Sunday, October 24, 2010

Өрнө зүгийн илбийн үрийг талын хөрсөнд суулгасан хүн

Хамгийн дулаан гэр, өнө мөнх хоргодох үүр бол хайртай хүмүүсийн маань зүрх сэтгэл байдаг билээ. Бүр бараа сураг алдууран, алс хязгаарт одож, ахин хэзээ ч ирэхээгүй болсон ч анд нөхөд, ах дүү, үр хүүхэд, гэр бүлийнхнийхээ оюун бодол, сэтгэл зүрхний чанадад сэрүүн тунгалаг хэвээр байж, хийсэн үйл, хэлсэн үг нь дурсамжийн утсыг нэхдэг. Гарт баригдамгүй дурсамж, хийсвэр дүр төсөөллөөс бодит хүн урган гарч, яг л дэргэд зогсож буй шиг санагдах нь ямар нэгэн ид шидийн хэрэг мэт. Тэгвэл тэрхүү ид шидийг амьдрал дээр бүтээгч нь илбэчин. Агшин зуурын дотор юуг ч юм алга болгож, мөн шинээр бүтээж, хүмүүсийн санаа бодлыг төөрөлдүүлж орхидог хүмүүс. Гэнэн хонгор, цайлган цагаан бүхнээр дүүрэн багачууд тэднийг жинхэнэ увдист, ид шидтэн гэж бодоцгооно. Харин юмны учир ойлгох болсон хашир эрхмүүд “Илбэ бол заль, хуурч мэхлэх ухаан” хэмээн цэцэрхдэг. Санаа бодол төөрөлдүүлсэн энэхүү увдист урлагийг Монголд анх таниулж, түгээсэн хүн бол Гавьяат жүжигчин Х.Цэнд-Аюуш юм. Улаанбаатар хотод төрсөн тэрбээр өдгөө амьд сэрүүн байсан бол 90 насны босго алхах байжээ. Түүний аав Ч.Түмэн нь нягтлан бодогч мэргэжилтэй, улсын гавьяат багш байсан. Харин ээж Д.Хандсүрэн нь хүүгээ өсгөж, хүмүүжүүлсэн гэдэг. Х.Цэнд-Аюуш Гүндэгмаа, Гаамаа, Алтанзагас нарын гурван дүүтэй байв. Түүний хүү Ц.Алтанхуяг аавынхаа шийрийг хатаасан илбэчин байсан ч ид бүтээх насандаа хорвоог зуурдаар орхисон юм. Харин охин Ц.Алтантуяа нь аавынхаа бүтээл туурвил, дурсамж дурдатгалыг хадгалсаар буй.

Төмрийн заводоос тойрогт асар руу

“Би түүний зургийг ширтэн сууна. Удаан харж, сэтгэлдээ ургуулан бодсоор байтал, мөнөөх зураг амь орж, шоглонгуй инээмсэглэж харагдлаа. Тэр яг л ингэж инээмсэглэдэг байсан. Инээмсэглэж байснаа толгойгоо донжтой гэгч займчуулан хөдөлгөж, нүдээ ирмэдэг нь санагдлаа. Энэ л учир битүүлэг хөдөлгөөн түүний тоглолтод ер бусын хүч нэмэх шиг болдог байсан юм. Илбийн тоглолт үзэх бүрдээ тэрхүү хөдөлгөөн, донж маягыг гайхашран харж, тэр лав эгэл хүмүүн биш байх хэмээн гэнэхнээр боддогсон...” хэмээн Х.Цэнд-Аюуш агсны шавь илбэчин Ц.Баярсайхан дурсан бичсэн нь бий. 1940-өөд оны эхээр циркийн урлагийн хөгжил Монголд дөнгөж эхэлж байв. Тэр тусмаа илбэ ухааны үзүүлбэр монголчуудын сонирхлыг ид татаж, хэн бүхэн хошууран үздэг байжээ. Биеийн чадлаас илүүтэй ухааны цар шаарддаг энэ төрлийн уран бүтээлч ганцхан байсан нь Х.Цэнд-Аюуш юм. Хэдийгээр тэр үед Ардын жүжигчин Л.Нацаг, гавьяат жүжигчин Ж.Раднаабазар, Ц.Цэрэндорж нар илбийн үзүүлбэр хийдэг байсан ч Х.Цэнд-Аюуш гүнзгийрүүлэн суралцаж, мэргэжлийн илбэчин хэмээх алдрыг зүүжээ.
Тэрбээр анх Төмөрийн заводод токарь хийдэг байсан бөгөөд 1940 онд циркийн сургууль байгуулагдахад элсэн орсноор урлагт анх хөл тавьсан түүхтэй. 1940-өөд оны эхээр ЗХУ-ын циркийн мэргэжилтэн, илбэчин Лев Павловский түүний авьяас билгийг зөв тийш залж, илбэчин болох үүд хаалгыг нээн өгсөн байна. Хаалга нээгдсэн ч тийш орж, эргэлт буцалтгүй алхаж, замын төгсгөлийг үзэх эсэх нь тухайн хүнээс л хамаарна. Тэгвэл монголын анхны илбэчин маань мэргэжилдээ тохирсон зан ааш, авьяас чадвар, ур дүйтэй хүн байсан аж. Тоглолтын бүх л техник, аппарат хэрэгслээ өөрийн гараар хийдэг байсан нь үүнийг илтгэх биз. Анхны мэргэжил токарьчин нь багаж хэрэгслээ хийхэд нь ч дөхөмтэй байсан байна.
“Бригадаар явах үед би Х.Цэнд-Аюушийн туслахаар ажиллана. Нэг үзүүлбэр тоглоод гарч ирэхэд дараагийн удаа үзүүлэх номерийг бэлдэж, авдар савыг нь цэгцлээд тавьдаг байлаа. Заримдаа зөв дараалалд тавьж, бэлдсэн байдаг байлаа. Гэхдээ тэр их нягт, нямбай хүн байсан болохоор өөрөө заавал дахин хянаж, шалгадаг байж билээ” хэмээн түүнтэй олон жил хамт ажилласан жүжигчин, акробатчин З.Дэмчигжав ярьсан юм. Илбийн урлаг гар хурууны хөдөлгөөнөөс гадна нүүр царайны хувирал, жүжигчний ур чадварыг гол болгодог. Тэгвэл эхэнд дурдсанчлан тэрбээр гадаад байдлаараа үзэгчийн сонирхлыг өдөөж, өөртөө татах увдис-жүжигчний ур чадварыг эзэмшсэн хүн байлаа.
Мөн толины өмнө байнга “эргэлддэг” байсан гэдэг. Тэрбээр илбэчин хүн тольтой үргэлж нөхөрлөх хэрэгтэй хэмээх мөрдлөгийг баримталдаг байсан аж. Хэрвээ толинд хараад ч илбийг ямар аргаар хийснээ үл анзааран, өөрийгөө хуурч чадвал жинхэнэ илбэчин болж буй нь тэр хэмээдэг.

Уламжлалын “чимх давс”-ыг ид шидийн тогоо руу цацахуй

“Монгол гэр”, “Савхан хувин”, “Сүйх тэрэг”, “Хүн солигдох авдар” зэрэг түүний илбийн үзүүлбэрүүд нэрнээсээ эхлээд л уламжлал, монгол ахуйг тусгасан нь илт. Илбийн хэрэгслээ хийхдээ ч үндэсний хээ угалз, өнгөний зохицлыг гол болгодог байсан гэдэг. Илбэчин Х.Цэнд-Аюуш Европ тивээс гаралтай илбийн урлагийг Монголын хөрсөн дээр суурилуулж, уламжлалтай нэгтгэсэн нь гадаадад эх орныхоо нэрийг өргөдөг байсан тухай З.Дэмчигжав гуай хуучилсан юм. Тухайлбал, хуучин ЗХУ-ын Воронеж мужийн “Молодой коммунар” сонины 1975 оны 92 дугаарт “Х.Цэнд-Аюуш Мянга нэгэн шөнийн үлгэр шиг гайхамшгийг бидэнд мэдрүүлж чадлаа” хэмээн бичсэн нь бий.
Хилийн чанад төдийгүй Монголын уудам нутгаар тэд аялан тоглох нь мэдээж. Олон газар нутгаар аялан явахдаа тэрбээр “Гэр өрхийн тоглолт”-г сэдэж, тэрхүү ажлыг эхлүүлжээ. Хөдөө явах замдаа айлд бууж, гэрт нь бэсрэг тоглолт хийдэг байсан нь тэр. Ялангуяа гадаа тоглох боломж хомс хавар, намар, өвлийн улиралд “Гэр өрхийн тоглолт” нь тун зөв алхам болсон гэдэг. Хонь ямаа майлж, үнээ тугал мөөрч, өтөг бууц үнэртсэн малчны эгэл хотод тэд акробат, гимнастик, илбэ ухааны гайхамшгийг толилуулан явдаг байв. “Хөдөөгийн ард түмэн, малчдын хувьд циркийн урлаг гэдэг тун сонин зүйл шүү дээ. Ялангуяа илбийг ид шидтэй андуурах хүмүүс ч элбэг. Х.Цэнд-Аюушийг их л сонирхон харж, тоглолт дууссан хойно ч нүд салгалгүй аждагсан” хэмэээн түүний нэгэн анд дурссан юм. Хүн сүлбэх, авдарнаас гаргаж ирэх, унтуулах зэрэг илбийн томоохон үзүүлбэрүүдээс гадна манипуляци буюу гарын ур дүй шаардсан жижиг илбийн үзүүлбэртээ их анхаардаг байв. “Сайн илбэчин больё гэвэл юуны өмнө манипуляцийг сайн сур! Тэр бол сайн илбэчин болохын гол үндэс” хэмээн Лев Павловский багшийнхаа зөвлөснийг мөрдлөгөө болгодог нь тэр байж.

Дэлгэцэнд дүрээ мөнхөлсөн илбэчин

“...Ай, Гүржав чи тайвширбаа, манай энэ тэнэг юмны учир мэдэхгүй ва...” хэмээн зулгуйдах үгс, хажуу өрөө рүү цаасны нүхээр шагайн харах, нууц хаалгаар америк худалдаачныг оруулж байгаа хэсэг зэргээр үзэгчдийн сэтгэлд хоногшсон “Өглөө” киноны хятад худалдаачны дүрийг гавьяат жүжигчин Х.Цэнд-Аюуш бүтээсэн юм.
Харин зусарч, зальтай хятад худалдаачин “Тэмцлийн оч” кинонд монгол ноён болон хувирчээ. Тэрбээр тун ажигч, юмыг гярхай хардаг, мөн нилээд шооч хүн байсан гэдэг. Тиймээс ч хятад худалдаачны ов мэх, үйл хөдлөлийг тун донжтой гаргасан байдаг. Жинхэнэ хятад хүн мэт хувирсан шигээ ихэмсэг монгол ноёны дүрийг ч сайн бүтээсэн хэмээн түүнийг мэддэг хүмүүс одоо ч дурсан ярилцдаг. Илбээ үзүүлэхдээ хүртэл өвөрмөц, сонирхолтой тоглолт үзүүлдэг байсан бөгөөд нүүрний хувирал, нүдний харцаараа ч үзэгчдийг илбэддэг нэгэн байсан аж. Илбийн хэрэгслээ өөрийн хүүхэд мэт хайрлан, хамгаалдаг. Тоглолтоо хийж буй байдал, бэлтгэл сургуулилтдаа гаргадаг их цаг, хөдөлмөр, илбийн хэрэгслээ хүүхэд шигээ хайрлан хамгаалах хандлага цөм түүний “ясны” илбэчин байсныг илэрхийлэх биз хэмээн З.Дэмчигжав гуай анд нөхрийнхөө тухай ярьж байлаа.

Илбийн төдийгүй амьдралын ухаан заагч

Монголын анхны илбэчин фото зураг цуглуулах, зураг авах тун дуртай хүн байжээ. Байнга л аппарат авч явж, дахин давтагдашгүй агшныг гэрэл зургийн хальснаа буулган үлдээдэг байсан гэнэ. Ялангуяа циркийн ахмад үеийн уран бүтээлчид, тэмдэглэлт явдал, түүхт ойн зургуудыг байнга хальснаа буулгадаг байжээ. Циркийн архив ч гэж нэрлэж болох тэдгээр зургийг охин нь одоог хүртэл хадгалсаар яваа. “Ээж маань биднийг бага байхад орхиод явсан юм. Харин аав маань эцэг, эхийн үүргийг давхар гүйцэтгэхийг их хичээдэг байсан болов уу. Дүү бид хоёрыг юугаар ч дутааж байгаагүй. Мөн бид хоср руу хэзээ ч муухай харж, ширүүхэн дуугарч үзээгүй хүн дээ” хэмээн түүний охин Ц.Алтантуяа хуучилсан. Дүүгээ дагуулан аавынхаа ажил дээр очиж, циркийн тоглолт бүрийг алгасалгүй үздэг байсан гэнэ. Тайзан дээр аавыгаа гарч ирэхэд их л догдолж, “Энэ хүн миний аав шүү дээ” хэмээн хүмүүст хэлмээр санагддаг байсан тухайгаа тэрбээр ярьсан юм.
“Аав маань дутагдлын хажуугаар дуугүй өнгөрсөн тохиолдол үгүй. Үүнээсээ болж муу хэлүүлж ч явсан. Ямар сайндаа л хэт шудрага байсны хэрэггүй, дүн нурууг нь л барьж яв гэдэг байж билээ” хэмээн охин нь дурсав.
Түүнчлэн илбэчин өдрийн тэмдэглэлээ хоног алгасалгүй хөтөлдөг байсныг шавь нь хэлсэн юм. Уйгаржин монгол бичгээр маш шигүү, жижигхэн бичдэг байсан бөгөөд тухайн өдөр хэнтэй уулзаж, юу хийсэн тухайгаа нэг бүрчлэн бичдэг байж. Ингэснээр үзсэн харснаа мартахгүй байж, тэрийгээ эргэн харж алдаа мадгаасаа суралцан, эргэцүүлэн тунгаадаг байсан гэнэ. Энэхүү нягт нямбай чанар уран бүтээлд нь тусахын зэрэгцээ хувь хүнийх нь хувьд ч түүнийг илэрхийлдэг байсан нь илт. Дуугаа хураан, үзүүлбэрээ давтаж, аппарат хэрэгслээ янзлах зэргээр ямар нэгэн зүйлд улайраад суухыг нь мэдэхгүй хүн харвал ууртай байна гэж андуурмаар. Гэхдээ тэрбээр хэн бүхэнтэй элэгсэг, дотно харьцдаг нөхөрсөг хүн байсан тухай хамт ажиллагсад нь дурсдаг юм. “Багш маань надад илбээс гадна амьдралын ухааныг заасан хүн. Хүн хоорондын харьцааны нарийн зүйлс, амьдралын хар ухаан зэргийг үгээрээ ойлгуулж, үйлдлээрээ харуулдаг байсан. Багш шавийн холбооноос гарч, түүнтэй эцэг хүү хоёр мэт дотноссон юм” хэмээн Ц.Баярсайхан ярьсан юм.
Өрнө зүгийн илбийн үрийг тал газрын хөрснөө цацсан эрхэм Х.Цэнд-Аюуш охин, анд нөхөр, шавийнхаа сэтгэлд ийн хоногшин үлджээ. Дурсамжийн дундаас тодорсон түүний хөрөг энгийн хирнээ онцгой мэт. Эзэмшсэн мэргэжил нь эзнээ бусдаас онцгой, эгэлгүй нэгэн болгосон нь тэр биз ээ.

No comments:

Post a Comment