Sunday, October 24, 2010

Тархинд шуурсан туршилт

Содон аялгууны эрэлд

Төмөр харших, алх нүдэх, хонх цохих, хоосон танхимд өндөр өсгийт товших, бишгүүрийн дуу, цагийн зүү цохилох, түгшүүрийн дохио, ой шуугих, тэнгис давалгаалах, алс холоос сонсогдох бөглүү чимээ. Чихээ дараад, холын хол зугтмаар санагдах утга учир, эмх цэгцгүй их шуугиан. Эдгээр нь экспериментал хөгжмийн гол төлөөлөгч Дэвид Тюдорын “Rainforest” хэмээх бүтээлийн гол элементүүд юм. Зөвхөн “Rainforest” гэлтгүй ихэнх эксперментал урсгалын бүтээлүүд дээрхтэй адил сонсогддог.
Нийтээр хүлээн зөвшөөрч, бүх хүн толгой дохиж, алга ташин сонсдог хөгжмүүдээс эрс өөр нэгэн урсгал XX зууны дундуур Америкт сонсогдож эхэлжээ. Жон Кэйжийн төгөлдөр хуурын хүнд даралт, хийлийн чихраа, Хэнри Ковэллийн флэйт, босоо ятгад зориулсан этгээд сонин бүтээлүүд зэрэг нь эксперименталын эхийг тавьсан гэдэг. Тэд тогтсон дүрмээс гажиж, өөр өнцгөөс харж, шинэ зүйл бүтээхийг зорьж байсан юм. Тэгэхдээ уламжлалт хөгжмийн зэмсэгүүд болох төгөлдөр хуур, хийл, бүрээ зэрэг дээр тулгуурлан содон, сонирхолтой аялгуу зохиож, тэрийгээ сайжруулах хөгжмийн бусад элементийг ч хайж байв. Тиймээс судлаачид тэрхүү гаж хөгжмийг англи хэлний “experiment” буюу туршилт гэсэн утгатай үгээр нэрлэсэн байна. 1950-иад оны эхээр гарч ирсэн уг урсгал хожим электро хөгжмийн эхийг тавьсан ч гэдэг.

Судлаачидад “шоовдорлогдсон” хөгжим

Уламжлалыг үл дагаж, тогтсон ёсыг эвдэн гарч ирсэн уг урсгал анх гарч ирэхдээ, хөгжим судлаачдын сонирхлыг төдийлэн татсангүй. Учир нь тэд экспериментал хөгжмийг хэсэг залуусын түр зуурын шохоорхол, хүүхдийн тоглоом мэтээр үзсэн аж. Гэсэн ч Жон Кэйж, Кристиан Волф, Чарльз Авез нарын залуус “томчуудын” хайхрамжгүй байдлыг үл тоон бүтээлээ туурвисаар байв. Тэд уламжлалт хөгжмийг бүтээлдээ ашиглахаас гадна өөрсдөдөө таарсан шинэ зэмсэгийг ч зохиосон байдаг. Интонарумори хэмээх тэрхүү зэмсэг нь олон төрлийн дуу авиа, хүчтэй чимээ, өндөр давтамж бий болгох хүчин чадалтай.
1950-иад оны дундуур Францын хөгжмийн зохиолч, судлаач Пьер Булез уг хөгжим шинийг эрэлхийлэгч залуусын дунд хурдан тархаж, хөгжмийн хөгжилд чухал нөлөө үзүүлэхийг ажиглан мэджээ. Тэрбээр экспериментал хөгжмийг анх судалсан юм.
“Үр ашиггүй байдал, нээлт хоёр салшгүй холбоотой. Ямар нэгэн зүйл шинээр нээгдэхэд тухайн үедээ дэмий зүйл мэт санагддаг. Харин яваандаа тэрхүү зүйл бидний амьдралын салшгүй хэсэг болдог шүү дээ. Энэхүү шинэ урсгал ирээдүйн хөгжмийн эхлэл болж ч магадгүй” хэмээн бичиж байжээ. Түүний таамаглаж байсан биеллээ олж, экспериментал нь электро хөгжмийн үндэс суурь болсон юм.
“Экспериментал хөгжим өнгөрсөн үеэс уламжилсан хөгжмийн бүхий л дүрэм журам, ёс горимыг няцааж гарч ирлээ. Олон хүний дургүйг хүргэж болох ч энэхүү урсгал шинэ, содон зүйлийг мэдрүүлсэн сонирхолтой хөгжим” хэмээн Пьер хэлсэн байдаг.

Эксперименталын “эцэг”

Америкийн хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Жон Кэйж бол энэхүү урсгалыг үндэслэгч, хамгийн том төлөөлөгч нь юм. Олон хүн экспериментал хөгжмийг чихэнд наалдацгүй сонсогддог, хахир хүйтэн, дэндүү их шуугиантай хэмээн буруутгадаг. Тэгвэл Кэйж “Шуугиан гэж үгүй. Харин аялгуу л буй” хэмээн часхийсэн хариулт өгсөн гэдэг. Түүний энэхүү гайхамшигт үг экспериментал чиглэлийн хожмын уран бүтээлчдийн баримтладаг зарчим болсон юм.
Тэрбээр амьдралынхаа турш тоолж баршгүй олон хөгжим зохиосон байдаг. Экспериментал төдийгүй сонгодог урлагийн бүтээл ч туурвисан нь бий. Гэхдээ түүний “Аниргүйн хэсэг” буюу “Дөрвөн минут, 33 секунд” бүтээлийг хөгжмийн түүхэн дэх хамгийн онцгой туурвилиудын нэг хэмээн шүүмжлэгчид дуу нэгтэй баталдаг. Энэхүү бүтээлийг хаана ч, ямар ч төрлийн зэмсэгээр тоглож болдог. Дэлхийн томоохон театр, оркеструуд “Дөрвөн минут, 33 секунд”-ыг тоглосны дараа үзэгчид хүндэтгэн босч, халуун алга ташилт бэлэглэдэг. Хамгийн сонирхолтой нь хөгжмийн энэхүү зохиол ямар ч дуу чимээгүй. Хөгжимчин тайзнаа гарч ирээд дөрвөн минут, 33 секундын турш ердөө гурван төрлийн хөдөлгөөн л хийнэ. Хөгжмөө авна, тоглож буй мэт байрлалд орно, хөгжмөө буцааж тавина. Танхим тэр аяараа чимээгүй болж, тайзнаас ямар ч дуу чимээ үл гарна. Харин жирийн үед үл анзаарам сандлын чийхрах дуу, хэн нэгний хоолой засах зэрэг чимээ хаа нэгтээ сонсогдоно. Мөн уг “аялгуу” хүнд дотоод дуу хоолойгоо сонсох боломж олгодог гэж болмоор ч юм шиг. Хэрвээ анхааралтай сонсох юм бол, бүх зүйлд, бүр аниргүйд ч аялгуу байдаг гэсэн санааг Жон Кэйж энэхүү бүтээлээр илэрхийлсэн гэдэг.

Туршилт “баталгаажив”

1960-аад оноос судлаачид эксперименталд анхаарлаа хандуулж, хэвлэлүүд ч уг хөгжимд зай талбай харамгүй гаргах болжээ.Брайн Эно, Жон Зорн, Риз Чатам, Стив Рэйх нарын экспериментал хөгжмийн уран бүтээлчид ч олширч. Түүнчлэн рок, жааз, поп, рэп зэрэг урсгалын уран бүтээлчид ч эксперименталын элементүүдээс бүтээлдээ шингээн тоглосоор байна. Ялангуяа рокын хөгжилд их нөлөө үзүүлж, экспериментал рок хэмээх шинэ төрөл ч бий болсон байдаг. “BlahBlahBinjas”, “Prytaneum”, “Ken Landry”, “Beatcasso” зэрэг хамтлагууд өнөдрийн экспериментал хөгжмийг тодорхойлж байна. Эксперименталын томоохон төлөөлөгч Кристиан Волф “Хөгжим гэдэг хийсвэр зүйл. Гэхдээ экспериментал урсгал бол хийсвэр доторх хийсвэр юм” хэмээсэн юм.Экспериментал бол анх сонсоход утгагүй, тэнэг ч юм шиг санагдаж болох ч анхааралтай сонсох юм бол сайхныг нь мэдрэх хөгжим. Магадгүй сайхан гэдгээс иүүтэй сонирхолтой гэвэл оновчтой болов уу.

No comments:

Post a Comment