Thursday, July 15, 2010

дөнгөж сая


Адал явдал хайгч бүсгүй

Жирийн нэгэн монгол бүсгүй дэлхийн дээвэр Эверестэд авираад иржээ. Мэргэжлийн уулчид хүртэл ганцаараа авирахад хэцүү тэрхүү оргилын бэлд орших 5550 метрийн өндөр Калапатарт эх орныхоо далбааг намируулсан Д.Золзаяа мэргэжлийн уулчин биш. Энэтхэгийн Банглорын их сургуульд докторын зэрэг горилон суралцаж буй түүний сэтгэгдлийг хуваалцлаа.
-Төрсөн өдөр тань Эверестэд очсон өдөртэй давхацсан гэлээ. Энэ тохиолдол уу эсвэл эртнээс төлөвлөсөн байсан уу?
-Уулын спортыг сонирхож эхлээд дэлхийн хамгийн өндөр уулсын дээр гарах зорилго өмнөө тавьсан. Тэдгээрийн нэг Гималайн нуруунд очихыг эртнээс мөрөөддөг байлаа. Харин энэ жилийн төрсөн өдрөө мартагдашгүй тэмдэглэхээр шийдэж, үүргэвчээ үүрээд гарсан даа.
-Хэт өндөрт гарахад амьсгаа боогдох, даралт унах гээд уулын өвчний шинжүүд илэрдэг. Тэр тусмаа сонирхогчийн хувьд танд хэцүү байсан байх. Аялалаа зогсоох, буцах санаа төрж байв уу?
-Эхний хоёр өдөр жавар салхинд цохиулаад “Энд юу хийж байгаа билээ” гэж өөрөөсөө асуусан шүү. Гэхдээ аялах явцдаа уур амьсгалд нь дасаж, зорьсон оргилынхоо барааг заавал харна гэж шийдсэн.
-Энэтхэгээс Эверестийн бэл хүртэлх 15 хоногийн аялалыг та ес хоногийн дотор туулсан гэл үү?

-Надад их сайн хөтөч таарч, байнга зааж зөвлөдөг байсан. Үүнээс гадна Монгол хүний дасан зохицох чадвар, тэсвэр хатуужил, зорьсондоо хүрэх эрмэлзэл их нөлөөлсөн. Өмнө нь Альпийн нуруунд гарч байхдаа сүү, тахил өргөж, сүслэн залбирч байлаа. Энэ аялал маань амжилттай болоход уул, усаа тахин шүтдэг заншил маань нөлөөлсөн болов уу.
-Дэлхийн ноён оргилууд дээр гарахыг мөрөөддөг гэлээ. Дараагийн зогсоол тань хаана байх вэ?
-Өмнөд Африкийн Килиманжарод авирахаар төлөвлөж байна. Аялалын хувьд хоёр долоо хоногийн дараа Балба руу явж,
bungee jumping буюу чөлөөт уналт хийнэ. Ууланд авирахаас гадна уулын дугуй, шүхэр, чөлөөт уналт гээд адал явдалт спортыг их сонирхдог.
-Аялал, адал явдал хайх болсон тань хэдийнээс эхлэлтэй вэ?
-Өмнө нь спорт, аялал нэг их сонирхдож байгаагүй. Харин гадаадад сурч, судалгааны ажлаар явах болсноор очсон улсын онцлог чанар, дэлхийд ганц байдаг үнэт зүйлс зэрэг нь сонирхол татах болсноос үүдэлтэй. Жишээ нь Италид очин Альпийн нуруунд авирч, Энэтхэгийн Ганга мөрний усанд орж байсан зэргээс цааш олон гайхамшгийг үзэх хүсэл төрөх болсон.
-Тэгвэл Монголоороо хэр их аялсан бэ?
-Говь-Алтайгаас бусад аймгаар аялсан. Сая ирээд “Монголын адал явдалт холбоо”-ны гишүүнээр элслээ. Цаашдаа Монголдоо экстрим спортын төрлүүдийг хөгжүүлэх бодолтой байна.

Tuesday, July 13, 2010

Анхны сурвалжлага байж билээ,байж билээ,баййжж биййлээ

ОРДНЫ СҮР ЖАВХЛАН, ТАРИАЧДЫН ЭГЭЛ АМЬДРАЛЫГ ХАРУУЛСАН ТОГЛОЛТ


Монгол, Солонгос хоёр улс найрамдалт харилцаа тогтоосны 20 жилийн ой энэ онд тохиож буйтай холбогдуулан 2010 оныг Монгол дахь Солон госын жил болгон зарласан билээ. Тус ажлын хүрээнд өнгөрсөн пүрэв гаригт Соёлын төв өргөөнөө БНСУ-ын ардын урлагийн тоглолт болсон юм.

Тоглолтод оролцсон уран бүтээлчид төдийгүй тайз засал, гэрэлтүүлэг, дуу техник, зохион байгуулагч гээд арын албанд ч солонгосчууд ажиллалаа. Даяаршиж буй дэлхийн улс үндэстнүүд соёл урлаг, хувцас, техник технологи гээд ялгарах зүйлгүй болсон. Тэгвэл аль ч орны хувьд тэрхүү олон логоос ялгарах гол зүйл нь үндэсний уламжлал, ардын урлаг байдаг. Түүгээр дамжуулан тухайн улс орны үүх түүх, зан заншил, аж амьдралыг харж болдог.

“Монголчууд орчин үеийн Солонгосын соёл, дуу хөгжмийг сайн мэднэ. Харин уламжлалт соёл, ардын дуу бүжгийг төдийлэн мэдэхгүй. Тиймээс үндэсний соёл урлагийг таниулах зорилгоор өнөөдрийн тоглолтыг зохион байгуулж байна” гэж БНСУ-аас Монголд суугаа Элчин сайд Жон Ил хэлсэн юм.
Кён Ги их сургуулийн профессор, Солонгосын бүжгийн холбооны дэд ерөнхийлөгч Юүн Ми Рагийн удирдсан “Юүн Ми Ра” чуулгын бүжигчид тоглолтын салхийг хагалав. Бүжигчин бүсгүйчүүд хаанд магтаал, ерөөл өргөж буй утгатай “Хянбальтай”, бие биесээ түших амьдралын жам ёс, хайр сэтгэлийн тухай “Рапс” цэцгийн бүжиг, тариачин ардаас үүсэлтэй “Жангу бөмбөрт бүжиг” бүжлээ.
“Юүн Ми Ра” чуулгынхан тус улсын бүжгийн уламжлалт дэг жаягийг орчин үеийн хэв маягтай хослуулдаг онцлогтой. Үүний дараа түүхэн киноноос олонтаа харсан түшмэдийн хувцастай, гартаа дэвүүр барьсан залуу гарч ирсэн нь Солонгосын нэрт дуучин И Хи Мүн байлаа. Тэрбээр бөөгийн дуудлагаас үүссэн “Чанбүтарён” дуу, “Тэ Жан Гүм” киноны “Унара”-гаар олны сонорыг мя лаасан юм.

“Монголчууд найрсаг зантай ард тү мэн юм. Бас нүүрний төрх нь бидэнтэй төстэй санагдлаа.
“Унара” дууг сайн мэддэг бололтой. Даган дуулж, сайхан хүлээж авсанд нь баярлаж байна”
хэмээн тэрбээр сэтгэгдлээ хуваалцлаа. Тоглолтын үеэр хуучир, ятгын аялгуу эгшиглэсэн нь их л танил, дотно санагдаж байв. Мөн Солонгосын үндэсний хөгжмийн чуулга “Халуун элгэн нутаг” дууг хөгжимдлөө. Монголчуудын сэтгэлд шингэсэн, бараг л хоёр дахь төрийн дуулал болсон уг бүтээлийг тэд тун ч чадварлаг тоглосон.

Түүнчлэн ардын урлагийн “Ён Хи” чуулган тариачдын амьдралыг харуулсан үзүүлбэрийг толилуулсан юм. Уран бүтээлчид ирмэгцээ тоглолтын бэлтгэлд орсон учраас гадуур явж амжаагүй гэсэн. Тоглолтын дараа манай орны түүх, дурсгалын газруудаар явж, ардын урлагийн тоглолт үзэн, Тэрэлжийн үзэсгэлэнт байгальд амрахаар тэсэн ядан хүлээж буйгаа бүжигчид хэлж байсан юм.

Солонгосын соёлын өдрүүдийн хүрээнд зохиогдож буй спорт, урлагийн тоглолт, үзэсгэлэн, кино өдрүүд нь хоёр орны ард түмний дотносох гүүр болж байгаа тухай зохион байгуулагчид нь ярьж байлаа.

Энэ ч яахавдээ, байдаг л нэг тодруулга

ДУУРИЙГ ОРЧИН ҮЕИЙН УРЛАГТАЙ НЭГТГЭСЭН ЗАЛУУС


Дуурийн урлаг үүсэж, дээдсийн хүрээ нийхний сонирхлыг татаж байсан цаг хэдийнэ ард хоцорсон. Аль ч нийгмийн үед дээд давхаргынханд үйлчилж байсан эл урлаг өнөөдөр орчин үеийн бусад урлагийн чиг хандлага, төрөлтэй сүлэлдэн поп, рок, транс опера зэрэг урсгал бий болжээ. Тэгвэл дуурийн урлагийг орчин үеийн урсгалуудтай холбон уран бүтээлээ туурвидаг “Voice” хамтлагийн гишүүн С.Баттулга, Д.Отгонжаргал, А.Эрдэнэжаргал нартай уулзлаа. Тэд ирэх сард болох хоёр дахь тоглолтын бэлтгэлдээ оржээ.


-Рок, транс, поп опера чиг лэлээр уран бүтээлээ туур ви даг хамтлаг манайд харьцангуй цөөн. Хүмүүс ихэвчлэн “Нюанс”-ыг л мэддэг. Тэднээс ялгарах онцлог тань юу вэ?

-Бид дуурийн дуулаачийн мэргэжилтэй учраас энэ чиглэлээр уран бүтээлээ туурвидаг. Сопрано хоолой буюу эмэгтэй дуучинтай. Түүнчлэн зөвхөн поп гэлтгүй транс, рок, электро, этно опера төрлөөр дуулдаг. Мөн хип хоптой ч хослуулна.

-Та гурав үглэх юм биш биз?

-Үгүй ээ, хип хоп хамтлагтай хамтрах бодолтой байгаа.

-Тэгвэл энэ чиглэлээр Монголдоо анхдагч гэж ойлгож болох уу?

-Дуурийн орчин үеийн чиглэлээр дуулдаг нь манай хамтлаг. Харин дэлхийд үүссэн түүхээс нь ярих юм бол Жорж Гершвиний жааз дууриас орчин үеийн дуурь бий болсон байдаг. Бид ч цаашдаа жааз опера дуулна. Дуурь гэхээр зарим хүн нүсрээр төсөөлдөг. Театр, найрал хөгжим, хувцас хэрэглэл гээд л. Эдгээр нь дуурьтай салшгүй холбоотой. Харин бид нийгмийн олонх хэсэгт зориулж дуулдаг. Залуусын дуртай урсгалуудтай холбож өгснөөр илүүтэй сонсоно л доо. Тэглээ гээд дуурийн үндсэн шинж чанараа орхигдуулахгүй.

-Ирэх сард болох тоглолтод та бүхнээс гадна ямар уран бүтээлчид оролцох вэ?

-Улсын филармонийн симфони найрал хөгжим, Морин хуурын чуулган, амьд хөгжмийн хамтлаг оролцоно. Манай хамтлаг хүмүүсийн ярьдгаар амьд хөгжимтэй дуулахыг эрмэлздэг. Гэхдээ гадуур тоглоход хөгжимтэй дуулах боломж тэр болгон байдаггүй.

-Хоёр дахь тоглолт эхнийхээс юугаараа өөр байх вэ?

-Эхний удаа сонгодог тоглолт тавьсан. Харин энэ удаа хүмүүсийг хөгжөөсөн, шоу тоглолт болно. Тоглолтын эхний 30 минутад хөлбөмбөгийн ДАШТ-ий шилдэг гоолуудыг багцлан үзүүлнэ. Хоцролгүй ирсэн үзэгч тэмцээний алтан мөчүүдийг нэг дор үзэх боломжтой.

Баярласан.Зөндөө их,Энэрэлд

Эрх чөлөө, энх тайван, хайр сэтгэл


Вьетнамын дайн, арьс өнгөөр ялгаварлах үзлийг эсэргүүцсэн залуус 1960-аад оны үед Америкийн Сан-Франциско хотноо цуглажээ.

Тэдний хувцаслалт, гадаад байдал нь тухайн үедээ их л сонин, содон байсан нь хожим хиппи урсгал болон загварын ертөнцөд түрэн орж ирсэн түүхтэй. Эрх чөлөө, энх тайван, хайр сэтгэлийг магтан дуулагчид энэрэнгүй үзэлтэн Махатма Гандийн үзэл санааг дагадаг байлаа.

“Woodstock”, “Summer of love” зэрэг хөгжмийн наадам хиппи залуусын хэрэглээ болон тархахад хүчтэй нөлөө үзүүлжээ.

Ийнхүү дайн байлдаан, хүчирхийллийг эсэргүүцэгч залуусын хөдөлгөөн амьдралын нэг хэв маяг болон өргөжсөн байна.

Орчин үед үзэл бодлоос илүү хувцасны хэв маяг нь хиппиг тодорхойлох болж. “Street fashion” буландаа хиппи стилээр хувцасладаг М.Энэрэлийг урилаа.

Тэрбээр FM-107-гийн жааз хөгжмийн нэвтрүүлэг хөтөлдөг юм билээ.

Янз бүрийн хээ угалзтай даавуун даашинз нь энэ стилийг эрхэмлэгч эмэгтэйчүүдийн байнгын хэрэглээ. Сүүлийн үе охид, бүсгүйчүүдийн сонголтод нийцсэн балерина буюу өсгийгүй гуталтай нь даашинз тун сайхан зохицож байна.



Задгай тавьсан үсээ боолтоор даруулан гоёх нь хиппи хувцаслалтын салшгүй хэсэг төдийгүй тун ч дэгжин харагдуулдаг.

Зуны дэлгэр цагт яг тохирсон улбар өнгөтэй, байгалийн дүрслэл бүхий цүнх нь хиппи стилийг улам тодотгоно



Бугуйвч, бөгж, зүүлт зэрэг аксессуар бол хиппи гэлтгүй ямар ч стилийн хувцасны чимэг билээ.

Гарчиг ч уг нь байгаа л даа. Даанч...



Дэлхийн хамгийн анхны кино “Галт тэрэг ирж байна” 1898 онд гарчээ. Тэгэхэд өмнөөс нь ирэх галт тэргийг хараад айсан хүмүүс театрын хаалга тийш хошууран, зугтацгаасан гэдэг.Тэгвэл зуу гаруй жилийн өмнө үүссэн энэ урлаг өнөөдөр техникийн дэвшил, хүний оюун ухаан, бүтээлч чадвартай сүлэлдэн оргилдоо хүрсэн гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Үе үеийн “галт тэрэг” ирж, буцан дараагийн гийчид нь өмнөх үеэсээ ололттойг нь авч, шинэчлэн хөгжүүлсээр.Технологийн шинэч лэл, компьютерийн өр гөн бо ломж нээгдсэн ч хамгийн гол нь киног урлаг талаас нь авч үзэх чухал. Kино нь дотроо хөгжим, бүжиг, уран зохиол, дүрслэх урлаг гээд урлагийн бүхий л төрлийн онцлог, давуу чанарыг агуулсан байдаг. “Бидний ухамсраар дамжин, зүрх сэтгэлийн мухарт орших харанхуй өрөөнд хүрч чаддагаараа кино зүүд, хөгжимтэй адилхан” хэмээн Шведийн кино найруулагч Ингмар Бергман хэлсэн байдаг.

Түүний хэлсэнчлэн хүний дотоод сэтгэл, мөн чанар луу хандсан тэрхүү кинонуудыг арт хаус, арт кино хэмээн нэрлэдэг. Өөрөөр хэлбэл, арилжааны бус, жинхэнэ урлагийн бүтээл бо лон хийгдсэн байдаг бөгөөд өндөр түвшинд ойлгож мэдэрдэг, “бэлтгэгдсэн” гэж хэлж болох үзэгчдэд илүүтэй хүрдэг. “Арт кино нь орон зай, цаг хугацааны нэг шугамд үйл явдал нь өрнөдөг, алдаа мадаггүй хийцтэй, харилцан яриа зонхилж, утга нь тодорхой болж төгсдөг Холливудын ихэнх киноны чиг шугамаас хазайсан байдаг. Бодит амьдрал ба төсөөлөл, мөрөөдлийн дунд үйл явдал нь өрнөж, хувь хүний оршихуй, нийгмийн нөлөө, гүн ухаан, ёс суртахуун, сэтгэл зүйн асуудлыг хөнддөг нь арт киноны онцлог” хэмэн кино шүүмжлэгч Дэвид Бордуэл то дорхойлжээ.Иймэрхүү асуудлуудыг дэвшүүлсэн арилжааны кинонууд байдаг ч шийдлийг нь хамт үзүүлдэг. Харин арт киноны хувьд тэдгээрийг баатруудын бодол, мөрөөдөл, харилцан яриагаар тодотгон, асуудлын шийдлийг үзэгчдэд нээлттэй үлдээдэг. Эхлээд үзэхэд далд дүрслэл, ойлгомжгүй байдал нь үзэгчийг төөрөгдөлд оруулж болох ч дахин үзэх тусам ойлгож, мэдэрч, киноны “амтанд” орж, шимтэн үзэж эхэлдэг нь арт хаусын увдис гэлтэй. Арт киноны эхэн үеийн төлөөлөгчид нь 1920-иод оны Оросын Сергей Эйзенштейн, Испанийн Луй Бүньюэль, Английн Алфред Хитчкок, Шведийн Ингмар Бэргман, Францын Жан Люк Годар, Марсел Пагнол нар юм. Энэ онд “They shoot pictures,don’t they” сайтынхан нэр хүндтэй шүүмжлэгч, судлаачдын жагсаалтаас шүүн дэлхийн шилдэг 100 киноны нэрийг гаргасан.Уг жагсаалтад орсон кинонуудын дийлэнх хувь нь 1980 оноос өмнө хийсэн бүтээлүүд байгаа нь техникийн боломж хомс нөхцөлд ч тэдгээр найруулагчид урлагийн бүтээл хийж чадсаныг харуулж байгаа юм.Цаашлаад Германы экспрессионизм, Италийн нео реализм, Францын шинэ давалгааны үе кино ертөнцийн хөгжилд их үүрэг гүйцэтгэсэн гэдэг. XX зуунд дүрслэх урлагийн нэгэн чиглэл болж үүссэн экспрессионизм нь аажимдаа кино руу хальжээ. Роберт Вине, Фриц Ланг, Фридрих Мурнау зэрэг уран бүтээлч өдөр тутмын орчин хүрээллээс эрс татгалзаж, зохиомлоор барьж байгуулсан экспрессионист маягийн тайз, байгууламж дотор киноныхоо үйл явдлыг оруулж өгсөн бай на. Гол дүрийн жүжигчнээс гадна тайз, чимэглэл нь өөрөө тог лож буй мэт кино нь мэдээжийн хэрэг урлагийн ертөнцөд томоохон үйл явдал болжээ.Италийн хувьд, дэлхийн хоёрдугаар дайны дараа фашизмыг магтан дуулсан эсвэл чанар муутай инээдмийн кино хийж байв. Микеланжело Антониони, Жианни Пуччини, Цезаре Заваттини нарын шүүмжлэгч үүнийг эсэргүүцэн, хайр найргүй шүүмжилдэг байж.Лукино Висконти хэмээх залуу найруулагч “Солиорол” киногоо 1943 онд хийснээр ажилгүйдэл, гуйланчлал, өвчин эмгэг зэргийг үзэгчдэд ил гаргаж тавьсан неореализм урсгал үүссэн түүхтэй. “Би амьд, бодит хүний тухай өгүүлэх ёстой” хэмээн Висконти найруулагч киногоо тайлбарласан гэдэг. 1960-аад онд Холливудын кино, Ита лийн неореализм хоёрын нөлөөгөөр nouvelle vague буюу Фран цын шинэ давалгаа бий болжээ.Федерико Феллинигийн “La Dolce Vita”, Жан Люк Годарын “L’Avventura”, “A Bout de Souffle” гэсэн гурван киног энэхүү шинэ давалгааны гол бүтээл гэж үздэг аж. Найруулагчийн хувийн үзэл бодол, туршлага, гүн ухааны бодол бясалгал нь арт киноны гол цөм болдог.Киноны жүжигчид нь ихэнх тохиолдолд олонд төдийлэн танигдаагүй хүмүүс байдаг бөгөөд нүсэр техник шаарддаггүй, зар сурталчилгаанд их мөнгө цацдаггүй. Үзэгч цөөнтэй учраас box office-г тэргүүлэх нь ховор. Харин тэдгээр бүтээлүүд Венецийн, Каннын, Берлиний, Sundance-ийн зэрэг кино наадмуудад оролцон, шүүмжлэгчдийн анхааралд өртөн үнэлэгддэг.Мөн Герман, Франц, АНУ, Хятад, Япон гээд дэлхийн ихэнх улсад арт хаусын төрөлжсөн кино театр, үзвэрийн газрууд байдаг. Тэгвэл манай орны хувьд, ердөө л гарын таван хуруунд багтах кино театруудад нь ашиг орлого хөөсөн арилжааны кинонууд ихэвчлэн гардаг. Телевизүүдийн кино албад ч арт кинонд анхаарлаа төдийлэн хандуулдаггүй.Харин үзэгчдийг киноны гүн рүү нэвтэрч, гол санаанд нь хүрэх, өөр өнцгөөс харахад нь туслах нэвтрүүлгийг Боловсрол суваг телевиз “Кино боловсрол олгох хөтөлбөр”-өөр, NTV “Эгэл биш кино”, “Энэ бол кино” булангаараа хүргэж байгаа билээ. Мөн “Занаду” арт галерейд долоо хоног бүрийн бямба гаригт “Алтан хальс” холбооны залуус арт кино гаргадаг юм.Сонгодог болон арт кино сонирхогчдыг нэгтгэх зорилготой уг үйл ажиллагаа үнэ төлбөргүй. Мөнгө олох бус, хүмүүст кино урлагийг мэдрүүлэх чин хүсэл нь эндээс харагдаж буй. Бямбын кино өдөрлөг “Dreamers day” нэртэй. Бернардо Бертолуччигийн дээрхтэй ижил нэртэй бүтээл нь 60-аад оны Франц, кинонд “донтогч” гурван залуугийн тухай өгүүлдэг.Тэр үеийн Парист боловсрол өндөртэй, киног урлаг талаас нь үнэн сэтгэлээсээ мэдэрч чаддаг, хайрладаг, үзээд сэтгэж боддог залуус ямар ч газраас илүү их байсан гэдэг.Үүнээс улбаалан “Алтан хальс” холбооныхон энэхүү нэрийг сонгосон аж. Кино, мөрөөдөл, урлаг гурвын шүтэлцээнд шинэ мэдлэг, мэдрэмж хүртэхийг хүссэн хэнд ч “Занаду” нээлттэй

Үүтгэл

-Чи бичсэн юмнуудаа хадгалж байгаа юу?
-Үгүй, үгүй.
-Яаж байгаа юм? Энэ чинь хүүхдүүдээ хаяж байгаатай адилхан шд. Надаас аваарай. Тэгээд хадгалж бай. За юу?
-Заа.
Ингэж л эхэлсэн юм даа