Sunday, October 3, 2010

2010.10.1






“Их талын жааз” хөгжмийн наадмын тухай анх сонсоход, толгойд хамгийн түрүүнд Монголын өргөн, уудам талд зассан тайз, жааз хөгжимчид, түм буман үзэгчдийн дүр зураг бууж байлаа. Харин өнгөрсөн баасан гаригт Хаан банкны театрт болсон “Их талын жааз” наадмын гала тоглолт төсөөллийг маань 180 градусаар эргүүлэв. Гэхдээ энэхүү “эргэлт” тийм ч муу байсангүй ээ. 19.00 цаг болоход театрын жижиг танхим дүүрсэн байлаа. Энэ орой хүрэлцэн ирсэн үзэгчдийн бараг тэн хагас нь гадаадынхан байв.
Монголын жааз хөгжмийн түүхэнд дөрөв дэх удаа тохиож буй уг наадамд Монгол, АНУ, ХБНГУ, Швейцарын Холбооны Улс, Норвегийн Вант Улсын хөгжимчид хүрэлцэн ирсэн юм. Тоглолтын салхийг хагалж Америкийн хамтлаг болох “Ари Роланд” дөрвөл тайзан дээр гарч ирлээ. Америк хөгжимчид монголчуудын сэтгэл зүрхэнд хоногшсон дуунуудыг сонгон, жааз хэлбэрт оруулан тоглосон юм.
“...Сайхан чинийхээ хайранд уяраад
Дурлалын сэтгэл тэртээх алсад
Сарны мөнгөн туяан дор
Дуулим хорвоо гоёхон байна...” хэмээн Т.Цамбалхүндэв агсны дуулснаар чихэнд хоногшсон “Мөнгөн шөнө” дууны аяар тэд тоглолтыг эхлүүллээ. 1970-аад оны хит дуу урсах мэт гарах саксафоны аялгуу, морин хийлийн аргил дуугаралт, бөмбөрийн хэмнэлтэй сүлэлдэн өөр нэг шинэ бүтээл болон хувирав уу гэлтэй. Мөн “Ари Роланд” дөрвөл өөрсдийн бүтээлээс ч үзэгчдэд сонирхуулсан билээ. Тэд Монголд хоёр дахь удаагаа айлчлан тоглож буй нь энэ бөгөөд “Танай оронд дахин ирсэндээ тун баяртай байна. Монголд хийсэн тоглолт маань халуун дулаан уур амьсгалтай, сайхан болдог” гэсэн юм. Тус хамтлагийн ахлагч Ари Роланд дэлхийн шилдэг морин хийлчдийн нэг гэдэг. “Морин хийлийг Роланд шиг тоглодог хүн тун цөөн. Тэр энэ хөгжмийг яаж тоглохоо мэддэг” хэмээн жааз хөгжмийн амьд домог гэгддэг төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Барри Харрис түүний чадварыг үнэлсэн нь бий.
“Их талын жааз” наадмын сэвшээ салхинд үзэгчид зөөлнөөр илбүүлж, тоглолт дулаан уур амьсгал дунд үргэлжилж байв. Долгиотсон хүрэн үс, Латин Америк төрхтэй бүсгүй гитараа үүрэн тайзан дээр гарч ирсэн нь Швейцарын дуучин Элиан Амхерд байсан юм. Тэрбээр Нью-Йоркийн Жааз, Орчин үеийн хөгжмийн сургуулийг дүүргэсэн бөгөөд дууныхаа үг, аяыг өөрөө зохиодог аж. “Монголын үндэсний хөгжмөөс жаазтай ойролцоо элементүүд сонсогддог. Түүнчлэн монголын хөгжимчид их чадварлаг санагдсан шүү. Түрүү жил танай оронд ирж тоглолтоо хийсэн. Монгол надад таалагдсан учраас дахин ирж тоглож байна” гэж Элиан ярьлаа. Дуучин бүсгүй Америкийн жааз дөрвөлтэй хамтран тоглож, эрч хүч хийгээд намуун зөөлөн хосолсон дуунуудаараа үзэгчдийн сонорыг мялаасан юм. Тоглолтод гадаадын хамтлаг, дуучдаас гадна Монгол хөгжимчид ч оролцсон. Хуучир хөгжимчин У.Одонтунгалаг, флэйт хөгжмчин Г.Энхчимэг, “Арга Билэг” хамтлаг, төгөлдөр хуурч Т.Пүрэвсүх нар “Их талын жааз”-д эх орноо төлөөлсөн юм.
Хуучир эгшиглэн, нэгэн дууны эхлэл хэсгийг сонсмогцоо л үзэгчид баярласан сэтгэлээ илэрхийлсэн үү, тэсэлгүй алгаа ташицгаасан юм. Энэ бол жааз хөгжмийн гол урсгалын нэг Бразилиас гаралтай Босса Нова стилийн хамгийн алдартай дуу “Girl from Ipanema” байлаа. Босса Новаг таашаагчдын сүлд дуу ч гэж хэлж болно. Халуун орны уур амьсгал, далайн эрэг, хурц гэрлээр төөнөх нар, сайхан бүсгүйчүүдийг санагдуулсан эл дууг хуучирч Одноо хөгжимдөж, Элиан Амхерд португали хэлээр дуулсан юм. Хэрвээ би португали хэл мэддэг байсан бол дагаж дуулахад бэлэн байлаа. Тэнд байсан ихэнх хүн ч надтай адил бодолтой байсан биз ээ.
Удаагаар Жон Колтраны “In a sentimental mood”-ыг хуучир хөгжимчин У.Одонтунгалаг, флэйтчин Г.Энхчимэг, “Ари Роланд” хамтран тоглосон билээ. Сэтгэлийн нарийн утас, эмзэгхэн, зөөлөн мэдрэмжийг илэрхийлсэн уг бүтээл хуучрын хөг аялгуунд гайхалтай нарийн зохицож байсан юм. Сувдан нулимс, зөөлөн үнсэлт, цэцэг дэлбээлэх агшин, борооны дусал цонх даган урсахуй...Тэрхүү гайхамшигт айзам хэмнэлд танхим тэр аяараа илбэдүүлсэн мэт автсан байлаа. Үзэгчдийг “In a sentimental mood”-ийн сэтгэдлээсээ салж амжаагүй байхад Норвегийн “Стэйнер Ракнес” дөрвөл тоглолтын халааг авав. “Morning song” хэмээх бүтээлээрээ тэд жааз үдшийг үргэлжлүүллээ. Тоглолтын оргил хэсэг нь тус хамтлагынхны үзүүлсэн импровизаци байсан юм. Тухайн үеийн сэтгэгдэл, уур амьсгалаас төрсөн мэдрэмжээрээ хөгжимчин шинэ бүтээл зохион тоглодог. Тэгвэл энэ оройн үзэгчид пиджакаа тайлан, ханцуй шамлан бүтээл рүүгээ “шумбан орсон” Стайнер Ракнес хамтлагийн ахин хэзээ ч давтагдашгүй, цор ганц удаа тоглогдсон бүтээлийг сонссон азтанууд боллоо.
Европын жааз хөгжимчдийг танхим халуун алга ташилтаар үдэхэд, тайзан дээр “Арга билэг” хамтлагынхан морин хуураа барьсаар гарч ирэв. Морин хийл, төгөлдөр хуур, саксафон, флэйт, бүрээ зэрэг хөгжим нийлж жаазыг бүтээдэг. Харин “Арга билэг” хамтлаг энэхүү тогтсон ойлголтыг эвдэж, үндэсний хөгжмөөр жааз тоглож буй. Тэд “Дэв” аймшгийн киноны хөгжмийг бичсэнээ тоглосон. Түүнчлэн АЖ Б.Зангадын “Жаргаах зүрх” дууг морин хуур, ятгын эгшигтэй хослуулсан сонордуулсан юм. Тоглолтын төгсгөл хэсэгт орон орны хөгжимчид хамтран монголчуудад нэгэн бэлэг барьлаа.
“Аялан дуулах чиний минь хоолойтой
Адилхан өнгөөр уянгалан ганганаад
Алаг нүдний сормуус шиг дэрвээд
Аглаг тал дээгүүр шувууд буцлаа” хэмээх З.Хангал агсны энэхүү аялгуу төгс бүтээлийг тэд жааз хэлбэрээр тоглосон нь тэнд цугласан хөгжмийн шүтэн бишрэгч монголчуудын хувьд нандин бэлэг болсон юм. “Их талын жааз” наадмын гала тоглолтыг Норвегийн “Скайди” хамтлаг жаргаалаа. Морин хийлч залуу, дуучин эмэгтэй хоёрын хослол болсон уг хамтлаг ардын дууг жаазтай хослуулдаг. Скандиновын орны мөнх цаст сүрлэг уулс, эртний домог туульс, хүн ардын аж байдлын талаар дуулдаг Норвеги ардын дуу бөөгийн дуудлагаас үүсэлтэй. Тэгээд ч тэр үү, “Скайди”-гийн дуу бөөгийн тамлагатай ойролцоо аялгуутай сонсогдож байсныг морин хийлийн товшилт нь жааз хэлбэрт оруулжээ.
Монголын “их талд” тав хоног үргэлжилсэн жааз хөгжмийн наадам ийн өндөрлөсөн юм. Жаазын эх орон гэгдэх Америкийн уран бүтээлчид, Европ жаазын төлөөлөгчид, хоёрхон утаст морин хуураар жааз хөгжмийг хүртэл тоглодог Монгол хөгжимчид хамтран, мартагдашгүй үдшүүдийг бэлэглэж чадсан билээ. Монголын жааз хөгжим сонирхогчид улам нэмэгдэж, дараа дараачийн жилийн тоглолтууд хамгийн том концертын танхимд болох болтугай. Магадгүй миний анх төсөөлж байснаар, эх орны маань уудам талд заассан сүрлэг тайзан дээр дэлхийн жааз хөгжимчид цуглах өдөр ирэх ч юм бил үү.




Saturday, October 2, 2010

Цэнхэр гаригийн цоохор дагуул

Шөнийн дүнсгэр тэнгэр дэх сар ганцаардах мэт ёлтойн оршино. Үй түмэн оддын дундаас хэмжээгээрээ ялгардаг ч түгээх гэрлийн хувьд, тэрүүхэндээ өөрийгөө л болгоно. Цаанаа л нэг гунигтай, дүнсгэр сар зуун зууны турш уран бүтээлчдийн мөнхийн сэдэв болж, заримдаа бүтэлгүй хайр, азгүй дурлалын билэг тэмдэг болох нь ч бий. Нойр хулжсан нэг нь түүнтэй хундага тулгаж, сэтгэлээ хуваалцана.
Тэрхүү ихэмсэг, хүйтэн харагдах сар бол манай гаригийн цор ганц дагуул гэдгийг хэн хүнгүй мэднэ. Түүнчлэн Нарны аймгийн тав дахь гариг, дэлхийг бүтэн тойрох хугацааг бид нэг сар хэмээн тоолж, уг хөдөлгөөнд ажил амьдралаа зохицуулдаг гэдгийг бага ангийн хүүхэд ч хэлэх биз. Харин сарны үүсэл, хөгжил хөдөлгөөн, бүтцийн талаар бид тэр бүр мэдэхгүй. Тэгвэл энэ тухай сонирхуулья.
10.Том тэсрэлт
Сар нь сансрын огторгуйд тохиосон солируудын томоохон мөргөлдөөний үеэр үүссэн хэмээн эрдэмтэд үздэг. Барагцаагаар 4.6 тэрбум жилийн өмнө Марс гариг шиг хэмжээтэй нэгэн том биет Дэлхийтэй мөргөлдсөн гэнэ. Ингээд маш олон жижиг чулуулаг үүсэж, хэт халуунд хайлж, хоорондоо барьцалдсан аж. Хэсэг хугацааны дараа халуун бүхэллэг хөрч, нэгэн том хатуу, цул биет болсноор сансрын тойрог замд орсон байна. Ингэж анх сар хэлбэр төрхөө олжээ.
9. Дэлхийн эрхшээлээр хөдөлдөг
Сар яг л дэлхийтэй адил зүүнээс мандаж, баруунд жаргадаг гэнэ. Өөрөөр хэлбэл, нар болон бусад гаригуудтай адил янзаар хөдөлдөг гэсэн үг.Гэхдээ нарны хурц гэрэл, хурдан хөдөлгөөн нь дагуулаа халхалдаг тул бид сарыг өдөр харж чаддаггүй юм. Нар жаргасан үеэр л сар гардаг нь ийм учиртай. Мөн сар дэлхийг тойрон алгуурхан эргэж байдаг бөгөөд ийм бүтэн эргэлтийг хүн төрөлхтөн нэг сар гэж тооцдог. Нэг сарыг 30 хоног хэмээн тооцдог ч үнэн хэрэгтээ энэ нь 29.5 хоног байдаг аж.
8.Сар ганцхан талтай
Бид сарны зөвхөн нэг л талыг харж чаддаг. Учир нь сарны тэнхлэгээ эргэх хугацаа, дэлхийг тойрох үетэй давхацдагаас шалтгаалдаг байна. Түүнчлэн дэлхийн татах хүчний нөлөөгөөр түүний хөдөлгөөн удааширдаг нь үүнд “нэрмээс” болдог аж.
7.Татах хүчний үйлчлэл сул
Дагуул нь Дэлхий “эзэн”-ээсээ дөрөв дахин бага хэмжээтэй бөгөөд 3474 км диаметртэй. Татах хүчний үйлчлэл дэлхийнхээс зургаа дахин бага. Хэрвээ та сар руу чулуу шидвэл тун удаан хугацааны дараа бууж ирнэ.
6.Хамгийн хол ба ойрхон зай
Сар эргэх явцдаа дэлхий рүү хамгийн ихээр ойртох хэмжээ нь 363300 км зай. Харин хамгийн уртаар холдохдоо 405500 км зайтай болдог. Дэлхий рүү хамгийн ойр зайд дөхсөн үедээ сар жирийнхээс 14 дахин том, 30 хувиар тод харагддаг байна.
5. Нүх болж үлдсэн түүх
Саран дээрх хар толбонууд бол түүхийн нэгэн гэрч гэдэг. Хэдэн сая жилийн өмнөх гаригуудын мөргөлдөөн, тэсрэлт дэлбэрэлтийн ул мөр нь одоо нүх, толбо болон үлджээ. Сүүлийн үед тэрхүү хар толбуудыг зарим эрдэмтэд тэнд амьдрал оршин тогтнож байгаад сүйдсэний ул мөр гэх таамаглалыг дэвшүүлэх болсон. Гэсэн ч энэ нь хараахан батлагдаагүй л байна.
4.Бөөрөнхий биш
Ихэнх хүн сарыг дугуй, бөөрөнхий хэлбэртэй гэж боддог. Харин сар нь зууван, өндөг шиг хэлбэртэй аж. Түүнчлэн сарны төв яг голдоо бус, түүнээс хоёр км зайтай оршдог байна.
3.Анхаараарай! Газар хөдлөлт
“Аполло” хөлгийнхөн сар судлах явцдаа газарзүйн хувьд үхмэл биш гэдгийг нь тогтоосон байна. Саран дээр ч мөн газар хөдлөлт болдог бөгөөд тэрхүү үзэгдэл нь дэлхийн татах хүчнээс шалтгаалдаг. Түүнчлэн сарны гадарга дээр элдэв ан цав гарч, уур савссан байсан нь эрдэмтдийн анхаарлыг татжээ. Сарны цөм дэлхийнхтэй адил халуун учраас ийм үзэгдэл болдог хэмээдэг ч НАСА-гийн 1999 онд хийсэн судалгаа үүнийг үгүйсгэсэн юм. НАСА-гийнхан сарны цөм нийт массынхаа 2-4 хувийг л эзэлдэг болохыг тогтоосон байна. Харин нэгэн эрдэмтэн тэдгээр үзэгдлийг “сарны ирээдүйн үндэс” хэмээн тодорхойлсон нь бий.
2.Далайн түрлэг сартай хүйн холбоотой
Огторгуйд орших сар, газар дээрх далайн давалгаа хоёр салшгүй холбоотой гэнэ. Сарны татах хүч дэлхий дээрх усыг татдаг. Ялангуяа шинэ сар гарах үед далайн түрлэг ихэсч, давалгаа догширдог байна. Мөн дэлхий рүү ойртох үед тэрхүү үзэгдэл ихэсдэг аж. Дашрамд дурдахад, сар дэлхийн энергийг бага багаар сорон авдаг гэдгийг эрдэмтэд тогтоожээ. Үүнээс болж дэлхийн эргэлтийн хурд нэг зуунд 1.5 миллисекундээр багасдаг байна.
1.Чао, Луна
!
Хүн төрөлхтөн саран дээр хөл тавин, судалж, илүү ихийг мэдсээр буй ч сар биднээс бага багаар холдсоор байна. Сар дэлхийгээс авч буй энергээ өөртөө шингээн, “салан тусгаарлахдаа” зарцуулдаг аж. Дөрвөн тэрбум жилийн өмнө бий болох үедээ дэлхийгээс 22530 км зайд оршдог байсан бол алгуурхан холдсоор одоо 450.000 км хүртлээ алслагджээ. Энэ байдал үргэлжилсээр байх юм бол тэрбум жилийн дараа гэхэд нэг сар 40 гаруй хоногтой болж магадгүй. Цаашлаад цэнхэр гаригийн маань бүтэн өдөр одоогын нэг сарын хугацаатай тэнцдэг болох аюултай.

Нууцлаг, мэдрэмжтэй хорхой ба Дашка

Циркийн урлагийн гол төрлийн нэг амьтны үзүүлбэр манайд ховор. Харин тэрхүү ховор үзүүлбэр дундаа мөн ховор амьтан бий нь аварга могой. Жагарын орны “харьяат” тэрхүү могойны эзэн, жүжигчин М.Дашдэндэвтэй ярилцлаа. Тэрбээр могойныхоо тухай “Миний могой, Хайрхан маань...” гээд л дотны андаа хүүрнэх мэт ярьж байсан юм. Магадгүй могой нь түүний хувьд жирийн нэг амьтан бус найз нөхөр мэт байдаг биз.

-Өөрийгөө болон “хамтрагч” могойгоо танилцуулахгүй юу? Анх хэзээнээс эхлэн аварга могойн үзүүлбэр хийх болсон бэ?
-Намайг Дашка гэдэг. “Circus Mongolia Khadgaa” компаны жүжигчин. Харин миний могойг Хайрхан гэдэг. Гурван метр урт, зургаан настай, эм могой. Би 2005 онд Туркт байхдаа могойтоо тоглолт хийдэг байлаа. Ирээд Монголдоо аварга могойтой үзүүлбэр хийе гэсэн санаатайгаар 2007 онд Хайрханыг Энэтхэгээс авчирч, хамт үзүүбэр хийх болсон юм.
-Хайрхан гэхээр нь эр могой байх гэж бодлоо.
-Тийм ээ. Зарим хүмүүс нэрийг нь сонсоод хүйсийг нь андуурах тохиолдол их. Хайрхан гэдэг нэрийг бөө ах маань өгсөн л дөө. Анх могойгоо авчирчихаад гэрийнхэндээ хэлээгүй байсан юм. Гэтэл нэг өдөр “Чи амьтан авсан байна. Их том, урт амьтантай хамт байхыг чинь зүүдэлсэн” гэж ах хэллээ. Би ч могойгоо харуулсан. Тэгэхэд ах маань түүнийг үзээд, “Буян болох сайн амьтан байна” хэмээн Хайрхан гэдэг нэр хайрласан юм.
-Мэргэжлийн амьтан сургагч биш хүн могойныхоо аашийг олоход хэцүү байдаг уу? Яаж ойлголцдог вэ?
-Эхлээд хүндрэлтэй асуудал гардаг байсан ч одоо могойтойгоо сайн ойлголцдог гэж хэлж болно. Мэргэжил гэдгээс илүүтэй мэдрэмж үүнд нөлөөлсөн болов уу. Тэгээд ч могойг сургах биш дасгана л гэж ярьдаг юм. Уурласан үедээ хамаг булчингаа чангалж, хөдөлгөөн нь хурдасаад ирдэг. Харин тайван байхдаа хөдөлгөөн нь удаавтар, зөөлөн болчихдог юм. Ер нь могой бол их нууцлаг амьтан. Нүүрний хувирал байхгүй. Хөдөлгөөн нь хурдан эсвэл удаан. Яах гээд байгаа нь мэдэгддэггүй. Гэсэн ч хамт байсаар мэдэрдэг болж.
-Гадаад руу аялан тоглохдоо Хайрханаа хамт авч явдаг уу?
-Амьтныг хил гаргах асуудал хүндрэлтэй байдаг тул үлдээгээд л явдаг.
-Санадаг уу?
-Бүр зүүдэлдэг гээч.
-Могой зүүдэнд чинь юу гэж ярьж байх юм?
-Ярьж байгаагаар зүүдэлж үзээгүй юм байна. Зүүдэнд орж ирэхдээ ихэвчлэн хөл, гарнаас зулгааж эсвэл ороосон байгаа нь харагддаг. Өглөө нь Монгол руу ярьж асууна. Яг л миний хүүхэд шиг болчихсон амьтан даа. Мөн хамаагүй юм идүүлж болохгүй. Долоо хоногт 3-4 туулай л өгнө. Туулайгаа тусгай газраас захиалж авдаг. Хэрвээ миний могой өвдвөл энд эмчлэх газар байхгүй. Боломж олдвол дахин нэг могой авчруулах санаа байна. Хань болох амьтан авчрахгүй бол Хайрхан маань ганцаардаж байгаа байх.
- Могой авчрахад үнэтэй байдаг биз?
-Тэгэлгүй яахав. Гурван жилийн өмнө Хайрханыг 10 мянган доллараар авч байсан. Одоо бол үнэ нь өссөн байх.
-Монголын үзэгчдэд аварга могой тун сонирхолтой үзүүлбэр. Нижигнэсэн алга ташилт, танхимын уур амьсгал та хоёрт яаж нөлөөлдөг вэ?
-Миний хувьд шар үс босох шиг л болдог. Харин Хайрхан тайван л байдаг. Үзэгчдийн хувьд нэг зүйл хэлэхэд, хот хөдөөний үзэгчид ялгаатай байдаг юм билээ. Хотынхон бол зурагтаар аварга могой олон харсан, зарим нь гадаадад бодитоор үзсэн байх жишээтэй. Харин хөдөөний үзэгчид тийм том могой харж байгаагүй учраас их сонирхож, хошуурцгаадаг. Могойг лусын амьтан хэмээн их хүндэлдэг нь анзаарагдсан. Нэг сонирхолтой зүйл ярихад, орон нутагт тоглолтоор явж байхад тэндхийн хүмүүс ирээд “Хорхой үзье” гээд салдаггүй. Гэтэл зарим нутагт могойн нэрийг “хорхой” гэж цээрлэн хэлдэг нь тэр байсан юм билээ.
-Чи могойноос өөр ямар үзүүлбэр үзүүлдэг вэ?
-Би анх 11 настайдаа циркт ирж байлаа. Г.Батбаатар багшаар акробат, тэнцвэр заалган хийдэг байсан. Одоо циркт ажиллаад 13 дахь жилдээ оржээ. Сүүлийн хэдэн жил акробатаас гадна жонглёр, могойтой үзүүлбэр хийж байна даа. 2011 онд 11 бөмбөгтэй жонглёр хийж, Монголын циркийн дээд амжилтыг тогтоох зорилготой байгаа. Өмнөх нь есөн бөмбөг байсан юм.
-Циркийг урлагын хүнд хэцүү төрөлд багтаадаг. Тэгвэл эндээс чи юу олж авсан бэ?
-Сурч эхэлж байхад бие хатуу, хөшүүн, сунгалтаа хийж чадахгүй байх, багшдаа загнуулах зэргээс болж уйлах үе олон тохиолдоно. Тэглээ гээд муу юм юу ч болоогүй. Харин ч тэсвэр тэвчээртэй, хатуужилтай болдог юм шиг. Түүнчлэн цирк, тэр дундаа акробат бол биеийн хүчийг урлаг, гоо зүйтэй хослуулдаг төрөл. Тиймээс юмны арга эвийг олох тал маань хөгжсөн болов уу.
-10 жилийн дараах Дашкаг дүрслэхгүй юу?
-Өөрийгөө циркийн салбартаа томоохон амжилт гарган, зорилгодоо хүрч, олонд танигдсан Дашка болно гэж төсөөлж байна даа.

Хуучны эд харахаар сэтгэл гижигдээд, нойр хүрдэггүй

Цаг хугацаа бүхнийг өөрчлөнө гэдэг. Тэгвэл цаг хугацааны уртад үл өөрчлөгдөн, үнэ цэнэ нь нэмэгдсээр байдаг зүйл бол хуучны эдлэл. Эртний түүх өгүүлэхийн сацуу урлагийн хосгүй бүтээл болдог нь түүнийг үнэтэй болгодог. Тэрхүү нандин өвийг цуглуулдаг уран барималч, урлаг судлалын ухааны доктор С.Бадралтай ярилцлаа.

- Юуны учир, хэзээнээс эхлэн эртний эдлэл цуглуулах болсон бэ?
-Миний буурал аав судар ном мэддэг, цуглуулдаг хүн байсан юм. Битүүний өдөр шоголтой ном, даллагын уут, дорхоо гаргаж ирнэ. Буурал ээжийн маань гоёл, шүр сувд их байдаг. Хүүхэд байсан болохоор тэр гоё юмыг их л сонирхдог байж. Тэндээс хугархай хөлтэй болор үхэр гарч ирж байсныг мартдаггүй юм. Нүүдэл суудлын үеэр тэр үхэрний хөл нь хугарсан болов уу. Буурал аав ээж хоёрыг өрх тусгаарлахад 100 үхэр тасалж өгч л дээ. Харин тэр болор үхэрний хөл хугарснаас хойш манайх үхэргүй болсон.
Дараа нь Санкт-Петербургт оюутан байхдаа тэр үхрээ бодоод, хүрлээр жижиг үхэр цутгасан юм. Тэр үхрийг хийснээс хойш л энд тэндээс надад судар ном орж ирээд л , хуучны юм цуглуулах хүсэл төрсөн. Буурал аавын минь буян хишиг болов уу.
-Оюутан хүн, тэгээд хаалттай нийгмийн үед хаанаас судар ном цуглуулдаг байв?
-Санкт-Петербург бол Оросын төдийгүй Европын соёлын өв болсон хот шүү дээ. Тэнд хуучин ном, гар бичмэл, эртний эдлэлийн дэлгүүр ч олон байдаг байлаа. Тэндээс янз бүрийн хуучин ном худалдан авч энд авчирч зарна. Эндээс судар, эртний сийлбэр авна. Тэр үед ардчилал ч
гарч, хүмүүс хуучны юмаа авдарнаасаа гаргаж, зах дээр зарна. Тэрүүгээр явж үзнэ. Гандан тойроод эртний эдлэлүүд зардаг жижиг мухлагуудаас бас юм авна, солилцоо хийнэ.
-Ардчилал монголчуудад шинэ боломжуудыг нээж өгсөн. Цугуулагчдад ч бас их үүдийг нээж өгчээ?
-Авдрандаа ялзарч, эсвэл үр хүүхэд нь үрэн таран хийж, мэдэхгүй нэг нь галд шатааж байсан тэр эдлэлүүдийг ардчилал л ил гаргаж ирсэн. Ингээд гар хөл нь салсан сэвтэй бурхан, монгол бичгийн тасархай хуудас үнэ цэнэтэй болж цуглуулагчдад, музейд ирж байна. Судалгаа шинжилгээний чухал өв болж байна. Хэрвээ ардчилал гараагүй бол “Хүргэн хүү” кинон дээр хамаг мөнгийг нь хулгана мэрчихдэг шиг л юм болно шүү дээ.
-Эд нь хэврэг, эзэн нь мөнх байг гэж хэлдэг ч бодит байдал дээр эсрэгээрээ байдаг. Эд нь эзнийхээ тухай хэлж өгч, өнгөрсөн түүхийг өгүүлдэг. Тэгэхээр хуучны эдийн хувь төөргийг цаг хугацаа атгадаг байх нь ээ?
-Монголчууд хүн цөөтэй, хүний мөрөөсөл болсон ард түмэн. Тиймдээ ч эзэн нь мөнх, эд нь хэврэг гэдэг байж. Ер нь монголчууд сайн сайхан юм хэрэглэж явбал сүнс нь баярлана гэж үздэг байсан. Эхнэр хүний толгойн гоёл гэхэд л ямар их шүр, сувд, үнэт чулуунаас бүрдсэн байдаг билээ. Сайн хүний эдэлж, хэрэглэсэн зүйлс он цагийн шалгарлыг давж эргээд үр хүүхдэд нь өвлөгдөж, буян хишгээ хайрладаг. Цаг хугацаа улирах тусам үнэ цэнэ нь улам нэмэгдэж байдаг.
-Фенг Шуйн үүднээс үзвэл хуучин юм, нас барсан хүний эд муу энергитэй ч гэдэг. Та тэр тухайд юу хэлэх вэ?
-Болох болохгүйн ёс бидэнд эртнээс байсан. Гэрээ яаж барих , авдар саваа хаана нь тавих, туглын зэлээ хаана татах, тэр ч байтугай дээл хийхдээ хүртэл тухайн хүний жил, мэнгэнд тохируулж өнгийг нь сонгодог байж. Одоо л хятадаар нэрлэсэн юм гарч ирээд байгаа болохоос бидэнд эртнээс байсан юм шүү дээ. Хуучны эдийн тухайд, буянтай, зөв хүний эд зүйлд сайн энерги шингэж, дараа нь хадгалж байгаа хүндээ ч хишиг болдог юм. Нэг их цэрвэх хэрэггүй л дээ. Харин шарил ухаж, хулгайлж, зальдаж авсан юм бол муу. Буруу гараар орсон зүйл эргээд юм болдог ч үгүй.
-Тэгвэл таны цуглуулга руу халдсан тохиолдол байна уу?
-Хойно сурч байхад гэрлүү үл бүтэх этгээдүүд орсон байсан. Гэхдээ долоо хонолгүй баригдаж, шийтгэлээ хүлээсэн. Миний юмнууд ч эргээд олдсон. Бурхны, хуучны юм хулгайлвал заавал илэрдэг юм гэнэ лээ. Хуучны эд, судар ном цуглуулдаг хүмүүс тарнийн шидийг ч мэднэ. Хулгайг хорисон тарни хүртэл байна. Олон мянган жилийн туршлагаар баталсан, эртний судар номд хүртэл оруулсан байгаа зүйл хүчтэй байлгүй яахав. Хүн сүсэг бишрэлтэй байх хэрэгтэй. Бурханд итгэж биширч явснаар ажил үйлс нь ч өөдлөн дэвжинэ.
-Хообийг нэг төрлийн дон гэдэг. Жишээ нь цуглуулгадаа нэмэх зүйлээ авч байж санаа нь амрах, тэндээсээ сэтгэлийн ханамж авна. Таны хувьд ч тийм байдаг уу?
-Тэгэлгүй яахав. Хуучны сайн эд харвал, сэтгэл гижигдээд, нойр хүрэхгүй шүү дээ. Авч байж л сална. Хуучны ховор эд цуглуулна гэдэг өөрт сэтгэлийн таашаал өгөхөөс гадна улс орон, хойч үедээ ч тусалж байгаа хэрэг. Гадаад руу гаралгүй эндээ үлдэж, хадгалан хамгаалж байна. Түүхийн музейд ч хандивладаг.
-Эртний эдлэл нь түүх, соёлын өв болохоос гадна урлагийн бүтээл. Тийм үү?
-Тийм. Гэхдээ хуучны эд бүхэн урлагийн бүтээл биш. Дахин давтагдашгүй хийц загвар, ганц хувь байвал сая урлаг болно.
-Та цуглуулгаа яаж баяжуулдаг вэ, солилцоо хийх, худалдах хэрэг гардаг биз?
-Хообий, цуглуулга гэдэг нэг талаас сонирхол, нөгөө талаас арилжаа, наймааны урлаг. Би л цуглуулдаг гээд хав дараад суухгүй шүү дээ. Тэр зүйлсээ хөдөлгөөнд оруулж байж баяжиж, шинэчлэгдэнэ. Эзнийхээ амьдралыг ч өргөнө.
-Та гадаад улс руу их явсан хүн. Гадаадын цуглуулагчидтай холбоотой байдаг уу?
-
Гадаадад очоод тэр улсын том музей, эртний эдлэлийн дэлгүүрээр явна. Цуглуулагчидтай уулзана, солилцоо хийнэ. Сүүлийн үед монголд гэлтгүй гадаадад хуучны эдийн дууриамал олширчээ. Хятадад яг адилханыг хийгээд л , тэр хэрэггүй юмнууд дэлхийгээр нэг тарсан байна. Мэдэхгүй хүмүүс худалдаж аваад л. Монголын гааль дээр ч гэсэн асар олон хуучны эдлэлүүд хурааж байгаагийн ихэнх нь хуурамч бараанууд байна шүү дээ. Хуурамч гэдгийг нь хураалгасан нь ч , хураасан нь ч мэдэхгүй хайран мөнгөө юу ч үгүй болгож байна. Гаалийнханд зориулж урлагийн бүтээл таних, ялгах сургалт явуулах хэрэгтэй дээ.

Сансар эрхэс биднийг захирдаг

Далд ухаан, нууцлаг, тайлагдашгүй зүйлс хэн бүхний анхаарлыг татдаг. Гэхдээ нүдэнд үл үзэгдэж, гарт баригдамгүй юмыг худал хэмээгчид олон. Тэгвэл тэрхүү оньсогыг тайлж, нууцын чанадыг судалдаг Д.Төмөртогоо гуайтай ярилцлаа. Уг мэргэжил нь эдийн засагч ч сонирхолдоо хөтлүүлэн психотроникийн салбарыг судлах болсон гэсэн.Тэрбээр “Монголын психотроникийн хүрээлэн”-гийн тэргүүн юм.

-Эгэл мэдрэхүйн цаадхыг судлах болсон учир тань юу вэ?
-Миний аав дээд талын таван үеэсээ, ээжийн талынхан гурван үеэсээ хүн эмчилдэг, “отчийнхон” гэж нутагтаа нэрлэгдсэн хүмүүс байсан гэдэг. Ардын ухаан, нарийн мэдрэхүй нь хөгжсөн хүмүүс байсан юм. Түүнээс л удамшсан болов уу. Оюутан байхад ч тулгасан хуруу, толгойн өвчин гээд ойр зуурын юмыг анагаадаг болсон л доо. Тэрнээс биш би энэ салбар руу орно, судлана гэж зүтгэсэн юм байхгүй. Нэг л мэдэхэд психотроникийн ухааныг сонирхдог болсон.
-Хүүхэд хэн болохоо өөрөө шийдэх эрх нэлттэй болж. Гэтэл хүссэн, хүсээгүй эцэг эхийнхээ мэргэжил, сонирхлыг өвлөх тохиол олон байдаг нь ямар учиртай юм бол?
-Эхийн хэвлийд байхаас л хүйн холбоогоор дамжин, өсөх цагаас мэдэрч байсан зүйлс нөлөөлдөг болов уу. Манай хүүхдүүдийн дунд гэхэд гурван эмч, эмнэлгийн мэргэжлийн таван хүн байна. Үндэсгүй цэцэг гэж байдаггүй биз дээ.
-Психотроникийг тайлбарлаж өгөхгүй юу? Сүүлийн үед манайд эзотерик, парапсихологийн ухаан нэлээд дэлгэрч байх шиг?
-Психотроник, эзотерик, парапсихологи гээд нэр томьёо нь өөр өөр болохоос биш угтаа нэг утгыг л илэрхийлдэг. Харах, сонсох, үнэрлэх, амтлах, хүрэлцэхээс гадна сэтгэн бодож мэдрэхийг зургаа дахь мэдрэхүй гэж байгаа юм. Цаана нь бас долоо, найм, ес дэх мэдрэхүй ч бий. Тэрийг “билгийн чанад” гэж хуучин нэрлэдэг байж. Энгийн түвшний оюунаас цаана байгаа үл мэдэгдэх зүйлийг судалдаг гэсэн үг. Эд нар бүгд хүний таван мэдрэхүйгээс гадна оршдог юмсыг судлах, танин мэдэх, хэрэглэх ухаан юм л даа.
-Хүн зөвхөн өөрийн харсан, хүрснийгээ л бодит гэж үздэг. Гэтэл далд, тайлагдашгүй зүйлийг судлана, тэрийг бусдад хүргэнэ гэдэг хэцүү байх даа?
-Хүн мэдээллийнхээ 90 хувийг нүдээр авдаг гэдэг. Гэтэл нүд бол их л муу багаж шүү дээ. Зөвхөн хурд, гэрлээс хамаарч л ажилладаг. Зөвхөн шөнө гарч ирдэг сонин сонин амьтад, онгоцны сэнсний хөдөлгөөнийг ч юмуу бид харж чадахгүй. Тэгэхээр нүд гэдэг бүхнийг харуулж чадахгүй байгаа биз? Тэгтэл түүгээр нийт мэдээллийн талаас илүү нь орж ирж байна. Тиймээс өөрийн хараагүй, бариагүй зүйлдээ үнэмшихгүй байх, худлаа гэх үзэл олонтаа тохиолддог. Үзэгдэхгүй юмыг үгүйсгэдгээ л болих хэрэгтэй. Тэдгээрийг эсэргүүцнэ гэдэг мэдлэг нимгэн байгаагаа л илтгэж буй хэрэг шүү дээ.
-Мулдашевийн номд бичсэнээр тав дахь иргэншлийн хүмүүс бид өмнөх үеийнхнийхээ хаана нь ч хүрэхгүй гэдэг.
-Тийм. Биднээс өмнөх иргэншлийн сиймгэр, сүнслэг, том биетэй хүмүүс аливаа зүйлийг зүгээр хараад өнгөрөх төдийгүй цаад талыг нь нэвт ширтэж, учир начрыг нь тунгаах чадвар гоц байсан байна. Тэрчлэн далд мэдрэхүй, билгийн нүд нь гайхамшигтай сайн ажилладаг байж. Түүхийн явцад бүх зүйлс нягтаршиж, бие биетэйгээ ойртон, хүмүүс ч жижиг биетэй, ухаан мөчид болж хувирсан гэдэг юм.
-Хүн төрөлхтний буруу үйлээс болж ийм болсон болов уу?
-Жамаараа л болсон зүйл. Хүн бүхнийг захирдаг гэдэг ч үнэн хэрэгтээ өөрийн амьдрал, өдөр тутмын асуудлаа нааш цааш болгохоос хэтэрдэггүй. Харин жинхэнэ захирагч нь сансар эрхэс л байдаг юм. Бид од гариг, дэлхий нарны хөдөлгөөний эрхшээл дор амьдардаг. Тэдгээрийн нөхцөл байдлаас л бүх зүйл шалтгаална.
-Тэгвэл зурхайтай холбогдох нь ээ. Зурхайг шинжлэх ухаан ч гэдэг, шашин ч гэдэг. Таны хувьд аль нь вэ?
-Зурхай бол шинжлэх ухаан. Жишээ нь хоногын талыг өдөр, үлдсэнийг шөнө эзэлдэг. Зуд, ган, цас бороо ч тэнгэр эрхэсийн орчилоос хамаардаг. Тэгвэл энэ бүх үзэгдлийг хүний амьдралын хэмнэлтэй тааруулж, зохицуулах нь шинжлэх ухаан болж байгаа юм.
-Зуд, ган, дэлхийн дулаарал хүний буруу үйл ажиллагаанаас болж байна. Харин та тэдгээрийг хүнтэй холбоогүй гэж үздэг хэрэг үү?
-Нөлөөтэй нь нөлөөтэй л байх. Гэхдээ дулаардаг, хүйтэрдэг нь дэлхий жамаараа л явж буй хэрэг. Мөстлөгийн үе болсонтой адил дэлхийн уур амьсгалын нэг мөчлөг нь энэ. Тэрнээс биш зургаан тэрбум хүн нийлээд, бүх дэлхий, хамаг амьтныг сүйрүүлнэ гэдэгт би л хувьдаа итгэдэггүй.
- Далд мэдрэхүйн ухаанд өрнө, дорнын ялгаа хэр байдаг юм бэ?
-Дорнын хувьд, хүн ямар нэг багаж хэрэгсэлгүйгээр өөрийн чадвараар бясалгаж, билгийн чанад хүрэх нь түгээмэл. Рентген туяагүйгээр л хүнийг нэвт харах чадвартай. Харин өрнийнхний хувьд техник, компьютерийн хөгжилд түшиглэн нүдэнд үл үзэгдэх зүйлсийг гаргаж ирэх нь элбэг. Жишээ нь гэрлэн биеийн бүрхүүлийг шалгах багаж л гэхэд Европт илүү түгээмэл байдаг. Гэхдээ хүн төрөлхтнийг заавал хоёр туйлд зааглаж хуваах хэрэггүй. Нэг л дэлхий шүү дээ.
-Монголчуудын хувьд ямар байх вэ?
-Манай ардын заншилд био энерги буюу амин цэнэгийн учир холбогдлыг сайтар мэдэж, ажил амьдралдаа хэвшүүлсэн зүйл олон байж. Монголчуудын зан заншил, ёс төр гэдэг ерийн мэт ч шинжлэх ухааны гүн үндэслэлтэй байдаг. Тухайлбал хүнд зөв гараараа цай аягалж барьдаг. Нөгөө хүнээ хүндэлсэн нэг хэлбэр л дээ. Харин энергийн талаас авч үзвэл баруун гар эерэг, зүүн гар сөрөг цэнэгтэй байдаг. Гадаа тавьсан зүйлсийг гэрт хонуул гэдэг. Өдрийн нарны гэрэлд зөв энерги хуримтлуулсан зүйлс шөнө сөрөг энерги шингээдэг гэдгийг ухаарч мэдсэн хэрэг байгаа биз.
-Зөн билгийн тулаан Монголд хоёр удаа боллоо. Шүүгчийн зүгээс харж байхад манайд жинхэнэ зөн билэгтэн байна уу?
-Монголд далд мэдрэхүй нь хүчтэй хөгжсөн, жинхэнэ зөн билэгтнүүд байгаа. Гэхдээ хамгийн шилдэг, сайн хүмүүс нь тэр тэмцээнийг тоогоогүй. Дунд, доод түвшний мэдрэхүйтэй хүмүүс л оролцсон.
-Өнөөдөр техник технологи ид цэцэглэж байна. Тэгвэл хүний далд мэдрэхүй, дотоод чадварын хөгжил судлаач хүний нүдээр харахад хэр байна вэ?
-Зарим нь үхэр тэрэг хийж, нөгөө хэсэг нь нисдэг машин зохион бүтээж байна. Харин хүний сэтгэлийн чадвар өгүүлшгүй дээд. Онцгой чадвараа хөгжүүлсэн хүмүүс газраас хөндийрч, тэр байтугай уг байрлалаараа шавь нартайгаа уралддаг юм. Ихэнх хүн үнэмшдэггүй л дээ.
-Зөгнөлт зохиолд л тийм юм гардаг.
-Үг байгаа газар үйл байна. Хэрвээ дүрсэлж, бичиж, үзүүлж байгаа бол оршдог л гэсэн үг.

Sunday, September 12, 2010

Шуурхайлан

“Анхаараарай, анхаараарай! Араатан амьтад гарч ирэх гэж байна” хэмээн хөтлөгч зарлахад үзэгчид юу гарч ирэх бол хэмээн битүүхэн түгшин, хүлээв. Харин хөшиг нээгдэн, амьтад гарч ирэхэд үзэгчид нир хийтэл инээн, танхим дүүрэн хөгжөөн болов. Учир нь үзэгчдийн хүлээсэн араатнууд бус таван галуу зэрэгцэн гарч ирсэн юм. Хүмүүс тэднийг өхөөрдөн, хүүхдүүд сониучирхан шохоорхож байлаа. Галуунууд манеж тойрон алхаж, байрлуулсан шонгуудыг эвлэгхэн тойрч, тоглосон нь хүн бүхний хайрыг татан, зарим хүн бүр “эгдүүтэй золигнууд вэ” хэмээн дуу алдах нь сонсогдсон.
Монгол, ОХУ, Японы циркчдийн хамтарсан “Цирк ба амьтан” тоглолт ийнхүү эхэлсэн юм. Зөвхөн хүүхэд гэлтгүй томчуудын сонирхлыг ч татдаг сургуультай амьтны үзүүлбэр уг тоглолтын цөм болсон. Тиймээс ч танхим дүүрэн хүн цугласан байсны ихэнх нь багачууд байлаа. Тоглолтын эхний хэсэгт араатан амьтад хэмээн галуудад “хуурагдсан” үзэгчид удалгүй хүссэн үзүүлбэрээ үзсэн юм. Надежда Такшантовы хэмээх бүсгүйгээр удирдуулсан баавгайнуудын тоглолт энэхүү өдрийн хамгийн сонирхолтой үзүүлбэр байв. Баавгайнууд сагс тоглож, бөмбөг өнхрүүлэн, нохойнуудтай хүртэл хамт тоглолт хийн үзэгчдийг хөгжөөсөн. Монголд “аялан тоглолт” хийж буй тэдний дунд циркийн үзүүлбэрт хамгийн өндөрт ордог 2.8 м өндөр баавгай ирсэн байлаа. Түүнчлэн дэлхийд ганцхан байдаг “Нисдэг баавгайн үзүүлбэр” үзэгчдийн адреналин дааврыг ихэсгэсэн болов уу. Ямар ч хамгаалалтгүй, ердөө хоёр гараараа өргөгч төмрийг барин, өндөр хурдтайгаар агаарт эргэлдэж байсан баавгайг уначих вий хэмээн айсан, гайхалтай хэмээн биширсэн харцаар үзэгчид харж байсан юм.
Сургуультай амьтдаас гадна Японы алиалагч Дастар Тэрүо, Оросын Пончик, Монголын З.Энхтөр нар “элэг хөшөөх” ажлаа “онц” үнэлгээтэй гүйцэтгэв. Мөн “Хүч тамирын гайхамшиг”, “Агаар дээрх уран нугаралт”, “Шидэх банзнаас үсрэгчид” гээд авхаалж самбаа, эрч хүч шаардсан үзүүлбэрийг Монголын циркчид толилуулсан бөгөөд догдлол, хөөр баяр, алга ташилтанд умбасан уг тоглолтын үзэгчид сэтгэл дүүрэн буцсан биз ээ.