдэг байх аа. 2000 оны дундаас жааз, сөүл чиглэлийн уран бүтээлчид болох Нора Жонс, Эми Уайнхаус, Майкл Бабли гарч ирж, дэлхий дахинаа одоо ч тэднийг сонссоор байна. Тэгээд ч цаг үе бүхэн давтагдашгүй нэг уран бүтээлчтэй. Хэдэн арван жил өнгөрсөн ч тэдний бүтээл хуучирдаггүй. Жишээ нь л гэхэд Beatles, Элвис Пресли, Жими Хендрикс нар одоогийн уран бүтээлчдээс ч илүү орлого хийж, огтхон ч мартагдаагүй л байна. Тэрнээс гадна би тоглодог хөгжимдаа хайртай. Хүн дуртай юмаа хийж байхдаа л хамгийн аз жаргалтай байдаг шүү дээ.
-Та “Ocean’s 11” хамтлагтайгаа хуучны дуунуудыг сэргээж дуулсан. Хамгийн сүүлд гаргасан “Just like you”-дээ ч дээр үеийн бүтээлүүдийг оруулсан байна билээ. Хуучны зүйлсийг дахин давтах болсон учир юу вэ?
-Яагаад болохгүй гэж. Ингэж л бодсон. Олон хамтлаг, дуучин хуучны сайхан дуунуудыг шинээр баяжуулж дуулсан. Зарим нь электро, хип хоптой хослуулж, нөгөө хэсэг нь рок маягаар өөрчилсөн гээд л. Харин би жааз маягаар дуулсан. Уран бүтээлч бүр өөр өөр. Үүн шиг сонсогчдын сонирхол ч адилгүй. Жаазад дуртай нь минийхийг, индиг сонсдог бол “Лэмонс”-ийг авна биз.
-Таныг Дүрслэх урлагийн дээд сургууль төгссөн гэж сонссон?
-Тийм ээ. Ардын зураач Д.Амгалангийн ангид монгол зургийг, Я.Оюунчимэг багшийн дор график зурагт таван жил сурсан юм.
-Зураачаас хөгжимчний зам руу орсон түүх тань их сонин байна?
-Тэгж л таарсан хэрэг. Хувь заяа ч гэх юмуу. 1998 онд “Шөнийн галт тэрэг” хамтлаг байгуулж, хөгжимчний замд орсон. Хэдийгээр би зураач мэргэжлээрээ ажиллаагүй ч Дүрслэх урлагийн сургуулиас, Д.Амгалан, Я.Оюунчимэг багш нараасаа олон зүйлийг сурсан.
-Амьдралын ухааныг уу?
-Тэгж хэлж болно оо. Их мундаг хүмүүс. Нарны өөдөөс, ээжийгээ тосоод гүйж яваа хүүхдийг харуулсан “Ээж ээ сайн байна уу” зургийг Д.Амгалан багш маань зурсан юм шүү дээ. Харин Оюунаа багш бол усан будгаар зурахдаа Монголдоо хамгийн сайн нь. Миний хувьд тэд ёстой эр хүний, бас жинхэнэ эмэгтэйн дүр юм. Их ухаантай, даруухан зантай. Гэхдээ тийм даруу байлаа гээд хүмүүсийн дор нь оролгүй үргэлж хүндлүүлдэг. Мөн хэнийг ч загнадаггүй ч хүмүүс хоёр багшаас минь эмээдэг. Хамгийн гол нь урлагт хайртай байгаа чанар нь гайхалтай. Би одоогоор багш нар шигээ байж чадахгүй ч хүн шиг хүн болохын төлөө хичээж л явна.
-Дүрслэх урлагийн сургуульд сурсан нь таны одоогийн уран бүтээлд яаж нөлөөлж байна вэ?
-Хоёр дээр хоёрыг нэмээд дөрөв гарна гэж ихэнх сургуульд заадаг. Харин дүрслэх ийм байх ёстой, тэр нь зөв гэж биш, хүн бүр өөр өөр гэдгийг чухалчилж, дотоод ертөнцийг нь нээн илрүүлдэг арга барилтай . Зан чанарын талаас намайг нямбай, цэгцтэй байхад сургасан болов уу. Монгол зургийн ангид сурсан болохоор ч тэр үү бүтээлүүдээ баялаг зохиомжтой байлгах дуртай.
-Ингэхэд хамтлагаа яагаад “Ocean’s 11” гэж нэрлэсэн юм бэ?
- Нэг их утга санаа бэлгэдэж ийм нэр өгөөгүй. Зүгээр л тэгээд шийдчихсэн юм.
-“Ocean’s 11” хамтлаг голдуу жааз маягаар бүтээлээ туурвидаг. Харин таны ганцаарчилсан цомог гитарын гоцлол, акустик шинж илүү давамгайлсан байдаг.
-Би ганцаараа ч байсан, хамтлагтаа ч дуулсан аль алинд нь л зүрх сэтгэлээ шингээн тоглодог. Мөн акустик, жааз, блюз аль аль нь дотно мэдрэмж, дулаан уур амьсгал төрүүлдэг болохоор би дуртай.
-“Өндгөн толгойт”-ийн түүхээс яриач. Амьд хөгжмийн фэнүүдийн хамгийн дуртай дуунуудын нэг шүү дээ.
-Энэ дууны аяыг “Шөнийн галт тэрэг”-т байхдаа зохиосон. “Хайлсан шоколад”-тай зэрэг төрсөн дуу л даа. Бид нар тухайн үедээ “The Cure”, “Sound of Garden”, “Pearl Jam”, “Cardigans” зэрэг рок хамтлагийг их сонсдог байсан юм. Тэдэн шиг энгийн сэдэвтэй хэрнээ цаанаа л гоё дуу зохиохыг хүссэн нь тэр.
-Хөгжим бол таны ажлаас гадна хообий байх. Өөр юу сонирхдог вэ?
-Хоол хийх дуртай. Бүх л төрлийн хоол хийж, турших асар сонирхолтой, нэг төрлийн урлаг. Ер нь ямарваа зүйлд гоо зүй ороход урлаг болдог шүү дээ. Жишээ нь оршуулга гэдэг ёс заншлын нэг хэлбэр. Харин оршуулгын ёслолыг киногоор харууллаа гэхэд тэр нь урлаг болно.
-Хоол дотроо олон янз байдаг шиг хөгжимд ч төөрмөөр их урсгал, чиглэл байдаг. Ингэж ангилж, ялгах нь ямар хэрэгтэй юм бол?
-Заавал бүх урсгалыг ухаж сонсох шаардлагагүй шүү дээ. Чи өөрийнхөө дуртай тэр хөгжмийг мэдэхэд л болно. Тэрнийгээ цааш нь ойлгож, мэдэрч сонсоно биз. Энэ чинь талх идэхтэй л адил. Талх бол дэлхий нийтийн хэрэглээ. Гэхдээ улс бүр, хот болгон, айл айлын талх өөр үнэр, амттай. Тэр дундаас чи нэг гоё талх хийгээд сурчих. Тэгээд л болоо. Тэрнээс биш хорвоогийн бүх талхыг амтална гэвэл хэзээ ч бүтэшгүй.
-Та хаана дуулах дуртай вэ? Тайз бүр өөр байдаг уу?
-Тэгэлгүй яахав. Тайз бүр, үзэгч болгон өөр. Харин миний хувьд хамтлагынхантайгаа, санаа нийлдэг хүмүүстэй хамтдаа, ингэвэл гоё, тэрийг нэмье гэж ярилцаад, ая, үгээ зохиогоод дуулж суух л хамгийн сайхан. Тэр үедээ бид нар яг л юунд ч юм хөөрч баярласан, жаахан хүүхдүүд шиг харагддаг байх даа.
-Сүүлийн үед уран бүтээлчид үндэснийхээ хэв маяг, уламжлалыг бүтээлдээ их ашигладаг болж. Танд тийм санаа бий юу?
-Морин хууртай хамтарч тоглох ч юмуу, үндэсний ямар нэг элементтэй бүтээл туурвиж монгол гэдгээ харуулах шаардлагагүй. П.И.Чайковский гэхэд л “би орос” гээд балалайка бариад яваагүй биз дээ. Хамгийн гол нь мөн чанар байх хэрэгтэй гэж би боддог юм. Мэдээж үндэсний хөгжимтэйгээ хамтарч дуулж бололгүй л яахав. Гэхдээ ямар ч хөгжим тоглож, юуны ч тухай дуулсан тухайн хүний дотоод сэтгэл, мэдрэмж бүтээлийг нь тодорхойлно.

Wednesday, December 15, 2010

erwer

Фэн клуб
Ээж болсон ч рок хөгжимдөө үнэнч
Б.Эгшиг

Рок дуу, банзан гитар, хар өнгөөр ихэнх хүн дуучин Х.Отгоог төсөөлдөг. Тэгвэл альтернатив дуучин бүсгүй одоо ээж болж, намба суусан хэмээн зарим фэн нь ярьсан. Гэсэн ч Х.Отгоо урлагтаа, тэр дундаа рок хөгжимд үнэнч байж, шинэ цомгоо гаргахаар зэхэж буй. Хэдийгээр энэ жилдээ багтаан цомог гаргахаар төлөвлөсөн ч Р.Энэрэл охин нь ээждээ дуугаа бичүүлэх чөлөө ч өгөхгүй байгаа гэнэ. Шинэ оноо дуучин Х.Отгоо анх удаа халуун ам бүлээрээ буюу охин, нөхөр хоёртойгоо тэмдэглэх болсондоо тун баяртай байгаа гэсэн.

Овог нэр: Х.Отгончимэг
Орд: Охин
Ам бүл: 3. Нөхөр, охины хамт амьдардаг
Чөлөөт цагаараа хөгжим сонсож, зурагт үзэх дуртай
Хамгийн анх II ангидаа аавын тухай дуу зохиосон
Сүүлд байгаль орчноо хамгаалахыг уриалсан дуу хийсэн
Ямар ч уран бүтээлч үзэл бодол, дотоод ертөнцөө илэрхийлэхээс гадна нийгэм рүүгээ хандах хэрэгтэй гэж боддог
Шүтдэг уран бүтээлч: Олон хамтлаг, дуучид бий ч “Cranberries”, “Cardigans”, “Carpenters” зэрэг эмэгтэй дуучинтай хамтлаг их сонсдог
Фэнүүдээсээ юу авдаг вэ: Урам, сэтгэлийн дэм, эрч хүч
Фэнүүддээ юу өгөхийг зорьдог вэ: Сайн уран бүтээл
Ээж болоод өөрчлөгдсөн зүйл: Илүү хариуцлагатай, мөн өмнөхөөсөө завгүй болсон

Monday, December 13, 2010

Юу харах нь чухал биш, яаж харж байгаад л үнэ цэнэ нь оршдог

Хаа нэг тийш тэмүүлсэн, давхиж буй хүлэг, азарганы ноцолдоон, шөнийн тэнгэр дор үүрсэх адуун сүрэг гээд морины хөдөлгөөн, хэлбэрийг уран бүтээлчид янз бүрээр илэрхийлдэг. Харин зураач М.Эрдэнэбаярын морьд бусдаас өөр. Хөдөлгөөнгүй, нэг байрандаа зогсож байгаа мэт харагддаг ч түүний хүлгүүд цаанаа л бардам, омголон санагддаг. “Энгийн хэрнээ сүрлэг, тайван мөртлөө эрчтэй зүйлийг би өөрийнхөө дотор босгосон. Тэр зүйл морины дүрсээр дамжсан юм. Хамгийн гол нь юуг харж байгаа нь чухал биш, яаж харж байгаад л үнэ цэнэ нь оршдог гэж би боддог” хэмээн тэрбээр тайлбарласан юм.

-Морь зурж үзээгүй уран бүтээлч ховор байх. Харин таны уран бүтээлийг морь тэр чигт нь эзэлдэг. Юу нь таныг тэгтлээ татсан юм бэ?
-Монголын соёлын өвийг хадгалж, үндэсний бэлгэдэл болсон амьтан бол морь. Энэ амьтанд хайргүй ард түмэн ч гэж байдаггүй байх. Тиймээс морь гэдэг тун түгээмэл сэдэв л дээ. Би 1992 оны үеэс энэ сэдвээр дагнан зурж эхэлсэн юм. Бараг 20 жил болж. Миний зургаас давхисан, их тэмүүлэлтэй морьд харагддагүй. Ямар нэгэн байрлалд зогсож л байдаг. Би тэдгээрийг газар дэлхийтэй нягт холбоотой, салшгүй байгаагаар дүрслэх дуртай. Мөн өөртөө итгэлтэй, хүчирхэг байдлаар харуулахыг зорьдог.
-Английн нэгэн урлаг судлаач таны тухай ном гаргах гэж байгаа гэж сонссон.
-Тийм ээ. Урлаг судлаач Ян Финдли гэдэг хүн бий. Яагаад морь зурдаг, юуг илэрхийлдгийг судлаж, каталоги маягийн ном бичиж байгаа. Одоогоор бэлтгэл нь явагдаж байна. Монголын соёл, хүмүүс, өнгө гээд олон зүйл миний зургуудаас харагддаг гэж тэр хүн бичсэн байсан. Миний бүтээлүүдийг судлахын тулд энд олон удаа ирж, хөдөө аялан, бурхан шашин, түүх дурсгалын газраар явж үзсэн юм билээ. Мөн манай бусад уран бүтээлчдийн зургуудыг үзэж, монголч эрдэмтдийн номыг уншиж, надтай ч уулзсан. Гадаадын олон оронд үзэсгэлэнгээ гаргаж, урлаг судлаач, шүүмжлэгчдийн нүдэнд өртсөн нь тэр байх.
-Таны урланд цөөнгүй ном харагдлаа. Бүтээлээ туурвихын тулд соёл, зан заншилтай холбоотой ном, эх сурвалжийг сөхөх хэрэг гардаг уу?
-Би өөрийгөө урлаг хийдэг гэж боддог. Тэрнээс морь судлаач биш шүү дээ. Энэ бол миний урлагийн бүтээл хийдээ ашиглаж буй нэг дүрс юм. Гэхдээ олон жил энэ амьтныг зурж байгаа учраас өөрийн эрхгүй сонирхдог юм билээ. Манай урлагийн түүх л гэхэд тэр чигтээ нүүдэлчдийн соёл, ахуйг харуулсан байлаг. Тэр бүтээлүүдэд морийг заавал ч үгүй дүрсэлсэн байдаг шүү дээ. Буддын шашны танка зурагт ч морь унасан бурхад цөөнгүй бий.
-Зөвхөн морины дүрсээр бүхнийг илэрхийлж болох уу?
-Хэлбэр, өнгө, зохиомжийн шүтэлцээнд дүрслэх урлаг оршдог. Морь бол миний хувьд бүтээлээ, өөрийгөө илэрхийлэх нэг хэлбэр.
-Сүүлийн үед уран бүтээлчид контемпорари тийш хошуурах болж. Таны бүтээлүүд ч орчин үеийн хэв маягтай байдаг.
-1970, 1980-аад оноос эхлэн урлагт энэ урсгал хүчтэй түрж, орж ирсэн. Өнөөдрийн, энэ цаг үеийн уран бүтээлчдийн бүх л туурвил контемпорари төрөлд багтдаг юм. Миний бүтээлүүдийн тухайд, аль ч улсын хүн харсан контемпорари урлаг гэж хэлэх байх.
-Таны бодлоор уран бүтээлч улс төр, нийгмийн бухимдлаас ангид байх хэрэгтэй юу, эсвэл түүнийг илэрхийлэгч болдог уу? Таны бүтээлд нийгэм хэрхэн тусдаг бол?
- Өнгөрсөн хавар бидний хэдэн уран бүтээлч нийлж, “Алтан тариа” компан ивээн тэтгэн “Төсөөллөөс бүтээл хүртэл” нэртэй үзэсгэлэн зохион байгуулсан. Энэ үзэсгэлэнд нийгмийн болохгүй, бүтэхгүй байгаа зүйлсийг зургаараа илэрхийлсэн 10 уран бүтээлчийг сонгон оролцуулсан юм. Манай дүрслэхийн сургуулиудад урлаг улс төрөөс ангид байх ёстой гэж заадсаар байна. Гэхдээ ямар ч уран бүтээлчид нийгэм нь ил, далд хэлбэрээр нөлөөлж, бүтээлд нь тусгалаа олдог. Ингэж хэлэх нь зарим нэгний дургүйцлийг төрүүлнэ, нөгөө хэсэгт нь таалагдах байх. Гэхдээ уран бүтээл бол тийм л байдаг.
-Таны сүүлд ажиллаж буй бүтээлд шар өнгө голлож. Улаан, хар өнгөний хослол ч харагдаж байна.
-Би бүтээлдээ бүх өнгийг ашигладаг. Заримдаа нэг өнгөнд хүчтэй татагдах үе бий. Өмнө нь улаан өнгөнд их дуртай байсан. Ойрд харыг их хэрэглэж байна. Өнгөнүүдийг зохицуулж, бүтээл туурвих нь хэцүү мөртлөө сонирхолтой, тааламжтай ажил. Сүүлд ажиллаж байгаа энэ бүтээлдээ хараахан нэр өгөөгүй. Нэг их утга санаа бодож хийгээгүй л дээ. Хэлбэр, өнгөний тоглолтыг чухалчилсан.
-Таны хувьд агуулгаас илүү хэлбэр чухал байдаг уу?
-Хэлбэр гол нь. Миний бүтээлүүд ерөнхийдөө нэг агуулгатай, харин илэрхийлэх хэлбэр нь хязгааргүй.
-Яаж ойлгох, агуулгыг хэрхэн хүлээн авах нь үзэгчдэд нээлттэй гэсэн үг үү?
-Үнэндээ бол үзэгчдийн хэрхэн хүлээн авч буйд надад нэг их чухал биш. Тэд яаж ч хүлээн авч болно. Хэрвээ би үзэгчдийн юуг таашааж, юунд дуртай байгааг хэт сонирхоод байвал бүтээлээ хийхэд хэцүү шүү дээ. Нэг мэдсэн хүмүүсийн дуртай зүйлд анхаарлаа хандуулдаг болох ч юм билүү. Өөрийгөө л чагнах хэрэгтэй.
-Та морьтой юу?
-Байсан. Одоо байхгүй л дээ. Тэгээд ч бүтээсэн олон морь маань надад хангалттай.
-Морьд тань эзэндээ юу өгдөг бол?
-Надад бүх зүйлийг өгдөг. Сэтгэл ханамж, эрч хүч гээд л. Мөн эднийхээ ачаар таван тивээр явж байна шүү дээ.
-Хамгийн сүүлд хаана үзэсгэлэнгээ гаргасан бэ?
-Хонг Конгод бие даасан үзэсгэлэнгээ гаргасан. Харин Монголд 2003 оноос хойш үзэсгэлэн гаргасангүй. Үзэхийг үнэхээр хүссэн хүмүүс бол урланд маань ирдэг юм.

Saturday, December 11, 2010

Амьдралыг магтан дуулагч Мика

Дуу хөгжмийг хүний анд нөхөр гэдэг. Хэрвээ тийм бол Микагийн дуунууд хэний ч тэр хамгийн сайн найз. Төгөлдөр хуур, бөмбөр, трампет, гитар хосолсон хэмнэлд сэтгэлд ойр, дулаан дотно үгсийг фальцет хоолойгоор дуулахыг нь юутай зүйрлэж болох вэ? Би л хувьдаа үүнийг нарны цацраг, инээмсэглэл, тэврэлт, үнсэлттэй адилтгана. Дээр нь улбар шар өнгө, шоколадтай зайрмагны амтыг нэмчихвэл арай нялуун болчихгүй байгаа даа. Харин түүний уран бүтээлүүдийг хүнээр зүйрлэвэл гэнэн цайлган мөрөөдлөөр дүүрэн жаахан хүү, бүхнийг үзэж туулахыг хүсэх их тэмүүллээр бялхсан өсвөр насны хүүхэд, эрч хүчээр цэнэглэгдсэн залуу харагддаг гэдэгтэй ихэнх фэн нь санал нийлдэг. Учир нь Мика уран бүтээлээ semi-autobiographical буюу хагас намтарчилсан байдлаар бүтээдэг юм. Бүх дууны үг, аяа зохиож, зөвхөн өөрийнхөө мэдсэн, мэдэрснээ дуулдаг нь худал хуурмагыг үзэн яддагтай нь ч холбоотой биз.

Ливанд мэндэлж, Францад өссөн Англи зүрх
Америкийн саятан залуу, үзэсгэлэнт Ливан бүсгүй хоёрын таван хүүхдийн гурав дахь нь болох Мика 1983 онд Бейрут хотод төржээ. Түүнийг нэг ойтой байхад Ливаны христ, лалын шашинтнууд хоорондоо байлдаж эхэлсэн бөгөөд дайны галаас зугтсан мянга мянган дүрвэгчийн нэг нь Микагийн гэрийхэн байв. Тэд Парист суурьшиж, эцэг эх нь хүүхдүүдээ боловсролтой, урлагийн мэдрэмжтэй хүмүүс болгон төлөвшүүлэхэд голлон анхаарч байсан гэдэг. Ирээдүйд “Попын ханхүү” хэмээн өргөмжлөгдсөн Мика хүү Францад байхдаа төгөлдөр хуур тоглож сурчээ. Түүний анх тоглож сурсан дуу нь Жое Дассины "Les Champs-Élysées" байв. Харин зохиосон анхны ая нь “Уур хилэн” нэртэй төгөлдөр хуурын гоцлол. Хожим нь Мика тэрхүү уран бүтээлээ “аймшгийн муухай” хэмээн ярилцлагтаа дурдсан байдаг. Тэгээд ч анхны дууг нь эс тоцвол “Попын ханхүү” ахин хэзээ ч сөрөг утгатай бүтээл туурвиагүй. Хэн нэгний сайн талыг олж харж, амьдралын агшин бүрээс аз жаргалыг мэдрэх нь түүний баримталдаг нэг зарчим.
Микаг есөн нас хүрэх үед аав нь бизнесээ Лондон руу шилжүүлж, гэрээ тйиш нүүлгэлээ. Лондонд ирсэн нь Микад огтхон ч таалагдсангүй. Эрвээхэй зангиа байнга зүүж, өнгө алагласан хувцас, дөрвөлжин хээтэй өмдөөр гоёдог этгээд хүүг сургуулийнх нь хөвгүүд үргэлж дээрэлхдэг байв. Уншиж, бичихэд нь хүндрэл учруулдаг дислексийн эмгэгтэй байснаас сургуулиасаа гарчээ. Ингээд тэрбээр гэрийн багшаар хичээл заалгах болсон аж. Мөн энэ хугацаанд баян эцэг эх нь хүүгийнхээ авьяасыг анзаарч, Оросын дуурийн дуучин Алла Ардаковт шавь оруулжээ. Хэдэн жилийн дараа Мика ахлах сургуульдаа орсон бөгөөд найрал дуунд гоцолдог болов. Сургуулиа төгсөөд тэр Лондонд оршдог “Royal College of Music”-д элссэн юм.

“Тэр тайзан дээр төрсөн”
Коллежоо дүүргэснийхээ дараа Мика уран бүтээлээ эрчимтэй туурвиж эхэллээ. “Dodgy Holiday” цомгоо нэгэн жижиг студид бичүүлж, алдартай хөгжмийн продюсерүүд, компаниудын хаалгыг ээлж дараалан татсаар. Гэвч тэдгээр хаалгууд дөнгөж эхэлж буй залуу дуучны өмнө тасхийн хаагдаж байлаа. Харин “Universal music”-ынхон залууд боломж олгон, “Grace Kelly” дууг сонсмогцоо хөгжмийн ертөнцөд тэсрэлт хийж чадах үнэт эрдэнэ олсноо ухаарсан байна. Тэд залууд боломж өгөх бус, Мика “Universal music”-д боломж олгосон юм. 2007 он бол Микагийн хувьд алдрын оргилд хүрэх эхний алхам болжээ. “Grace Kelly” радиогоор цацагдсан даруйдаа газар газрын хит парадыг тэргүүлж, тэр ондоо интернетээр хамгийн олон удаа татсан бүтээлээр шалгарсан юм. “Life in Cartoon Motion” “цомог нь 2007 оны хоёрдугаар сард худалдаанд гарч, дэлхий дахинаа зургаан сая хувь борлогдон, эзэндээ “BRIT Award”, “Грэмми” авчирав. Бүхний эхлэл “Life in Cartoon Motion” цомгийнх нь загварыг Микагийн эгч Ясмин хийсэн юм билээ. Тэрбээр мөн бусад уран бүтээлчдэд нууц нэрээр дуу зохион өгдөг. Гэхдээ энэ талаараа ярих тун дургүй. “Роллинг стоунз”, “Аеросмит”, Род Стюарт, Мэрай Кэри нарын уран бүтээлчтэй гэч шахам жил ажилласан алдарт гэрэл зурагчин Лаура Левис “Мика бол төрөлхийн од. Тэр яг л тайзан дээр төрсөн юм шиг заримдаа санагддаг. Жаахан ичимхий, даруу занг нь эс тооцвол тэр тайзан дээр гарч ирмэгцээ л бүгдийг гэрэлтүүлдэг” хэмээсэн нь бий. Түүний хамгийн сүүлд гаргасан “The boy who knew too much” ч эхний цомгийн түүхийг давтаж, Их Британи, АНУ, Европын хит жагсаалтуудын эхэнд багтаж чадсан юм. Өнгөрсөн оны есдүгээр сард тэрбээр цомгийн баяраа тэмдэглэхдээ алдартай одод, продюсеруудыг бус харин үнэнч фэнүүдээ урьсан байна. Хэрвээ Лаура Левисийн хэлсэн үгэнд итгэвэл фэнүүдтэйгээ ойр дотно байх нь жинхэнэ одын нэг чанар биз ээ.

Хайр сэтгэлд хязгаар үгүй
Мика олны нүдэн дээр хэн нэгэн бүсгүйтэй болзох, хамт явж харагдах нь ховор. Мөн хайр дурлал, эмэгтэйчүүдийн талаар нэг их ярьдаггүй. Энэ бүхнээс нь үндэслэн хүмүүс түүнийг ижил хүйстэн гэж харддаг. Харин Мика өнгөрсөн жил “Out” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа энэ тухай ам нээсэн юм. “Хүмүүсийн бэлгийн чиг баримжааг элдэв төрөлд хувааж, ангилах нь надад таалагддаггүй. Хамгийн гол нь хэнийг ч тэр үл ялгаварлан, хүн гэдэг үүднээс хандан, хүндэтгэх хэрэгтэй” хэмээжээ. Түүнчлэн “Хэн нэгнийг хайрлаж, дурлахад хил хязгаар гэж үгүй. Дурласан үед нөгөө хүний нас, хүйс, угсаа гарал огтхон ч хамаагүй шүү дээ. Хэрвээ ямар нэгэн ангилалд заавал багтаах ёстой бол намайг бисексуал гэж нэрлэж болно” гэсэн юм. Хэдийгээр Мика амьдралын сайн сайхан, гэрэл гэгээг дуулдаг ч нийгмийн асуудал хөндсөн сэдвүүд ч уран бүтээлд нь бий. Туранхай, гоолиг биетэй бүсгүйчүүдийг нийтээрээ даган дуурайж, телевиз, кино ч үүнд их хувь нэмэр оруулах болсонд тэр санаа зовон “Big girl you are beautiful”-аа бичжээ. Бүтээлүүд нь хагас намтарчилсан байдгийн адилаар энэ дуугаа Мика ээжээсээ сэдэвлэн зохиосон. Түүний ээж нь илүүдэл жинтэй ч үүндээ нэг их санаа зовдоггүй, сайхан гэдэгтээ итгэлтэй эмэгтэй аж. Түүнчлэн тэрбээр зарим ижил хүйстнүүдийн хэцүү нөхцөл байдлын тухай “Billy Brown”-г бүтээсэн. Хүнтэй гэрлэж, хүүхэдтэй болсон ч өөр залууд дурласан эрэгтэйн тухай тэр энэ дуундаа өгүүлдэг юм.

Үнэр цуглуулагч
Мика франц, испани хэлээр чөлөөтэй ярьдаг. Хятад хэл сурч байсан ч удалгүй орхисон. Үүнийг тэрбээр “Дургүйд хүчгүй” хэмээн тайлбарладаг юм билээ. Мика багадаа ээжтэйгээ хамт бараг долоо хоног бүр тавилгуудынхаа байрлалыг өөрчилдөг байв. Түүний энэ зан одоо ч хэвээрээ. Микагийн цомгийн хавтаснууд өнгө алагласан эрээн, мяраан, өөрөө ч донжтой гэгч хувцасладаг ч гэр нь энгийнээс энгийн гэнэ. “Миний хувьд сайн чанарын зурагт, тухтай буйдан байхад л хангалттай. Мөн гэрт элдэв янзын өнгөтэй олон зүйл байхад дургүй” хэмээн ярьдаг түүний гэрт цагаан өнгө зонхилдог аж. Микагийн нэг этгээд хообийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Тэр бол үнэр цуглуулагч. Хэн нэгэнтэй анх уулзахдаа хүмүүс гар, хумс, гутал, үс гээд аль нэг талыг нь илүү анзаардаг. Харин Микагийн анхаарлыг тухайн хүний үнэр татдаг байна. Хэрвээ түүнд хэн нэгний, ямар нэг зүйлийн үнэр таалагдах юм бол тэрэнтэй холбоотой зүйлийг авч, хуруу шилэнд хийн хадгалдаг аж. “Зарим хүн миний энэ хообийг хачин, гаж гэдэг. Гэхдээ юу хийх нь миний л асуудал. Би зүгээр л сайхан үнэрт дуртай” гэж тэр хэлдэг. Түүний угаалгын өрөөнд тус бүр ямар нэгэн үнэрийг шингээсэн олон хуруу шилээр дүүрэн тавиур байдаг аж. Үнэр цуглуулагч, амьдралыг магтан дуулагч, хил хязгааргүй хайрлагч, хүний эрхийн төлөө тэмцэгч “Попын ханхүү” өнгөрсөн намраас дэлхийг тойрох аялан тоглолтдоо гарчээ. Микаг аялан тоглолтын замдаа явж байхад нь өнгөрсөн даваа гаригт ихэр нь Францад мэндэлжээ. Парист төвтэй Лааны тосон музей Микаг урласан нь тэр юм. Лааны тосон Микаг харсан хүн бүр л дуучинтай усны дусал мэт адил болсныг нь хэлсэн гэнэ. Харин Мика ихрийнхээ тухай юу гэх бол?

Saturday, December 4, 2010

zaa odoo

Хорвоогийн бүх талхыг амтална гэвэл хэзээ ч бүтэшгүй
Б.Эгшиглэн

“Ямар нэг зүйлээс гүн гүнзгий утга санаа хайж, айхтар томоор тайлбарлах дургүй. Зүгээр л цагийг хөгжилтэй өнгөрүүлж, энгийн байх дуртай” хэмээн дуучин Ж.Буянаа ярьдаг. Зураачийн мэргэжилтэй ч хүсэл сонирхол нь түүнийг хөгжмийн зам руу хөтөлжээ. Тэрбээр 2006 онд анхны бие даасан цомог “Эргэх дөрвөн улирал”-аа гаргасан бол 2007 онд “Ocean’s 11” хамтлагтайгаа “Great Mongolian songs”-ыг бүтээсэн юм. Түүнчлэн ая зохиогч Б.Долгионтой хамтарч “40 мянгатын блюз”-ыг гаргаж, нэгэн үеийнхний дурсамжийг сэргээсэн билээ.

-“Бага тойргоос амьдрал эхэлж байлаа. Банзан гитартай орцонд дуу дуулдагсан” гэж та дуулдаг. Хөгжимтэй холбогдсон түүх тань яг ингэж эхэлсэн үү?
-Миний талийгаач ах, гитарчин Д.Энхболд хоёр нэг хамтлагт байсан юм. Тэдний бэлтгэл хийхийг харж, сонсдог хөгжимд нь чих тавина. Д.Энхболд ах тухайн үедээ хэнээс ч илүү сайн тоглодог байлаа. Тэгэхээр хөгжмийн амтанд орж, тоглож сурахаас өөр аргагүй. Анх би найман настайдаа гитар сурч, өдийг хүртэл тоглож байна.
-Бүх дэлхий тэр чигтээ электро, хип хоп, техно руу хошуурцгааж байна. Хит парадын дийлэнх хэсгийг ч энэ төрлийн уран бүтээл эзэлдэг. Харин та яагаад ретро стиль, акустик дуугаралтыг илүүд үздэг юм бэ?
-Дуу хөгжим гэдэг хүний чихэнд зориулагдсан зүйл, тийм үү? Чихэнд хүрэх тэр аялгууг хүний гараар хийвэл илүү сайхан мэдрэмж төрүүлж, сэтгэл зүрхэнд ойр юм шиг надад санагддаг юм. Хэдийгээр орчин үеийн техник технологи, компьютер ашиглан дуу хөгжмийг хийж байгаа нь нэг талаар ололттой боловч амьд хөгжим сонсоход төрдөг мэдрэмж төрүүлж чадахгүй болов уу. Өнөөдөр хөгжмийн ертөнцийг Америк бараг тэр чигт нь эзэлж. Саяхан би Итали яваад ирлээ л дээ. Тэгэхэд тэндхийн залуус ч Итали дуугаа биш, Америкчуудыг сонсож байна. Гэхдээ өндөр хөгжилтэй, том зах зээлтэй орны хүчээр “шахаж” байгаа дууг сонсохоо хүн өөрөө л шийднэ. Тэгээд ч мартагдсан хуучин зүйл сэргэхийг шинэ гэдэг байх аа. 2000 оны дундаас жааз, сөүл чиглэлийн уран бүтээлчид болох Нора Жонс, Эми Уайнхаус, Майкл Бабли гарч ирж, бүх дэлхий одоо ч тэднийг сонссоор л байна. Тэгээд ч цаг үе бүхэн давтагдашгүй нэг уран бүтээлчтэй. Хэдэн арван жил өнгөрсөн ч тэдний бүтээл хуучирдаггүй. Жишээ нь л гэхэд Beatles, Элвис Пресли, Жими Хендрикс нар одоогийн уран бүтээлчдээс ч илүү орлого хийж, огтхон ч мартагдаагүй л байна. Тэрнээс гадна би тоглодог хөгжимдаа хайртай. Хүн дуртай юмаа хийж байхдаа л хамгийн аз жаргалтай байдаг шүү дээ.
-Та “Ocean’s 11” хамтлагтайгаа хуучны дуунуудыг сэргээж дуулсан. Хамгийн сүүлд гаргасан “Just like you”-дээ ч дээр үеийн бүтээлүүдийг оруулсан байна билээ. Хуучны зүйлсийг дахин давтах болсон учир юу вэ?
-Яагаад болохгүй гэж. Ингэж л бодсон. Олон хамтлаг, дуучин хуучны сайхан дуунуудыг шинээр баяжуулж дуулсан. Зарим нь электро, хип хоптой хослуулж, нөгөө хэсэг нь рок маягаар өөрчилсөн гээд л. Харин би жааз маягаар дуулсан. Уран бүтээлч бүр өөр өөр. Үүн шиг сонсогчдын сонирхол ч адилгүй. Жаазад дуртай нь минийхийг, индиг сонсдог бол “Лэмонс”-ийг авна биз.
-Таныг Дүрслэх урлагийн дээд сургууль төгссөн гэж сонссон?
-Тийм ээ. Ардын зураач Д.Амгалангийн ангид монгол зургийг, Я.Оюунчимэг багшийн дор график зурагт таван жил сурсан юм.
-Зураачаас хөгжимчний зам руу орсон түүх тань их сонин байна?
-Тэгж л таарсан хэрэг. Хувь заяа ч гэх юмуу. 1998 онд “Шөнийн галт тэрэг” хамтлаг байгуулж, хөгжимчний замд орсон. Хэдийгээр би зураач мэргэжлээрээ ажиллаагүй ч Дүрслэх урлагийн сургуулиас, Д.Амгалан, Я.Оюунчимэг багш нараасаа олон зүйлийг сурсан.
-Амьдралын ухааныг уу?
-Тэгж хэлж болно оо. Их мундаг хүмүүс. Нарны өөдөөс, ээжийгээ тосоод гүйж яваа хүүхдийг харуулсан “Ээж ээ сайн байна уу” зургийг Д.Амгалан багш маань зурсан юм шүү дээ. Харин Оюунаа багш бол усан будгаар зурахдаа Монголдоо хамгийн сайн нь. Миний хувьд тэд ёстой эр хүний, бас жинхэнэ эмэгтэйн дүр юм. Их ухаантай, даруухан зантай. Гэхдээ тийм даруу байлаа гээд хүмүүсийн дор нь оролгүй үргэлж хүндлүүлдэг. Мөн хэнийг ч загнадаггүй ч хүмүүс хоёр багшаас минь эмээдэг. Хамгийн гол нь урлагт хайртай байгаа чанар нь гайхалтай. Би одоогоор багш нар шигээ байж чадахгүй ч хүн шиг хүн болохын төлөө хичээж л явна.
-Дүрслэх урлагийн сургуульд сурсан нь таны одоогийн уран бүтээлд яаж нөлөөлж байна вэ?
-Хоёр дээр хоёрыг нэмээд дөрөв гарна гэж ихэнх сургуульд заадаг. Харин дүрслэхт ийм байх ёстой, тэр нь зөв гэж биш, хүн бүр өөр өөр гэдгийг чухалчилж, дотоод ертөнцийг нь нээн илрүүлдэг байсан . Зан чанарын талаас намайг нямбай, цэгцтэй байхад сургасан. Монгол зургийн ангид сурсан болохоор ч тэр үү бүтээлүүдээ баялаг зохиомжтой байлгах дуртай.
-Ингэхэд хамтлагаа яагаад “Ocean’s 11” гэж нэрлэсэн юм бэ?
- Нэг их утга санаа бэлгэдэж ийм нэр өгөөгүй. Зүгээр л тэгээд шийдчихсэн юм.
-“Ocean’s 11” хамтлаг голдуу жааз маягаар бүтээлээ туурвидаг. Харин таны ганцаарчилсан цомог гитарын гоцлол, акустик шинж илүү давамгайлсан байдаг.
-Би ганцаараа ч байсан, хамтлагтаа ч дуулсан аль алинд нь л зүрх сэтгэлээ шингээн тоглодог. Мөн акустик, жааз, блюз аль аль нь дотно мэдрэмж, дулаан уур амьсгал төрүүлдэг болохоор би дуртай.
-“Өндгөн толгойт”-ийн түүхээс яриач. Амьд хөгжмийн фэнүүдийн хамгийн дуртай дуунуудын нэг шүү дээ.
-Энэ дууны аяыг “Шөнийн галт тэрэг”-т байхдаа зохиосон. “Хайлсан шоколад”-тай зэрэг төрсөн дуу л даа. Бид нар тухайн үедээ The Cure, Sound of Garden, Pearl Jam, Cardigans зэрэг рок хамтлагыг их сонсдог байсан юм. Тэдэн шиг энгийн сэдэвтэй хэрнээ цаанаа л гоё дуу зохиохыг хүссэн нь тэр.
-Хөгжим бол таны ажлаас гадна хообий байх. Өөр юу сонирхдог вэ?
-Хоол хийх дуртай. Бүх л төрлийн хоол хийж, турших асар сонирхолтой, нэг төрлийн урлаг. Ер нь ямарваа зүйлд гоо зүй ороход урлаг болдог шүү дээ. Жишээ нь оршуулга гэдэг ёс заншлын нэг хэлбэр. Харин оршуулгын ёслолыг киногоор харууллаа гэхэд тэр нь урлаг болно.
-Хоол дотроо олон янз байдаг шиг хөгжимд ч төөрмөөр их урсгал, чиглэл байдаг. Ингэж ангилж, ялгах нь ямар хэрэгтэй юм бол?
-Заавал бүх урсгалыг ухаж сонсох шаардлагагүй шүү дээ. Чи өөрийнхөө дуртай тэр хөгжмийг мэдэхэд л болно. Тэрнийгээ цааш нь ойлгож, мэдэрч сонсоно биз. Энэ чинь талх идэхтэй л адил. Талх бол дэлхий нийтийн хэрэглээ. Гэхдээ улс бүр, хот болгон, айл айлын талх өөр үнэр, амттай. Тэр дундаас чи нэг гоё талх хийгээд сурчих. Тэгээд л болоо. Тэрнээс биш хорвоогийн бүх талхыг амтална гэвэл хэзээ ч бүтэшгүй.
-Та хаана дуулах дуртай вэ? Тайз бүр өөр байдаг уу?
-Тэгэлгүй яахав. Тайз бүр, үзэгч болгон өөр. Харин миний хувьд хамтлагынхантайгаа, санаа нийлдэг хүмүүстэй хамтдаа, ингэвэл гоё, тэрийг нэмье гэж ярилцаад, ая, үгээ зохиогоод дуулж суух л хамгийн сайхан. Тэр үедээ бид нар яг л юунд ч юм хөөрч баярласан, жаахан хүүхдүүд шиг харагддаг байх даа.
-Сүүлийн үед уран бүтээлчид үндэснийхээ хэв маяг, уламжлалыг бүтээлдээ их ашигладаг болж. Танд тийм санаа бий юу?
-Морин хууртай хамтарч тоглох ч юмуу, үндэсний ямар нэг элементтэй бүтээл туурвиж монгол гэдгээ харуулах шаардлагагүй. П.И.Чайковский гэхэд л “би орос” гээд балалайка бариад яваагүй биз дээ. Хамгийн гол нь мөн чанар байх хэрэгтэй гэж би боддог юм. Мэдээж үндэсний хөгжимтэйгээ хамтарч дуулж бололгүй л яахав. Гэхдээ ямар ч хөгжим тоглож, юуны ч тухай дуулсан тухайн хүний дотоод сэтгэл, мэдрэмж бүтээлийг нь тодорхойлно.

Thursday, December 2, 2010

Gerelee egchid shalguulii

Амьдралын амт
Б.Эгшиглэн

Хэн хамгийн жаргалтай вэ?
Дэлхийн зургаан тэрбум гаруй хүнээс аль улсын иргэд хамгийн аз жаргалтай болохыг Америкт төвтэй “The gallup” хүрээлэнгийнхэн судалжээ. Тэд өнгөрсөн долдугаар сард судалгааны үр дүнг мэдээлсэн бөгөөд даничууд хамгийн аз жаргалтай хүмүүсээр тодорсон юм. Харин монголчууд 153 орноос 130 дугаар байрт оржээ. Эндээс харвал монголчууд бид аз жаргалгүйчүүдийн эгнээнд багтах нь. Гэтэл жагсаалтын дээгүүрт орсон АНУ, Япон, БНСУ зэрэг орнууд амиа хорлолтын түвшингээрээ тэргүүлдэг. Технологийн дэвшил, өндөр хөгжил нь сэтгэл хангалуун байдал, амжилт бүтээлийн баталгаа болж чаддагүйг эндээс харж болно. “Аль улсад амьдардаг, будда, христ, лал гээд ямар шашин шүтдэгээс үл хамааран хүн бүрийн хамгийн гол зорилго бол аз жаргал гэж би боддог” хэмээн Дээрхийн гэгээнтэн XIV далай лам айлдсан нь бий. Бүхний анхаарлын төв болсон аз жаргалтай холбоотой анхны судалгааг Америкийн сэтгэл зүйч Гордон Ватсон 1930 онд хийж байжээ. Тэрнээс хойш эрдэмтэн, сэтгэл зүйчид энэ сэдвээр 2.000 орчим судалгаа хийсэн аж. “Аль үндэстэн хамгийн аз жаргалтай вэ”, “Аз жаргалтай хүн гэж хэнийг хэлэх вэ”, “Аз жаргалыг хамгийн их мэдрүүлдэг зүйл юу вэ” зэрэг асуулт тэдгээрт голлож байв. Тэгвэл Их Британий эрдэмтэд дээрх судалгаануудын үр дүнг нэгтгэж, “Хаана амьдарч, юу эрхэлдэг нь гол бус тухайн хүн өөртөө болон хийж буй зүйлдээ сэтгэл хангалуун байдаг бол тэр аз жаргалтай хүн” хэмээн тодорхойлсон байна. Түүнчлэн аз жаргалд гадаад орчин, дотоод сэтгэл 50:50 хувийн нөлөөтэй хэмээжээ.

Сэтгэл хөдлөлөөс ч илүү
Аз жаргал бол сэтгэл хөдлөлийн нэг хэлбэр ч, үнэндээ тэрнээс илүү зүйл гэнэ. Аз жаргалын илрэл болох инээмсэглэл, баяр талархал, сэтгэл хангалуун, амгалан тайван байдлыг мэдрэхэд биеийн дархлаа нэмэгдэж, зүрх судас, мэдрэлийн системийн үйл ажиллагаа сайжирдаг. Мөн энэ үед тархины зүүн тал бөмбөрцөгийн үйл ажиллагаа идэвхжиж, сэтгэн бодох чадвар, ой тогтоолт нэмэгддэгийг Америкийн Висконсины их сургуулийн эмч нар тогтоосон байна. Дашрамд дурдахад, шашинд итгэдэг хүмүүс бурхангүй үзэлтнийг бодвол илүү аз жаргалтай байдаг гэх судалгаа бий. Тэр дундаа буддын шашны лам нар дэлхийн хамгийн жаргалтай хүмүүсийн тоонд ордог байна. Учир нь байнга бясалгал хийж, нигүүлсэнгүй сэтгэлийг төлөвшүүлснээр тархины зүүн тал илүү хөгждөг аж. Тархи судлаач Ричард Дэвидсон энгийн хүмүүс, буддын шашны лам нарыг оролцуулсан нэгэн туршилт хийжээ. Тархины нарийн мэдрэгч төхөөрөмжүүдийг тэдний толгойд холбон, сайхан зүйл бодохыг даалгасан байна. Тэгэхэд оролцогчдын сэтгэл ханамж, хайр энэрлийг илтгэх гамма долгионы түвшин ихэсч. Хэсэг хугацааны дараа дахин хэмжихэд энгийн хүмүүсийн гамма долгионы түвшин буурч, лам нарынх хэвэндээ байсан байна. Тэр дундаа Мингүр Ринбүүчийн тархины үйл ажиллагаа хамгийн өндөр үзүүлэлттэй гарчээ. Өөрөөр хэлбэл, тархиа байнга дасгалжуулж, сайн сайхны тухай бодох нь урт хугацааны аз жаргалыг бэлэглэж чаддаг байх нь.

Аз жаргалын даавар
Их хотын завгүй амьдралын хэмнэлд, ажил гэрийн хооронд уйтгартай өдрүүдийг өнгөрөөх хүмүүс. Тэд яг л робот шиг болсон байх бөгөөд инээмсэглэл, баяр талархлыг ч мартаж орхисон байдаг. Харин нэгэн эрдэмтэн энэ байдлыг өөрчлөхийг хүсэж, хотынхоо иргэдэд зориулан аз жаргалын тариа зохион бүтээнэ. Хоромхон зуур хүнийг баяр хөөртэй, сэтгэл хангалуун болгодог тэрхүү бэлдмэлийг бүгдээрээ авч, хотынхон аз жаргалтай болж амар сайхандаа жаргажээ. Энэ бол найруулагч Н.Хос-Эрдэнийн “Хүйтэн дэм” киноны нэг хэсэг. Мөнхийн аз жаргалыг бэлэглэгч үүн шиг бэлдмэл ирээдүйд бий болж ч болох юм. Өндөр хөгжилтэй орнуудын эрдэмтэд хийгээд эхэлсэн ч юм билүү. Гэхдээ “айлаас эрэхээр авдраа уудал” гэгчээр бидний биед ч тийм бодис агуулагддаг байна. Эндорфин хэмээх тэрхүү даавар нь хайрлаж дурлах, гэнэтийн бэлэг авах, тэмцээнд түрүүлэх зэрэг сэтгэл хөдлөлийн эерэг мэдрэмжийн үед идэвхжиж, ихээр ялгардаг. Шоколадны хэлтэрхий, зүсэм бялуу, чихэр хүлхэх нь ч эндорфиний нэг үүсгэл. Энэхүү даавар биед хуримтлагдсанаар хүн өөрийн эрхгүй баяр баясгалантай, сэтгэл хангалуун болж, аз жаргалын банк мэт болдгийг эрдэмтэд 30-аад жилийн өмнө нээжээ. Мөн эндорфин биеийн дархлааг эрс сайжруулдгыг ч тэд тогтоосон юм. Дасгал хөдөлгөөн хийж, спортын аль нэг төрлөөр хичээллэх, шоколад, халуун чинжүү байнга идэх, амьдралын идэвхтэй байх нь эндорфины хэмжээг нэмэгдүүлдэг аж.

“Би жаргалтай”
Их Британид өнгөрсөн оны наймдугаар сард хэсэг сэтгэл зүйчид “The science of happiness” буюу “Аз жаргалын шинжлэх ухаан” хүрээлэн байгуулжээ. Тэд ганцхан жилийн дотор дэлхийд хамгийн амжилттай яваа хүрээлэнгийн нэг болсон бөгөөд 26.000 гаруй хүнд аз жаргалын ухааныг заасан аж. Уг хүрээлэнгийн Сайхан сэтгэл, баяр талархал, инээмсэглэлийн хүч, сайхан дурсамж гэсэн дөрвөн хичээлийн тусламжтай хүмүүс аз жаргалыг хором бүрээс мэдрэх чадварт суралцдаг гэнэ. Түүнчлэн өөрийгөө жаргалтай гэж бод. Бэстселлерийн дээгүүр байрт бичигддэг аз жаргал, эерэг сэтгэлгээний номууд ч гагц үүнийг номлодог. Гэхдээ энэ үзлийг тархиндаа хүчээр суулгах бус алхам тутамдаа баяр баяслыг мэдэрч, хамгийн жижиг зүйлсээс ч сайн сайхныг харж сурах нь сэтгэл хангалуун амьдрахын эх үндэс болдог байна.

Thursday, November 18, 2010

Нора Нора

Буржгар үс, том алаг нүд, булбарай уруул, хүүхэд мэт гэнэн төрх...Харин тайзан дээр гарч, төгөлдөр хуурын ард суумагцаа л жааз эгшиглүүлж, хүчтэй, сэхүүн хоолойгоороо сонсогчдыг илбэдэх мэт. Энэ бол Америкийн хөгжимчин, дуучин Нора Жонс. Анхны дуу “Come away with me”-ээрээ л сонсогчдын чихийг зүрхтэй нь хамт эзэмдэж, хашир шүүмжлэгчид хүртэл хоёр гараа өргөх нь холгүй түүнийг хүлээн зөвшөөрч, бүх дэлхий Норад хайр зарласан юм. Түүнийг гарч ирэхээс өмнө жааз дуучин хөгжмийн ертөнцийн том шагналуудыг цөмийг нь түүнэ гэдэгт итгэх хүн ховор байлаа. Учир нь поп, r&b, хип хоп чиглэлийн уран бүтээлчид л хамгийн түрүүнд алдрын титмийг хүртдэг шүү дээ. Харин Энэтхэг аав, Америк ээжийн төрүүлсэн жааз гүнж хөгжмийн их тайзан дээр гарч ирэн, титмийг “булаачихсан”. Түүний 2002 онд гаргасан “Come away with me” цомог дэлхий даяар 20 сая гаруй хувь борлогдож, эзэндээ “Шилдэг шинэ дуучин”, “Оны шилдэг дуу”, “Оны шилдэг дуучин”, “Оны шилдэг цомог” гээд долоон Грэмми авчирсан юм. Дараа нь гаргасан “Not too late”, “Feels like home”, “The Fall” нь саяас дээш хувь зарагдаж, платиниум цомгоор шалгарсан юм. Орчин цагийн жааз гүнжийн амжилт эцэг, эх хоёроос нь удамшсан гэж хэлж болно. Түүний аав Рави Шанкар нь Энэтхэгийн хамгийн алдартай хөгжмийн зохиолч, ситар хөгжимчин бол ээж Сю Жонес нь тоглолтын продюсер байв. Мөн ээж нь жааз хөгжмийн фэн байсан нь Норагийн уран бүтээлд хамгийн их нөлөө үзүүлсэн байдаг. “Намайг бага байхад жааз хөгжмийн пянзнууд гэрээр дүүрэн байдаг байсан. Билли Холидэй, Элла Фитзжералд, Билл Эванс гээд гайхамшигтай дуучдын цомгийг байнга сонсдог. Эхнээс нь дуустал дахин дахин сонсдог байж билээ” хэмээн тэрбээр нэгэн ярилцлагтаа дурдсан байдаг.
Нора Жонс бага байхаасаа л сүмийн найрал дууны хамтлагт дуулж, төгөлдөр хуурын хичээл авдаг байж. Түүнчлэн Хойд Техасын их сургуульд жааз төгөлдөр хуурчийн мэргэжлээр сурч байжээ. Гэхдээ тэрбээр жирийн нэгэн төгөлдөр хуурч болохыг хүссэнгүй. Түүнд илүү том зорилго, мөрөөдөл байлаа. Тиймээс 1999 онд сургуулиа орхиж, Нью-Йоркийг зорив. Шинэ хотод ирсэн эхний үедээ жааз клубүүдэд дуулдаг байлаа. Удалгүй түүний авьяасыг “Blue Note Records”-ийнхон анзаарч, хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Арт Блэки, Хорацё Силвер, Жимми Смит нарын домогт жааз хөгжимчдийг төрүүлсэн “Blue Note Records”-т харьяалагдах болсон нь түүний алдрын замналд чухал алхам болсон юм. Тэрбээр хамгийн сайн хөгжмийн зохиолчидтой ажиллаж, авьяаслаг хамтлагуудтай хамтран тоглодог. Түүнчлэн “Foo fighters”, “Dirty Dozen Brass”, “Band Belle and Sebastian” зэрэг хамтлагтай хамтран уран бүтээлээ туурвисан. Тэр ч байтугай Рэй Чарльзийн сүүлчийн цомогт орсон “Here we go again” дууг хамтран дуулжээ. “Өөрийнхөө шүтдэг уран бүтээлчидтэй хамтран ажиллана гэдэг мөрөөдөл биелэхтэй адил сайхан зүйл. Гэхдээ тэр үед би амар амгалангийн бүсээс нэлээн хол зогсож буйгаа мэдэрдэг” хэмээн Нора ярьж байжээ.
Жааз гүнж ихэнх дуугаа өөрөө зохиосон байдаг. Дуундаа өөрөө уусах мэт тоглодог нь үүнтэй холбоотой ч юм бил үү. 2007 онд бүтээсэн “Not too late” цомгынхоо дуунуудыг л гэхэд дараалсан их аялал тоглолтынхоо дундуур бичсэн гэдэг. Бүр “Blue Note Records”-ийхон хүртэл ганцаархнаа бүтэн цомог бэлэн болгосон гэдгийг нь сонсоод мэл гайхаж, цэл хөхөрсөн гэдэг. Мэдээж менежерүүд нь бэлэн цомгийг шууд л хэвлэн, худалдаанд гаргасан юм. Норагийн “Not too late” нь Аврил Лавиний “The best damn thing”, Линкин Паркийн “Minutes to midnight”-тай зэрэгцэн 2007 оны шилдэг цомгоор шалгарчээ. Харин одоогоор түүний гаргасан сүүлчийн цомог “The Fall” нь өмнөх бүтээлүүдээсээ өвөрмөц болж чадсан юм. Тэрбээр жаазыг рок, рүүт, экспериментал урсгалтай сүлж, бөмбөрийн цохилт нэлээд оруулж, шинэ аялгуу төрүүлжээ. Уран бүтээлдээ шинэ өнгө нэмэхийн зэрэгцээ тэрбээр өөрийгөө ч өөрчилсөн. Түүнийг жаахан охин шиг харагдуулдаг байсан урт үсээ богино хэлбэрээр сольж, энд тэнд байнга л даашинзтай үзэгдэх болжээ. Үсний засалт, хувцсаа сольсон шигээ долоон жил үерхсэн найз залуу Ли Александраа орхисон юм. “Ли бол миний хувьд бүх ертөнц гэсэн үг. Тэр манай хамтлагийн басс гитарчин болохоор цаг үргэлж хамт байдаг. Мөн миний мэдэх хамгийн сайн хүн, сайхан залуу” гэж Нора түүнийг тодорхойлж байлаа. Түүний өөрчлөлтийн талаар асуусан сэтгүүлчид тэрбээр “Салалт, 30 нас, шинэ хамтлаг, богино үс, бас нэг нохой. Нора Жонсийн шилжилтийн үе” хэмээн товч бөгөөд тодорхой гэгч нь хариулсан байдаг.
Одоогоор жааз гүнж ганцаараа байгаа бөгөөд хувийн амьдралаас илүүтэй уран бүтээлдээ их цаг гаргаж байгаа.
Нора Жонс авьяаслаг дуучнаас гадна сайн жүжигчин. Гэхдээ ихэнх оддын адил арилжааны бүтээлд бус арт хаус киноны гол дүрд тоглосон билээ. Хонг Конгийн найруулагч Вонг Кар Вайн “My blueberry nights” буюу “Миний нэрсний үдшүүд” хэмээх кинонд өөрийгөө хайж буй зөөгч бүсгүй Элизабетийн дүрийг бүтээсэн байдаг.
Нора Жонс “Миний нэрсний үдшүүд” киноны дуу “The Story”-г бичиж, дуулсан юм. “Нью-Йоркт болсон шєнийн зураг авалтын дараа єглєєний 6.00 цагт гэртээ ирээд энэ дууг зохиосон юм. Ядарсандаа унах гэж байсан ч зvvн зvг рvv харсан цонхтой тєгєлдєр хуурынхаа єрєєнд ортол яг vvр цайж байсан. Мандах нарыг харж байх үед тэр дуу шууд л толгойд орж ирсэн” хэмээн Нора ярьжээ. Дахин кинонд тоглох эсэхийг нь асуусан сэтгүүлчид тэрбээр “Жуд Лоу шиг эр хvнд vнсvvлэхээр бол татгалзахгvй шүү” гэж хариулжээ. Харин хамтран тоглогч, дотны найз Жуд Лоу нь түүний тухай “Тэр хаана, юу хийхээ мэддэг. Мөн их хөгжилтэй, хүүхэд шиг зантай. Би минут бүрийг түүнтэй өнгөрүүлэхэд бэлэн байдаг” гэсэн юм. Тэрбээр кинонд байнга л нэрстэй бялуу иддэг. Ялангуяа сэтгэлээр унасан үедээ хэдэн зүмийг ч хамаагүй хурдан хурдан гээч нь халбагадан иддэг. Тэгвэл Нора амьдрал дээр ч сэтгэлээр унасан үедээ хоолонд донтдог аж. Гэхдээ нэрстэй бялуу биш бяслагтай гоймон, тахианы мах түүнийг тайтгаруулдаг гэнэ. Нора нийт есөн удаа Грэмми шагналыг хүртэж, гаргасан бүх цомог нь Биллбордийн алтан цомгоор шалгарч, дэлхий даяар 40 орчим сая хувь борлогдсон. Гэхдээ тэр хар тамхи, согтууруулах ундаа хэрэглэж, элдэв дуулиан, шуугианд орооцолдоггүй. “Нэр алдарт живж болохгүйг аав маань үргэлж сануулдаг байсан. Алдартай хvн хэрхэн биеэ авч явдгыг, бусадтай хэрхэн харилцах ёстойг одоо мэддэг болсон. Олны ємнє удаан байвал єєрийгєє хянахын аргагvй болтлоо цухалдах vе мэдээж гардаг л даа. Гэхдээ бусдад буруугаа тохож болохгvй. Єєрийгєє ялахгvй бол амьдрал утгагvй шүү дээ” хэмээн жааз гүнж өгүүлжээ. Нохойгоо салхилуулж, найзуудтайгаа нийлж хоол хийн, хөгжим зохион энгийнээс энгийн амьдардаг жааз гүнж аль хэдийн 30 хүрсэн ч түүний титмийг авах дуучин хараахан гарч ирээгүй л байна.

Тоглоомд донтогчдын нуугдмал чадвар

Тэр бол олон хүүхдийн хамгийн дотны найз. Зөвхөн хүүхдүүд гэлтгүй томчуудыг ч заримдаа өөртөө татах нь бий. Түүнтэй нөхөрлөж, дотносох тусам бусад хүмүүсээс улам хөндийрөн, гадаад орчныг ч мэдрэхээ больдог гэх. Ялангуяа өсвөр насныхан үнэнч нөхөртэйгөө хонон өнжин хамт байж, эрүүл мэндээ ч золионд гаргадаг. Муу найзтай учирсан тэдний хувьд эцэг эхийнхээ халаасыг “тонших”, багш нараа ч үл тоон хичээлээ таслана гэдэг юу ч биш. Тэрхүү найз бол компьютер тоглоом гэдгийг уншигч та таасан биз ээ. Анхны компьютер тоглоом “ОХО”-г 1952 онд америкийн иргэн Александр Дуглас зохион бүтээсэн аж. Эхэн үеийн тоглоомууд зураг, дүрс эвлүүлэх, хооронд нь холбох гээд жинхэнэ л “хүүхдийн” гэх тодотголтой байв. Хүүхэд залуусын хамгийн дуртай дайн байлдаантай тоглломыг 1970-аад оноос үйлдвэрлэх болсон юм. Харин монгол залуус 1990-ээд оны дундаас “сега”-аар дамжуулж, компьютер тоглоомтой танилцсан билээ. Арав гаруйхан жилийн дотор компьютер тоглоом буюу РС манайд өргөн тархаж, хүүхэд залуусыг соронз мэт татсаныг хэн бүхэн андахгүй. Зарим нь үүнээс болж сэтгэцийн өвчтэй болж, эрүүл мэнд, зан төлөв, хичээлээ орхисны гайгаар тэднийг тун бүрхэг ирээдүй хүлээж буй.
Тоглоомд нэгэнт донтсон, түүнгүйгээр байж чадахгүй болтлоо автсан хүүхдүүдийг үнэнч нөхрөөс нь салгаж, эмчилгээнд хамруулах арга бий. Гэсэн ч тэр хүүхдүүд тоглоомоо орхисон ч хоцрогдсон хичээл, үе тэнгийнхнээ гүйцэнэ гэдэг хэцүү. Тэгвэл гадны өндөр хөгжилтэй улсууд тоглоомчдынхоо хүчийг зөв тийш залах гарц олжээ. Компьютер тоглоомчдын нэг давуу тал нь тэд техник технологийг хэнээс ч дутахгүй сайн эзэмшсэн байдаг. Үзүүлэлт, хурд, хүч сайтай компьютер, дагалдах хэрэгслүүд шинээр хаана гарсныг ч андахгүй. Мөн дайн тулантай тоглоом тоглохдоо ёстой л “13” мэхээ ашиглах шиг болно. Тэдний уг чадваруудыг ашиглан шинжлэх ухааны ярвигтай асуудлыг шийдэх бололцоотой гэнэ. Америкийн Вашингтоны их сургуулийн эрдэмтэд протейний гинжин хэлхээг байгуулах ярвигтай асуудалтай тулгарчээ. Тэд үүнийг компьютер тоглоомын хэлбэрт оруулж, шинжлэх ухааны ямар ч мэдлэггүй тоглоомчдоор тоглуулахад протейний бүтцийг төвөггүй байгуулж чаджээ. Мөн Стэнфордын их сургуулийн эрдэмтэд амино хүчлийг төрөл бүрээр нь ангилж, ялгах, гинжин хэлхээг бүтээх зорилготой “Foldit” хэмээх тоглоомыг бүтээжээ. “Foldit”-г архаг тоглоомчдоор туршуулахад үр дүн нь онц гарч. Иймээс ч шинжлэх ухааны салбарын зарим асуудлыг компьютер тоглоомд дурлагчдын тусламжтай шийдэх шинэ гарц нээгдэж байгаа юм. “Тоглоом, тэр дундаа компьютер тоглоом гэдэг тийм ч сайхан сонсогддоггүй. Өөрийгөө хянах чадваргүй өсвөр насныхан л үүнд донтдог гэдэг. Харин одоо тэднийг өөр өнцгөөс харж, чухал ажилд оролцуулдаг боллоо” хэмээн Вашингтоны их сургуулийн профессор Сэт Күүпэр хэлжээ. Шинжлэх ухааныг зугаатай хэлбэрт оруулсан эл арга тоглоомчдын нэр хүндийг ч өсгөсөн юм.
Шинжлэх ухаан төдийгүй сэтгэлзүйн салбарт ч компьютер тоглоомыг ашиглаж эхэлжээ. Хий юм харах, шалтгаангүйгээр ямар нэг зүйлээс айдаг өвчтэй хүмүүст зориулж Израйлийн Тель-Авивийн их сургуулийнхан компьютер тоглоом бүтээсэн аж. Тэд өвчтөнүүдийн айдаг зүйлсийг компьютер тоглоомын хэлбэрт оруулсан байна. Харин өвчтөн тэдгээрийг устгах замаар сэтгэхүйн дайсантайгаа кибер ертөнцөд тэмцэх аж. Мөн АНУ-д хэлд ордоггүй, ярианы бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулан тоглоом бүтээж, туршаад эхэлсэн гэнэ. Ийм өвчтэй хүүхдүүдийн тархи нь дуу авиаг хангалттай түвшинд боловсруулж чаддаггүй. Харин тэдэнд тусгайлан зориулж бүтээсэн тоглоом тархины хөгжлийг түргэсгэх, тэр дундаа дуу авиатай холбогдсон хэсгийн үйл ажилагааг эрчимжүүлэхэд туслах аж.
Компьютер тоглоомноос болж хүүхдүүд хичээлээ орхих нь элбэг. Харин АНУ-гийн сургуулиуд тоглоомийг хүүхдүүдийн сургуульдаа ирэх нэг шалтгаан болгожээ. Тус улсын зарим бага, дунд сургууль хичээлийг компьютер тоглоомын хэлбэрт оруулсан байна. Энэхүү аргын тусламжтай хүүхдүүдийн хичээлдээ хандах хандлага, идэвх ч нэмэгдэхийн зэрэгцээ үр дүн нь ч жирийн үеийнхээс дутахгүй байсан байна. Мөн хүүхдүүдийн бие даан ажиллах чадвар, логик сэтгэлгээний түвшинг нэмэгдүүлжээ. Тэр тусмаа гадаад хэлний хичээлүүдэд тоглоом-хичээлийн арга хамгийн сайн нөлөөлж байв гэнэ.
Компьютер тоглоомчин, донтогч гэдэг үг муу зуршлын нэг илэрхийлэл болдог. Тэгвэл муу зуршил нь муу зуршлаа халахад ашиглагдах гэнэ. АНУ-гийн Вермонт мужийн “Champlain” коллежийн судлаачид тамхинаас гаргах тоглоом зохион бүтээсэн аж. Тамхилмаар санагдсан үедээ уг тоглоомоор тоглох бөгөөд аажимдаа хорт зуршлаасаа татгалздаг болохоор бүтээсэн гэнэ. Энэхүү тоглоом нь одоо туршилтын шатандаа явж байгаа бөгөөд олон нийтэд дэлгэх хараахан болоогүй.
Хүүхдүүдийн идэвхгүй байдал, таргалалт, хараа муудах, цаг, мөнгө дэмий үрэх гээд олон зүйлд компьютер тоглоомыг чичилдэг. Угаас тэдгээрийн буруутан нь кибер тоглоом мөн л юм чинь тэгэхээс өөр аргагүй. Компьютер тоглоомд толгойгоо мэдүүлсэн нэгнээ ч далдуур муулж, хол явцгаадаг. Үүний оронд тэдний хүчийг эрдэм шинжилгээ, анагаах ухааны салбарт ашиглах хэрэгтэйг дээрх жишээнүүд харуулж байна. Дэлхий нийт ч үүнийг хүлээн зөвшөөрч, “CGS” буюу компьютер тоглоомын шинжлэх ухаан саяхнаас хөгжиж эхэллээ. Бүр Калифорнийн их сургууль энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг юм билээ. Харин манай орны хувьд, дунд сургуулийн ойролцоо, байрны бараг орц, хонгил бүрд PC тоглоомын газрууд ажиллаж, хүүхдүүдийн осолтой хообийгоор олз ашиг хийдэг. Тэгвэл Монгол ч дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж, компьютер тоглоомын шинжлэх ухааныг хөгжүүлж яагаад болохгүй гэж. Магадгүй яг одоо PC тоглоомын газрын бүгчим өрөөнд тоглоод сууж буй бяцхан хүү ирээдүйн Эйнштэйн байж болох ч юм билүү.

Каллиграфч Д.Ганбаатар

-Каллиграф нь бичиг үсэг, урлаг хоёрын нэгдэл мөн үү?
-Ихэнх хүн бичиг үсэг, урлагийг тусдаа зүйл гэж үздэг. Харин миний бодлоор, бичиг үсэг бол урлагтай салшгүй холбоотой. Нэг үсгийг яаж дүрсэлж, илэрхийлнэ гэдэг урлаг шүү дээ. Мөн бичиг үсэг ард түмний оюун санааг нэгдүүлэгч болдог. Хятадад л гэхэд тэр олон үндэстнүүд өөр өөр хэл, аялгаар ярьдаг ч ханз үсгээрээ л нэгддэг. Гэтэл манай оронд үндэсний бичгийн орыг кирилл үсэг эзэлчихсэн. Уг нь монгол туургатныг нэгтгэх гол зүйл бол бичиг үсэг.
-Таны бүтээлүүдээс харж байхад бичсэн үгээ дүрсэлсэн зүйл төдийлэн ажиглагдахгүй юм. Тухайлбал “морь” гэдэг үгийг морины дүрсээр үзүүлэх, “далай”-г давалгаалж буй хэлбэрээр бичих зэрэг нь уран бичлэгийн нэг онцлог, тийм үү?
-Энэ тал дээр хүмүүс жаахан төөрөлдөөд байдаг юм. Уран бичлэг гэхээр ямар нэгэн дүрс хайж эхэлдэг. Гэтэл нэг үгийг илэрхийлж буй утгаар нь дүрслэх ёстой гэсэн дүрэм байхгүй шүү дээ. Уран бичлэг бол нэг төрлийн эрдэм. Тухайн зураач бийр бэхээ яаж эзэмшсэн, ямар зураасыг хаана тавьж, орон зайг хэрхэн ашигласан байна вэ гээд чадварыг харуулдаг. Харин цэцэг, эрвээхэй, морины дүрс бол уран бичлэгт чухал биш.
- “Яруу найраг, уран бичмэл хоёр салшгүй нэгдмэл урлаг” гэж яруу найрагч Г.Мэнд-Ооёо гуай хэлсэн байдаг. Та үүнтэй санал нийлдэг үү?
-Дээр үед яруу найрагч хүн өөрөө монгол бичгээр бүтээлээ бичиж, уран дүрсэлдэг байсан. Харин өнөө үед тэр байдал алга болж. Бид Монголын үндэсний музейтэй хамтран өнгөрсөн гуравдугаар сард дэлхийн яруу найргийн өдөрт зориулж, уран бичлэг, яруу найргийн үзэсгэлэн зохион байгуулсан юм. Манай яруу найрагчид ч идэвхтэй оролцсон. Бүтээлүүдээ монгол бичгээрээ хэвлээд гадны оронд очиход ч нүүр бардам байна шүү дээ.
-Та шүлэг зохиодог уу?
-Үгүй ээ. Гэхдээ яруу найраг унших дуртай.
-Уран бүтээлч байхаас гадна монгол бичгээ дэлгэрүүлэхийн тулд та өөр юу хийж байна вэ?
-Би 2004 оноос Чой.Лувсанжав багшийн нэрэмжит Хэл Иргэншлийн дээд сургуульд багшилж байна. Мөн 2006 онд хэсэг нөхөдтэйгээ нийлж, “Бичиг соёлын боловсролын төв”-ийг байгуулсан юм. 1990-ээд оноос манайд ардчилал хөгжиж, эрх чөлөөг дээдлэх болсон. Монголчууд бидний үндэсний өв соёл, бичгээ дээдлэдэг үзэл ч сэргэсэн. Гэхдээ нийтээр сурах, судлах ажил төдий л үр дүнд хүрэхгүй байна. Тиймээс энэхүү ажлыг өрнүүлэх, өв соёлоо хөгжүүлэхэд чадах чинээгээрээ хувь нэмрээ оруулахыг зорьсон юм.
-Тэр зорилгоо биелүүлсэн үү?
-Зорилго маань биелж л яваа. Жил бүр манай төвийн зохион байгуулдаг “Бичиг соёл” үзэсгэлэнд оролцож буй уран бүтээлчдийн тоогоос энэ нь харагдах биз. 2009 онд 25 хүн оролцсон бол 2010 оны үзэсгэлэнд 70 орчим уран бүтээлчийн бүтээл тавигдсан. Мөн энэхүү үзэсгэлэнгийхээ үеэр “Бийрийн эрдэм” уран бичлэгийн уралдаан зохиодог.
-Монгол хэлний багш маань “Монголын нууц товчоо”-г хуулан бичих даалгавар өгсөн юм. Бид нарт монгол бичиг сургах гэж тэр л дээ. Гэхдээ хичээлийн жил дуусахад бүгдээрээ нууц товчоог хуулан бичсэн ч монгол бичиг сурсан хүн бараг байгаагүй.
-Монгол бичиг зааж буй тогтолцоо нь буруу байх шиг. Хүүхдүүдэд эхлээд хэл зүй, дүрмийг нь заагаад өгвөл амархан сурдаг юм. Зөв заах юм бол энэ бичгийг долоо хоногийн дотор л сурна.
-Долоохон хоногийн дотор сурж чадах болов уу?
-Тийм ээ, чадна. Би өөрийнхөө туршлагаас ярья л даа. Би 11 настай байхдаа аавтайгаа Москва явсан юм. “Нарлаг Монгол” галт тэргэнд өнгөрүүлсэн долоо хоногийн хугацаанд аав надад монгол бичиг заасан юм. Москвад очихдоо монгол бичгээр чөлөөтэй уншдаг болчихсон байсан. Аав маань шашны дээд сургууль төгссөн, лам хүн байсан юм. Сүүлд Чой.Лувсанжав багшаар монгол бичиг заалгаж, намайг ч түүн рүү хөтөлж аваачсан.
Ердөө долоо хоногийн хугацаанд сурна гэдэг миний зохиосон арга биш, багшийн маань дэг сургууль юм.
-Танай сургуулийн ихэнх төгсөгч монгол бичгээ сайн мэддэг юм билээ.
-Намайг оюутан байхад “Хэл иргэншлийн дээд сургууль”-д эхний улирал зөвхөн монгол бичиг заадаг байлаа. Хоёр дахь улирлаас оюутнууд лекцээ монгол бичгээр төвөггүй бичиж сурдаг. Манай сургууль энэ жил уран бичлэгийн үзэсгэлэнгийн танхимтай болсон юм. Чой.Лувсанжавын нэрэмжит уран бичлэгийн уралдааны ялагчдын бүтээлүүд, зураачдын уран бичлэгийг ч тавьсан байгаа.
-Манай каллиграфчдыг гадаадад хэр үнэлдэг юм бол?
-Каллиграф бол 5000 жилийн түүхтэй урлаг. Ази, Европ, Араб гээд дэлхийн бүх л хэсэгт хөгжсөн байдаг. Өнгөрсөн жил БНСУ-д “The III Delphic Games” буюу дэлхийн урлагийн олимп болсон. Тэндээс миний “Уул” бүтээл алтан медаль, мөн “Laurel” шагналыг хүртсэн юм. Тэнд байсан ихэнх хүн европ зүгийн уран бичмэлийг ерөнхийдөө мэддэг юм билээ. Харин манай монгол бичиг тэдний хувьд шинэ зүйл байсан. Их сонирхож байна билээ.
-Таны “Уул” хэмээх бүтээл урлагийн олимпоос алтан медаль хүртсэн юм байна. Манай ард түмэн ч уулыг их шүтэж, дээдэлдэг. Таны хувьд уул гэж юу вэ?
-Зөвхөн миний гэлтгүй, монголчуудын хувьд уул бол хүндэтгэл. Хамгийн том шүтээн. Бидний өвөг дээдэс ч уулсаа “хайрхан” хэмээн нэрлэж, ойролцоо байхдаа нэрийг нт ч хэлэхээс цээрлэдэг байсан шүү дээ.
-Каллиграф зураачид онгод ирдэг болов уу?
- Онгод гэхээр хаа нэгтээгээс гарч ирэх нэг хүч тэр хүнийг хөдөлгөж байж юм хийлгэх болдог. Харин би онгодоос илүү өөртөө итгэдэг. Би өөрийнхөө сурч мэдсэн зүйл, чадвараараа л үүнийг хийж байна. Гэтэл ямар нэг онгод ирээд хийлгэж байгаа гэдэгт итгэдэггүй. Тэгээд ч өөрөө хийж чадахгүй хичнээн олон онгод ирээд яах юм бэ.
-Бусад төрлийн зураач нар өөрийн үзэл бодол, дотоод ертөнцөө зургаараа илэрхийлдэг. Харин та нарын хувьд тийм боломж хомс юм шиг?
- Бийрээр бичихэд ч тухайн хүний сэтгэлгээ, дотоод ертөнц нөлөөлдөг юм. Дотор байгаа зүйл л гадна гарч ирнэ шүү дээ. Миний хувьд, бийр, бэх, цаас гээд бүх хэрэгслээ бэлдээд, яг төвлөрч суудаг. Гадаад ертөнцийн чимээ шуугианаас холдож, зурах гэж буй зүйлдээ л хамаг анхаарлаа тогтоодог. Бусад каллиграфчид ч тийм л байдаг. Бийрээр бичээд ирэхээр сэтгэл санаа ч тогтворжиж, аяндаа тайвшраад ирдэг. Нэг төрлийн бясалгал юм даа. Орчин үеийн энэ нийгэмд техник технологи хурдацтай хөгжиж, хүмүүсийн анхаарлаа хандуулах зүйлс ч ихэсчээ. Гэвч тэр хирээр хүн хоорондын амьд харилцаа алдагдаж, улам л баригдмал болж байна. Хажуу өрөөнд байгаа хүнтэй очоод ярилгүй, мессенжерээр харьцахаа илүүд үздэг болсон байна шүү дээ. Өнөөгийн ихэнх хүний амьдрал ч ажил, гэр, машин, компьютер гэсэн хэлбэрт орж.Гэвч энэ чинь хүний амьдрал биш биз дээ. Дэлхий даяар л ийм болж байна л даа. Харин урлаг л энэ бүхнээс хүмүүсийг аварна. Зөвхөн каллиграф гэлтгүй уран зураг, дуу бүжиг, яруу найраг гээд бүх л төрлийн урлаг хүний оюун санааг тэлж, чөлөөтэй байж чадна.