Thursday, November 18, 2010

"Чулуужсан газар шороо" урлаач

Алганд багтам жижигхэн баримал урд минь байна. Урдаас нь харах юм бол нуруугаа үүрсэн тарган ноён, харин эргүүлээд үзвэл хатан нь байх. Хоёр хүн олон жил амьдрахаар ижилдэн дасаж, яг л нэг хүн мэт бие биедээ дасдаг гэх санааг шингээсэн уг бүтээлийн “ээж” нь Г.Тунгалаг юм. Тэрбээр арга билэг, нүүдэлчин уламжлал, монгол ахуйг дүрсэлсэн керамик бүтээлүүдээ урлаад 30-аад жил болж буй.

-Барималуудаа “Чулуужсан газар шороо минь” хэмээн нэрлэж байхыг тань сонссон юм. Яагаад тэгж нэрлэдэг юм бэ?
-Хүн хөрс шороо хоёр салшгүй холбоотой гэж би боддог юм. Төрөөд газар шороон дээрээ амьдарна. Эргээд газар шороондоо шингэнэ. Керамикаар урлахдаа эхлээд шороог халуун зууханд шатаадаг. Хөрж, царцсаных нь дараа түүгээр бүтээл хийдэг. Тиймээс үүнийг хөрс шороо чулуужсаны нэг хэлбэр гэж би боддог юм. Төрөл бүрийн баримал, дурсгалын зүйлс зэргийг хийхийн зэрэгцээ эх орныхоо газар шорооны нэг хэсгийг хадгалж, юм хийж байгаа учраас билэгшээн, нандигнадаг хэрэг л дээ.
-Тэгвэл та их сүсэгтэй хүн байх нь ээ? Шашны зан үйлийг харуулсан, түүнд хэрэглэдэг эд зүйлстэй төстэй баримлууд ч олон байна?
-Байнга гандан орж, ном уншуулаад явдаггүй ч дотроо сүсэглэж л байдаг. Хаалттай нийгмийн үед шашныг их сонирхдог байсан. Гэвч сүүлийн үед хүн бүр тийш хошуурах болж, шашин ч бизнесийн шинжийг олж байх шиг. Магадгүй ийм учраас сүжиг маань бага багаар буурсан байх. Харин эх орон, газар шороогоо ямар ч шашнаас илүү дээдэлдэг. Бүтээлээ хийх шороо авахдаа ч тухайн газар нь өөрөө очиж, өргөл барьц өргөдөг юм.
-Хаанаас шороогоо авдаг вэ?
- Шаталт, агшилт суналт гээд л газар газрын шороо олон янз. Би голдуу Өмнөговийн Цогт-Овоо сумаас шороогоо авдаг. Сүүлийн үед Төв аймгийн Баянчандмань сумаас материалаа нийлүүлж байна. Харин хотоос сайн шороо төдийлэн олдохгүй дээ. Гандангийн хашаа, Толгойт хавиас гайгүй шороо олддог ч чулуу, хог ихтэй. Тиймээс хөдөөнөөс нэг удаад их хэмжээгээр авчирдаг юм.
-Шороотой ажиллаж, 1000 гаруй хэмд шатааж байж бүтээл хийдэг гэхээр керамик урлал эмэгтэй хүний хувьд хэцүү юм шиг ээ?
-Би анх 1980 онд Урчуудын эвлэлийн гар урлалын хороонд ажиллаж эхэлснээр керамиктай холбогдсон юм. 1990-ээд оноос ихэнх хүмүүсийн адилаар биеэ даан, хувиараа ажиллах болсон доо. Боловсруулалтын явц хүнд болохоор эхэндээ хэцүү санагддаг л байсан. Хүн ер нь дуртай зүйлдээ бүх сэтгэлээ зориулж, хамаг анхаарлаа төвлөрүүлж хийдэг шүү дээ. Тэрний адил би ч ажилдаа дуртай болохоор бага зэргийн саад бэрхшээлийг тоодоггүй. Миний хувьд, керамик урлал ажлаас илүүтэй амьдрал минь болчихсон. Гэртээ хүртэл барималаа нухаад л сууна шүү дээ. Гэхдээ нөхөр маань ч мөн уран барималч болохоор миний ажлыг сайн ойлгодог.
-Хоёр барималчийн гэр ямар байдаг бол?
-Тэр чигээрээ баримал. Гэртээ зориулж хийсэн баримлууд олон байдаг юм. Мөн жирийн үед хийсэн баримал, дурсгалын зүйлсээ ч их тавьдаг. Нөхөр Ж.Цолмонхүү маань ч шинэ санаа нэмэрлэх, арга техникийн талаас баримал хийхэд их тусалдаг.
-Хүүхдүүд тань та хоёрын мэргэжлийг өвлөсөн үү?
-Бид гурван охинтой. Том охин маань урлаг судлаач мэргэжилтэйг эс тооцвол тэд тэс өөр салбарын хүмүүс.
-Уран бүтээлчдэд онгод гэж их ярьдаг. Таны хувьд ямар байдаг вэ?
-Нэг их том ажлууд хийдэггүй болохоор онгод ирдэг гэж томроод яах вэ. Харин шинээр нэг баримал, сувенир хийхдээ нухаад л суудаг. Гэхдээ “энийг заавал хийх ёстой” гэсэн үүднээс биш цаанаасаа л хийгээд баймаар мэдрэмж төрдөг юм. Дуртай, сонирхолтой болохоор тэр болов уу. Мөн үүн дээр ийм юм нэмбэл илүү гоё болох байх, тийм зураг зурвал үзэмжтэй харагдах байх зэрэг санаа төрдөг.
-Бүтээлүүдийг тань харахад монгол ахуй, нүүдэлчний соёлыг дүрсэлсэн баримлууд олон байна. Эдгээрийг хийхэд түүхийн мэдлэг ч хэрэгтэй болно биз?
-Тэгэлгүй яахав. Худалдан авагчдын олонх нь гаднынхан байдаг. Мөн Худалдаа аж үйлдвэрийн танхим зэрэг газрууд гадаад руу үзэсгэлэнд оролцуулахаар байнга явуулдаг тул эх орныхоо онцлог, ёс заншлыг харуулсан зүйлс олон бий. Мэдээж энэ бүгдийг хийхэд түүхийн мэдлэг, хөгшчүүлийн ярьдаг хууч яриа, домог, ёс заншил ч хэрэгтэй болдог. Тэр бүрийд номноос уншсан зүйлс маань их хэрэг болдог. Оюутан байхдаа ном их уншдаг байсан. Сүүлийн үед зав зай хомс болж.
-Хааяа “сахилгагүйтэж” модерн баримал хийх үе байдаг уу?
-Бараг байхгүй дээ. Гэхдээ цөөн хэдэн бүтээл бий л дээ. Орчин үеийн шинжтэй баримлуудаа гадаадын үзэсгэлэнд голдуу авч явдаг юм. Тэнд илүү худалдаж авдаг юм.
-Та баримлаа голдуу хар бараан өнгөөр хийх юм. Тод, гэгээтэй өнгө нэмэхгүй юмуу?
-Хүмүүс тод, гэгээтэй өнгөөр бүрэхийг зөвлөдөг ч би энэ бараан өнгөнүүддээ л дуртай. Тэгээд ч миний баримлуудын онцлог нь энэ болчихлоо шүү дээ.
-Та бэлэг дурсгалын зүйлс, баримлаас гадна өөр ямар төрлөөр урладаг вэ?
-Хүзүүний зүүлт, гар утасны оосор их эрэлттэй байдаг юм. Ялангуяа охидууд хүзүүний зүүлт их авдаг. Захиалж хийлгэх нь ч бий. Сүүлийн үед охид бүсгүйчүүд үнэт эдлэлээс илүүтэй гар урлалын гоёл чимэглэл сонирхох болсон нь анзаарагддаг шүү. Мөн Монголчууд маань ч керамик урлалын бүтээлүүд сонирхох, худалдан авах нь ихэссэн. Бүр дахин дахин ирж авдаг хүн ч бий. Нэг хүн “Танаас авсан энэ зүүлтээ зүүгээд явахаар сэтгэл хүртэл сайхан болчих шиг болдог юм. Чухал ажил амжуулахаар гарахад ч зүүлтээ зүүгээд явахаар бүтээд байх шиг” гэж хэлж байсан нь их сайхан санагдсан.

No comments:

Post a Comment