Tuesday, January 4, 2011

11

Хорвоогийн бүх талхыг амтална гэвэл хэзээ ч бүтэшгүй
Б.Эгшиглэн

“Ямар нэг зүйлээс гүн гүнзгий утга санаа хайж, айхтар томоор тайлбарлах дургүй. Зүгээр л цагийг хөгжилтэй өнгөрүүлж, энгийн байх дуртай” хэмээн дуучин Ж.Буянаа ярьдаг. Зураачийн мэргэжилтэй ч хүсэл сонирхол нь түүнийг хөгжмийн зам руу хөтөлжээ. Тэрбээр 2006 онд анхны бие даасан цомог “Эргэх дөрвөн улирал”-аа гаргасан бол 2007 онд “Ocean’s 11” хамтлагтайгаа “Great Mongolian songs”-ыг бүтээсэн юм. Түүнчлэн ая зохиогч Б.Долгионтой хамтарч “40 мянгатын блюз”-ыг гаргаж, нэгэн үеийнхний дурсамжийг сэргээсэн билээ.

-“Бага тойргоос амьдрал эхэлж байлаа. Банзан гитартай орцонд дуу дуулдагсан” гэж та дуулдаг. Хөгжимтэй холбогдсон түүх тань яг ингэж эхэлсэн үү?
-Миний талийгаач ах, гитарчин Д.Энхболд хоёр нэг хамтлагт байсан юм. Тэдний бэлтгэл хийхийг харж, сонсдог хөгжимд нь чих тавина. Д.Энхболд ах тухайн үедээ хэнээс ч илүү сайн тоглодог байлаа. Тэгэхээр хөгжмийн амтанд орж, тоглож сурахаас өөр аргагүй. Анх би найман настайдаа гитар сурч, өдийг хүртэл тоглож байна даа.
-Бүх дэлхий бараг тэр чигтээ электро, хип хоп, техно руу хошуурцгааж байна. Хит парадын дийлэнх хэсгийг ч энэ төрлийн уран бүтээл эзэлдэг. Харин та яагаад ретро стиль, акустик дуугаралтыг илүүд үздэг юм бэ?
-Дуу хөгжим гэдэг хүний чихэнд зориулагдсан зүйл, тийм үү. Чихэнд хүрэх тэр аялгууг хүний гараар хийвэл илүү сайхан мэдрэмж төрүүлж, сэтгэл зүрхэнд ойр юм шиг надад санагддаг. Хэдийгээр орчин үеийн техник технологи, компьютер ашиглан дуу хөгжмийг хийж байгаа нь нэг талаар ололттой боловч амьд хөгжим сонсоход төрдөг мэдрэмж төрүүлж чадахгүй болов уу. Өнөөдөр хөгжмийн ертөнцийг Америк бараг тэр чигт нь эзэлж. Саяхан би Итали яваад ирлээ л дээ. Тэгэхэд тэндхийн залуус ч Итали дуугаа биш, Америкчуудыг сонсож байна. Гэхдээ өндөр хөгжилтэй, том зах зээлтэй орны хүчээр “шахаж” байгаа дууг сонсохоо хүн өөрөө л шийднэ. Мартагдсан хуучин зүйл сэргэхийг шинэ гэдэг байх аа. 2000 оны дундаас жааз, сөүл чиглэлийн уран бүтээлчид болох Нора Жонс, Эми Уайнхаус, Майкл Бабли гарч ирж, дэлхий дахинаа одоо ч тэднийг сонссоор байна. Тэгээд ч цаг үе бүхэн давтагдашгүй нэг уран бүтээлчтэй. Хэдэн арван жил өнгөрсөн ч тэдний бүтээл хуучирдаггүй. Жишээ нь л гэхэд Beatles, Элвис Пресли, Жими Хендрикс нар одоогийн уран бүтээлчдээс ч илүү орлого хийж, огтхон ч мартагдаагүй л байна. Тэрнээс гадна би тоглодог хөгжимдаа хайртай. Хүн дуртай юмаа хийж байхдаа л хамгийн аз жаргалтай байдаг шүү дээ.
-Та “Ocean’s 11” хамтлагтайгаа хуучны дуунуудыг сэргээж дуулсан. Хамгийн сүүлд гаргасан “Just like you”-дээ ч дээр үеийн бүтээлүүдийг оруулсан байна билээ. Хуучны зүйлсийг дахин давтах болсон учир юу вэ?
-Яагаад болохгүй гэж. Ингэж л бодсон. Олон хамтлаг, дуучин хуучны сайхан дуунуудыг шинээр баяжуулж дуулсан. Зарим нь электро, хип хоптой хослуулж, нөгөө хэсэг нь рок маягаар өөрчилсөн гээд л. Харин би жааз маягаар дуулсан. Уран бүтээлч бүр өөр өөр. Үүн шиг сонсогчдын сонирхол ч адилгүй. Жаазад дуртай нь минийхийг, индиг сонсдог бол “Лэмонс”-ийг авна биз.
-Таныг Дүрслэх урлагийн дээд сургууль төгссөн гэж сонссон?
-Тийм ээ. Ардын зураач Д.Амгалангийн ангид монгол зургийг, Я.Оюунчимэг багшийн дор график зурагт таван жил сурсан юм.
-Зураачаас хөгжимчний зам руу орсон түүх тань их сонин байна?
-Тэгж л таарсан хэрэг. Хувь заяа ч гэх юмуу. 1998 онд “Шөнийн галт тэрэг” хамтлаг байгуулж, хөгжимчний замд орсон. Хэдийгээр би зураач мэргэжлээрээ ажиллаагүй ч Дүрслэх урлагийн сургуулиас, Д.Амгалан, Я.Оюунчимэг багш нараасаа олон зүйлийг сурсан.
-Амьдралын ухааныг уу?
-Тэгж хэлж болно оо. Их мундаг хүмүүс. Нарны өөдөөс, ээжийгээ тосоод гүйж яваа хүүхдийг харуулсан “Ээж ээ сайн байна уу” зургийг Д.Амгалан багш маань зурсан юм шүү дээ. Харин Оюунаа багш бол усан будгаар зурахдаа Монголдоо хамгийн сайн нь. Миний хувьд тэд ёстой эр хүний, бас жинхэнэ эмэгтэйн дүр юм. Их ухаантай, даруухан зантай. Гэхдээ тийм даруу байлаа гээд хүмүүсийн дор нь оролгүй үргэлж хүндлүүлдэг. Мөн хэнийг ч загнадаггүй ч хүмүүс хоёр багшаас минь эмээдэг. Хамгийн гол нь урлагт хайртай байгаа чанар нь гайхалтай. Би одоогоор багш нар шигээ байж чадахгүй ч хүн шиг хүн болохын төлөө хичээж л явна.
-Дүрслэх урлагийн сургуульд сурсан нь таны одоогийн уран бүтээлд яаж нөлөөлж байна вэ?
-Хоёр дээр хоёрыг нэмээд дөрөв гарна гэж ихэнх сургуульд заадаг. Харин дүрслэх ийм байх ёстой, тэр нь зөв гэж биш, хүн бүр өөр өөр гэдгийг чухалчилж, дотоод ертөнцийг нь нээн илрүүлдэг арга барилтай . Зан чанарын талаас намайг нямбай, цэгцтэй байхад сургасан болов уу. Монгол зургийн ангид сурсан болохоор ч тэр үү бүтээлүүдээ баялаг зохиомжтой байлгах дуртай.
-Ингэхэд хамтлагаа яагаад “Ocean’s 11” гэж нэрлэсэн юм бэ?
- Нэг их утга санаа бэлгэдэж ийм нэр өгөөгүй. Зүгээр л тэгээд шийдчихсэн юм.
-“Ocean’s 11” хамтлаг голдуу жааз маягаар бүтээлээ туурвидаг. Харин таны ганцаарчилсан цомог гитарын гоцлол, акустик шинж илүү давамгайлсан байдаг.
-Би ганцаараа ч байсан, хамтлагтаа ч дуулсан аль алинд нь л зүрх сэтгэлээ шингээн тоглодог. Мөн акустик, жааз, блюз аль аль нь дотно мэдрэмж, дулаан уур амьсгал төрүүлдэг болохоор би дуртай.
-“Өндгөн толгойт”-ийн түүхээс яриач. Амьд хөгжмийн фэнүүдийн хамгийн дуртай дуунуудын нэг шүү дээ.
-Энэ дууны аяыг “Шөнийн галт тэрэг”-т байхдаа зохиосон. “Хайлсан шоколад”-тай зэрэг төрсөн дуу л даа. Бид нар тухайн үедээ “The Cure”, “Sound of Garden”, “Pearl Jam”, “Cardigans” зэрэг рок хамтлагийг их сонсдог байсан юм. Тэдэн шиг энгийн сэдэвтэй хэрнээ цаанаа л гоё дуу зохиохыг хүссэн нь тэр.
-Хөгжим бол таны ажлаас гадна хообий байх. Өөр юу сонирхдог вэ?
-Хоол хийх дуртай. Бүх л төрлийн хоол хийж, турших асар сонирхолтой, нэг төрлийн урлаг. Ер нь ямарваа зүйлд гоо зүй ороход урлаг болдог шүү дээ. Жишээ нь оршуулга гэдэг ёс заншлын нэг хэлбэр. Харин оршуулгын ёслолыг киногоор харууллаа гэхэд тэр нь урлаг болно.
-Хоол дотроо олон янз байдаг шиг хөгжимд ч төөрмөөр их урсгал, чиглэл байдаг. Ингэж ангилж, ялгах нь ямар хэрэгтэй юм бол?
-Заавал бүх урсгалыг ухаж сонсох шаардлагагүй шүү дээ. Чи өөрийнхөө дуртай тэр хөгжмийг мэдэхэд л болно. Тэрнийгээ цааш нь ойлгож, мэдэрч сонсоно биз. Энэ чинь талх идэхтэй л адил. Талх бол дэлхий нийтийн хэрэглээ. Гэхдээ улс бүр, хот болгон, айл айлын талх өөр үнэр, амттай. Тэр дундаас чи нэг гоё талх хийгээд сурчих. Тэгээд л болоо. Тэрнээс биш хорвоогийн бүх талхыг амтална гэвэл хэзээ ч бүтэшгүй.
-Та хаана дуулах дуртай вэ? Тайз бүр өөр байдаг уу?
-Тэгэлгүй яахав. Тайз бүр, үзэгч болгон өөр. Харин миний хувьд хамтлагынхантайгаа, санаа нийлдэг хүмүүстэй хамтдаа, ингэвэл гоё, тэрийг нэмье гэж ярилцаад, ая, үгээ зохиогоод дуулж суух л хамгийн сайхан. Тэр үедээ бид нар яг л юунд ч юм хөөрч баярласан, жаахан хүүхдүүд шиг харагддаг байх даа.
-Сүүлийн үед уран бүтээлчид үндэснийхээ хэв маяг, уламжлалыг бүтээлдээ их ашигладаг болж. Танд тийм санаа бий юу?
-Морин хууртай хамтарч тоглох ч юмуу, үндэсний ямар нэг элементтэй бүтээл туурвиж монгол гэдгээ харуулах шаардлагагүй. П.И.Чайковский гэхэд л “би орос” гээд балалайка бариад яваагүй биз дээ. Хамгийн гол нь мөн чанар байх хэрэгтэй гэж би боддог юм. Мэдээж үндэсний хөгжимтэйгээ хамтарч дуулж бололгүй л яахав. Гэхдээ ямар ч хөгжим тоглож, юуны ч тухай дуулсан тухайн хүний дотоод сэтгэл, мэдрэмж бүтээлийг нь тодорхойлно.

No comments:

Post a Comment