Wednesday, August 11, 2010

Ямайкад “төрж”, Америкт “өсөн”, таван тивд түгсэн регги



Улаан, шар, ногоон өнгийн хослол, ширэлдсэн мэт урт үс, амьдралын сайн сайхныг магтан дуулагчид бол регги хөгжмийн билэг тэмдэг. 1960-аад онд Ямайкад үүссэн энэ урсгалын хамгийн алдартай төлөөлөгч бол Боб Марлигийн нэрийг дуулаагүй, “No woman, no cry” дууг сонсоогүй хүн соёлт ертөнцөд үгүй биз.
Боб Марли реггиг Ямайкийн хил давуулан, дэлхийн хөгжим болгоход гол нөлөө үзүүлсэн гэдэг.
Ямайкийн уламжлалт дуу, үндэсний урлагийн зарим онцлог элементийг ска, рокстиди урсгалтай хослуулсан регги үүссэн цагаасаа хөгжим сонирхогчдын дунд өргөн тархан, шүүмжлэгчдийн анхаарлыг татсан түүхтэй. Энэ урсгалын эхэн үеийн төлөөлөгчдөд Bunny Lee, Clancy Eccles, Larry Marshall, Peter Tosh нар багтдаг. Ритм гитар, банжо, бүрээ, бөмбөрийн товшилтоос гарах удаан, түргэн хэмнэлийн голч нь чихэнд наалдацтай, сонсоход сэтгэлд дотно санагддаг биз.
???
Энэхүү хөгжмийн гол онцлог нь цохилт. Нарийн тооцоолсон ,тэгш хэмнэлт бөмбөрийн товшилтод тааруулан гитар, бүрээ эгшиглэж, дуучин хэмнэлд нь автдаг. Дээр дурдсанаар регги урсгалын бүтээлд амьдралын сайн сайхны тухай сэдэв зонхилдог. Асуудал их тохиолддог ч найдвараа алдахгүй байх, бүх зүйл сайхан болно гэдэгт итгэхийг уриалсан үгс регги дуунд олон бий. Түүнчлэн 1930 онд Ямайкад дэлгэрсэн растафариан шүтлэг, бурхны тухай сэдэв ч энэ хөгжмийн нэг хэсэг. Эхэн үеийн регги уран бүтээлчдийг растафариан номлогчид ч гэж болно. Растафариан нь улс төр, шашин шүтлэг, уран зохиол, кино гээд олон салбарт түгсэн ч орчин үед регги хөгжимд л шингэн үлдсэн байна. Растафарианчуудын хувьд марихуан нь бурханд ойртох нэг зам болдог. Энэ шалтгаанаар зарим уран бүтээлч хар тамхины тухай дуулах нь ч бий. Харин Ямайкын Засгийн газар 2009 оны хоёрдугаар сараас эхлэн садар самуун, хүчирхийлэл, хар тамхи сурталчилсан утга агуулгатай регги дуунуудын жагсаалт гарган, радио, телевизээр нэвтрүүлэхийг хориглосон юм.
???
Реггигийн сүлд болох гурван өнгийн тугны улаан нь Растафариан шүтлэгийнхээ төлөө амиа өгсөн хүмүүсийн цус, шар нь газар нутгийн эд баялаг, ногоон нь Африкийн байгалийн сайхныг илтгэдэг байна. Эх оронч билэгдэлтэй энэ хөгжим үүссэн газраасаа хальж, дэлхийн сонсогчдын сонорыг мялаах болсон нь учиртай.
Карибийн тэнгисийн зүгээс үлээсэн регги хөгжмийн салхи 1970 он гэхэд Америк, Европ, Ази, Африк тивийг хамарчээ. Ялангуяа томоохон клубийн дижи нар шинэ онцгой дуугаралтыг эрж хайн, тухайн үед гарч ирсэн реггиг ихээр тоглуулдаг байжээ. Энэ үед л уг хөгжим ид цэцэглэж байсан бөгөөд 70-аад оны үеийг реггигийн алтан үе хэмээдэг. Өдийг хүртэл бүтээлээ туурвиж буй “UB40”, “Midnite”, “The Ethiopians” зэрэг алдартай уран бүтээлчид тэр үед байгуулагдсан байдаг.
Улс орон бүрт харилцан адилгүй тархахдаа тухайн орны соёл, онцлогоос хамааран дагавар шинэ төрлүүд бий болдог нь ямар ч хөгжмийн урсгалд энгийн үзэгдэл. Реггигийн хувьд Ямайкад үүсч, удалгүй Америкийн сонсогчдод хүрч, улмаар таван тивийхний сонорыг мялаах болсон. Ингэхдээ дотроо хорь орчим төрөлд хуваагдасан байдаг. Тухайлбал:
Dub: регги хөгжмийн анхдагч урсгал. Басс гитар, бөмбөр гол үүргийг гүйцэтгэдэг бөгөөд хөгжмийн продюсер King Tobby үүнийг “Толгой дотор галт уул дэлбэрэх мэт” хэмээн тодорхойлсон нь бий.
Rocker: “Sly&Robbie” хамтлагийн дуунуудаас эхтэй. Энэ нь рок хөгжмийн элемент, түрэмгий шинжийг агуулсан төрөл юм.
Lovers rock: Лондон хотод 1970 оны үед үүссэн. R&B хөгжимтэй нэлээд ойролцоо дуугаралттай бөгөөд дууны шүлэгт нь хайрын тухай сэдэв зонхилдгоос “хайрын рок” нэрийг авчээ.
Hip hop, rap: Хип хопын эх өлгий болсон Нью-Йорк хотод регги хөгжмийн энэ төрөл 1980-аад оны эхээр үүссэн гэдэг. Энэ төрлийн уран бүтээлчид реггигийн хэмнэлд “үглэдэг” нь нэрнээс нь л ойлгомжтой байгаа болов уу.
Dancehall: Yellowman, Super cat, Shabba Ranks зэрэг уран бүтээлчид техно хөгжим хүчээ авч эхэлсэн 1980 оны үед энэ төрлийн эхийг тавьжээ. Электро хөгжмийн хурдтай хослох болсноор регги нь бүжгийн талбайд хүмүүсийг уях болсон байна.
Reggaeton: Латин Америкийн орнуудад регги түгснээр тэндхийн салса, бамба, самба, богато зэрэг хөгжминй урсгалуудтай сүлэлдэн 90-ээд онд бий болсон харьцангуй залуу урсгал юм.
Reggaefusion: Реггигийн хамгийн сүүлд гарсан урсгал энэ юм. Электро, рэп, рок, панк урсгалын холимог төрөл.
Бусад хөгжмийн онцлогийг хадгалан хөгжихийн зэрэгцээ зарим хамтлаг дуучид реггигийн элементээс бүтээлдээ тусган туурвих нь элбэг. Хамгийн анх “Beatles” хамтлагынхан “Ob-la-di, ob-la-da” дуундаа регги хэмнэлийг ашигласан байдаг.
Регги хөгжим үүсээд дөч гаруй жил болж байгаа учраас дэлхий хөгжмийн залуу урсгалуудад ордог. Магадгүй үүнээс шалтгаалан монгол сонсогчдын дунд төдийлэн тархаагүй болов уу. Хэдийгээр hi-fi фм 98.9 энэ төрлийн хөгжмийн нэвтрүүлэг явуулдаг байсан ч зогссон. Улам шинэчлэгдэн, хөгжсөөр буй регги шинийг эрэлхийлэгч залуусын маань дунд удалгүй өргөн дэлгэрэх биз ээ.

No comments:

Post a Comment