Thursday, July 15, 2010

дөнгөж сая


Адал явдал хайгч бүсгүй

Жирийн нэгэн монгол бүсгүй дэлхийн дээвэр Эверестэд авираад иржээ. Мэргэжлийн уулчид хүртэл ганцаараа авирахад хэцүү тэрхүү оргилын бэлд орших 5550 метрийн өндөр Калапатарт эх орныхоо далбааг намируулсан Д.Золзаяа мэргэжлийн уулчин биш. Энэтхэгийн Банглорын их сургуульд докторын зэрэг горилон суралцаж буй түүний сэтгэгдлийг хуваалцлаа.
-Төрсөн өдөр тань Эверестэд очсон өдөртэй давхацсан гэлээ. Энэ тохиолдол уу эсвэл эртнээс төлөвлөсөн байсан уу?
-Уулын спортыг сонирхож эхлээд дэлхийн хамгийн өндөр уулсын дээр гарах зорилго өмнөө тавьсан. Тэдгээрийн нэг Гималайн нуруунд очихыг эртнээс мөрөөддөг байлаа. Харин энэ жилийн төрсөн өдрөө мартагдашгүй тэмдэглэхээр шийдэж, үүргэвчээ үүрээд гарсан даа.
-Хэт өндөрт гарахад амьсгаа боогдох, даралт унах гээд уулын өвчний шинжүүд илэрдэг. Тэр тусмаа сонирхогчийн хувьд танд хэцүү байсан байх. Аялалаа зогсоох, буцах санаа төрж байв уу?
-Эхний хоёр өдөр жавар салхинд цохиулаад “Энд юу хийж байгаа билээ” гэж өөрөөсөө асуусан шүү. Гэхдээ аялах явцдаа уур амьсгалд нь дасаж, зорьсон оргилынхоо барааг заавал харна гэж шийдсэн.
-Энэтхэгээс Эверестийн бэл хүртэлх 15 хоногийн аялалыг та ес хоногийн дотор туулсан гэл үү?

-Надад их сайн хөтөч таарч, байнга зааж зөвлөдөг байсан. Үүнээс гадна Монгол хүний дасан зохицох чадвар, тэсвэр хатуужил, зорьсондоо хүрэх эрмэлзэл их нөлөөлсөн. Өмнө нь Альпийн нуруунд гарч байхдаа сүү, тахил өргөж, сүслэн залбирч байлаа. Энэ аялал маань амжилттай болоход уул, усаа тахин шүтдэг заншил маань нөлөөлсөн болов уу.
-Дэлхийн ноён оргилууд дээр гарахыг мөрөөддөг гэлээ. Дараагийн зогсоол тань хаана байх вэ?
-Өмнөд Африкийн Килиманжарод авирахаар төлөвлөж байна. Аялалын хувьд хоёр долоо хоногийн дараа Балба руу явж,
bungee jumping буюу чөлөөт уналт хийнэ. Ууланд авирахаас гадна уулын дугуй, шүхэр, чөлөөт уналт гээд адал явдалт спортыг их сонирхдог.
-Аялал, адал явдал хайх болсон тань хэдийнээс эхлэлтэй вэ?
-Өмнө нь спорт, аялал нэг их сонирхдож байгаагүй. Харин гадаадад сурч, судалгааны ажлаар явах болсноор очсон улсын онцлог чанар, дэлхийд ганц байдаг үнэт зүйлс зэрэг нь сонирхол татах болсноос үүдэлтэй. Жишээ нь Италид очин Альпийн нуруунд авирч, Энэтхэгийн Ганга мөрний усанд орж байсан зэргээс цааш олон гайхамшгийг үзэх хүсэл төрөх болсон.
-Тэгвэл Монголоороо хэр их аялсан бэ?
-Говь-Алтайгаас бусад аймгаар аялсан. Сая ирээд “Монголын адал явдалт холбоо”-ны гишүүнээр элслээ. Цаашдаа Монголдоо экстрим спортын төрлүүдийг хөгжүүлэх бодолтой байна.

No comments:

Post a Comment