Sunday, January 23, 2011
Үндэсний үзлээ бүтээлээрээ тунхагладаг
Зураач Н.Дуйнхарын урлан руу ороход энд тэнд төмөр нүдэх чимээ, юуг ч үл анзааран ажилдаа улайран сууж буй шавь нар нь угтан авлаа. “Энэ чимээ, энд тэндгүй байгаа багаж хэрэгсэл, төмөр сэлт нь ихэнх хүнд эмх цэгцгүй санагдаж болох ч миний хувьд бүтээн туурвих хүч өгдөг, ая тухтай орчин” хэмээн тэрбээр ярьсан юм.
-Уран дархны зам руу хэзээнээс хөтлөгдсөн бэ?
-Аав ээжийн удамд уран дархчууд байсан нь үе дамжиж, энэ замналаар явахад нөлөөлсөн байх. Би багадаа зурах дуртай байлаа. Дундговьд дунд сургуулиа төгсөөд хотод ирж, ДУДС-ийн уран дархны ангид элссэн. 2005 онд төгссөнөөс хойш сургуульдаа багшилж байна.
-Таньд хэн хайрласан юм бол. Уран дархан хүнд зохицсон нэр мэт санагдлаа.
-Танилууд маань ч тэгж хэлдэг. Нутгийн маань Манзшир хэмээх лам надад нэр хайрласан гэдэг. Бурхны нэр гэсэн.
-Бүтээл туурвихдаа баримталдаг зарчим бий юу?
-Дархан хүнд ухааны, мэлмийн, мутрын гэсэн гурван ур тэгширсэн байх ёстой гэдэг юм билээ. Энэ дундаас ухааны ур нь ертөнцийг үзэх үзэл, яруу дүрслэл, өвөрмөц дүр төрхтэй бүтээлийн үндэс болдог. Дархан хүн бурхан ухаантай гэдэг шүү дээ. Гэхдээ би өөрийгөө ийм ухаантай, гурван ур тэгширсэн хүн гэж үздэггүй. Уран дархны ажилд олон жилийн хөдөлмөр, уйгагүй хичээл зүтгэл шаарддаг учраас одоо болтол суралцсаар байна. Магадгүй сурах үйл явц хэзээ ч дуусахгүй биз. Мэргэжлийн ур чадвараас гадна хүн чанар, шударга ёс дархны урлалд нөлөөлдөг. Сайн хүнээс л сайхан бүтээл төрнө. Тийм байхыг үргэлж хичээдэг.
-Дархны урлалын эс, ширхэг бүр нь үндэсний соёл, уламжлалыг шингээдэг юм шиг ээ?
-Энэ урлаг Хүннү, Түрэгийн үеэс улбаатай монголчуудын үндэсний урлаг шүү дээ. Орой дээрээ оюу толгойн шувуутай алтан титмийг Хүннүгийн эд өлгийн зүйлс дундаас олсон байдаг юм. “Монголын нууц товчоо”-нд Жарчуда өвгөн дархны хөөргөө үүрч, Тэмүжинд дагаар орохоор ирсэн тухай өгүүлдэг. Аян дайнд явахдаа ч шилдэг дархчуудаа дагуулдаг, тухайн улсынхаа урлаачдыг мөн олзолдог байсан нь тухайн үед дархны ур, хийц, маяг өндөр хөгжсөнийг харуулж буй. Эртний монгол айлыг төсөөлөхөд л гэр нь тэр чигтээ галерей, музей байсан ч юм шиг санагддаг. Эргэнэг, тавиур, тулгаас эхлээд авдар сав, эд хэрэгсэл нь нарийн бэлгэдэл бүхий хээ угалзтай, эхнэрийн толгойны гоёл, хэт хутга гээд хэзээ ч давтагдашгүй урлагийн бүтээл байсан шүү дээ. Бидний өвөг дээдэс өдөр тутмын хэрэглээний зүйлсээ хүртэл урлаг болтол нь хөгжүүлсэн байж.
-Таны багш Д.Энхдаваа өөрийгөө хэт үндсэрхэг гэж тодорхойлсон. Тэр нь танд нөлөөлсөн үү?
-Алтны дэргэдэх гууль шарлана гэгчээр багшийнхаа үзэл санааг бүтээлдээ тодорхой хэмжээгээр тусгадаг. Сүүлийн арван жил багштайгаа хамт ажиллаж, шинэ зүйл сурсаар байна. Үндэсний үзэл гэхээр Монгол гээд цээжээ дэлдээд явах биш бүтээлээрээ дамжуулж, өв соёлоо хадгалах, ач холбогдлыг нь хүмүүст таниулахыг зорьдог. Нэг үеэ бодвол хүмүүс уламжлалт хээ, хийц бүхий эдлэл захиалж хийлгэх нь ихэссэн. Үндэсний урлаг соёлын чухлыг ойлгодог болсон нь тэр болов уу. Гэхдээ зарим хүн хятад хэвээр ээмэг, бөгж цутгадаг хүмүүсийг уран дархан гэж ойлгодог нь буруу. Монгол үндэсний хээ, угалзны хэвийг Хятадад цутган хийж буйд жаахан эмзэглэдэг.
-Дархны хийц олон төрөл. Та ямар төрлөөр, аль үндэстний хийцээр бүтээл туурвидаг вэ?
-Нутаг нутгийн хийц онцлогтой л доо. Батноров хийц гэхэд үндсэн эхээ мөнгөөр цутгаж, угалз, хээний ялгарлыг тод гаргадаг онцлогтой. Монголчуудын сайн мэддэг дарьганга хийц нь мөнгөөр хөөх, товойлгох, сүлжих аргаар гол сууриа урлаж, хээ, хажлагыг нь давтамжит хэмнэлээр цоолборлодог. Эл аргын тусламжтай хээ, амьтан, ургамлын дүрсийг хөдөлгөөнтэй мэт харагдуулж болно. Далайнчойнхорын урчууд ган сийлбэр хийх аргыг өндөр түвшинд эзэмшсэн байдаг. Тэд ганг цоолборлож, нэг хээг нөгөөгийнх нь дээгүүр давхардуулан сийлдгээрээ ялгардаг юм. Монгол дархны урлаг нь энэ мэт олон төрлийн хэлбэр хийц, нарийн уламжлалтай. Үүнээс ганцыг нь онцлохгүй, тухайн бүтээлдээ тохируулж аль хийцийг сонгохоо шийддэг.
-Бүтээлдээ уламжлалаа хатуу барьдаг уу, эсвэл урлагийн бусад төрлөөс шингээдэг үү?
-Голдуу уламжлал болон технологийн горимыг дагаж бүтээл туурвидаг. Мэдээж нэг юмаа үргэлж давтахгүй шүү дээ. Тиймээс өөрийн санааг уламжлалтай хослуулах тохиолдол ч бий.
-Төмөр давтах чимээг дархан хүн өөрөөр хүлээж авдаг байх даа?
-Өдөржин энэ чимээг сонсож, дунд нь ажилладаг болохоор тээртэй санагддаггүй. Харин ч дотно, сайхан шүү дээ. Сайн дархан хүн төмөр давтах чимээгээр нь “оношлодог”
-Шинэ санааг хаанаас олдог вэ?
-Үндэсний урлаг, уламжлал дээр дөрөөлж өөрийн санаа, хэв маягаа тусгаснаар шинэ бүтээл хийдэг дээ. Заримдаа зүгээр сууж байхад санаа оч мэт харван орж ирэх, хийж бүтээх хүчтэй эрмэлзэл, урам зориг гэнэт оргилох үе ч байна. Онгод гэж юу байдгийг нарийн сайн мэдэхгүй юм. Гэхдээ дотроос хатгаад, хийх хүсэл төрүүлж буй тэр зүйл мөн байх гэж боддог.
-Бүтээл туурвих үйл явц хэрхэн өрнөдөг бол?
-Юун түрүүнд хар зургаа гаргана. Зарим хүн дархчуудыг зураач биш гэдэг. Гэтэл юу хийхээ дотроо гүйцэд боловсруулж, сэтгэлдээ зурснаар эхний алхмаа хийнэ. Жишээ нь, Мөнх хааны энэхүү гэрэгэ бүтсэн тухай ярья. Эхлээд түүх сөхөж, ямар загвараар бүтээснийг нь судалсан. Сэтгэлдээ зурж, загвараа гаргалаа. Бүтээлийнхээ хэсэг, эд бүрийг тодорхой дүрсэлж, төсөөлөөд гол ажилдаа орно доо. “Мөнх тэнгэрийн хүчин дор, Их суу залийн ивээл дор” гэсэн бичээстэй, алтаар цутгасан эх хувь нь одоо дэлхийн шилдэг музейн нэг Эрмитажид хадгалагддаг юм. Гэрэгэ бол Монгол төдийгүй дэлхийн анхны гадаад паспорт, виза гэсэн үг шүү дээ. Тэр ч үүднээс Мөнх хааны гэрэгийн загварыг бүтээсэн. Одоогоор энэхүү гэрэгийн хувь надад л бий.
-Дэлхий ертөнц өдрөөс өдөрт даяаршиж буй энэ эринд үндэсний уламжлал, ёс заншлаа авч үлдэхийн ач холбогдол юу вэ?
-Улс үндэстэн оршихын үндэс нь ёс заншил, өв соёл. Чи хэн бэ, хаанаас гаралтай вэ, өөрийн гэсэн юу байна вэ гээд ухаад үзвэл үндэсний онцлог л гарч ирнэ. Техник технологи, компьютерийн дэвшил мэдээж сайн зүйл. Гэхдээ тэр дунд өөрийн гэсэн юмаа гээхгүй л байх ёстой. Тэгж байж л чи Хүннүгийн үеэс улбаалсан их түүхээ авч үлдэн, жинхэнэ монгол хүн болж чадна. Эс бөгөөс хэн ч биш болно.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment