Sunday, August 29, 2010

Энгийнээс этгээдийг эрсэн Энди Вархол






Шаргал үс, улаан уруул, урин дуудсан төрхөөрөө дэлхий нийтийг байлдан дагуулсан Мэрилин Монрог үе үеийн зурагчид, зураачид бүтээлдээ мөнхөлж, гэрэл зургийн хальснаа буулгасан. Тэр дундаас нэг хавтгай дээр Монрог дөрвөн янзаар дүрслэн зурсан зургийг мэдэхгүй хүн ховор. Тэгвэл энэ нь поп-арт урсгалын бүтээл юм. Энэр уран бүтээл туурвидаг гол төлөөлөгч бол Энди Вархол. Тэрбээр хоол хүнсний бүтээгдэхүүнээс эхлээд оддын хөргийг өөрийн өвөрмөц арга хэлбэрээр буулгаснаараа дэлхийд танигдсан билээ.

Хүн болгон олж харж чаддаггүй ч бүх зүйл өөрийн гэсэн гоо сайхныг агуулдаг
Энди Вархол

Өнгөрсөн зууны 50-иад оны сүүлчээс Их Британи, Америкт поп-арт хэмээх урлагийн
шинэ төрөл үүссэн цагаасаа хөгжлийн хурдны замд салхи татуулан давхисан юм.
Өдөр тутмын хэрэглээ, ахуйн жижиг зүйлсийн онцлог, нууцлаг тал, хүмүүсийн анзаардаггүй зүйлийг харуулж, тэр бүр нүдэнд өртдөггүй энгийн л үйлдэл, эд хэрэгслээс сэдэвлэн урлагийн бүтээл хийдэг нь поп-артын гол онцлог чанар. Тиймээс ч “популяр” буюу “түгээмэл, олон нийтийн” гэсэн утгаар нэрлэгдсэн аж. Энэхүү урсгалыг дэлхийд таниулж, жинхэнэ “поп” болгосон уран бүтээлч бол Энди Вархол. Дэлхийн өнцөг булан бүрээс “Америк мөрөөдөл”-ийг тээн, шинэ тивд цугларч байсан олон мянган цагаачдийн нэг болсон словян гаралтай Андрей Вархол, Жулиа Вархол нарын гурав дахь хүү болон 1928 онд мэндэлсэн тэрбээр 1930-аад оны их хямралын үед, үйлдвэрийн утаа, тоос шороо татуулсан саарал дүүрэгт өсчээ. Түүний онцгой авьяас нь бага байхаас л илэрч байсан гэдэг. Энди зургаан настайдаа өвчний улмаас орноосоо өндийх тэнхээгүй болж, ээж, ах нар нь түүнд ээлжлэн зураг зурах аргачлалын тухай ном уншиж, дүрс гэрэлтүүлэн буулгах арга зааж, элдэв янзын зураг харуулдаг байв. Гэрийнхнийх нь анхаарал халамж өөрийнх нь авьяастай нийлэн хүүгийн оюуныг усалж, ирээдүйн шилдэг бүтээлч болох хөрсийг бүрдүүлсэн биз. Эдгэрснийхээ дараа ахлах сургуульд орж, 16 настайдаа төгсчээ. Эндигийн аав Андрей Вархол 1942 онд таалал төгсөж, тэдний гэр бүлийн амьдрал хүнд бэрх байсан ч тэрбээр үргэлжлүүлэн сурах бодлоо орхисонгүй. 1945 онд залуу хүүд Улсдаа томоохонд тооцогдох Карнегийн Технологийн их сургуульд сурах урилга иржээ. Тэрбээр гэр бүлээсээ ганцаараа дээд сургуульд орсон юм. Гэсэн ч жилийн дараа Энди шалгалтандаа унаж, сургуулиас хөөгдсөн гэдэг. Аз болж залуугийн авьяас чадварыг анзаарсан нэгэн профессор зуны сургуульдаа элсүүлжээ. Тэрбээр сурахын хажуугаар ах нартаа тусалж, ногоо зарж, худалдан авагчдын хөргийг зурж өгдөг байж. Удалгүй Энди нэгэн их дэлгүүрийн цонх чимэглэх ажилд орсноор загварын ертөнцтэй танилцсан нь түүний хожмын бүтээлүүдэд тод тусгал олжээ.

“Чи юунд хамгийн их дуртай вэ” гэж нэг хүн надаас асуусан. Ингэж л би зураг зурах замыг эргэлтгүй сонгосон юм.
Энди Вархол

1949 онд Энди Вархол сургуулиа төгсөж, урлагийн ертөнцөд нэрээ дуурсгах их хүсэл өвөртлөн, ангийн анд Филип Перлстайны хамт Нью-Йоркийг зорьжээ. Тэнд байх хугацаандаа зар сурталчилгаа, зураг чимэглэлийн салбарт ажиллах болов. 1950-иад оны дунд үеэс хэний ч танихгүй нэгэн залуугийн энгийн хэрнээ этгээд сонин бүтээлүүд шүүмжлэгчдийн анхаарлыг татаж, олонд танигдаж эхлэв. “Vogue”, “Bazaar”, “The New Yorker” гэх мэт загварын шилдэг сэтгүүлүүд түүнтэй хамтран ажиллах гэрээ хийв. Хүн дуртай зүйлээ хийж байхдаа хамгийн аз жаргалтай байдаг. Хэдийгээр Энди нэр хүндтэй газруудад ажиллаж байсан ч жижиглэнгийн дэлгүүрүүдийн цонх, ханын чимэг зэргийг ч хийсээр байжээ.
1956 онд тэрбээр Нью-Йоркийн орчин үеийн урлагийн музейд үзэсгэлэнгээ гаргасан нь поп-арт урлагийг олонд таниулан тунхаглаж, хүлээн зөвшөөрүүлж чадсан том үйл явдал болсон гэдэг.
1960 он гэхэд Америк даяар Энди Вархолыг мэддэг болж. Ялангуяа урлаг, хувцас загвар, зар сурталчилгааны салбарт түүнийг хүндлэн, авьяас билэгт нь мэхийжээ. Тэрбээр кино жүжигчид, рок оддыг хүссэн янзаар нь зурж, ихэнх америкчуудын оройн хоолны цэсэнд зоолттой байдаг лаазалсан бүтээгдэхүүн, 25 центийн үнэтэй кока кола гээд энгийн зүйлийг өөр өнцгөөс нь харуулж, цоо шинэ урлагийг бүтээсэн билээ.
Түүний уран бүтээлийн оргил үе бол 1960аад он. Тэрбээр зогсоо зайгүй ажиллаж, эцэс төгсөлгүй эрэл хайгуул хийж байсан юм. Энэ үед л тэрбээр нэрийн хуудас нь болсон Мэрилин Монрогийн хөрөг, гутлын шинэ загваруудаа хийсэн.

Бизнесийн салбарт амжилттай ажиллана гэдэг сэтгэл татам сайхан урлаг. Учир нь мөнгө хийнэ гэдэг авьяас чадвар шаардсан урлагийн нэг төрөл.
Энди Вархол

Энди Вархол зөвхөн уран зургийн салбарт ажиллаагүй. Кино урлагт хүч үзэж, хамтлаг хүртэл байгуулсан. Тэр байтугай “Энди Вархолын 15 минут” нэвтрүүлэг цацаж, одоог хүртэл хэвлэгдсээр буй “Interview” сэтгүүлийг эрхлэн гаргадаг байжээ. “Ирээдүйд ямар ч хүн 15 минутын дотор л од болох боломжтой болно” хэмээн тэрбээр нэгэнтээ хэлж байсан нь өнөөдөр биеллээ олсон. Галзуу мэт зүтгэх галт тэрэгний хурдаар дэлхий хувьсан өөрчлөгдөхийг Энди хэдийнэ зөгнөн хэлсэн нь энэ.
1960-аад оны дунд үед Нью-Йоркийн Манхэттэнд тэрбээр өөрийн үйлдвэрийг байгуулсан. Гэхдээ гутал, цүнх, хоол, хүнс бус урлаг “үйлдвэрлэдэг” байлаа. Тэнд л рок хөгжмийн домог болсон хамтлагуудын нэг “The Velvet Underground” төрж, “Нойрсохуй”, “Үс засалт”, “Эзэнт гүрэн” гээд зуу гаруй кино төрсөн юм. Гэхдээ Энди Вархол нийтэд бус өөртөө болон хэсэг нөхдөдөө л зориулсан авангард чиглэлийн кино бүтээдэг байж. Тэрбээр арав хүрэхгүй киногоо л театрын дэлгэцэд гаргасан байдаг.
“Үйлдвэр” нь урлагаас гадна хүмүүсийн харилцааг “үйлдвэрлэж” байсан юм. Өөрөөр хэлбэл, тэнд тухайн үеийн уран бүтээлчид, рок одод, зохиолч, зураачид цуглардаг байв.
Орон гэргүй, гудамжны мэт амьдралтай хиппичүүдээс эхлэн Холливудын одод, баян язгууртнуудын дунд ч Энди Вархол байр сууриа олсон байв. Урлагт бүхий л амьдралаа зориулж, орчин үеийн уран зураг, зар сурталчилгааны салбарт нэрээ мөнхөлсөн тэрбээр 1987 онд таалал төгссөн юм. Энди нэгэн удаа “Үхэл гэдэг маш олон зүйлийг бүтээнэ. Тэр чамайг супер од ч болгож чадна” хэмээн санаатай ч юм уу, “сахилгагүйтээд” ч юм уу хэлсэн байдаг. Гэхдээ аль нь ч байсан тэрбээр өнгөрсөн зууны урлагийн од болон гялалзсан билээ.

No comments:

Post a Comment