Thursday, November 18, 2010

Түмэн өнгөний тулаан
Зурагт аслаа. Улаан, цэнхэр, ногоон, хүрэн өнгийн зангиатай эрхмүүд, том, шар бөмбөг барьж буй эрээн даашинзтай охин, ягаан хослол өмссөн сэтгүүлч бүсгүй. Хөх тэнгэр, саарал утаа, цагаан цас. Он цагийн уртад элж, ямар өнгөтэй нь ч мэдэгдэхээ больсон хуучны байшингууд. Тэдгээртэй зэрэгцэн шил толь болсон хээнцэр барилгууд орших. Удирдлагын өөр нэг товчлуур дээр дарвал дэлхийн нөгөө талд болж буй дайн байлдаан, өлсгөлөнг шууд дамжуулж байна. Галын догшин өнгө, айдас төрүүлэм улаан цус, нөмгөн нүцгэн гүйлдэх хүүхдүүд, арга тасарсан байдлыг илтгэх хоосон харцнууд. Тийм аймаар зүйлийг бушуухан солилоо. Дараагийн товчлуурыг товшвол, номин өнгийн далайн эрэг дээр улаан, шар, ногоон, хар, цагаан усны хувцастай хүмүүс хэвтэж, зүсэн зүйлийн коктейль шимэнгээ наранд биеэ шарж байх юм. Суваг эргүүлэх тоолон янз бүрийн дүрс солигдож, дэлхий тэр чигтээ зурагт дотор орчихсон мэт. Яг ингээд сууж байхдаа л хорвоог “алаг, эрээн” гэж нэрлэдгийн учрыг олох шиг. Харин одоо кинотеатрийн дэлгэцийн өмнө. Өнгө будгийн гайхалтай хослол. Дуу чимээний өндөр давтамж. “Хөөх, ямар гоё дүрслэл вэ, ийм өнгө байдаг бил үү” гэж дуу алдмаар. Ингээд л ядмагхан агуулгатай ихэнх киног техникийн боломжид дулдуйдсан өнгө дүрс, дуугаралт нь аваад явчихна. Үзэгчдийн олонх нь ч тэрүүнд хууртаад өнгөрдөг. Өнгөт хальс, кино гэдэг урлагийн түүхэн дэх их ололт, дэвшлийн нэг л дээ. Гэхдээ тэр олон өнгө нийлж, бүтээлийн гол санааг тодотгодож, дүрслэлийг баяжуулдаг болохоос биш хэлбэрт шүтсэн, агуулга дулимаг киноны өнгөлөгч, гялалзуулагч байх нь зөв гэж үү?

Хар цагааны түүх амилсан нь
Анхны өнгөт кино “Салхинд туугдагсад” 1939 онд дэлгэцнээ гарахад хар цагаан гэсэн хоёрхон өнгөөс уйдсан үзэгчид тийш хуйлрасан нь ойлгомжтой. Хүн бүр л өнгөт хальсыг шагшицгааж, хар цагаан кино түүх болон үлдэнэ гэж бодож байв. Харин өнөөдөр өнгөт гэдэг ойлголт нэгэнт хуучирч, байдаг л жирийн зүйл болсон. Хүмүүс өнгөтөөс өөр, илүүг хайж гурван хэмжээст кино, зурагтыг бүтээчихлээ. Гэсэн ч хар цагаан хальс эргэн сэргэж эхэллээ. Вуди Аллен, Майкл Ханнек, Антон Корбижн зэрэг сор болсон найруулагчид өнгө будгийг нийлүүлэхээс гадна хар цагаан кино ч хийсээр байна. Жишээлбэл, Тод Хэйнзийн “I am not there”, Филипп Гаррелийн “La Frontiere de l’aube” зэрэг кино Канны, Оскарын наадамд нэр дэвшиж байсан юм. Кино гэлтгүй фото урлагт ч түүх дахин сэргэж байгаа юм. Эд Дизи, Пол Полизи, Дэйв Бэкермэн, Филип Панков нарын гэрэл зурагчид хар цагаанд үнэнч хэвээр буй. Компьютерийн тусламжтай хүссэн өнгөө гарган авах бололцоотой байхад тэд яагаад хар цагаан хальсыг одоо ч хэрэглэсээр байна вэ? Хямдханд нь болсон уу? Үгүй дээ, хар цагаан кино хийх нь өнгөттэй яг адил өртөгтэй байдаг. Хальсны үнэ хямд туссан ч жүжигчид, арын албаныхны цалин, зураг авах зардал гээд дүндээ дүн гэнэ. Харин энэ асуултад Конрад Холл “16мм-ийн хар цагаан хальс бүх л ертөнцийн өнгийг илэрхийлж чаддаг юм. Үйл явдлыг тод томруун дүрслэхийн зэрэгцээ тэрэнд ямар нэгэн нууцлаг зүйлийг агуулдаг” хэмээн хариулжээ. Орчин үеийн ихэнх хүн өнгөт киног сонгодог. Өөрөөр хэлбэл, хар цагаан кино цөөн тооны үзэгчтэй. Гэхдээ XXI зуунд гарсан хар цагаан кинонууд ч box office-т бичигдэж, амжилт олсон нь цөөнгүй. Вуди Аллены “Celebrity”, Тони Кэйгийн “American History X”, Фрэнк Миллерийн“Sin City” зэрэг нь дээрх кинонуудын нэг хэсэг. Мөн хоёр талд зэрэг ажилладаг найруулагчид ч бий. Жон Бурман “The General”, Жойл Койн “The man who wasn’t there”, “Clerks” зэрэг киногоо өнгөт, хар цагаан хоёр янзаар хийсэн байдаг юм. Өнгөтийг үзэгчдийн олонх хэсэгт хандаж хийсэн бол хар цагааныг нь art house төрлийн киног эрхэмлэгчдэд зориулжээ.

Холливудын хар кино
Дэлхийн II дайны дараа Холливудэд гэмт хэрэг, дээрэмчдийн тухай сэдэвтэй бүтээлүүд давамгайлах болов. Гэхдээ тэдгээр нь гэмт этгээдийн үйлдлийг харуулснаар эхэлж, цагдаа нарын мөрдлөгөөр үргэлжилж, хэрэгтнийг илрүүлэн төгсдөг тогтсон жаягаас татгалзсан байлаа. Мөн гол дүрийн баатрыг байж болох хамгийн сайхан сэтгэлтэй, шударга, зөв хүнээр төлөөлүүлж, дайсныг байж болох бүх л муу муухайгаар илэрхийлдэг байсан нь ч дуусгавар болжээ. Үүний оронд, эерэг, сөрөг гэлтгүй баатруудын дотоод ертөнц, үзэл бодлыг харуулсан сэтгэлзүй, гүн ухааны аястай кино төрөн гарах болж. Жон Хьюстон, Билли Уайлдер, Николас Рэй, Ховард Хоукс нарын найруулагчид ийм төрлийн бүтээлүүдээрээ алдаршсан байдаг. Эл төрлийн киног film noir буюу хар кино хэмээн нэрлэдэг. Энэ нь хар цагаан киноны хөгжилд ч их хувь нэмэр оруулсан. 1970-аад оны үеэс Роман Полански, Кёртис Хэнсон нар film noir-ыг дахин сэргээсэн аж. Орчин үед энэ төрлийн сэтгэл зүйн шинжтэй кинонууд modern noir, neo noir хэмээх нэрээр хөгжиж байна.
“They shoot pictures, don’t they” сайт энэ онд нэртэй судлаач, шүүмжлэгч, үзэгчдийн үнэлгээгээр дэлхийн шилдэг 100 киноны жагсаалт гаргажээ. Тэрхүү 100 бүтээлийн 70 гаруй хувь нь 1980 оноос өмнөх, хар цагаан хальсан дээрх кинонууд байсан юм.

No comments:

Post a Comment