Wednesday, August 11, 2010

Битбоксчдын нүргээнтэй үдэш

Тайзан дээр хоёр залуу гарч, үзэгчдийн өмнө чадвараараа өрсөлдөнө. Ялсан нь дараагийн шатанд шалгарч, ялагдсан нь гэрийн зүг...Гэхдээ энэ тулаанд хэн ч гэмтэж бэртээгүй. Зодоон биш. Нэг нэгнээ үгээр “идэхгүй”, хип хоп биш.
Royal fm 98.9-ын хамт олны зохион байгуулсан “Хатан туулаа хайрлая” үйл ажиллагааны хүрээнд өнгөрсөн баасан гаригт битбоксчид ийнхүү тулалдаж, аваргаа шалгаруулсан юм. Хоёр дах жилдээ болж буй уг тэмцээнд 20 хүн, дөрвөн хамтлаг оролцсон. Шүүгчээр залуусын сайн танил Ray буюу Б.Нарандэлгэр, “Royal beat” клубын тэргүүн С.Баярмөнх, битбоксчин М.Нямдорж нар ажилласан юм. Тэмцээнд оролцогчид сугалааны дагуу хоёр хоёроороо гарч, өрсөлдсөн бөгөөд эцсийн шатыг үзэгчид шүүлээ. Хоолойны хүч, амьсгалын зөв хуваарилалт шаарддаг энэ төрлийн үзүүлбэртээ залуус шинэ шинэ санаа нэмж, бүтээлч сэтгэлгээгээр хандсан нь ажиглагдаж байв.
Чадвартай байхаас гадна бусдаас онцгой, өвөрмөц сэтгэж ямарваа зүйлийн түрүүг авдаг шүү дээ. Тэгвэл оролцогчдоос ялгарч, хамгийн содон байж чадсан нь Есүжин. Тэрбээр тэмцээний эмэгтэй ганц оролцогч байсан ч эрчүүдэд мөчөөгөө тийм ч амар өгөөгүй. “Монголын төдийгүй дэлхийн битбоксын ертөнцөд эрчүүд ноёлдог. Эмэгтэй хүний хоолой ч тэднийхийг гүйцэхгүй гэдэг. Харин Есүжин үүнийг үгүйсгэж чадлаа. Тэр ялгарч байна” хэмээн шүүгчид түүнд урам хайрлав.
Эрчүүдийн тоглоом хатуу гэгчээр битбоксчид ач тач “тулалдан” байсан ч тэмцээний дараа тэд нөхөрсгөөр гар барин, хэн хэндээ амжилт хүсэж, зарим нь бүр тэврэлдэж байгаа харагдсан. “Бие биенээ үнссэн ч болно шүү” хэмээн хөтлөгч тэднийг “цаашлуулсан”.
Шөнө дунд хүртэл үргэлжилсэн тэмцээний нэгдүгээр байрт С.Билгүүн, хоёрт М.Мөнхбаатар, гуравдугаарт Э.Банзрагч нар шалгарсан юм. “Улаанбаатарын үдэш намуухан” хэмээн дуулдаг бол битбоксчид, үзэгчдийн хувьд энэ орой нүргээнтэй, шуугиантай басхүү таашаалтай болж өндөрлөлөө.
2010.8.9

No comments:

Post a Comment