Thursday, November 18, 2010

Каллиграфч Д.Ганбаатар

-Каллиграф нь бичиг үсэг, урлаг хоёрын нэгдэл мөн үү?
-Ихэнх хүн бичиг үсэг, урлагийг тусдаа зүйл гэж үздэг. Харин миний бодлоор, бичиг үсэг бол урлагтай салшгүй холбоотой. Нэг үсгийг яаж дүрсэлж, илэрхийлнэ гэдэг урлаг шүү дээ. Мөн бичиг үсэг ард түмний оюун санааг нэгдүүлэгч болдог. Хятадад л гэхэд тэр олон үндэстнүүд өөр өөр хэл, аялгаар ярьдаг ч ханз үсгээрээ л нэгддэг. Гэтэл манай оронд үндэсний бичгийн орыг кирилл үсэг эзэлчихсэн. Уг нь монгол туургатныг нэгтгэх гол зүйл бол бичиг үсэг.
-Таны бүтээлүүдээс харж байхад бичсэн үгээ дүрсэлсэн зүйл төдийлэн ажиглагдахгүй юм. Тухайлбал “морь” гэдэг үгийг морины дүрсээр үзүүлэх, “далай”-г давалгаалж буй хэлбэрээр бичих зэрэг нь уран бичлэгийн нэг онцлог, тийм үү?
-Энэ тал дээр хүмүүс жаахан төөрөлдөөд байдаг юм. Уран бичлэг гэхээр ямар нэгэн дүрс хайж эхэлдэг. Гэтэл нэг үгийг илэрхийлж буй утгаар нь дүрслэх ёстой гэсэн дүрэм байхгүй шүү дээ. Уран бичлэг бол нэг төрлийн эрдэм. Тухайн зураач бийр бэхээ яаж эзэмшсэн, ямар зураасыг хаана тавьж, орон зайг хэрхэн ашигласан байна вэ гээд чадварыг харуулдаг. Харин цэцэг, эрвээхэй, морины дүрс бол уран бичлэгт чухал биш.
- “Яруу найраг, уран бичмэл хоёр салшгүй нэгдмэл урлаг” гэж яруу найрагч Г.Мэнд-Ооёо гуай хэлсэн байдаг. Та үүнтэй санал нийлдэг үү?
-Дээр үед яруу найрагч хүн өөрөө монгол бичгээр бүтээлээ бичиж, уран дүрсэлдэг байсан. Харин өнөө үед тэр байдал алга болж. Бид Монголын үндэсний музейтэй хамтран өнгөрсөн гуравдугаар сард дэлхийн яруу найргийн өдөрт зориулж, уран бичлэг, яруу найргийн үзэсгэлэн зохион байгуулсан юм. Манай яруу найрагчид ч идэвхтэй оролцсон. Бүтээлүүдээ монгол бичгээрээ хэвлээд гадны оронд очиход ч нүүр бардам байна шүү дээ.
-Та шүлэг зохиодог уу?
-Үгүй ээ. Гэхдээ яруу найраг унших дуртай.
-Уран бүтээлч байхаас гадна монгол бичгээ дэлгэрүүлэхийн тулд та өөр юу хийж байна вэ?
-Би 2004 оноос Чой.Лувсанжав багшийн нэрэмжит Хэл Иргэншлийн дээд сургуульд багшилж байна. Мөн 2006 онд хэсэг нөхөдтэйгээ нийлж, “Бичиг соёлын боловсролын төв”-ийг байгуулсан юм. 1990-ээд оноос манайд ардчилал хөгжиж, эрх чөлөөг дээдлэх болсон. Монголчууд бидний үндэсний өв соёл, бичгээ дээдлэдэг үзэл ч сэргэсэн. Гэхдээ нийтээр сурах, судлах ажил төдий л үр дүнд хүрэхгүй байна. Тиймээс энэхүү ажлыг өрнүүлэх, өв соёлоо хөгжүүлэхэд чадах чинээгээрээ хувь нэмрээ оруулахыг зорьсон юм.
-Тэр зорилгоо биелүүлсэн үү?
-Зорилго маань биелж л яваа. Жил бүр манай төвийн зохион байгуулдаг “Бичиг соёл” үзэсгэлэнд оролцож буй уран бүтээлчдийн тоогоос энэ нь харагдах биз. 2009 онд 25 хүн оролцсон бол 2010 оны үзэсгэлэнд 70 орчим уран бүтээлчийн бүтээл тавигдсан. Мөн энэхүү үзэсгэлэнгийхээ үеэр “Бийрийн эрдэм” уран бичлэгийн уралдаан зохиодог.
-Монгол хэлний багш маань “Монголын нууц товчоо”-г хуулан бичих даалгавар өгсөн юм. Бид нарт монгол бичиг сургах гэж тэр л дээ. Гэхдээ хичээлийн жил дуусахад бүгдээрээ нууц товчоог хуулан бичсэн ч монгол бичиг сурсан хүн бараг байгаагүй.
-Монгол бичиг зааж буй тогтолцоо нь буруу байх шиг. Хүүхдүүдэд эхлээд хэл зүй, дүрмийг нь заагаад өгвөл амархан сурдаг юм. Зөв заах юм бол энэ бичгийг долоо хоногийн дотор л сурна.
-Долоохон хоногийн дотор сурж чадах болов уу?
-Тийм ээ, чадна. Би өөрийнхөө туршлагаас ярья л даа. Би 11 настай байхдаа аавтайгаа Москва явсан юм. “Нарлаг Монгол” галт тэргэнд өнгөрүүлсэн долоо хоногийн хугацаанд аав надад монгол бичиг заасан юм. Москвад очихдоо монгол бичгээр чөлөөтэй уншдаг болчихсон байсан. Аав маань шашны дээд сургууль төгссөн, лам хүн байсан юм. Сүүлд Чой.Лувсанжав багшаар монгол бичиг заалгаж, намайг ч түүн рүү хөтөлж аваачсан.
Ердөө долоо хоногийн хугацаанд сурна гэдэг миний зохиосон арга биш, багшийн маань дэг сургууль юм.
-Танай сургуулийн ихэнх төгсөгч монгол бичгээ сайн мэддэг юм билээ.
-Намайг оюутан байхад “Хэл иргэншлийн дээд сургууль”-д эхний улирал зөвхөн монгол бичиг заадаг байлаа. Хоёр дахь улирлаас оюутнууд лекцээ монгол бичгээр төвөггүй бичиж сурдаг. Манай сургууль энэ жил уран бичлэгийн үзэсгэлэнгийн танхимтай болсон юм. Чой.Лувсанжавын нэрэмжит уран бичлэгийн уралдааны ялагчдын бүтээлүүд, зураачдын уран бичлэгийг ч тавьсан байгаа.
-Манай каллиграфчдыг гадаадад хэр үнэлдэг юм бол?
-Каллиграф бол 5000 жилийн түүхтэй урлаг. Ази, Европ, Араб гээд дэлхийн бүх л хэсэгт хөгжсөн байдаг. Өнгөрсөн жил БНСУ-д “The III Delphic Games” буюу дэлхийн урлагийн олимп болсон. Тэндээс миний “Уул” бүтээл алтан медаль, мөн “Laurel” шагналыг хүртсэн юм. Тэнд байсан ихэнх хүн европ зүгийн уран бичмэлийг ерөнхийдөө мэддэг юм билээ. Харин манай монгол бичиг тэдний хувьд шинэ зүйл байсан. Их сонирхож байна билээ.
-Таны “Уул” хэмээх бүтээл урлагийн олимпоос алтан медаль хүртсэн юм байна. Манай ард түмэн ч уулыг их шүтэж, дээдэлдэг. Таны хувьд уул гэж юу вэ?
-Зөвхөн миний гэлтгүй, монголчуудын хувьд уул бол хүндэтгэл. Хамгийн том шүтээн. Бидний өвөг дээдэс ч уулсаа “хайрхан” хэмээн нэрлэж, ойролцоо байхдаа нэрийг нт ч хэлэхээс цээрлэдэг байсан шүү дээ.
-Каллиграф зураачид онгод ирдэг болов уу?
- Онгод гэхээр хаа нэгтээгээс гарч ирэх нэг хүч тэр хүнийг хөдөлгөж байж юм хийлгэх болдог. Харин би онгодоос илүү өөртөө итгэдэг. Би өөрийнхөө сурч мэдсэн зүйл, чадвараараа л үүнийг хийж байна. Гэтэл ямар нэг онгод ирээд хийлгэж байгаа гэдэгт итгэдэггүй. Тэгээд ч өөрөө хийж чадахгүй хичнээн олон онгод ирээд яах юм бэ.
-Бусад төрлийн зураач нар өөрийн үзэл бодол, дотоод ертөнцөө зургаараа илэрхийлдэг. Харин та нарын хувьд тийм боломж хомс юм шиг?
- Бийрээр бичихэд ч тухайн хүний сэтгэлгээ, дотоод ертөнц нөлөөлдөг юм. Дотор байгаа зүйл л гадна гарч ирнэ шүү дээ. Миний хувьд, бийр, бэх, цаас гээд бүх хэрэгслээ бэлдээд, яг төвлөрч суудаг. Гадаад ертөнцийн чимээ шуугианаас холдож, зурах гэж буй зүйлдээ л хамаг анхаарлаа тогтоодог. Бусад каллиграфчид ч тийм л байдаг. Бийрээр бичээд ирэхээр сэтгэл санаа ч тогтворжиж, аяндаа тайвшраад ирдэг. Нэг төрлийн бясалгал юм даа. Орчин үеийн энэ нийгэмд техник технологи хурдацтай хөгжиж, хүмүүсийн анхаарлаа хандуулах зүйлс ч ихэсчээ. Гэвч тэр хирээр хүн хоорондын амьд харилцаа алдагдаж, улам л баригдмал болж байна. Хажуу өрөөнд байгаа хүнтэй очоод ярилгүй, мессенжерээр харьцахаа илүүд үздэг болсон байна шүү дээ. Өнөөгийн ихэнх хүний амьдрал ч ажил, гэр, машин, компьютер гэсэн хэлбэрт орж.Гэвч энэ чинь хүний амьдрал биш биз дээ. Дэлхий даяар л ийм болж байна л даа. Харин урлаг л энэ бүхнээс хүмүүсийг аварна. Зөвхөн каллиграф гэлтгүй уран зураг, дуу бүжиг, яруу найраг гээд бүх л төрлийн урлаг хүний оюун санааг тэлж, чөлөөтэй байж чадна.

No comments:

Post a Comment