Saturday, October 2, 2010

Цэнхэр гаригийн цоохор дагуул

Шөнийн дүнсгэр тэнгэр дэх сар ганцаардах мэт ёлтойн оршино. Үй түмэн оддын дундаас хэмжээгээрээ ялгардаг ч түгээх гэрлийн хувьд, тэрүүхэндээ өөрийгөө л болгоно. Цаанаа л нэг гунигтай, дүнсгэр сар зуун зууны турш уран бүтээлчдийн мөнхийн сэдэв болж, заримдаа бүтэлгүй хайр, азгүй дурлалын билэг тэмдэг болох нь ч бий. Нойр хулжсан нэг нь түүнтэй хундага тулгаж, сэтгэлээ хуваалцана.
Тэрхүү ихэмсэг, хүйтэн харагдах сар бол манай гаригийн цор ганц дагуул гэдгийг хэн хүнгүй мэднэ. Түүнчлэн Нарны аймгийн тав дахь гариг, дэлхийг бүтэн тойрох хугацааг бид нэг сар хэмээн тоолж, уг хөдөлгөөнд ажил амьдралаа зохицуулдаг гэдгийг бага ангийн хүүхэд ч хэлэх биз. Харин сарны үүсэл, хөгжил хөдөлгөөн, бүтцийн талаар бид тэр бүр мэдэхгүй. Тэгвэл энэ тухай сонирхуулья.
10.Том тэсрэлт
Сар нь сансрын огторгуйд тохиосон солируудын томоохон мөргөлдөөний үеэр үүссэн хэмээн эрдэмтэд үздэг. Барагцаагаар 4.6 тэрбум жилийн өмнө Марс гариг шиг хэмжээтэй нэгэн том биет Дэлхийтэй мөргөлдсөн гэнэ. Ингээд маш олон жижиг чулуулаг үүсэж, хэт халуунд хайлж, хоорондоо барьцалдсан аж. Хэсэг хугацааны дараа халуун бүхэллэг хөрч, нэгэн том хатуу, цул биет болсноор сансрын тойрог замд орсон байна. Ингэж анх сар хэлбэр төрхөө олжээ.
9. Дэлхийн эрхшээлээр хөдөлдөг
Сар яг л дэлхийтэй адил зүүнээс мандаж, баруунд жаргадаг гэнэ. Өөрөөр хэлбэл, нар болон бусад гаригуудтай адил янзаар хөдөлдөг гэсэн үг.Гэхдээ нарны хурц гэрэл, хурдан хөдөлгөөн нь дагуулаа халхалдаг тул бид сарыг өдөр харж чаддаггүй юм. Нар жаргасан үеэр л сар гардаг нь ийм учиртай. Мөн сар дэлхийг тойрон алгуурхан эргэж байдаг бөгөөд ийм бүтэн эргэлтийг хүн төрөлхтөн нэг сар гэж тооцдог. Нэг сарыг 30 хоног хэмээн тооцдог ч үнэн хэрэгтээ энэ нь 29.5 хоног байдаг аж.
8.Сар ганцхан талтай
Бид сарны зөвхөн нэг л талыг харж чаддаг. Учир нь сарны тэнхлэгээ эргэх хугацаа, дэлхийг тойрох үетэй давхацдагаас шалтгаалдаг байна. Түүнчлэн дэлхийн татах хүчний нөлөөгөөр түүний хөдөлгөөн удааширдаг нь үүнд “нэрмээс” болдог аж.
7.Татах хүчний үйлчлэл сул
Дагуул нь Дэлхий “эзэн”-ээсээ дөрөв дахин бага хэмжээтэй бөгөөд 3474 км диаметртэй. Татах хүчний үйлчлэл дэлхийнхээс зургаа дахин бага. Хэрвээ та сар руу чулуу шидвэл тун удаан хугацааны дараа бууж ирнэ.
6.Хамгийн хол ба ойрхон зай
Сар эргэх явцдаа дэлхий рүү хамгийн ихээр ойртох хэмжээ нь 363300 км зай. Харин хамгийн уртаар холдохдоо 405500 км зайтай болдог. Дэлхий рүү хамгийн ойр зайд дөхсөн үедээ сар жирийнхээс 14 дахин том, 30 хувиар тод харагддаг байна.
5. Нүх болж үлдсэн түүх
Саран дээрх хар толбонууд бол түүхийн нэгэн гэрч гэдэг. Хэдэн сая жилийн өмнөх гаригуудын мөргөлдөөн, тэсрэлт дэлбэрэлтийн ул мөр нь одоо нүх, толбо болон үлджээ. Сүүлийн үед тэрхүү хар толбуудыг зарим эрдэмтэд тэнд амьдрал оршин тогтнож байгаад сүйдсэний ул мөр гэх таамаглалыг дэвшүүлэх болсон. Гэсэн ч энэ нь хараахан батлагдаагүй л байна.
4.Бөөрөнхий биш
Ихэнх хүн сарыг дугуй, бөөрөнхий хэлбэртэй гэж боддог. Харин сар нь зууван, өндөг шиг хэлбэртэй аж. Түүнчлэн сарны төв яг голдоо бус, түүнээс хоёр км зайтай оршдог байна.
3.Анхаараарай! Газар хөдлөлт
“Аполло” хөлгийнхөн сар судлах явцдаа газарзүйн хувьд үхмэл биш гэдгийг нь тогтоосон байна. Саран дээр ч мөн газар хөдлөлт болдог бөгөөд тэрхүү үзэгдэл нь дэлхийн татах хүчнээс шалтгаалдаг. Түүнчлэн сарны гадарга дээр элдэв ан цав гарч, уур савссан байсан нь эрдэмтдийн анхаарлыг татжээ. Сарны цөм дэлхийнхтэй адил халуун учраас ийм үзэгдэл болдог хэмээдэг ч НАСА-гийн 1999 онд хийсэн судалгаа үүнийг үгүйсгэсэн юм. НАСА-гийнхан сарны цөм нийт массынхаа 2-4 хувийг л эзэлдэг болохыг тогтоосон байна. Харин нэгэн эрдэмтэн тэдгээр үзэгдлийг “сарны ирээдүйн үндэс” хэмээн тодорхойлсон нь бий.
2.Далайн түрлэг сартай хүйн холбоотой
Огторгуйд орших сар, газар дээрх далайн давалгаа хоёр салшгүй холбоотой гэнэ. Сарны татах хүч дэлхий дээрх усыг татдаг. Ялангуяа шинэ сар гарах үед далайн түрлэг ихэсч, давалгаа догширдог байна. Мөн дэлхий рүү ойртох үед тэрхүү үзэгдэл ихэсдэг аж. Дашрамд дурдахад, сар дэлхийн энергийг бага багаар сорон авдаг гэдгийг эрдэмтэд тогтоожээ. Үүнээс болж дэлхийн эргэлтийн хурд нэг зуунд 1.5 миллисекундээр багасдаг байна.
1.Чао, Луна
!
Хүн төрөлхтөн саран дээр хөл тавин, судалж, илүү ихийг мэдсээр буй ч сар биднээс бага багаар холдсоор байна. Сар дэлхийгээс авч буй энергээ өөртөө шингээн, “салан тусгаарлахдаа” зарцуулдаг аж. Дөрвөн тэрбум жилийн өмнө бий болох үедээ дэлхийгээс 22530 км зайд оршдог байсан бол алгуурхан холдсоор одоо 450.000 км хүртлээ алслагджээ. Энэ байдал үргэлжилсээр байх юм бол тэрбум жилийн дараа гэхэд нэг сар 40 гаруй хоногтой болж магадгүй. Цаашлаад цэнхэр гаригийн маань бүтэн өдөр одоогын нэг сарын хугацаатай тэнцдэг болох аюултай.

Нууцлаг, мэдрэмжтэй хорхой ба Дашка

Циркийн урлагийн гол төрлийн нэг амьтны үзүүлбэр манайд ховор. Харин тэрхүү ховор үзүүлбэр дундаа мөн ховор амьтан бий нь аварга могой. Жагарын орны “харьяат” тэрхүү могойны эзэн, жүжигчин М.Дашдэндэвтэй ярилцлаа. Тэрбээр могойныхоо тухай “Миний могой, Хайрхан маань...” гээд л дотны андаа хүүрнэх мэт ярьж байсан юм. Магадгүй могой нь түүний хувьд жирийн нэг амьтан бус найз нөхөр мэт байдаг биз.

-Өөрийгөө болон “хамтрагч” могойгоо танилцуулахгүй юу? Анх хэзээнээс эхлэн аварга могойн үзүүлбэр хийх болсон бэ?
-Намайг Дашка гэдэг. “Circus Mongolia Khadgaa” компаны жүжигчин. Харин миний могойг Хайрхан гэдэг. Гурван метр урт, зургаан настай, эм могой. Би 2005 онд Туркт байхдаа могойтоо тоглолт хийдэг байлаа. Ирээд Монголдоо аварга могойтой үзүүлбэр хийе гэсэн санаатайгаар 2007 онд Хайрханыг Энэтхэгээс авчирч, хамт үзүүбэр хийх болсон юм.
-Хайрхан гэхээр нь эр могой байх гэж бодлоо.
-Тийм ээ. Зарим хүмүүс нэрийг нь сонсоод хүйсийг нь андуурах тохиолдол их. Хайрхан гэдэг нэрийг бөө ах маань өгсөн л дөө. Анх могойгоо авчирчихаад гэрийнхэндээ хэлээгүй байсан юм. Гэтэл нэг өдөр “Чи амьтан авсан байна. Их том, урт амьтантай хамт байхыг чинь зүүдэлсэн” гэж ах хэллээ. Би ч могойгоо харуулсан. Тэгэхэд ах маань түүнийг үзээд, “Буян болох сайн амьтан байна” хэмээн Хайрхан гэдэг нэр хайрласан юм.
-Мэргэжлийн амьтан сургагч биш хүн могойныхоо аашийг олоход хэцүү байдаг уу? Яаж ойлголцдог вэ?
-Эхлээд хүндрэлтэй асуудал гардаг байсан ч одоо могойтойгоо сайн ойлголцдог гэж хэлж болно. Мэргэжил гэдгээс илүүтэй мэдрэмж үүнд нөлөөлсөн болов уу. Тэгээд ч могойг сургах биш дасгана л гэж ярьдаг юм. Уурласан үедээ хамаг булчингаа чангалж, хөдөлгөөн нь хурдасаад ирдэг. Харин тайван байхдаа хөдөлгөөн нь удаавтар, зөөлөн болчихдог юм. Ер нь могой бол их нууцлаг амьтан. Нүүрний хувирал байхгүй. Хөдөлгөөн нь хурдан эсвэл удаан. Яах гээд байгаа нь мэдэгддэггүй. Гэсэн ч хамт байсаар мэдэрдэг болж.
-Гадаад руу аялан тоглохдоо Хайрханаа хамт авч явдаг уу?
-Амьтныг хил гаргах асуудал хүндрэлтэй байдаг тул үлдээгээд л явдаг.
-Санадаг уу?
-Бүр зүүдэлдэг гээч.
-Могой зүүдэнд чинь юу гэж ярьж байх юм?
-Ярьж байгаагаар зүүдэлж үзээгүй юм байна. Зүүдэнд орж ирэхдээ ихэвчлэн хөл, гарнаас зулгааж эсвэл ороосон байгаа нь харагддаг. Өглөө нь Монгол руу ярьж асууна. Яг л миний хүүхэд шиг болчихсон амьтан даа. Мөн хамаагүй юм идүүлж болохгүй. Долоо хоногт 3-4 туулай л өгнө. Туулайгаа тусгай газраас захиалж авдаг. Хэрвээ миний могой өвдвөл энд эмчлэх газар байхгүй. Боломж олдвол дахин нэг могой авчруулах санаа байна. Хань болох амьтан авчрахгүй бол Хайрхан маань ганцаардаж байгаа байх.
- Могой авчрахад үнэтэй байдаг биз?
-Тэгэлгүй яахав. Гурван жилийн өмнө Хайрханыг 10 мянган доллараар авч байсан. Одоо бол үнэ нь өссөн байх.
-Монголын үзэгчдэд аварга могой тун сонирхолтой үзүүлбэр. Нижигнэсэн алга ташилт, танхимын уур амьсгал та хоёрт яаж нөлөөлдөг вэ?
-Миний хувьд шар үс босох шиг л болдог. Харин Хайрхан тайван л байдаг. Үзэгчдийн хувьд нэг зүйл хэлэхэд, хот хөдөөний үзэгчид ялгаатай байдаг юм билээ. Хотынхон бол зурагтаар аварга могой олон харсан, зарим нь гадаадад бодитоор үзсэн байх жишээтэй. Харин хөдөөний үзэгчид тийм том могой харж байгаагүй учраас их сонирхож, хошуурцгаадаг. Могойг лусын амьтан хэмээн их хүндэлдэг нь анзаарагдсан. Нэг сонирхолтой зүйл ярихад, орон нутагт тоглолтоор явж байхад тэндхийн хүмүүс ирээд “Хорхой үзье” гээд салдаггүй. Гэтэл зарим нутагт могойн нэрийг “хорхой” гэж цээрлэн хэлдэг нь тэр байсан юм билээ.
-Чи могойноос өөр ямар үзүүлбэр үзүүлдэг вэ?
-Би анх 11 настайдаа циркт ирж байлаа. Г.Батбаатар багшаар акробат, тэнцвэр заалган хийдэг байсан. Одоо циркт ажиллаад 13 дахь жилдээ оржээ. Сүүлийн хэдэн жил акробатаас гадна жонглёр, могойтой үзүүлбэр хийж байна даа. 2011 онд 11 бөмбөгтэй жонглёр хийж, Монголын циркийн дээд амжилтыг тогтоох зорилготой байгаа. Өмнөх нь есөн бөмбөг байсан юм.
-Циркийг урлагын хүнд хэцүү төрөлд багтаадаг. Тэгвэл эндээс чи юу олж авсан бэ?
-Сурч эхэлж байхад бие хатуу, хөшүүн, сунгалтаа хийж чадахгүй байх, багшдаа загнуулах зэргээс болж уйлах үе олон тохиолдоно. Тэглээ гээд муу юм юу ч болоогүй. Харин ч тэсвэр тэвчээртэй, хатуужилтай болдог юм шиг. Түүнчлэн цирк, тэр дундаа акробат бол биеийн хүчийг урлаг, гоо зүйтэй хослуулдаг төрөл. Тиймээс юмны арга эвийг олох тал маань хөгжсөн болов уу.
-10 жилийн дараах Дашкаг дүрслэхгүй юу?
-Өөрийгөө циркийн салбартаа томоохон амжилт гарган, зорилгодоо хүрч, олонд танигдсан Дашка болно гэж төсөөлж байна даа.

Хуучны эд харахаар сэтгэл гижигдээд, нойр хүрдэггүй

Цаг хугацаа бүхнийг өөрчлөнө гэдэг. Тэгвэл цаг хугацааны уртад үл өөрчлөгдөн, үнэ цэнэ нь нэмэгдсээр байдаг зүйл бол хуучны эдлэл. Эртний түүх өгүүлэхийн сацуу урлагийн хосгүй бүтээл болдог нь түүнийг үнэтэй болгодог. Тэрхүү нандин өвийг цуглуулдаг уран барималч, урлаг судлалын ухааны доктор С.Бадралтай ярилцлаа.

- Юуны учир, хэзээнээс эхлэн эртний эдлэл цуглуулах болсон бэ?
-Миний буурал аав судар ном мэддэг, цуглуулдаг хүн байсан юм. Битүүний өдөр шоголтой ном, даллагын уут, дорхоо гаргаж ирнэ. Буурал ээжийн маань гоёл, шүр сувд их байдаг. Хүүхэд байсан болохоор тэр гоё юмыг их л сонирхдог байж. Тэндээс хугархай хөлтэй болор үхэр гарч ирж байсныг мартдаггүй юм. Нүүдэл суудлын үеэр тэр үхэрний хөл нь хугарсан болов уу. Буурал аав ээж хоёрыг өрх тусгаарлахад 100 үхэр тасалж өгч л дээ. Харин тэр болор үхэрний хөл хугарснаас хойш манайх үхэргүй болсон.
Дараа нь Санкт-Петербургт оюутан байхдаа тэр үхрээ бодоод, хүрлээр жижиг үхэр цутгасан юм. Тэр үхрийг хийснээс хойш л энд тэндээс надад судар ном орж ирээд л , хуучны юм цуглуулах хүсэл төрсөн. Буурал аавын минь буян хишиг болов уу.
-Оюутан хүн, тэгээд хаалттай нийгмийн үед хаанаас судар ном цуглуулдаг байв?
-Санкт-Петербург бол Оросын төдийгүй Европын соёлын өв болсон хот шүү дээ. Тэнд хуучин ном, гар бичмэл, эртний эдлэлийн дэлгүүр ч олон байдаг байлаа. Тэндээс янз бүрийн хуучин ном худалдан авч энд авчирч зарна. Эндээс судар, эртний сийлбэр авна. Тэр үед ардчилал ч
гарч, хүмүүс хуучны юмаа авдарнаасаа гаргаж, зах дээр зарна. Тэрүүгээр явж үзнэ. Гандан тойроод эртний эдлэлүүд зардаг жижиг мухлагуудаас бас юм авна, солилцоо хийнэ.
-Ардчилал монголчуудад шинэ боломжуудыг нээж өгсөн. Цугуулагчдад ч бас их үүдийг нээж өгчээ?
-Авдрандаа ялзарч, эсвэл үр хүүхэд нь үрэн таран хийж, мэдэхгүй нэг нь галд шатааж байсан тэр эдлэлүүдийг ардчилал л ил гаргаж ирсэн. Ингээд гар хөл нь салсан сэвтэй бурхан, монгол бичгийн тасархай хуудас үнэ цэнэтэй болж цуглуулагчдад, музейд ирж байна. Судалгаа шинжилгээний чухал өв болж байна. Хэрвээ ардчилал гараагүй бол “Хүргэн хүү” кинон дээр хамаг мөнгийг нь хулгана мэрчихдэг шиг л юм болно шүү дээ.
-Эд нь хэврэг, эзэн нь мөнх байг гэж хэлдэг ч бодит байдал дээр эсрэгээрээ байдаг. Эд нь эзнийхээ тухай хэлж өгч, өнгөрсөн түүхийг өгүүлдэг. Тэгэхээр хуучны эдийн хувь төөргийг цаг хугацаа атгадаг байх нь ээ?
-Монголчууд хүн цөөтэй, хүний мөрөөсөл болсон ард түмэн. Тиймдээ ч эзэн нь мөнх, эд нь хэврэг гэдэг байж. Ер нь монголчууд сайн сайхан юм хэрэглэж явбал сүнс нь баярлана гэж үздэг байсан. Эхнэр хүний толгойн гоёл гэхэд л ямар их шүр, сувд, үнэт чулуунаас бүрдсэн байдаг билээ. Сайн хүний эдэлж, хэрэглэсэн зүйлс он цагийн шалгарлыг давж эргээд үр хүүхдэд нь өвлөгдөж, буян хишгээ хайрладаг. Цаг хугацаа улирах тусам үнэ цэнэ нь улам нэмэгдэж байдаг.
-Фенг Шуйн үүднээс үзвэл хуучин юм, нас барсан хүний эд муу энергитэй ч гэдэг. Та тэр тухайд юу хэлэх вэ?
-Болох болохгүйн ёс бидэнд эртнээс байсан. Гэрээ яаж барих , авдар саваа хаана нь тавих, туглын зэлээ хаана татах, тэр ч байтугай дээл хийхдээ хүртэл тухайн хүний жил, мэнгэнд тохируулж өнгийг нь сонгодог байж. Одоо л хятадаар нэрлэсэн юм гарч ирээд байгаа болохоос бидэнд эртнээс байсан юм шүү дээ. Хуучны эдийн тухайд, буянтай, зөв хүний эд зүйлд сайн энерги шингэж, дараа нь хадгалж байгаа хүндээ ч хишиг болдог юм. Нэг их цэрвэх хэрэггүй л дээ. Харин шарил ухаж, хулгайлж, зальдаж авсан юм бол муу. Буруу гараар орсон зүйл эргээд юм болдог ч үгүй.
-Тэгвэл таны цуглуулга руу халдсан тохиолдол байна уу?
-Хойно сурч байхад гэрлүү үл бүтэх этгээдүүд орсон байсан. Гэхдээ долоо хонолгүй баригдаж, шийтгэлээ хүлээсэн. Миний юмнууд ч эргээд олдсон. Бурхны, хуучны юм хулгайлвал заавал илэрдэг юм гэнэ лээ. Хуучны эд, судар ном цуглуулдаг хүмүүс тарнийн шидийг ч мэднэ. Хулгайг хорисон тарни хүртэл байна. Олон мянган жилийн туршлагаар баталсан, эртний судар номд хүртэл оруулсан байгаа зүйл хүчтэй байлгүй яахав. Хүн сүсэг бишрэлтэй байх хэрэгтэй. Бурханд итгэж биширч явснаар ажил үйлс нь ч өөдлөн дэвжинэ.
-Хообийг нэг төрлийн дон гэдэг. Жишээ нь цуглуулгадаа нэмэх зүйлээ авч байж санаа нь амрах, тэндээсээ сэтгэлийн ханамж авна. Таны хувьд ч тийм байдаг уу?
-Тэгэлгүй яахав. Хуучны сайн эд харвал, сэтгэл гижигдээд, нойр хүрэхгүй шүү дээ. Авч байж л сална. Хуучны ховор эд цуглуулна гэдэг өөрт сэтгэлийн таашаал өгөхөөс гадна улс орон, хойч үедээ ч тусалж байгаа хэрэг. Гадаад руу гаралгүй эндээ үлдэж, хадгалан хамгаалж байна. Түүхийн музейд ч хандивладаг.
-Эртний эдлэл нь түүх, соёлын өв болохоос гадна урлагийн бүтээл. Тийм үү?
-Тийм. Гэхдээ хуучны эд бүхэн урлагийн бүтээл биш. Дахин давтагдашгүй хийц загвар, ганц хувь байвал сая урлаг болно.
-Та цуглуулгаа яаж баяжуулдаг вэ, солилцоо хийх, худалдах хэрэг гардаг биз?
-Хообий, цуглуулга гэдэг нэг талаас сонирхол, нөгөө талаас арилжаа, наймааны урлаг. Би л цуглуулдаг гээд хав дараад суухгүй шүү дээ. Тэр зүйлсээ хөдөлгөөнд оруулж байж баяжиж, шинэчлэгдэнэ. Эзнийхээ амьдралыг ч өргөнө.
-Та гадаад улс руу их явсан хүн. Гадаадын цуглуулагчидтай холбоотой байдаг уу?
-
Гадаадад очоод тэр улсын том музей, эртний эдлэлийн дэлгүүрээр явна. Цуглуулагчидтай уулзана, солилцоо хийнэ. Сүүлийн үед монголд гэлтгүй гадаадад хуучны эдийн дууриамал олширчээ. Хятадад яг адилханыг хийгээд л , тэр хэрэггүй юмнууд дэлхийгээр нэг тарсан байна. Мэдэхгүй хүмүүс худалдаж аваад л. Монголын гааль дээр ч гэсэн асар олон хуучны эдлэлүүд хурааж байгаагийн ихэнх нь хуурамч бараанууд байна шүү дээ. Хуурамч гэдгийг нь хураалгасан нь ч , хураасан нь ч мэдэхгүй хайран мөнгөө юу ч үгүй болгож байна. Гаалийнханд зориулж урлагийн бүтээл таних, ялгах сургалт явуулах хэрэгтэй дээ.

Сансар эрхэс биднийг захирдаг

Далд ухаан, нууцлаг, тайлагдашгүй зүйлс хэн бүхний анхаарлыг татдаг. Гэхдээ нүдэнд үл үзэгдэж, гарт баригдамгүй юмыг худал хэмээгчид олон. Тэгвэл тэрхүү оньсогыг тайлж, нууцын чанадыг судалдаг Д.Төмөртогоо гуайтай ярилцлаа. Уг мэргэжил нь эдийн засагч ч сонирхолдоо хөтлүүлэн психотроникийн салбарыг судлах болсон гэсэн.Тэрбээр “Монголын психотроникийн хүрээлэн”-гийн тэргүүн юм.

-Эгэл мэдрэхүйн цаадхыг судлах болсон учир тань юу вэ?
-Миний аав дээд талын таван үеэсээ, ээжийн талынхан гурван үеэсээ хүн эмчилдэг, “отчийнхон” гэж нутагтаа нэрлэгдсэн хүмүүс байсан гэдэг. Ардын ухаан, нарийн мэдрэхүй нь хөгжсөн хүмүүс байсан юм. Түүнээс л удамшсан болов уу. Оюутан байхад ч тулгасан хуруу, толгойн өвчин гээд ойр зуурын юмыг анагаадаг болсон л доо. Тэрнээс биш би энэ салбар руу орно, судлана гэж зүтгэсэн юм байхгүй. Нэг л мэдэхэд психотроникийн ухааныг сонирхдог болсон.
-Хүүхэд хэн болохоо өөрөө шийдэх эрх нэлттэй болж. Гэтэл хүссэн, хүсээгүй эцэг эхийнхээ мэргэжил, сонирхлыг өвлөх тохиол олон байдаг нь ямар учиртай юм бол?
-Эхийн хэвлийд байхаас л хүйн холбоогоор дамжин, өсөх цагаас мэдэрч байсан зүйлс нөлөөлдөг болов уу. Манай хүүхдүүдийн дунд гэхэд гурван эмч, эмнэлгийн мэргэжлийн таван хүн байна. Үндэсгүй цэцэг гэж байдаггүй биз дээ.
-Психотроникийг тайлбарлаж өгөхгүй юу? Сүүлийн үед манайд эзотерик, парапсихологийн ухаан нэлээд дэлгэрч байх шиг?
-Психотроник, эзотерик, парапсихологи гээд нэр томьёо нь өөр өөр болохоос биш угтаа нэг утгыг л илэрхийлдэг. Харах, сонсох, үнэрлэх, амтлах, хүрэлцэхээс гадна сэтгэн бодож мэдрэхийг зургаа дахь мэдрэхүй гэж байгаа юм. Цаана нь бас долоо, найм, ес дэх мэдрэхүй ч бий. Тэрийг “билгийн чанад” гэж хуучин нэрлэдэг байж. Энгийн түвшний оюунаас цаана байгаа үл мэдэгдэх зүйлийг судалдаг гэсэн үг. Эд нар бүгд хүний таван мэдрэхүйгээс гадна оршдог юмсыг судлах, танин мэдэх, хэрэглэх ухаан юм л даа.
-Хүн зөвхөн өөрийн харсан, хүрснийгээ л бодит гэж үздэг. Гэтэл далд, тайлагдашгүй зүйлийг судлана, тэрийг бусдад хүргэнэ гэдэг хэцүү байх даа?
-Хүн мэдээллийнхээ 90 хувийг нүдээр авдаг гэдэг. Гэтэл нүд бол их л муу багаж шүү дээ. Зөвхөн хурд, гэрлээс хамаарч л ажилладаг. Зөвхөн шөнө гарч ирдэг сонин сонин амьтад, онгоцны сэнсний хөдөлгөөнийг ч юмуу бид харж чадахгүй. Тэгэхээр нүд гэдэг бүхнийг харуулж чадахгүй байгаа биз? Тэгтэл түүгээр нийт мэдээллийн талаас илүү нь орж ирж байна. Тиймээс өөрийн хараагүй, бариагүй зүйлдээ үнэмшихгүй байх, худлаа гэх үзэл олонтаа тохиолддог. Үзэгдэхгүй юмыг үгүйсгэдгээ л болих хэрэгтэй. Тэдгээрийг эсэргүүцнэ гэдэг мэдлэг нимгэн байгаагаа л илтгэж буй хэрэг шүү дээ.
-Мулдашевийн номд бичсэнээр тав дахь иргэншлийн хүмүүс бид өмнөх үеийнхнийхээ хаана нь ч хүрэхгүй гэдэг.
-Тийм. Биднээс өмнөх иргэншлийн сиймгэр, сүнслэг, том биетэй хүмүүс аливаа зүйлийг зүгээр хараад өнгөрөх төдийгүй цаад талыг нь нэвт ширтэж, учир начрыг нь тунгаах чадвар гоц байсан байна. Тэрчлэн далд мэдрэхүй, билгийн нүд нь гайхамшигтай сайн ажилладаг байж. Түүхийн явцад бүх зүйлс нягтаршиж, бие биетэйгээ ойртон, хүмүүс ч жижиг биетэй, ухаан мөчид болж хувирсан гэдэг юм.
-Хүн төрөлхтний буруу үйлээс болж ийм болсон болов уу?
-Жамаараа л болсон зүйл. Хүн бүхнийг захирдаг гэдэг ч үнэн хэрэгтээ өөрийн амьдрал, өдөр тутмын асуудлаа нааш цааш болгохоос хэтэрдэггүй. Харин жинхэнэ захирагч нь сансар эрхэс л байдаг юм. Бид од гариг, дэлхий нарны хөдөлгөөний эрхшээл дор амьдардаг. Тэдгээрийн нөхцөл байдлаас л бүх зүйл шалтгаална.
-Тэгвэл зурхайтай холбогдох нь ээ. Зурхайг шинжлэх ухаан ч гэдэг, шашин ч гэдэг. Таны хувьд аль нь вэ?
-Зурхай бол шинжлэх ухаан. Жишээ нь хоногын талыг өдөр, үлдсэнийг шөнө эзэлдэг. Зуд, ган, цас бороо ч тэнгэр эрхэсийн орчилоос хамаардаг. Тэгвэл энэ бүх үзэгдлийг хүний амьдралын хэмнэлтэй тааруулж, зохицуулах нь шинжлэх ухаан болж байгаа юм.
-Зуд, ган, дэлхийн дулаарал хүний буруу үйл ажиллагаанаас болж байна. Харин та тэдгээрийг хүнтэй холбоогүй гэж үздэг хэрэг үү?
-Нөлөөтэй нь нөлөөтэй л байх. Гэхдээ дулаардаг, хүйтэрдэг нь дэлхий жамаараа л явж буй хэрэг. Мөстлөгийн үе болсонтой адил дэлхийн уур амьсгалын нэг мөчлөг нь энэ. Тэрнээс биш зургаан тэрбум хүн нийлээд, бүх дэлхий, хамаг амьтныг сүйрүүлнэ гэдэгт би л хувьдаа итгэдэггүй.
- Далд мэдрэхүйн ухаанд өрнө, дорнын ялгаа хэр байдаг юм бэ?
-Дорнын хувьд, хүн ямар нэг багаж хэрэгсэлгүйгээр өөрийн чадвараар бясалгаж, билгийн чанад хүрэх нь түгээмэл. Рентген туяагүйгээр л хүнийг нэвт харах чадвартай. Харин өрнийнхний хувьд техник, компьютерийн хөгжилд түшиглэн нүдэнд үл үзэгдэх зүйлсийг гаргаж ирэх нь элбэг. Жишээ нь гэрлэн биеийн бүрхүүлийг шалгах багаж л гэхэд Европт илүү түгээмэл байдаг. Гэхдээ хүн төрөлхтнийг заавал хоёр туйлд зааглаж хуваах хэрэггүй. Нэг л дэлхий шүү дээ.
-Монголчуудын хувьд ямар байх вэ?
-Манай ардын заншилд био энерги буюу амин цэнэгийн учир холбогдлыг сайтар мэдэж, ажил амьдралдаа хэвшүүлсэн зүйл олон байж. Монголчуудын зан заншил, ёс төр гэдэг ерийн мэт ч шинжлэх ухааны гүн үндэслэлтэй байдаг. Тухайлбал хүнд зөв гараараа цай аягалж барьдаг. Нөгөө хүнээ хүндэлсэн нэг хэлбэр л дээ. Харин энергийн талаас авч үзвэл баруун гар эерэг, зүүн гар сөрөг цэнэгтэй байдаг. Гадаа тавьсан зүйлсийг гэрт хонуул гэдэг. Өдрийн нарны гэрэлд зөв энерги хуримтлуулсан зүйлс шөнө сөрөг энерги шингээдэг гэдгийг ухаарч мэдсэн хэрэг байгаа биз.
-Зөн билгийн тулаан Монголд хоёр удаа боллоо. Шүүгчийн зүгээс харж байхад манайд жинхэнэ зөн билэгтэн байна уу?
-Монголд далд мэдрэхүй нь хүчтэй хөгжсөн, жинхэнэ зөн билэгтнүүд байгаа. Гэхдээ хамгийн шилдэг, сайн хүмүүс нь тэр тэмцээнийг тоогоогүй. Дунд, доод түвшний мэдрэхүйтэй хүмүүс л оролцсон.
-Өнөөдөр техник технологи ид цэцэглэж байна. Тэгвэл хүний далд мэдрэхүй, дотоод чадварын хөгжил судлаач хүний нүдээр харахад хэр байна вэ?
-Зарим нь үхэр тэрэг хийж, нөгөө хэсэг нь нисдэг машин зохион бүтээж байна. Харин хүний сэтгэлийн чадвар өгүүлшгүй дээд. Онцгой чадвараа хөгжүүлсэн хүмүүс газраас хөндийрч, тэр байтугай уг байрлалаараа шавь нартайгаа уралддаг юм. Ихэнх хүн үнэмшдэггүй л дээ.
-Зөгнөлт зохиолд л тийм юм гардаг.
-Үг байгаа газар үйл байна. Хэрвээ дүрсэлж, бичиж, үзүүлж байгаа бол оршдог л гэсэн үг.

Sunday, September 12, 2010

Шуурхайлан

“Анхаараарай, анхаараарай! Араатан амьтад гарч ирэх гэж байна” хэмээн хөтлөгч зарлахад үзэгчид юу гарч ирэх бол хэмээн битүүхэн түгшин, хүлээв. Харин хөшиг нээгдэн, амьтад гарч ирэхэд үзэгчид нир хийтэл инээн, танхим дүүрэн хөгжөөн болов. Учир нь үзэгчдийн хүлээсэн араатнууд бус таван галуу зэрэгцэн гарч ирсэн юм. Хүмүүс тэднийг өхөөрдөн, хүүхдүүд сониучирхан шохоорхож байлаа. Галуунууд манеж тойрон алхаж, байрлуулсан шонгуудыг эвлэгхэн тойрч, тоглосон нь хүн бүхний хайрыг татан, зарим хүн бүр “эгдүүтэй золигнууд вэ” хэмээн дуу алдах нь сонсогдсон.
Монгол, ОХУ, Японы циркчдийн хамтарсан “Цирк ба амьтан” тоглолт ийнхүү эхэлсэн юм. Зөвхөн хүүхэд гэлтгүй томчуудын сонирхлыг ч татдаг сургуультай амьтны үзүүлбэр уг тоглолтын цөм болсон. Тиймээс ч танхим дүүрэн хүн цугласан байсны ихэнх нь багачууд байлаа. Тоглолтын эхний хэсэгт араатан амьтад хэмээн галуудад “хуурагдсан” үзэгчид удалгүй хүссэн үзүүлбэрээ үзсэн юм. Надежда Такшантовы хэмээх бүсгүйгээр удирдуулсан баавгайнуудын тоглолт энэхүү өдрийн хамгийн сонирхолтой үзүүлбэр байв. Баавгайнууд сагс тоглож, бөмбөг өнхрүүлэн, нохойнуудтай хүртэл хамт тоглолт хийн үзэгчдийг хөгжөөсөн. Монголд “аялан тоглолт” хийж буй тэдний дунд циркийн үзүүлбэрт хамгийн өндөрт ордог 2.8 м өндөр баавгай ирсэн байлаа. Түүнчлэн дэлхийд ганцхан байдаг “Нисдэг баавгайн үзүүлбэр” үзэгчдийн адреналин дааврыг ихэсгэсэн болов уу. Ямар ч хамгаалалтгүй, ердөө хоёр гараараа өргөгч төмрийг барин, өндөр хурдтайгаар агаарт эргэлдэж байсан баавгайг уначих вий хэмээн айсан, гайхалтай хэмээн биширсэн харцаар үзэгчид харж байсан юм.
Сургуультай амьтдаас гадна Японы алиалагч Дастар Тэрүо, Оросын Пончик, Монголын З.Энхтөр нар “элэг хөшөөх” ажлаа “онц” үнэлгээтэй гүйцэтгэв. Мөн “Хүч тамирын гайхамшиг”, “Агаар дээрх уран нугаралт”, “Шидэх банзнаас үсрэгчид” гээд авхаалж самбаа, эрч хүч шаардсан үзүүлбэрийг Монголын циркчид толилуулсан бөгөөд догдлол, хөөр баяр, алга ташилтанд умбасан уг тоглолтын үзэгчид сэтгэл дүүрэн буцсан биз ээ.



Sunday, August 29, 2010

Эмэгтэйчүүд илүү хүчтэй хайрладаг




“Гэрийн хажуу дахь зам” кинонд улаан хацартай хөдөөний охины дүрээр гарч ирэн, “Гэтэгч бар, нуугдагч луу”-гаар олонд танигдан, “Гейшагийн дурсамж”-ийн Саюригийн дүрээр кино ертөнцөд өөрийгөө тамгалсан жүжигчин бол Жан Зы. Тэрбээр Бээжингийн бүжгийн академид 11 настайдаа элссэн ч , 17-тойдоо бүжигчний биш жүжигчний замналыг сонгосон гэдэг. Хятад төдийгүй дэлхийд алдартай Жан Зы 2006 оны “Канны кино наадам”-д шүүгчээр оролцож байсан нь зүгээр нэг хөөрхөн царай бус авьяас чадвар, ухааны цараатайг нь илтгэх биз. “Time” сэтгүүлд өгсөн түүний ярилцлагыг хүргэж байна. Тэрбээр “Time”-ийн сэтгүүлчтэй ажил, амьдралын замнал, аз жаргалын тухай ярилцжээ.

-Багадаа та их танхил охин байсан юм шиг ээ?
-Үгүй дээ. Би 11 настай байхдаа л сургуульд сурахаар гэрээсээ хол явсан шүү дээ. Өглөөний таван цагт босож, 23.00 цагт унтах хүртлээ бэлтгэл сургуулилалтаа хийж, хажуугаар нь хичээлээ давтдаг. Хүүхэд байхдаа өөрөөсөө шалтгаалах бүх зүйлийг хамгийн сайн хийхийг хичээдэг байлаа. Эцэг эхдээ хамаг юмаа даатган, найдахыг хүсдэггүй. Миний хувьд, сургуулийн жилүүд хүнд бэрх нөхцөлд өнгөрсөн. Учир нь тэндхийн охидын дунд ширүүн өрсөлдөөн үргэлж болдог байв. Сургуульд эзлэх байр суурь, манлайлал, багш нарт таалагдах гээд л олон асуудал бий. Гэвч атаа хорсол, хов жив зэрэг нь миний зан чанартай үргэлж харшилдаг байсан.
-Тэгээд үүний эсрэг ямар нэгэн зүйл хийсэн үү?
-Үнэнийг хэлэхэд, би 13 настайдаа сургуулиасаа оргож байсан юм. Багш нар, цагдаагийнхан намайг хайсан ч олоогүй. Харин би сургуулийнхаа ойролцоох бяцхан төгөлд нуугдаж, тэндээ унтчихсан байсан. Ээж маань ирж, намуухан хоолойгоороо нэрийг минь дуудахад л тэндээс гарч ирсэн.
-Та одоо ч гэсэн эцэг эхээсээ зөвлөгөө авдаг уу?
-Аав ээж маань надад бүхий л сайн сайхныг хүсдэг. Гэвч тэд өөр хүмүүс учираас би нэг их зөвлөгөө авдаггүй. Харин хамгийн сайн найз Жан И Моугаасаа олон зүйл сурч, туслалцаа авдаг.Тэр тун хурц ухаантай, мэдрэмжтэй басхүү зөөлөн хүн.
-Хэрвээ найзуудын тань нэгнээс ярилцлага авч байсан бол тэд таныг юу гэж тодорхойлох бол?
-Би Хятадын хойд нутгийн хүмүүстэй адил зантай. Тэд эрс шулуун үгтэй, жаахан хатуу. Найз нар маань энэ л тухай ярих биз.
-Та жүжигнээс өөр замаар явж болох байсан уу?
-Ёстой үгүй. Жүжигчин бол надад яг таарсан мэргэжил. Олон хүн амьдралынхаа турш өөрт таарах ажил хайсаар насыг бардаг. Мөн дургүй зүйлээ байнга хийдэг хүмүүс ч байна. Тэгвэл би өөрийнхөө байх газрыг олж, зөв цэгээ олсон учраас их азтай хүн. Үүнээс өөр ажил хийнэ гэж хэзээ ч бодож байгаагүй.
-Хамгийн анх тоглосон “Гэрийн хажуу дахь зам” киногоо дурсана уу. Тэр үед та ямар ч туршлагагүй, залуухан байсан.
-
Үнэхээр хүнд даваа байсан. Тэр киноны нэг зургийг 35 удаа авч байсан гээд боддоо. Гэхдээ маш их хөдөлмөрлөж авсан тэр хэсэг кинонд гардаггүй юм. Монтажилчихсан. Би шинэ жүжигчин учраас киноны багийнхан, найруулагч гээд бүгд л надад эргэлзэж, сонжиж байгааг мэдэрдэг байсан. “Гэтэгч бар, нуугдагч луу” кинонд тоглоход ч яг тийм байсан. Мөн л туршлагагүй шинэ жүжигчин гэдэг үүднээс харж байлаа. Бага зэрэг дарамттай, хэцүү байсан ч бүхний эргэлзээг үгүй хийж, хамгийн сайн байхыг л хичээсэн дээ.
-Анхны киноны хамгийн их таалагддаг хэсэг нь юу бол?
-Киноны төгсгөлд удаан хугацаанд өвдсөний эцэст би нэг өдөр сэргэдэг юм. Тэгээд ээж нь түүнд хайртай залуу нь ирээд явсныг хэлдэг. Бүх л шөнө хажууд нь сууж, гарыг нь атган хоносон тухай хэлдэг. Яг тэр үед Жао Дигийн хацрыг даган нулимс урсдаг. Энэ хэсгийг би хэзээ ч мартахгүй.
-Өөрийн тоглосон киног үзэхэд ямар санагддаг вэ?
-Эхний хэсэгт зураг авалтын үе, найруулагчийн зөвлөгөө, хажууд байсан хүмүүс гэх мэтээр санаанд буудаг. Мөн тэр кинонд тоглох санал авч байсан үе, бэлтгэл зэргийг дурсдаг. Тэгээд нэг л мэдэхэд энэ бүхнийг мартаад кинондоо орчихсон байдаг.
-Таны тоглосон олон кинонд гардаг шиг хүнд бэрх нөхцөлд хайртайгаа учирвал яах вэ?
-Хамт амьдарч болохооргүй хоёр хүний хайр... Хэн нэгэнд дурлахад тэр хүн зүрх сэтгэл, тархи, оюун ухаан гээд биед нэвт шингэчихдэг шүү дээ. Тэр үед хайрыг зогсоож болно гэж үү. Гэхдээ өнөөгийн нийгэм илүү нээлттэй болсон. Миний бодлоор эмэгтэйчүүд илүү хүчтэй хайрладаг юм шиг ээ. Тэд хайртай хүнийхээ төлөө бүх зүйлийг, бүр өөрийгөө ч золиослоход бэлэн. Харин эрчүүд жинхэнэ хайртайгаа учирсан ч өөр бүсгүйтэй болзож л байдаг.
-Ихэнх хүн Хятадад амьдрах нь торонд орж, занганд унасан мэт төсөөлдөг. Таны хувьд ямар байдаг вэ?
-Хятад хэдийгээр коммунист дэглэмтэй орон ч энэ нь ертөнцөөс тусгаарлагдана гэсэн үг биш шүү дээ. Зарим нэг хориг байдаг ч интернэт сайн хөгжсөн. Дэлхий дахины бүх л мэдээллийг Хятадын иргэд авч чаддаг. Тэгээд ч сүүлийн үед манай улс итгэмээргүй хурдан хөгжиж, хувьсаж байна.
-Та бол Хятадын нэрийг дэлхийд гаргаж буй гялалзсан жүжигчин. Гэтэл тантай эх орон нэгт зарим жүжигчин нэр алдарт тань таатай ханддаггүй байх аа?
-Залуугаараа амжилттай явж байгаа маань зарим хүний уурыг хүргэдэг байх. 20 жил энэ салбарт зүтгэсэн ч одоо хүртэл нэрийг нь хэн ч мэдэхгүй хүн олон л бий. Гэхдээ элдэв хов живд анхаарлаа хандуулалгүй, урдах ажлаа хийх нь миний зарчим. Сайн хийсэн бүтээлүүд маань тэрхүү хов живийг тас цохиж, чадвар чансааг минь нотолно.
-Таны талаар хүмүүс тэр бүр мэдэхгүй зүйлийн тухай ярих уу?
-Олон хүн намайг “Аз гийсэн” бүсгүй гэж боддог. Үнэн хэрэгтээ миний ололт, амжилт зүгээр нэг тохиолдол биш юм. Маш их хөдөлмөрлөж, олон зүйлийн эсрэг сөрж, тэмцсээр өдий хүрсэн. Үүний тулд ямар их хөлс, цус, нулимс асгарсныг хэн ч мэдэхгүй.
-Өнгөрсөн үе рүүгээ харахад, баллуурдчихмаар зүйл байдаг уу?
-Би 30 нас хүрчихлээ. Кино урлагийн салбарт ажилласан 10 жилийн хугацаанд сайн, муу олон зүйлтэй учирсан. Гэхдээ сайн нь ч, муу нь ч надад туршлага болж, том сургамж өгсөн. Одоо сөргөлдөөн, хэрүүл маргаанаас зайлсхийдэг болсон.
-Америкт анх хэзээ ирж байлаа?
-1999 онд. Тэгэхэд 19 настай байсан. Хамгийн түрүүнд “жинхэнэ” МакДональдст орохыг хүсэж билээ.
-Хятадад очиход Америкт байхаас хэр ялгаатай вэ?
-Хятадад байхдаа илүү тайван байдаг. Яагаад гэвэл тэнд папарацциуд байнга дагаад байдаггүй юм.
-“Гейшагийн дурсамж” кинонд хятад хүн япон эмэгтэйн дүрийг гаргах хүндрэлтэй байсан уу?
-Огтхон ч үгүй. Өөр өөр хүний дүрд хувирна гэдэг жүжигчний ажил шүү дээ. Харин хэлний хувьд жаахан хүндрэлтэй байсан.
-Англи хэлээр ярьсан анхны кино юу?
-Тийм ээ. Энэ кинонд тоглохоос өмнө хоёрдогч хэлээр жүжиглэх маш хэцүү хэмээн хүн надад хэлж байсан. Би ч тэр үгэнд үнэмшсэн л дээ. Гэхдээ тоглох дүрийнхээ гүнд нэвтэрч, өөрийгөө түүн шиг төсөөлж чадвал хэл бол давшгүй хэцүү асуудал биш юм билээ.
-Дэлхий дахины үйл явдал сонирхлыг тань хэр их татдаг вэ?
-
Улс төр бол миний амьдралаас хол хөндий зүйл. Гэхдээ дэлхийг түгшээж буй дайн байлдаан, элдэв өвчний учир шалтгааныг мэдэхийг хүсдэг.
-Та хэзээ нэгэн цагт үхлийн тухай бодож байв уу ?
-Үхлийн тухай боддоггүй хүн байдаггүй биз дээ. Би үхлээс их айдаг. Хэдхэн жилийн өмнө багаасаа хамт өссөн, дотны андаа алдах үед үнэхээр аймшигтай байсан. Миний бодлоор хүн хүссэн зүйлээ хийж, хэзээ ч харамсахааргүй, сэтгэл хангалуун амьдрах хэрэгтэй. Учир нь чи хэзээ ч үхэж болно.
-Та хүссэн бүхнээ авч чадсан уу?
-Ажил мэргэжлийн хувьд би тун ч амжилттай явна. Гэхдээ эмэгтэй хувьд хүссэн зүйлдээ хараахан хүрээгүй. Аз жаргалтай гэр бүлийг хүсэж байна. Ямар ч хүнд гэр бүл гэдэг амьдралын хамгийн чухал зүйл.
-Аз жаргалыг юу гэж тодорхойлох вэ?
-Хайрлах, хайрлуулах.
-Таны шүтдэг, хүндэлж биширдэг хүн хэн бэ?
-Энгийн бүхэн агуу гэдэг. Гайхамшигтай, сайхан зүйлсийг бүтээж яваа эгэл жирийн хүмүүсийг их хүндэлдэг.
-Киноны зураг авалтын үеийн юунд хамгийн дургүй вэ?
-“Чамайг бэлэн болохыг бид хүлээж байна” гэдэг өгүүлбэр. Намайг галзууруулах шиг л болдог юм.
-Та чөлөөт цагаараа голдуу юу хийдэг вэ?
-Бусдын л адил. Хөгжим сонсох, ном унших, хөлөндөө иллэг хийлгэх, мөн гэрээ цэвэрлэх. Сайн амралт болдог юм.
-Хамгийн дуртай ном тань юу вэ?
-Голдуу англи хэлээр ном уншдаг. Гэхдээ хамгийн дуртай ном гэвэл Хятадын сонгодог зохиол “Улаан асрын зүүд”.

Сэтгэлийнхээ гүн рүү хийх аялал буюу трип хоп




АНУ-аас гаралтай хип хоп 1990-ээд оны эхэн үед хөгшин тивийн ихэмсэг, ёсорхуу англичуудын дунд түгэхдээ электро, жааз, реггитэй сүлэлдэн, өвөрмөц нэгэн урсгал үүсгэсэн нь трип хоп юм. Лондонгоос 160 км-ийн зайд орших Бристол хэмээх жижиг хотод энэ урсгал анх үүссэн юм. Дэлхийд ид цэцэглэн хөгжиж байсан хип хопыг Их Британийн дижи нар өөрсдийн хувилбараар баяжуулан, трип хопын үндсийг тавьсан түүхтэй.
Энэ урсгал хэдийгээр хип хоп, электро урсгалаас үүссэн боловч “харуудын” яриа, бүдүүлэг гэмээр үг хэллэгээс ангижарч, дээд түвшинд, илүү оюунлаг хэлбэрээр хөгжсөн гэж мэргэжилтнүүд, хөгжмийн шинжээчид дүгнэдэг.
Бөмбөрийн удаан боловч хүчтэй, хүнд цохилт, аргил гитарын хэмнэл, электро хөгжмийн элементүүд, гоцлол дуучны шивнэх мэт үгс нийлж, этгээд сонин аялгуу үүсгэн, сонсогчыг өмнө нь хэзээ ч очиж байгаагүй тэр зүгт залах шиг. Ийм учраас л хөгжим судлаачид энэхүү шинэ урсгалыг англи хэлний
“trip” буюу аялал гэсэн утгатай үгээр нэрлэсэн биз.
1991 оны наймдугаар сарын 8-нд Бристолоос гаралтай “Massive attack” хамтлаг “Blue Lines” буюу “Цэнхэр шугам” цомгоо гаргасныг анхны трип хоп уран бүтээл гэж тооцдог. Тус хамтлагынхны “ойлгомжтой ч, ойлгомжгүй” хөгжим тоглох, бүтээх санаа нь ийн биеллээ олсон аж. Тэрхүү цомог гарсан цагаасаа л хит жагсаалтыг тэргүүлж, борлуулалтаараа хошуучлан, “Дэлхийн бүх цаг үеийн хамгийн шилдэг цомог”-ийн жагсаалтад багтсан юм. Энэ нь трип хопын хөгжил болон дэлхийд тархахад том алхам болсон. Энэ мөчөөс эхлэн залуучуудын сэтгэлийг гижигдсэн трип хоп эгнээгээ тэлж, 1994 оноос “Portishead” , “Tricky” , “Red Snaper”, “Night on Earth”, Bjork нарын уран бүтээлч гарч ирэв.
Тэр дундаа “Portishead” бол трип хопыг дэлхийн чихэнд хадаасан сод хамтлаг. Электро хэмнэл, симфони найрал хөгжмийн эгшиг, гоцлол дуучин Бет Гиббоны хүчирхэг хоолой. Трип хоп. Уйтгар гуниг “ханхалсан” тэдний хөгжим дарамттай мэт санагддаг ч, сонсох тусам гүнд нь уусан орохуй.
Трип хопын анхдагч хамтлагууд шинэ, шинэ дуугаралт бий болгон, үндсийг нь тавьчихаад байлаа. 1990-ээд оны дунд үе гэхэд уг урсгал ерөнхийдөө бүрэлдэн тогтсон гэж болно. “Morcheeba”, “Sneaker Pimps”, “Alpha”, “Mudville” зэрэг трип хопын дунд үеийн төлөөлөгч болсон хамтлаг тэр цагт гарч ирсэн. Гэхдээ трип хоп нэгэнт хэлбэрээ олсон гээд цааш өөрчлөгдөөгүй гэсэн үг биш. Суурь нь тавигдсан урлагийн төрөл шинэчлэгдсээр, R’nB, drum’n bass гээд орчин үеийн бусад урсгалтай сүлэлдэн хөгжжээ. Угаас анх гарч ирж буй зүйлс хуучны хөрсөн дээр цэцэглэж, бусад салбараар услуулан, ургаж “шинэ” хэмээн нэрлэгддэг шүү дээ. Тэр жишгээр трип хоп ч хөгжмийн олон янз урсгалын элементүүдийг шингээсэн байдаг.
Трип хоп анх сонсогдож эхлэхэд, судлаачид үүнийг “харанхуй, бүүдгэр” хэмээн тодорхойлж байсан гэдэг. Харин шинэчлэгдэн хөгжсөөр буй энэ урсгал өнөөдөр “харанхуй, гүн” хэмээгдэх болж. Мэдэхгүй хүн бол зугтмаар ийм тодорхойлолт авах болсон “гол буруутан” нь трип хопын хөгжмийн хэмнэлээс гадна дууны үг.
Мэдээж бүхий л төрлийн хөгжим сэтгэл мэдрэмжийн толь, түүний олон янзын илэрхийлэл байдаг. Тэр ч утгаараа дууны утга, шүлгийн сэдэв хязгааргүй. Харин трип хоп дууны сэдэв азгүй дурлал, бүтэлгүй хайр, сэтгэлийн эмзэг байдал, бодит байдлаас тасрахуй, хаа нэг тийш одохыг хүсэх тэмүүллийг голчлон хамардаг.
Мөн үүнээс шалтгаалан трип хопыг “ганцаардмал хүмүүсийн хөгжим” гэх нь ч бий. Гэвч судлаачид үүнийг юу ч гэж тодорхойлсон бай, шүтэн бишрэгч, хөгжимд дурлагчид л сонсох эсэхээ шийднэ. Трип хопт зүрхээ “өгсөн” хүмүүст хөгжмийн баргар байдал, хэт дарамттай хэмээн хүмүүсийн гоочлох ч хамаагүй биз.
Чихнээ эгшиглэн, тархи цочоон, зүрх гижигдэх мэт уг урсгалын хөгжим өдгөө улам ч баяжин, хөгжсөөр байна. Шуугиан тарьж, дуулиан болон амьдардаг “од”, ганган хээнцэр хувцас, гадаад үзэмж, нүсэр тайз аль нь ч трип хопт хүртээлгүй мэт. Дуучин, хөгжимчдийн авьяас чадвар нь бүхнийг илэрхийлнэ. Түүгээр дамжуулан сонсогчийг хэзээ ч очиж байгаагүй газар хүргэж, цэвэр мэдрэмжийг түгээдэг.
Гэхдээ трип хоп нь жирийн нэг аялал бус утгыг ухаж, хэмнэлийг мэдэрч, хязгааргүй уудам гадаад орон зай руу бус, сэтгэлийнхээ хаалгыг нээн, өөрийнхөө гүн рүү хийх аялал юм.