Sunday, October 24, 2010

Дурсамж хөглөсөн үдэш

Зуу гаруй жилийн өмнө кино урлаг үүсэх үед дуу техникийн боломжгүй тул хар цагаан, дуугүй кино голлон гардаг байсныг хэн бүхэн мэднэ. Хэдийгээр кинонд зориулсан дуу, тоног төхөөрөмж байгаагүй ч хөгжимчин театрын тайзны ард сууж, тухайн бүтээлд тохируулан төгөлдөр хуур тоглодог байжээ. Энэ нь киноны хөгжмийн үүтгэл болсон гэдэг. Киноны хөгжим нь тухайн бүтээлийг суртачлах, утга агуулгыг нь илэрхийлэх зорилготой нэг төрлийн хэл болдог. Тиймээс ч тухайн киноны найруулагчаас гадна хөгжмийн зохиолч нь хэн байснаар бүтээлийн чансааг тогтоох нь бий.
Дэлгэцийн бүтээлийн нэг хэмжүүр болсон дуу хөгжим Монголын кино урлагт ч хүндтэй байр суурь эзэлдэг. Л.Мөрдорж, Г.Бирваа, З.Хангал, Д.Лувсаншарав, Н.Жанцанноров нарын сор болсон бүтээлүүд Монгол киноны нэрийн хуудас болж, үзэгчдийн сэтгэл зүрхэнд шингэсэн билээ. Төрийн шагналт, ардын жүжигчин Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын филармони дуу, дурсамж хөглөсөн тэдгээр бүтээлээр 38 дахь жилийн нээлтээ хийсэн юм.
“Баян Монгол” чуулгын жааз найрал хөгжимчид бусад хамтлаг, дуучидтай хамтарч, Монголын төдийгүй дэлхийн шилдэг киноны хөгжмийг үзэгч олонд сонордуулсан юм. “Крошка енот” хүүхэлдэйн киноны дуу “Улыбка”-гийн цоглог хэмнэл, хөгжөөнт ая танхимын жавар үлээж, тоглолтын салхийг хагалав. Хүүхдийн гэнэн цагаан сэтгэл, ариун нандин хайрын тухай “Зүүдэнд ч оромгүй явдал” киноны дуугаар тоглолт үргэлжиллээ. А.Рыбниковын хөгжим “Сүүлчийн найраглал”-г Улсын гавьяат жүжигчин Б.Сарантуяагийн шавь, залуу дуучин Л.Насанбуян дуулсан юм.
Мөн “Asian shop” хамтлагийн дуучин Батболд монголчуудын сайн мэддэг “Сүнс” киноны “Unchained melody”-гаар үзэгчдийн сонорыг мялаав. Ариун хайрын андгай мэт эл дуу эгшиглэхэд мэргэч хар арьст эмэгтэй, нас барсан найз залуугийнхаа хойноос гашуудах бүсгүй, дэргэд нь зогсох бүүдгэр дүрс зэрэг хальс тайзан дээрх дэлгэцнээ гарч, танхим бүхэлдээ “Сүнс”-д автсан байлаа. Дашрамд дурдахад, “Unchained melody” буюу “Төгсөшгүй аялгуу” нэртэй уг бүтээл эрчүүдийг уйлуулах увдистай дуу хэмээгддэг.
Түүнчлэн энэ үдэш ардын дуучин Д.Бурмаа жааз хөгжимтэй хослон, Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Д.Лувсаншаравын бүтээл “Нүгэл буян”, “Энэ хүүхнүүд үү” киноны дууг дуулсан нь онцгой байсан юм.
Удалгүй үзэгчдийн тун сайн мэддэг нэгэн аялгуу эгшиглэж,
Ахиад хэзээ ч эргэхгүй
Алдрайхан хонгор нас минь
Амьдралд хоёр заяахгүй
Анхны хайр минь... хэмээх дотно мөртүүд эхэллээ. Энэ бол Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын бүтээл, “Би чамд хайртай” киноны “Анхны хайр” дуу гэдгийг хэн бүхэн андахгүй. Эл бүтээлийг анх олны сэтгэлд хоногшуулсан дуучин Л.Оюун-Эрдэнэ хүрэлцэн ирж, дуугаа “амьдруулсан” нь цөөнгүй хүний дурсамжийг сэргээж, хөнгөхөн гуниг үлдээгээ биз ээ. Мөн тэрбээр урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Жамсранжавын хөгжим, “Бид мартахгүй” киноны дууг хүү Гантулгатайгаа хамтран дуулсан нь үзэгчдэд тун таалагдсан. Тэр тусмаа тайзан дээр анх гарч, эхний алхамаа хийсэн Гантулгыг нь халуун алга ташилтаар шагнаж, дахин дуулуулсан юм.
“Movie songs of world” үргэлжилж, Соёлын тэргүүний ажилтан, дуучин Ж.Алтанцэцэг “Мартагдашгүй намар”-ыг дурсаж, Б.Цэдэв “Суварган цэнхэр уулс”-ын бэлээр аялуулж, Д.Энхзул “Баянбулгийнхан”-тай уулзууллаа.
Солонгосын савангийн дуурийг сайн муу янз бүрээр хэлдэг ч олон үзэгчийг дэлгэцээс уяж, дурсамжийн нэг тасархай болсон билээ. Тиймээс ч тэдгээр киноны нэг “Амьдралын ээдрээ”-гийн дууг саксафонч Д.Наранбаатар эгшиглүүлсан юм. Үзэгчид “Амьдралын ээдрээ”-г дахин мэдрэхийг хүссэн үү, тасралтгүй алга ташиж, Д.Наранбаатарын тоглолтыг дахиулав.
“Баян Монгол” чуулгын удирдаач, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Ганбат энэ үдэш нэгэн гэнэтийн бэлэг барилаа. Тэрбээр “Аман хуур” киноны хөгжим, Дарь авгайн тэвчээрийг шалгадаг аялгууг тоглож үзүүлсэн юм. “Аман хуур бол миний хамгийн анх тоглож сурсан хөгжмийн зэмсэг. Үнэнийг хэлэхэд, энэ аяыг 50 жилийн дараа ахин үлээж байна. Зургаа, долоон настайдаа аавынхаа ажил дээр очиж, ажилчдын хүүхдийн концертод аман хуураар тоглон оролцож байлаа” хэмээн тэрбээр ярьж байв. Цоглог хэмнэлт “Улыбка”-гаар эхэлсэн тоглолт удирдаач Б.Ганбатын найруулсан, шилдэг кинонуудын хөгжмийн попуригаар өндөрлөсөн юм. “Дурсамж сэргээсэн сайхан тоглолт боллоо” хэмээн үзэгчид хаалга тийш явахдаа ярилцаж байсан нь Улсын филармонийн 38 дахь жилийн уран бүтээлийн нээлт үзэгчдэд өнгөрсөн үе рүү хэсэг зуур аялах боломж олгосныг илтгэж буй.

No comments:

Post a Comment