Цаг хугацаа бүхнийг өөрчлөнө гэдэг. Тэгвэл цаг хугацааны уртад үл өөрчлөгдөн, үнэ цэнэ нь нэмэгдсээр байдаг зүйл бол хуучны эдлэл. Эртний түүх өгүүлэхийн сацуу урлагийн хосгүй бүтээл болдог нь түүнийг үнэтэй болгодог. Тэрхүү нандин өвийг цуглуулдаг уран барималч, урлаг судлалын ухааны доктор С.Бадралтай ярилцлаа.
- Юуны учир, хэзээнээс эхлэн эртний эдлэл цуглуулах болсон бэ?
-Миний буурал аав судар ном мэддэг, цуглуулдаг хүн байсан юм. Битүүний өдөр шоголтой ном, даллагын уут, дорхоо гаргаж ирнэ. Буурал ээжийн маань гоёл, шүр сувд их байдаг. Хүүхэд байсан болохоор тэр гоё юмыг их л сонирхдог байж. Тэндээс хугархай хөлтэй болор үхэр гарч ирж байсныг мартдаггүй юм. Нүүдэл суудлын үеэр тэр үхэрний хөл нь хугарсан болов уу. Буурал аав ээж хоёрыг өрх тусгаарлахад 100 үхэр тасалж өгч л дээ. Харин тэр болор үхэрний хөл хугарснаас хойш манайх үхэргүй болсон. Дараа нь Санкт-Петербургт оюутан байхдаа тэр үхрээ бодоод, хүрлээр жижиг үхэр цутгасан юм. Тэр үхрийг хийснээс хойш л энд тэндээс надад судар ном орж ирээд л , хуучны юм цуглуулах хүсэл төрсөн. Буурал аавын минь буян хишиг болов уу.
-Оюутан хүн, тэгээд хаалттай нийгмийн үед хаанаас судар ном цуглуулдаг байв?
-Санкт-Петербург бол Оросын төдийгүй Европын соёлын өв болсон хот шүү дээ. Тэнд хуучин ном, гар бичмэл, эртний эдлэлийн дэлгүүр ч олон байдаг байлаа. Тэндээс янз бүрийн хуучин ном худалдан авч энд авчирч зарна. Эндээс судар, эртний сийлбэр авна. Тэр үед ардчилал ч гарч, хүмүүс хуучны юмаа авдарнаасаа гаргаж, зах дээр зарна. Тэрүүгээр явж үзнэ. Гандан тойроод эртний эдлэлүүд зардаг жижиг мухлагуудаас бас юм авна, солилцоо хийнэ.
-Ардчилал монголчуудад шинэ боломжуудыг нээж өгсөн. Цугуулагчдад ч бас их үүдийг нээж өгчээ?
-Авдрандаа ялзарч, эсвэл үр хүүхэд нь үрэн таран хийж, мэдэхгүй нэг нь галд шатааж байсан тэр эдлэлүүдийг ардчилал л ил гаргаж ирсэн. Ингээд гар хөл нь салсан сэвтэй бурхан, монгол бичгийн тасархай хуудас үнэ цэнэтэй болж цуглуулагчдад, музейд ирж байна. Судалгаа шинжилгээний чухал өв болж байна. Хэрвээ ардчилал гараагүй бол “Хүргэн хүү” кинон дээр хамаг мөнгийг нь хулгана мэрчихдэг шиг л юм болно шүү дээ.
-Эд нь хэврэг, эзэн нь мөнх байг гэж хэлдэг ч бодит байдал дээр эсрэгээрээ байдаг. Эд нь эзнийхээ тухай хэлж өгч, өнгөрсөн түүхийг өгүүлдэг. Тэгэхээр хуучны эдийн хувь төөргийг цаг хугацаа атгадаг байх нь ээ?
-Монголчууд хүн цөөтэй, хүний мөрөөсөл болсон ард түмэн. Тиймдээ ч эзэн нь мөнх, эд нь хэврэг гэдэг байж. Ер нь монголчууд сайн сайхан юм хэрэглэж явбал сүнс нь баярлана гэж үздэг байсан. Эхнэр хүний толгойн гоёл гэхэд л ямар их шүр, сувд, үнэт чулуунаас бүрдсэн байдаг билээ. Сайн хүний эдэлж, хэрэглэсэн зүйлс он цагийн шалгарлыг давж эргээд үр хүүхдэд нь өвлөгдөж, буян хишгээ хайрладаг. Цаг хугацаа улирах тусам үнэ цэнэ нь улам нэмэгдэж байдаг.
-Фенг Шуйн үүднээс үзвэл хуучин юм, нас барсан хүний эд муу энергитэй ч гэдэг. Та тэр тухайд юу хэлэх вэ?
-Болох болохгүйн ёс бидэнд эртнээс байсан. Гэрээ яаж барих , авдар саваа хаана нь тавих, туглын зэлээ хаана татах, тэр ч байтугай дээл хийхдээ хүртэл тухайн хүний жил, мэнгэнд тохируулж өнгийг нь сонгодог байж. Одоо л хятадаар нэрлэсэн юм гарч ирээд байгаа болохоос бидэнд эртнээс байсан юм шүү дээ. Хуучны эдийн тухайд, буянтай, зөв хүний эд зүйлд сайн энерги шингэж, дараа нь хадгалж байгаа хүндээ ч хишиг болдог юм. Нэг их цэрвэх хэрэггүй л дээ. Харин шарил ухаж, хулгайлж, зальдаж авсан юм бол муу. Буруу гараар орсон зүйл эргээд юм болдог ч үгүй.
-Тэгвэл таны цуглуулга руу халдсан тохиолдол байна уу?
-Хойно сурч байхад гэрлүү үл бүтэх этгээдүүд орсон байсан. Гэхдээ долоо хонолгүй баригдаж, шийтгэлээ хүлээсэн. Миний юмнууд ч эргээд олдсон. Бурхны, хуучны юм хулгайлвал заавал илэрдэг юм гэнэ лээ. Хуучны эд, судар ном цуглуулдаг хүмүүс тарнийн шидийг ч мэднэ. Хулгайг хорисон тарни хүртэл байна. Олон мянган жилийн туршлагаар баталсан, эртний судар номд хүртэл оруулсан байгаа зүйл хүчтэй байлгүй яахав. Хүн сүсэг бишрэлтэй байх хэрэгтэй. Бурханд итгэж биширч явснаар ажил үйлс нь ч өөдлөн дэвжинэ.
-Хообийг нэг төрлийн дон гэдэг. Жишээ нь цуглуулгадаа нэмэх зүйлээ авч байж санаа нь амрах, тэндээсээ сэтгэлийн ханамж авна. Таны хувьд ч тийм байдаг уу?
-Тэгэлгүй яахав. Хуучны сайн эд харвал, сэтгэл гижигдээд, нойр хүрэхгүй шүү дээ. Авч байж л сална. Хуучны ховор эд цуглуулна гэдэг өөрт сэтгэлийн таашаал өгөхөөс гадна улс орон, хойч үедээ ч тусалж байгаа хэрэг. Гадаад руу гаралгүй эндээ үлдэж, хадгалан хамгаалж байна. Түүхийн музейд ч хандивладаг.
-Эртний эдлэл нь түүх, соёлын өв болохоос гадна урлагийн бүтээл. Тийм үү?
-Тийм. Гэхдээ хуучны эд бүхэн урлагийн бүтээл биш. Дахин давтагдашгүй хийц загвар, ганц хувь байвал сая урлаг болно.
-Та цуглуулгаа яаж баяжуулдаг вэ, солилцоо хийх, худалдах хэрэг гардаг биз?
-Хообий, цуглуулга гэдэг нэг талаас сонирхол, нөгөө талаас арилжаа, наймааны урлаг. Би л цуглуулдаг гээд хав дараад суухгүй шүү дээ. Тэр зүйлсээ хөдөлгөөнд оруулж байж баяжиж, шинэчлэгдэнэ. Эзнийхээ амьдралыг ч өргөнө.
-Та гадаад улс руу их явсан хүн. Гадаадын цуглуулагчидтай холбоотой байдаг уу?
-Гадаадад очоод тэр улсын том музей, эртний эдлэлийн дэлгүүрээр явна. Цуглуулагчидтай уулзана, солилцоо хийнэ. Сүүлийн үед монголд гэлтгүй гадаадад хуучны эдийн дууриамал олширчээ. Хятадад яг адилханыг хийгээд л , тэр хэрэггүй юмнууд дэлхийгээр нэг тарсан байна. Мэдэхгүй хүмүүс худалдаж аваад л. Монголын гааль дээр ч гэсэн асар олон хуучны эдлэлүүд хурааж байгаагийн ихэнх нь хуурамч бараанууд байна шүү дээ. Хуурамч гэдгийг нь хураалгасан нь ч , хураасан нь ч мэдэхгүй хайран мөнгөө юу ч үгүй болгож байна. Гаалийнханд зориулж урлагийн бүтээл таних, ялгах сургалт явуулах хэрэгтэй дээ.
Saturday, October 2, 2010
Хуучны эд харахаар сэтгэл гижигдээд, нойр хүрдэггүй
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment